Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00324

 

 

 

Л.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01820 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1615 дугаар магадлалтай,  

Л.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Ц.Отгонбилэгт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 20,355,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Л.Баярсайхан нь Ц.Отгонбилэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,355,450 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01820 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.Отгонбилэгээс 13,477,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,877,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1615 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01820 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13,477,950 гэснийг 13,012,950 гэж, 6,877,500 гэснийг 7,342,500 гэж, 2 дахь заалтын 225,340 гэснийг 223,015 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан байх ба давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн Зээлийн гэрээний үүрэгт 9,735,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Магадлалд 2018.10.15-ны өдөр мөнгө шилжүүлж, хүлээн авснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн ...дээрх хэлцлийг талууд хожим бичгийн хэлбэрт оруулж ...нэхэмжлэгч 9,735,000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй... гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нь 2018.10.15-ны өдөр мөнгө шилжүүлж, энэ талаар хожим бичгийн хэлбэрт оруулснаар 2018.12.05-ны өдөр гэрээ байгуулсан талаар огт дурдаагүй. Харин Ц.Отгонбилэг нь 2018.12.05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан 9,375,000 төгрөг, 10,000 юань буюу 3,835,300 төгрөгийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018.12.05-ны өдрийн зээлийн гэрээний 2.1-д зааснаар зээлдүүлэгч нь 9,735,000 төгрөг, 10,000 юанийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба мөн гэрээний 2.5-д уг зээлийг 2018.12.05-ны өдөр дансаар болон бэлнээр олгохоор заасан байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, гэвч дээрх зээлийн гэрээнд дурдсан 9,735,000 төгрөгийг нэхэмжлэгч нь 2018.12.05-ны өдрийн зээлийн гэрээний 2.1-д зааснаар 2018.12.05- ны өдөр шилжүүлээгүй, уг үүргээ биелүүлээгүй ба хариуцагч уг мөнгийг зээлж аваагүй тул 2018.12.05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар 9,735,000 төгрөгт холбогдох зээлийг бодитоор шилжүүлээгүй тул хариуцагч буцаан мөнгө төлөх үүрэг хүлээхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...зохигчийн хооронд 2018.10.05-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнээд хариуцагч Ц.Отгонбилэгээс 9,735,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Баярсайханд төлөх үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018.12.05-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлон нэхэмжлэл гаргасан байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус 2018.10.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн хариуцагчаас 9,735,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй. Харин нэхэмжлэгчээс 2018.10.05-ны өдөр хариуцагчийн дансанд 9,735,000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгийг зээлийн зориулалтаар бус хамтран бизнес хийх үйл ажиллагаанд зориулан шилжүүлсэн. Тодруулбал, нэхэмжлэгчийн эхнэр Г.Оролмаа, хариуцагч Ц.Отгонбилэг болон н.Баянбилэг нар нь хамтарч үнэт эдлэлийн худалдаа эрхлэх зорилгоор тохиролцсон ба н.Баянбилэгт мөнгө шилжүүлэхийн тулд хариуцагчийн дансаар дамжуулан түүний олон улсын эрхтэй картыг ашигласан байдаг. Гэтэл 2018.10.05-ны өдөр 9,735,000 төгрөгийг зээл мэтээр шилжүүлж үндэслэлгүйгээр шаардаж байна. Талуудын хооронд мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг байгаагүй тул 2018.10.05-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримтад үндэслэгдээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Отгонбилэгээс 13,477,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Баярсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,877,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 13,477,950 гэснийг 13,012,950 гэж, 6,877,500 гэснийг 7,342,500 гэж, 2 дахь заалтын 225,340 гэснийг 223,015 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

7. Нэхэмжлэгч Л.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээл 9,735,000 төгрөг, алданги 4,867,500 төгрөг буюу 14,602,500 төгрөг, мөн зээл 10,000 юань монгол мөнгөөр тооцоход 3,835,300 төгрөг болно, алданги 1,917,650 төгрөг болж байх тул 5,752,950 төгрөг, нийт 20,355,450 төгрөг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч Ц.Отгонбилэг ...нэхэмжлэлийн шаардлагаас 9,375,000 төгрөгийг эхнэр Г.Оролмаа нь н.Баянбилэгт шилжүүлэхийн тулд миний Хаан банкны олон улсын эрхтэй картыг ашигласан. Би Эрээн хотын АТМ-с 9,375,000 төгрөгийг авч н.Баянбилэгт өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин 10,000 юанийн хувьд хүлээн зөвшөөрнө... гэж мэтгэлцжээ. 

Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,342,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

9. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

10. Зохигч 2018.12.05-ны өдөр зээлийн гэрээгээр 9,735,000 төгрөг, 10,000 юанийг 2018.12.05-ны өдрөөс мөн сарын 20-ны өдөр хүртэлх хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн хожим гэрээг бичгээр үйлдэж, түүнд хэн аль нь гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

10.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

10.2. Л.Баярсайхан 2018.10.05-ны өдөр Ц.Отгонбилэгийн ХААН банкны данс руу 15 хоногийн зээл гэсэн утгаар 9,735,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч Ц.Отгонбилэг нь 10,000 юань хүлээн авсан, энэ үүргээс 1,650,000 төгрөгийг гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдсон байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. 

11. Хариуцагч нь зээлийн үүргээ зээлийн гэрээнд заасан хугацаанд буюу 2018.12.20-ны дотор биелүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч түүнээс үндсэн зээл, алданги шаардаж буй нь хуулийн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан, шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар нь үнэлж хэргийн үйл баримтыг тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.  

12. Давж заалдах шатны шүүхийн хэлцлийг талууд хожим бичгийн хэлбэрт оруулж байгуулсан тул алданги нэмж шаардах эрх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар үүссэн, 10,000 юанийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан төгрөгийн ханшаар зөв тооцсон, анхан шатны шүүх зээлийн хүү шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийсэн нь оновчгүй болсон, 9,735,000 төгрөгийн зээлийн дүнг 9,375,000 төгрөг гэж буруу бичсэнээс гадна Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу үүргийг тооцоогүй нь буруу хэдий ч залруулан өөрчлөх боломжтой гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

13. Хариуцагч Ц.Отгонбилэг зээлийг Ц.Отгонбилэг Л.Баярсайхан, түүний эхнэртэй хамтарч бизнес эрхлэх зорилгоор түүний олон улсын картыг ашиглаж шилжүүлсэн гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч Ц.Отгонбилэг тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

14. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон зээлийн гэрээний 2.1, 2.6, 2.7-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээлийн үүрэг 10,000 юань буюу 3,835,300 төгрөгөөс 1,650,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй учир уг үүргээс төлсөн төлөлтийг суутган тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцнэ, энэ зээлийн үлдэгдэл 2,185,300 төгрөгөөс алдангийг 50 хувиар тооцвол 1,092,650 төгрөг болж байх ба нийт 3,277,350 төгрөгийг хариуцагч төлөхөөр байна, үүн дээр 9,735,000 төгрөгийн зээлийн үүргийг нэмж Ц.Отгонбилэгийг 13,012,950 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтгээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалт, тэдгээрт заасан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах талаар тусгагдсан боловч хангагдсан хэсгийг бүхэлд нь эсхүл заримыг зөвшөөрөхгүй байгаа талаараа тодорхой дурдаагүй тул хяналтын гомдлыг хангах нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-6.3-т тус тус заасныг зөрчинө.

16. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэг нь тогтоогдоогүй учир хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1615 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргалын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,710 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

   

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.БАНЗРАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Г.АЛТАНЧИМЭГ 

                                                 ШҮҮГЧИД                   П.ЗОЛЗАЯА 

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД