Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Ганзориг |
Хэргийн индекс | 186/2018/0246/Э |
Дугаар | 147 |
Огноо | 2020-03-25 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 147
Б.А- нарт
холбогдох хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Р.Пүрэвлхам, шүүгдэгч А.Г ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Д.Н , Б.Э-, хохирогч Ц.Ц гийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэрэн, хохирогч Д.Н , Б.У-, Н.У нарын өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1271 дугаар магадлалтай, А.Г , Б.А-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Р.Пүрэвлхам, хохирогч Д.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай А.Г,
2. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б.А,
3. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Б.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч А.Г-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,
Шүүгдэгч Б.А-г ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,
Шүүгдэгч Б.Б-ыг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
А.Г эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20 000 нэгж буюу 20 000 000 төгрөгөөр торгох ял,
Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан А.Г ийн цагдан хоригдсон нийт 90 хоногийн, нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15 000 төгрөгөөр тооцон нийт 1 350 000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч, биечлэн эдлэх торгох ялыг 18 650 000 төгрөгөөр тогтоож,
Б.А-гийн цагдан хоригдсон нийт 43 /дөчин гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.А-д шүүхээс оногдуулсан 4 жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч Б.Б-од холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Б.А-, А.Г нарт холбогдох заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Б.А-д холбогдох хэрэгт хохирогч Ц.А-оос 10 000 000 төгрөгийг залилан авсан гэх үйлдлийг Прокурорын газраас нэмж нэгтгэсэн ба үйлдлийн хугацаа нь 2015 оны 07 дугаар сард байгаа боловч Ц.А-той уулзаж байгаагүй, танихгүй, ямар нэгэн байдлаар урьдчилан амласан болон шууд мөнгө авсан зүйл байхгүй болох нь Ц.А-ын мэдүүлгээр тодорхой нотлогдсон. Энэ хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажиллагаа явуулахад О нь хохирогч Ц.А-од ажил олж өгнө гэж 15 000 000 төгрөгийг “Зээлийн гэрээ” хийж авсныхаа 5 000 000 төгрөгийг өөртөө авч Б.А-д 10 000 000 төгрөг өгсөн боловч Б.А- нь мөн “Зээлийн гэрээ" хийж М-т уг мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон байхад прокурорын газраас яг адил үйлдэлтэй О ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, М-ын үйлдлийг шалгалгүйгээр орхин хасч, Б.А-г энэ үйлдэлд дангаар нь яллагдагчаар татсан нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн зүйлийн 2, 3-т заасныг зөрчиж ялгаварлан гадуурхсан, гэмт үйлдэл хийсэн этгээдүүдийг салган орхиж ялласан гэж үзэж байна.
Яллагдагчаар татагдвал зохих этгээд болох Б.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан өөр хэрэгт ял шийтгүүлж 409 дүгээр ангид хоригдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба ял оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэлтэй нөхцөл байдал илэрсэн...” байх тул мөн заалтаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах үндэслэл үүссэн гэж үзэж байна.
Дээрх үйл баримтуудыг орхигдуулснаар Б.А-гийн эрх зүйн байдал шууд дордож, зарим этгээд ял завших, мөн хохирол төлбөрийн хувьд огт аваагүй 10 000 000 төгрөгийг Б.А-гийн төлөх хохиролд оруулан тооцсон, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А-гийн үйлдэлд хэрэглэх хууль зүйн үндэслэлийг хаан боогдуулсан, эрхийг нь хязгаарлахад хүргэсэн байна.
Б.А- нь Ц.А-оос 10 000 000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг М.О тэй адил байдлаар шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүх Б.Б-ыг хуулийн дагуу гэм буруутайд тооцсон мөртлөө ямар нэгэн хууль зөрчигдсөн гэж үзээгүй тохиолдолд хэргийг тусгаарлах эсэх нь эрх зүйн хувьд маргаантай. Энэ алдааг хяналтын шүүхээс залруулах шаардлагатай.
Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 2.5 дугаар зүйлүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ...шийтгэх тогтоол, ...магадлалыг тус ус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, гомдолд дурдсан ажиллагааг гүйцэтгүүлж, хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хянахдаа миний үйлчлүүлэгч Б.А-г хохирогч Б.Б, Б.З, Ц.А- нарын хувьд гэм буруутай нь тогтоогдсон талаар дүгнэхдээ “шүүгдэгч А.Г гэрч Б.И нарын мэдүүлгээр, хохирогч Ц.А- нь худгийн ажлын тендерийг авахаар М.О тэй хэлэлцэн тохиролцож мөнгөө өгснийг шүүгдэгч Б.А- дамжуулан авсан нь нотлогдож байх тул...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-р зүйлийн 8 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцох гол үндэслэл болсон гэж магадлалд тусгагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б, Ц.А-, Б.Э- нарын хохирлын асуудлыг тооцсон үйл баримт нь мөн хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох үйл баримт болох нь илт тодорхой ойлгомжтой байсаар байхад дээрх нотлох баримтуудыг үнэлэхдээ мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг хэрхэн нотлох үүргээ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч прокурорууд нотолж чадаагүйг анхан шатны шүүх илрүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр ч нотолгооны ач холбогдол бүхий үйл баримтын талаар шүүгдэгч Б.А-гийн өгсөн мэдүүлгийг ч бусад шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэгтэй харьцуулан зохих ёсоор үнэлж, нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлээгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тус тусад нь нэрлэн зааж дугаартай нь үйл баримттай нь зааж өгөөд байхад ч анхан болон давж заалдах шатны шүүх мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийг ноцтой зорчин нотлох баримтаар тооцохгүй байх баримтуудыг нотлох баримтаар тооцсон нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэн ял шийтгэл оногдуулах гол үндэслэл нь болсон. Шүүгдэгч А.Г , гэрч М.О иргэний хариуцагч Ц.Ж нар нь шүүгдэгч Б.А-гийн огт оролцоогүйгээр хохирогч Б.Б, Б.З, Б.Б, Ц.А- нартай харилцаж тэднээс мөнгө авсан үйлдэлд нь миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.А- нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан ямар оролцоотой байсан тухайг нотолсон нэг ч баримтгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж миний үйлчлүүлэгч Б.А-г хохирогч Б.Б, Б.Б, Ц.А-, Б.З нарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнд тооцон ял шийтгэл оногдуулах хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасанд нь гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд яллагдагч, шүүгдэгч заавал өөрөө биечлэн хохирогчийг итгүүлэн үнэмшүүлэх, зохиомол байдлыг зориудаар бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардана. Гэтэл шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.Б, Б.Б, Ц.А- нартай огт биечлэн уулзаагүй байж тэднийг залилан мэхэлсэн үйлдэл хийх боломжгүй байсан. Тэгээд ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн аль ч заалтад нь өөрөө биечлэн гэмт хэрэг үйлдээгүй боловч дамаар бусдаар дамжуулан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх гэсэн үг өгүүлбэр байхгүй. Ц.Г-ийн үйлдсэн хэргийн хохирол, тооцоо хийгдээгүйг анхаарах хэрэгтэй. Анхнаасаа л эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлэн явуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг мөрдөгч прокурор буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд энэ байдлыг шүүн хэлэлцэж буй шүүх ч анхаараагүй, бодит байдал болон хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгүүдээр миний үйлчлүүлэгч Б.А- нь хохирогч Б.Б, Б.Б, Б.З, Ц.А- нарыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд илт эргэлзээ төрөхүйц байдал байсан нь тогтоогдож байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.А-гийн хувьд ашигтай байдлаар шийдвэрлэн гэм буруугүйд тооцож шийдвэрлэх үүрэгтэй байснаа биелүүлээгүй. Давж заалдах шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хянаж үзэхдээ мөн энэ тухай үндэслэлтэй дүгнэлт хийж шүүгдэгч Б.А-гийн хувьд ашигтай шийдвэр гарган шийтгэх тогтоолыг өөрчлөх үүргээ биелүүлээгүйд буюу хэрэглэх ёстой хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүйд гомдолтой байна. Б.А-г дээрх хохирогчдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх болсон гол үндэслэл баримт нь шүүгдэгч А.Г , гэрч Б.И, М.О нарын мэдүүлэг гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөсөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байсан. Учир нь шүүгдэгч А.Г болон гэрч М.О , иргэний хариуцагч Ц.Ж-ны мэдүүлгийг ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-р зүйлийн 8.2 дахь хэсэгт заасанчлан хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд ялангуяа шүүгдэгч А.Г нь Б.А-гийн хувьд гарцаагүй хамтран ажиллах этгээд мөн юм. Тэгээд ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгээр нөгөө яллагдагч шүүгдэгчийн гэм бурууг нотолно гэсэн заалт байхгүй болно.
Мөн хохирогчдод төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-гийн хувьд гэмт хэргийн учирсан хохиролтой холбоотой хэсгийг ханган шийдвэрлэсэн үндэслэл нь эргэлзээ төрүүлэхүйц илт үндэслэл муутай болсон. Хохирлын төлбөрийг хэн хэрхэн төлсөн тухайд нэг бүрчлэн дурдаж тайлбарласан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн огт биечлэн аваагүй мөнгийг хохиролд оруулж тооцоод зогсохгүй, зарим төлөгдсөн төлбөрийг Б.А-гийн төлбөрт тооцохгүйгээр шүүгдэгч А.Г ийн төлсөн төлбөрт оруулан тооцсон. Гэхдээ А.Г 80 000 000 төгрөгийг Б.А-гаар дамжуулаагүй буюу Б.А- нь А.Г нараар дамжуулан хохирогчид төлсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх илт эргэлзээ төрүүлэхүйц үйл баримтууд байсаар байхад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Дээрх үйл баримтуудаар тогтоол, магадал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсгийг зөрчсөн шийдвэр болох нь тогтоогдох болно.
Нөгөө талаар анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны хувьд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Учир нь Б.А- нь нэг төрлийн гэмт хэргийг биш удаа үйлдсэн, хамгийн сүүлийн үйлдэл нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэмт үйлдэл гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Дээр дурдсанчлан шүүгдэгч Б.А- нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ц.А-ыг хуурч зориуд зохиомол байдлыг бий болгон 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдээгүй, харин шүүгдэгч Б.А-гийн М.О тэй хийсэн зээлийн гэрээний үүргийн харилцааг шүүгдэгч Б.А-г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнд тооцож энэ үйлдлийг нь гэмт хэрэг гэж үзсэнээр Б.А-гийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж үзэхэд ашигласан гэж дүгнэхэд ч буруудахгүй. Бусад үйлдлүүд ч хангалттай нотлогдон тогтоогдохгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааны хувьд шийдвэрлэх, гэмт хэрэгт буруутгах боломжгүй байсан учир анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн шүүх шүүгдэгч нарыг ялгаварлан үзэж хэн нэгэнд нь нөгөөгөөс нь илүү давуу эрх олгох үндэслэлгүй байсан боловч давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Г нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тухайд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...А.Г эд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх...” гэж заасан байна. 2019 оны 09 дүгээр сарын 12 -ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэг болсны дараагаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1284 тоот “Шүүх хуралдааныг завсарлуулах тухай” захирамж гарсан. Уг захирамжийн захирамжлах нь хэсгийн 3-т “...шүүгдэгч А.Г , Б.А-, Б.Б- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хүчингүй болгож, А.Г , Б.А-, Б.Б- нарт энэ өдрөөс Монгол улсын хилээр гарахгүй байх, Улаанбаатар хотоос гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай..” гэсэн байна. Энэ захирамжид заагдсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр үйлчилж байгаагаар тусгагдсан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг “...шүүгдэгч А.Г хохирогчдын хохирлыг барагдуулах гэж хөдөө орон нутагт ажиллаж байна...” гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргадаг. Шүүгдэгч А.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд өөрийн хүлээх хариуцлагыг Б.А-д тохож ирснийг мөрдөгч улсын яллагч нар шууд нотлогдсон үйл баримт мэтээр хүлээн зөвшөөрч ялласнаас гадна шүүгдэгч Б.А-гийн иргэний хариуцагчийн хувиар эдэлж болох үүрэг хариуцлагыг ч эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, зарим хохирогчидтой огт уулзаагүй, огт биечлэн аваагүй мөнгийг авсан мэт дүгнэж миний үйлчлүүлэгч Б.А-г шууд гэм буруутайд тооцон яллагдагчаар татсанаас гадна Б.А-гийн А.Г ийн өмнөөс төлсөн төлбөрийг ч хасаж тооцохгүйгээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх анхаараагүй. Түүгээр ч зогсохгүй шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад шүүгдэгч А.Г нь дур мэдэн хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн илэрхий үйл баримтад ч дүгнэлт хийхгүй орхигдуулж шүүгдэгч нарыг илт ялгавартайгаар үзэн илт гэм буруугүй Б.А-д хүчээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байгаа нь шүүхийг шударга шийдвэр гаргаж байна гэж үзэхэд илт эргэлзээ төрүүлэхүйц нотолгоо бүхий үйл баримт болох юм. Дээрх үйл баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй этгээдүүд нь шүүгдэгч нарыг илт ялгаварлан, хэрэг маргаан олон жил үргэлжлэн хохирогчид болон хохирогчдын өмгөөлөгч нар гомдол санал тавиад ирэхээр “цаана нь хүн байгаа гэсэн болохоор л Б.А-д хариуцуулъя” гэх маягаар шийдвэрлэсний үр дүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид хохирогч гэрчүүдийг илтэд олон янзын зөрүүтэй мэдүүлгүүд өгүүлэх нөхцөл байдалд хүргэсэн. Шүүх ч энэ тал дээр үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийг тулган тасалсан нь илт хууль бус бөгөөд миний үйлчлүүлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн язгуур эрхийг хөндсөн. Иймд дээр дурдсан гомдлын дагуу хэргийг хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч нарын өмгөөлөгч Ц.Гансүх хэлсэн саналдаа “... Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Г ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт холбогдох хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан буюу шүүгдэгч нарт оногдуулсан ял тохирсон байна. Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Өмгөөлөгч нарын гаргасан гомдлын агуулга нь хэргийн үйл баримтыг тогтоогоогүй гэх боловч хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ш.Мягмарцэрэн, хохирогч Д.Н нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Г , Б.А-, Б.Б- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүрээнд анхан, давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаа, шийдвэрийг хяналаа.
Анхан шатны шүүх А.Г , Б.А-, Б.Б- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд А.Г , Б.А- нарыг бүлэглэн “Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө” гэх зэргээр хуурч 2013 оны 4 дүгээр сараас 2013 оны 12 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Н.Ц-ээс 20 000 000 төгрөг, Ц.Жаргалсайханаас 200 000 000 төгрөг, Б.Э-аас 209 050 000 төгрөг, Б.Б-аас 25 000 000 төгрөг, Ц.З-аас 7 500 000 төгрөг тус тус авсан,
А.Г , Б.Б- нар нь бүлэглэн “бүтээгдэхүүн авч Оросын Холбооны Улс руу гаргаж зараад эргүүлж мөнгийг чинь өгнө, Оросын Холбооны Улсаас гурил оруулж ирэхэд мөнгө дутаад байна, хөрөнгө оруулаач, “Б” ХХК-ийн барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг хийж бартераар байр авахаар болсон, энэ байраа худалдана” гэх зэргээр хуурч 2015 оны 09 дүгээр сарын 23-наас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Н.У ээс 36 500 000 төгрөг, Д.Н гээс 28 500 000 төгрөг, И.М-аас 27 300 000 төгрөг, Д.Н ээс 32 670 000 төгрөг, Б.У-гаас 50 000 000 төгрөг тус тус авсан,
А.Г нь ганцаараа “машиныг чинь худалдаж авъя, гурилын мөнгө орж ирэхээр мөнгийг нь төлнө, Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт авто замын ажил бүтээж өгнө, ээжийн бие муу байна, эмчилгээнд зарцуулах гэсэн юм, 50 000 000 төгрөгийн зээл гаргаж өгнө” гэх зэргээр хуурч 2013 оны 09 дүгээр сарын 12-ноос 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Б.Б-аас 30 000 000 төгрөг, Д.Н гийн “С-6” загварын автомашиныг, Г.Д-аас 2 000 000 төгрөг тус тус авсан,
Б.А- нь ганцаараа “усны худгийн тендерт шалгаруулж өгнө” гэж хуурч Ц.А-оос 10 000 000 төгрөг авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн, энэхүү дүгнэлтийг хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.
А.Г ийн бусадтай бүлэглэн болон ганцаараа нийт 13 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит бус байдлыг зохион итгүүлж 13 хохирогчоос их хэмжээний мөнгө, эд зүйл авч, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу “Залилах гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэсэн шинжтэй гэмт хэргээр,
Б.А-гийн бусадтай бүлэглэж болон ганцаараа нийт 6 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит бус байдлыг зохион итгүүлж 6 хохирогчоос их хэмжээний мөнгө авч, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу “Залилах гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэсэн шинжтэй гэмт хэргээр,
Б.Б-ын бусадтай бүлэглэж нийт 5 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бодит бус байдлыг зохион итгүүлж, 5 хохирогчоос их хэмжээний мөнгө авч, хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт буюу “Залилах гэмт хэргийг бүлэглэж, их хэмжээний хохирол учруулж үйлдэх” гэсэн шинжтэй гэмт хэргээр тус тус зүйлчилж, гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд ямар нэг алдаатай, ойлгомжгүй дүгнэлт хийгдээгүй байна.
Дээрх дүгнэлт бүхий гэм буруугийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгдэгч нараас гаргасан хохирол төлөх завсарлага авах хүсэлтийг шүүх хангаж, завсарлага авсан хугацаа дуусч эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаан зарлахад Б.Б- оргон зайлж, шүүх хуралдаанд ирээгүй нь тогтоогджээ.
Б.Б-ын тухайд шүүх хуралдааны гэм бурууг хэлэлцэх асуудал хуульд заасан журмын дагуу бүрэн шийдвэрлэгдэж дууссан байх тул түүнийг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас эхлэн явуулах нь зүйтэй тул Б.Б-од холбогдох хэргийг тусгаарласан нь зөв байна.
Шүүхүүд Б.А-гийн 6 удаагийн үйлдэлтэй, их хэмжээний хохиролтой “Залилах” гэмт хэрэгт хуулиар 2-оос 8 жил хүртэлх хугацаатай хорих ял оногдуулж болохоос 4 жилийн хорих ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирчээ.
Харин, А.Г нь 13 удаагийн үйлдэлтэй, Б.А-гаас илүү хэмжээний хохирол бусдад учруулсан байхад Б.А-д оногдуулсан ялаас илтэд ялгаатай торгох ялыг сонгон оногдуулсан нь гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдүүдийн хувьд ялгавартай, тэгш бус хандсан байх бөгөөд шүүхүүд ийнхүү хандсан үндэслэлээ огт тайлбарлаж, дүгнэлт хийгээгүй байна.
Үүнээс гадна, А.Г ийн хохирогч Г.Д-аад учруулсан хохирлыг яагаад гаргуулаагүй үндэслэл шийтгэх тогтоолд тусгагдаагүй, энэ талаар хохирогч Д.Н өөрийн үндэслэлийг тайлбарлаж гомдол гаргасаар байгаа тул энэхүү асуудалд анхан болон давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.
Шийтгэх тогтоол нь гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын гэсэн хоёр дүгнэлт хэсгээс бүрддэг бөгөөд энэ хоёр хэсэгт тавигдах шаардлагыг хуулиар тодорхой зааж өгсөн, энэ хэргийн тогтоолын тухайд А.Г , Б.А-, Б.Б- нарын гэм буруугийн дүгнэлт, Б.А-д оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь тус тус хуулийн шаардлагыг хангаж, хууль ёсны гарсан байх ба үүнээс цааш А.Г эд эрүүгийн хариуцлага оногдуулсан дүгнэлт, хохирлын зарим хэсгийг А.Г ээс гаргуулаагүй шийдвэр, оногдуулсан ял нь Б.А-гаас ялгавартай тогтоогдсон нөхцөл байдал зэрэг огт тодорхойгүй нөхцөл байдалд хуульд заасны дагуу заавал дүгнэлт хийх шаардлагатай байх тул А.Г эд холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Б.А-гийн өмгөөлөгч нараас Ц.А-ыг залилсан гэх үйлдэлд Б.А- гардаж мөнгө аваагүй, үүнийг Б.А-гийн оролцоогүйгээр М.О , Ц.Ж нар хийсэн байтал Б.А-г энэ үйлдэлд гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, М.О , Б.М- гэх хүмүүсийг татаж шалгах шаардлагатай, Б.А-гийн төлсөн 80 сая төгрөгийг Г төлсөн гэж буруу дүгнэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгон прокурорт буцаах эсхүл шүүхэд буцаах гэсэн агуулгатай гомдол гаргажээ.
Б.А- нь Ц.А-ын мөнгийг авахдаа М.О ийг хэрэгсэл болгон ашигласан байх бөгөөд мөнгийг нь авч болох бүх арга, нөхцөл байдлыг санаачилж, М.О ийн Ц.А-той холбоотой нөхцөл байдлыг нь ашиглаж гэмт хэргээ үйлдсэн байх тул энэ гэмт хэргийг М.О ийн үйлдсэн гэмт хэрэг, эсхүл Б.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт М.О ийн санаа зорилгоороо нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, ийм нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдоогүй болно.
Б.А- нь хохирлын мөнгө болох 80 сая төгрөгийг А.Г ээр дамжуулан төлсөн гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тодорхой иш татаж 80 сая төгрөгийг А.Г төлсөн гэж дүгнэсэн нь ямар нэг эргэлзээгүй, маргаангүй дүгнэлт болсон байна.
Хяналтын шатны шүүх нь “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...эрхгүй” байдгийг дээрх агуулгаар гомдол гаргасан өмгөөлөгч нарт анхааруулах шаардлагатай тул тэдний гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Хохирогч Д.Н гийн тухайд дээр дурдсан үндэслэлүүдээр гаргасан гомдлын шаардлагыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын Б.А-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, А.Г эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр буцааж, тусгаарлаж, түдгэлзүүлсэн Б.Б-од холбогдох хэргийг түүнийг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас эхлэн явуулах гэсэн өөрчлөлтүүд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1271 дугаар магадлалын тогтоох хэсгээс “Шүүгдэгч А.Г эд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр буцаасугай”,
“Шүүгдэгч Б.Б-од холбогдох хэргийг тусгаарлан түдгэлзүүлж, түүнийг олдмогц шүүх хуралдааны ажиллагааг эрүүгийн хариуцлага оногдуулах шатнаас эхлүүлэн явуулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, “Шүүгдэгч Б.А-д холбогдох заалтуудыг хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Р.Пүрэвлхам нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН