Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/01820

 

 

 

 

2020         05           20                                         101/ШШ2020/01820

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц.О холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,355,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б-, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, өмгөөлөгч Т.Дарьсүрэн, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Л.Б-тай тохиролцож зээлийн гэрээ байгуулж 9,735,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцаан төлөхөөр тохирч банкны шилжүүлгээр хүүгүй авсан. Гэрээнд хугацаа хэтрүүлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл зээлдэгч үндсэн зээл алданги төлсөнгүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш эхлэн нэхэмжлэл гаргаж буй 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоход алданги 448,675х405=19,713,375 төгрөг байх боловч Иргэний хуулийн 236 дугаар зүйлд алдангийн дүн үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалтаар тооцон алданги 4,867,500 төгрөг болж байгаа болно. Иймд үндсэн зээл 9,735,000 төгрөг алданги 4,867,500 төгрөг нийт 14,602,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Б- нь Ц.О-т 9,735,000 төгрөгийг зээлүүлэхдээ нэмж 10,000 юань зээлүүлсэн. Зээлийн гэрээнд 9,735,000 төгрөг, 10,000 юань гэж бичсэн байгаа. Тухайн өдөр 10,000 юанийг зээлийн гэрээний нөхцөлөөр зээлдүүлсэн. Хуульд гадаад валютын төлбөрийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцно, үүрэг хэлцлийн үндсэн дээр үүснэ гэж заажээ. Иймд 10,000 юанийг зээлдүүлсэн хэлцэл хийсэн өдрийн Монгол банкны ханшаар авч үзвэл *******-ын 1 юань 383,53 төгрөгтэй тэнцэж байсан байх уг ханшаар тооцоход 3,835,300 төгрөгийг нэмж зээлдүүлсэн байна. Гэрээний үүрэг ёсоор зээлдэгч уг мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцааж төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ. Дээрх 3,853,300 төгрөгт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш алданги тооцоход үндсэн төлбөр 5 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 зааснаар 50 хувиар хязгаарлаж алданги тооцоход 1,917,650 төгрөг болж байх ба үндсэн үүргийн 3,835.300 төгрөгийг нэмэхэд 5,752.950 төгрөг болж байна. Иймд урд нэхэмжилсэн 14,602,500 төгрөгийг 5,752,950 төгрөгөөр нэмэгдүүлсэн нийт 20,355,450 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нотариат дээр очиж Ц.О-т 9,375,000 төгрөг, 10,000 юанийг зээлдүүлж зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Зээл гэрээний үүргээ хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Миний дансанд 1,650,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгө нь надаас эд зүйл худалдаж аваад шилжүүлсэн мөнгө байх гэж бодож байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 20,355,450 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ц.О-тэй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 9,375,000 төгрөг, 10.000 юань буюу 3,835,300 төгрөг, нийт 13,570,300 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч буцаан төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Л.Б- түүний эхнэр Г.О, н.Б- нартай хамтарч үнэт эдлэлийн худалдаа эрхлэхээр тохиролцсон байдаг. Л.Б-ы эхнэр н.Б- мөнгө шилжүүлэхийн тулд хариуцагч Ц.О-ийн олон улсын картыг ашиглаж шилжүүлсэн. Ц.О- ******* хотын АТМ-с шилжүүлсэн мөнгийг гаргаж өгсөн болохоос өөрөө аваагүй. Харин 10,000 юанийн хувьд авсан гэдгийг зөвшөөрнө, гэхдээ яг 10,000 юань байгаагүй, 8000 орчин юань цөөхөн монгол мөнгө авсан. Монгол мөнгө хэд байсныг санахгүй байна. Ц.О- Л.Б-ы Хаан банкны ******* дансанд 1,650,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б- хариуцагч Ц.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,602,500 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,752,950 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 20,355,450 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,375,000 төгрөгийг эхнэр Г.О нь н.Б- шилжүүлэхийн тулд миний Хаан банкны олон улсын эрхтэй картыг ашигласан. Би ******* хотын АТМ-с 9,375,000 төгрөгийг авч н.Б- өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин 10,000 юанийн хувьд хүлээн зөвшөөрнө”  гэж маргасан.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Ц.О-тэй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 9,735,000 төгрөг, 10,000 юанийг 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлдүүлэхээр талууд хүсэл зоригийг илэрхийлэн, зээлийн гэрээг байгуулан зохигчид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлжээ./хх-ийн 3 дугаар тал/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан”, 43 дугаар зүйлийн 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” гэж зааснаар зохигчид хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн, зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх, хариуцагч гэрээнд зурагдсан гарын үсгийн бичвэрийн талаар маргаагүй тул хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзэв.

Хариуцагч “9,375,000 төгрөгийн зээлийг би аваагүй, нэхэмжлэгчийн эхнэр Г.О нь н.Б- мөнгө шилжүүлэхийн тулд миний Олон улсын картыг ашигласан. Би мөнгийг нь *******-ын ******* хотын АТМ-ээс гаргаж н.Б- өгсөн. 10,000 юанийг авснаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ 8000 юань, цөөхөн монгол төгрөг авсан, тоолоогүй.” гэж маргасан атлаа н.Б- мөнгө шилжүүлсэн эсэх талаарх татгалзлаа баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч Ц.О- Хаан банкны ******* өөрийн данснаас 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дансанд “15 хоногийн зээл” гэж шилжүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Хаан банкны *******ё дансыг хариуцагч Ц.О-ийн данс гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дүгээр зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  9,375,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйлдлийг талуудын хооронд зээлийн гэрээг хуульд зааснаар бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хүү шаардах эрхгүй. Учир нь:

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банкны дансаар 9,735,000 төгрөгийг шилжүүлж, хожим Зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулан нөхөж үйлдсэн үйл баримт талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д  “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж зааснаар зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнээд хариуцагч Ц.О- 9,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д төлөх үүрэгтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Монгол банкнаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зарласан ханшийн лавлагааг үндэслэн 1 юань 383.53 төгрөгт/10,000*383.53=3,835,300/ тооцон 3,835,300 төгрөг, алданги 1,917,650 төгрөг нийт 5,752,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Ц.О-ийг нэхэмжлэгчээс 8000 юань, цөөхөн хэдэн монгол төгрөг авсан, яг хэдэн төгрөг байсныг тоолоогүй гэж тайлбарласан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д сарын “хүү 10 хувь байна”, 2 дугаар зүйлийн 2.5-д “зээлийг 2018 оны12 дугаар сарын 05-ны өдөр дансаар болон бэлнээр олгоно.”, 2.6-д “зээлийг 2018 оны 12 дугаар сарын   20-ны өдөр төлнө.” гэж тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч 10,000 юань буюу 3,835,300 төгрөгт бодогдох зээлийн хүүг хариуцагчаас нэхэмжлээгүй.

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлүүлсэн 9,375,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр тохирсон үндсэн зээл 3,835,300 төгрөг нийт 13,210,300 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.7-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө.” гэж тохирчээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ”Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус зааснаар хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3,835,300 төгрөгийн 50 хувь болох 1,917,650 төгрөг, нийт 5,752,950 төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчийн Хаан банкны ******* данснаас нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 100,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр 400,000 төгрөг нийт 1,650,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлөх ёстой 5,752,950 төгрөгөөс Ц.О-ээс нэхэмжлэгчид төлсөн 1,650,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 4,102,950 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 9,375,000 төгрөг нийт 13,477,950 төгрөгийг Ц.О-ээс гаргуулж Л.Б-д олгов.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 225,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ц.О-с 13,477,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,877,500 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ