Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01615

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01615

 

 

 

Л.Б -ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01820 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б ы хариуцагч Ц.О т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 20 355 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.З , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Л.Б тай тохиролцож зээлийн гэрээ байгуулж 9 735 000 төгрөгийг мөн сарын 20-ны өдөр буцаан төлөхөөр тохирч банкны шилжүүлгээр хүүгүй авсан. Гэрээнд хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлдэгч үндсэн зээл алданги төлөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш эхлэн нэхэмжлэл гаргаж буй 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоход алданги 19 713 375 төгрөг байх боловч Иргэний хуулийн 236 дугаар зүйлд алдангийн дүн үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалтаар тооцон алданги 4 867 500 төгрөг болж байгаа болно. Иймд үндсэн зээл 9 735 000 төгрөг алданги 4 867 500 төгрөг нийт 14 602 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Л.Б ньЦ.О т 9 735 000 төгрөгийг зээлүүлэхдээ нэмж 10 000 юань зээлүүлсэн. Зээлийн гэрээнд 9 735 000 төгрөг, 10 000 юань гэж бичсэн байгаа. Тухайн өдөр 10 000 юанийг зээлийн гэрээний нөхцөлөөр зээлдүүлсэн. Хуульд гадаад валютын төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно, үүрэг хэлцлийн үндсэн дээр үүснэ гэж заажээ. Иймд 10 000 юанийг зээлдүүлсэн хэлцэл хийсэн өдрийн Монголбанкны ханшаар авч үзвэл БНХАУ-ын 1 юань 383.53 төгрөгтэй тэнцэж байсан байх уг ханшаар тооцоход 3 835 300 төгрөгийг нэмж зээлдүүлсэн байна. Гэрээний үүрэг ёсоор зээлдэгч уг мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцааж төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ. Дээрх 3 853 300 төгрөгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш алданги тооцоход үндсэн төлбөр 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 50 хувиар хязгаарлаж алданги тооцоход 1 917 650 төгрөг болж байх ба үндсэн үүргийн 3 835 300 төгрөгийг нэмэхэд 5 752 950 төгрөг болж байна. Иймд урд нэхэмжилсэн 14 602 500 төгрөгийг 5 752 950 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 20 355 450 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б тай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 9 375 000 төгрөг, 10 000 юань буюу 3 835 300 төгрөг, нийт 13 570 300 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч буцаан төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Л.Б түүний эхнэр Г.Оролмаа, н.Баянбилэгт нартай хамтарч үнэт эдлэлийн худалдаа эрхлэхээр тохиролцсон байдаг. Л.Б ы эхнэр н.Баянбилэгт мөнгө шилжүүлэхийн тулд хариуцагчЦ.О ийн олон улсын картыг ашиглаж шилжүүлсэн.Ц.О Эрээн хотын АТМ-с шилжүүлсэн мөнгийг гаргаж өгсөн болохоос өөрөө аваагүй. Харин 10 000 юанийн хувьд авсан гэдгийг зөвшөөрнө, гэхдээ яг 10 000 юань байгаагүй, 8 000 орчин юань цөөхөн мөнгө авсан. Монгол мөнгө хэд байсныг санахгүй байна.Ц.О Л.Б ы ХААН банкны 5336003855 дансанд 1 650 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Сартуул овгийн Цэрэндоржийн Отгонбилэг /рд:ИЮ73050409/-ээс 13 477 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их мэргэн овгийн Лүндэгийн Баярсайхан/рд:ЧЗ58113078/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 877 500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337 959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн заалтыг хангаагүй гэж үзэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 10 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний 2.1-т заасны дагуу зээлдүүлэгч нь 9 735 000 төгрөг, 10 000 юанийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба мөн гэрээний 2.5-т уг зээлийг мөн сарын 05-ны өдөр дансаар болон бэлнээр олгохоор заасан. Дээрх зээлийн гэрээнд дурдсан 9 735 000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлээгүй ба хариуцагч уг мөнгийг зээлж аваагүй тул 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 9 735 000 төгрөгт холбогдох зээлийг бодитоор шилжүүлээгүй тул хариуцагч буцаан мөнгө төлөх үүрэг хүлээхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн хариуцагчаас 9 735 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтад нийцээгүй гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн дансанд 9 735 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг боловч уг мөнгийг зээлийн зориулалтаар бус хамтран бизнес хийх үйл ажиллагаанд зориулан шилжүүлсэн. Тодруулбал, Нэхэмжлэгчийн эхнэр Г.Оролмаа, хариуцагчЦ.О болон н.Баянбилэг нар нь хамтарч үнэт эдлэлийн худалдаа эрхлэх зорилгоор тохиролцсон ба н.Баянбилэгт мөнгө шилжүүлэхийн тулд хариуцагчийн дансаар дамжуулан түүний олон улсын эрхтэй картыг ашигласан байдаг. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9 735 000 төгрөгийг зээл мэтээр шилжүүлж үндэслэлгүйгээр шаардаж байна. Талуудын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй болно.

Шүүх хариуцагчийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3 835 300 төгрөгийн 50 хувь болох 1 917 650 төгрөг, нийт 5 752 950 төгрөгийг төлөх үүрэгтэй байна гэж үзсэн. Хариуцагчийн зүгээс 10 000 юанийг шилжүүлэн авсан талаар маргаагүй бөгөөд уг зээлийн төлбөрт нийт баримтаар нотлогдсон 1 650 000 төгрөгийг төлсөн болно.

Гэтэл шүүх алдангийн хэмжээг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг анхаараагүй байх ба үндсэн төлбөр, алдангийн нийт дүнгээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зээлийн төлбөрт төлсөн 1 650 000 төгрөгийг 10 000 юань буюу 3 835 300 төгрөгөөс хасч тооцоход 2 185 300 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй ба уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 1 092 650 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 2 185 300 төгрөг, алдангийн төлбөрт 1 092 650 төгрөг нийт 3 277 950 төгрөгийг төлөх үүрэг үүссэн ба уг дүнгийн хэмжээг хүлээн зөвшөөрч 10 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримтыг бүрэн үнэлээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.Б ы зээлийн гэрээний үүрэгт 20 355 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 10 000 юаньд холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөрЦ.О ийн ХААН банкны данс руу 15 хоногийн зээл гэсэн утгаар 9 735 000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-49/ Уг мөнгийгЦ.О Л.Б , түүний эхнэртэй хамтарч бизнес эрхлэх зорилгоор түүний олон улсын картыг ашиглаж шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулиар зээлийн гэрээг байгуулахад хэлбэрийн шаардлага тавиагүй учир талууд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөнгийг шилжүүлж, хүлээн авснаар тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заасанд нийцэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Дээрх хэлцлийг талууд хожим бичгийн хэлбэрт оруулж, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа 9 735 000 төгрөг, 10 000 юанийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс мөн сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Ингэснээр зээлдэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ энэ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч хариуцлага тооцон, алданги нэмж шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар үүссэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн үүрэгт 9 735 000 төгрөг, алданги 4 867 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн үүрэгт 10 000 юанийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан төгрөгийн ханшаар тооцон 3 835 300 төгрөг, алданги 1 917 650 төгрөг, нийт 20 355 450 төгрөг нэхэмжилж байхад анхан шатны шүүх зээлийн хүү шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн нь оновчгүй болжээ. Мөн 9 735 000 төгрөгийн зээлийн дүнг 9 375 000 төгрөг гэж буруу бичсэнээс гадна Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу үүргийг тооцоогүй нь буруу хэдий ч давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

ХариуцагчЦ.О нь 10 000 юань хүлээн авсан, энэ үүргээс 1 650 000 төгрөгийг гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх58-61,69/ Мөн хариуцагч нь дээрх зээлийн үүргээ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хугацаанд буюу мөн оны 12 дугаар сарын 20-ны дотор биелүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч түүнээс үндсэн зээл, алданги шаардаж буй нь хуулийн үндэслэлтэй байна.

Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн үүрэг 10 000 юань буюу 3 835 300 төгрөгөөс 1 650 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй учир уг үүргээс төлсөн төлөлтийг суутган тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ зээлийн үлдэгдэл 2 185 300 төгрөгөөс алдангийг 50 хувиар тооцвол 1 092 650 төгрөг болж байх ба нийт 3 277 350 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна. Үүн дээр 9 735 000 төгрөгийн зээлийн үүргийг нэмж хариуцагчЦ.О ийг 13 012 950 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзнэ.

Зохигчид амаар байгуулсан хэлцлийн үүргийг бичгийн хэлбэрт оруулснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийг гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд хариуцлага тооцох эрх үүссэн талаар дээр дурдсан. ХариуцагчЦ.О нь 9 735 000 төгрөгийн зээлийн үүргээ гэрээний хугацаанд биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь 9 735 000 төгрөгт алданги шаардсан нь зөв байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 9 735 000 төгрөгийн гэрээний үүргээс алдангийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсгийн заалтад нийцээгүй. Гэвч нэхэмжлэгч энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01820 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13 477 950 гэснийг 13 012 950 гэж, 6 877 500 гэснийг 7 342 500 гэж, 2 дахь заалтын 225 340 гэснийг 223 015 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД