Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00470

 

 

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00470

 

 

Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагч:  ,

Хариуцагч: Батлан хамгаалахын төв архив,

Хариуцагч: Цэргийн төв эмнэлэг УТҮГ-т тус тус холбогдох,

 

Тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг

Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганзориг

Хариуцагч Батлан хамгаалахын төв архивын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тогтохжаргал

Хариуцагч Цэргийн төв эмнэлэг УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид

Прокурор: Н.Дамбадаржаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-а нь улсад 32 жил тасралтгүй ажиллахдаа хуульд заагдсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж байсан бөгөөд 2007 онд тэрээр тэтгэвэрт гарсан. Тэрээр хамт ажиллаж байсан, тэтгэвэрт гарсан хүмүүсээс хамаагүй бага хэмжээгээр тэтгэвэр авдаг болохоо мэдсэнээр хамгийн анх шүүхэд 2007 оноос хойшхи тэтгэврийн зөрүү 9 180 000 төгрөг гаргуулахаар хандсан.

Гэтэл шүүхээр маргаан хянагдаж байх үед Ц-а нь Батлан хамгаалах яамны архиваас 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 000003589 тоот лавлагааг авснаар 1987-1989 оны хооронд 089, 027 дугаар ангиудад их эмчээр ажиллаж байсан цалингийн тодорхойлолтыг олж авснаар өндөр насны тэтгэвэр авах болзол хангахдаа тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, өндөр цалин авч байсан 5 жилээ сонгох эрх нь хязгаарлагдсан болохыг мэдсэн. Ц-а нь Цэргийн төв эмнэлэгт хүний эмчээр 1984 оноос 2007 оны хооронд ажиллаж байхад нь Ц-ыг Ардын армийн 089 дүгээр ангид 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сар хүртэл ажиллуулсан гэж цалин олгосныг Ц-а нь огт мэдээгүй.

Хэрэв Цэргийн төв эмнэлэг нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж, Ц.Цэрэнпагамын хувийн хэргийг нэгтгэн Архивын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлж байсан бол, хуульд нийцүүлж архивт шилжүүлсэн бол 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр авах хүсэлт гаргахад нь ***дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хамгийн өндөр 5 жилийг сонгоход нь эргэлзээгүй туслан зөвлөх байсан гэж ойлгож байна. Мөн Батлан хамгаалах яамны төв архив нь харьяа байгууллагуудад хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны хувийн хэргийг хөтлөх, хадгалалт хамгаалалтад хяналт тавьж чадсан бол Ц-а 32 жил тасралтгүй ажилласныхаа үр шимийг шударгаар хүртэж өнөөдрийг хүртэл сэтгэл хангалуун амьдрах эрхтэй байжээ.

Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны төв архив, Батлан хамгаалах яамны хариуцлагагүй үйлдлээс болж өндөр 5 жилээ сонгох боломж хязгаарлагдсанаас болж бага тэтгэвэр авч байсан болох нь ***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00206 тоот шүүхийн тогтоолоор шинжээчээр томилогдсон Хүлэгт хүннү аудит ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/26 тоот тайлангаар 12 478 479 төгрөгийн зөрүү гарч байгаа нөхцөл байдлаар тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүн дээр 2018 оны 12 дугаар сарыг дуустал 10 сарын хугацааны тэтгэврийн зөрүү 1 008 260 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны төв архив, Батлан хамгаалах яамнаас олгогдвол зохих тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Харин ***дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь Ц-ын тэтгэврийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн байх бөгөөд 1987 оноос 1989 оны хоорондох ажилласан цалингийн тодорхойлолт байдаг эсэхийг шалгаж холбогдох зөвлөгөөг өгч чадаагүй гэж үзэж байна. Нэгэнт шүүхээр маргаж байх үед Батлан хамгаалах яамны төв архиваас Ц-ын 1987-1989 оны хооронд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн учир 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэврийг тогтоож, цаашид олгохыг ***дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-а нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталд ажиллаж байгаад тэтгэвэрт суусан болох нь тус байгууллагын даргын 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тушаалаар нотлогдож байгаа. Уг тушаалд ...Поликлиникийн дотрын их эмч Ц-а нар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсугай, тушаалын 3 дахь хэсэгт Их эмч Ц-а нарт 12 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмжийг тус тус олгохыг санхүүгийн дарга ахмад Г.Батцэцэгт зөвшөөрсүгэй гэж дурдагдсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпитал /цэргийн байгууллага/ -д хөдөлмөрийн гэрээгээр буюу энгийнээр ажиллаж байжээ. Тухайн үеийн Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь буюу доогийн Цэргийн төв эмнэлэг нь нэхэмжлэгчийн ажил олгогч байгууллага. Харин Батлан хамгаалах яамны зүгээс Ц-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тайланг гаргаж тухайн хариуцсан нийгмийн даатгалын хэлтэст тайлагнах, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд, цалингийн тодорхойлолтуудыг архивт шилжүүлэн өгөх, улмаар архивын байгууллагыг хянаж ажиллах эрх зүйн болоод хуулийн зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тус яамны ажилтан, албан хаагч байгаагүй тул энэ хэрэгт бид хамтран хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Батлан хамгаалахын төв архивын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц-а нь Батлан хамгаалахын Төв архивт 2017-2018 онуудад нийт 3 удаа хүсэлт гаргахдаа Зэвсэгт хүчний 027 дугаар анги /Цэргийн Төв эмнэлэг/-д насаараа их эмчээр ажиллаж байсан, өөр газар ажиллаж байгаагүй, зөвхөн 1987-1991 онд эмнэлэгт ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг гаргуулж авна гэж өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгүүлж байсан юм. Ц-а нь тэтгэвэрт гарахдаа өөрөө хаана ажиллаж байсан болохоо мэдэж, холбогдох цалингийн тодорхойлолтоо өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Манай архивын зүгээс Ц-ын хүсэлтэд дурдагдсан баримтуудыг л гаргаж өгсөн, түүнээс биш бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад баримтуудыг дутуу гаргаж өгсөн зүйл байхгүй.

Батлан хамгаалахын Төв архивын хуулбар хувь болох хавсралт 11-14-д байгаа баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн халагдсан болон томилогдсон тушаалууд хэрэгт авагдсан ба Ардын армийн 089 дүгээр ангийн цалингийн картанд цалингаа авахдаа өөрөө гарын үсгээ зурж авч байсан тул Ардын армийн 089 дүгээр ангид 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сар хүртэл ажиллуулсан гэж цалин олгосон болохыг огт мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Батлан хамгаалахын Төв архив нь Батлан хамгаалахын салбарт хамаарах, Зэвсэгт хүчний анги, байгууллагын баримтуудыг нутаг дэвсгэрийн байрлалаас үл хамааран салбарын хэмжээнд байнга хадгалах баримтыг төвлөрүүлэн хадгалдаг. Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримтыг тухайн анги байгууллагын анхан шатны архивт хадгалах хугацаа дуусмагц Төрийн архивт шилжүүлэх баримтын бүртгэлээр хүлээн авч хадгалан, байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын баримтаас лавлагаа хуулбар гаргаж үйлчилдэг юм. Бид холбогдох байгууллагуудаас ирсэн баримтуудыг холбогдох хууль тогтоомж болон байгууллагын архивын ажлын дүрэмд нийцүүлэн хадгалдаг. Эдгээр хууль, дүрмийн дагуу Ардын армийн 089 дүгээр анги, Ардын армийн 027 дугаар ангиас архивт ирүүлсэн баримтуудыг зориулалтын дагуу хадгалж, хамгаалж байна. Гагцхүү Ц-а бидэнд хандахдаа хаана, ямар ажил эрхэлж байснаа л хэлэх ёстой байсан байх. Иймд нэхэмжлэгчийн ...Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалахын Төв архив, Батлан хамгаалах яамны хариуцлагагүй үйлдлээс болж өндөр 5 жилээ сонгох боломжоо хязгаарлуулсан, улмаар бага тэтгэвэр авч байсан гэх тайлбар үндэслэлгүй. Ц-а нь Батлан хамгаалахын Төв архивт эхний удаа ирэхдээ л Ардын армийн 089 дүгээр ангид 1987-1989 онд ажиллаж байсан тухай бүртгүүлж, лавлагаа буюу өөрийн цалингийн тодорхойлолтоо авч болох байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Цэргийн төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-ыг Цэргийн төв эмнэлэг буюу хуучнаар Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, ерөнхий эмчийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Тэтгэвэр тогтоолгох тухай тушаалаар тэтгэврийн асуудлыг шийдвэрлэсэн. Манай байгууллага өөрийн эрх, хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн тул бид нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч ***дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-а нь 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан. Энэ өдрөөс хойш тэрээр тэтгэврээ хэвийн авч явж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан Тэтгэврийн тогтоолт, олголт шалгах аян-ы дагуу тэрээр манай байгууллагад өөрөө ирж тэтгэврээ нэмж тогтоолгохоор хандсан. Аян үргэлжлэх хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тэрээр өөрийн тэтгэврээ ...тэтгэвэр нь бага тогтоогдсон гэж үзэн шалгуулах өргөдөл гаргасны дагуу түүний тэтгэврийг шалгаж үзээд түүний авч буй тэтгэвэр нь хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тогтоогдон олгогдож байгаа тухай хариуг өгсөн.

Нэгэнт Ц-а нь өөрийн өргөдөлдөө бага хэмжээний тэтгэвэр авдаг тухайгаа дурдсан байсан тул тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяны хугацаанд иргэдийн өргөдлийн хүлээн авч шийдвэрлэж байсан холбогдох байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалингаа нэг удаа хамгийн өндөр 5 жилээр өөрчилж, тэтгэврээ нэмэгдүүлэх боломж байгааг зөвлөсөн байдаг. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ц-а 5 жилийн цалингаа өөрчлөх тухай хүсэлт гаргасан. Түүний өргөдлийн дагуу бүрдүүлсэн материалыг хянаж шалгасны үндсэн дээр 5 жилийн дундаж цалинг нь 1990-1994 оны цалингаар өөрчлөн, тэтгэврийг тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгосон. Одоо ахиж өөрчлөх, шинэчлэн тогтоох боломжгүй.

Иймд Ц-ын улсад ажилласан 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэврийг тогтоож, цаашид олгож байхыг ***дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, ***дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны хоорондахь 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах тухай Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 295 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Ц-а нь 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс Амбулаторын үйлдвэрийн их эмчээр /Цэргийн оёдлын үйлдвэр/, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс Армийн түргэн тусламжинд дуудлагын их эмчээр /Цэргийн төв эмнэлэг/, 1987 оны 7 дугаар сарын 01-нээс орон тооны өөрчлөлтөөр Армийн клиникийн төв эмнэлэгт хүлээн авах дуудлагын тасагт дуудлагын их эмчээр /Цэргийн төв эмнэлэг/, 1992 оны 7 дугаар сарын 15-наас хүлээн авах түргэн тусламжийн тасагт их эмчээр /Цэргийн төв эмнэлэг/ тус тус ажиллаж байсан. Гэтэл шүүх үндэслэх хэсэгтээ: "Гэтэл хэрэгт авагдсан... 1987-1987, 1991 онуудад ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолтуудыг авч байснаас бус 089, 027 дугаар ангиудын талаархи буюу 1987-1991 онуудад ажиллаж байсан талаархи лавлагааг өмнө нь нэхэмжлэгч авч байгаагүй, хүсэлт гаргаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна." гэжээ.

Гэвч армийн 089 дүгээр ангид ажиллаж байгаагүйг Цэргийн төв эмнэлэгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 108 тоот албан бичгээр тогтоогдож байна. Хариуцагч Батлан хамгаалах яамны төв архивын Ц-а 089-р ангид ажиллаж байснаа сайн мэдэж байсан, хэрэв архиваас 089-р ангид ажиллаж байсан лавлагааг тэтгэвэрт гарах үедээ авахыг хүссэн бол бид гаргаж өгөх боломжтой байсан гэх тайлбар үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хариуцагч Батлан хамгаалах яам нь шүүхээс шаардсан нотлох баримтуудыг үнэн зөв гаргаж өгөөгүйгээс болж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

Хариуцагч талаас ирүүлсэн баримтууд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй, муу канондсан, уншигдахгүй байсан нь нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн 2-р шаардлагын тухайд Ц-а нь 32 жил тасралтгүй улсад ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэний хувьд шударгаар, тэтгэврээ үнэн зөв тогтоолгох эрхтэй бөгөөд, 089-р ангид огт ажиллаж байгаагүйн хувьд 1987-1991 оны хоорондох лавлагааг Батлан хамгаалах яамны төв архиваас олж авч чадаагүй нь түүнийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ үндэслэлээр өндөр 5 жилээ сонгож, тэтгэврээ үнэн зөв тогтоолгож цаашид олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой байсан гэж үзэж байна.

Ц-ыг Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байхад боловсон хүчин, Нягтлан бодогч болон бусад эмч нар бүгдээрээ өөрчлөгдөж солигдоогүй, ажлын өрөө, ажил үүргийн хувиар ч өөрчлөгдөөгүй байж байгаад тэтгэвэртээ гарсан. Шүүх үндэслэх хэсэгтээ "Би 027, 089 -р ангид ажиллаж байснаа мэдэхгүй" гэх тайлбар үндэслэлгүй гэж шийдвэрээ гаргажээ. Ц-а нь 027-р ангид ажиллаж байснаа мэдэхийн цаагуур мэднэ, 027-р ангид тэтгэвэртээ гарсан. Харин 089-р ангид ажиллаж байснаа бол мэдэхгүй, ажиллаж байгаагүй болно. Хөдөлмөрийн дэвтэр дээр 089-р гэж байгаа гэсэн нь нотлох баримтыг эсрэгээр нь үнэлсэн байна. Гэвч 089 ангид ажиллаж байсан гэдгээ мэдэх боломжтой байсан гэдгээр 32 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ бодитоор тогтоолгох эрхийг нь хязгаарласанд гомдолтой байна.

Шүүхээс "....Ц-а нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан өөрийн авч байсан тэтгэврээ нэмэгдүүлэн тогтоолгож, хуульд заасан эрхээ эдэлсэн гэж дүгнэж буй нь учир дутагдалтай. Учир нь хуулиар олгосон эрхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан "тэтгэвэр тогтоолт, олголт шалгах аян"-ны хүрээнд хамрагдсан гэж үзэн дээрх төлсөн шимтгэлийг буцаан олгохгүй байгаа нь нэхэмжлэгчийн Үндсэн хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврээ үнэн зөвөөр тогтоолгож авах эрхийг эдлүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд Ц-ын эрхийг сэргээж, тэтгэврийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц-а нь хариуцагч ***дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг УТҮГ-т холбогдуулан тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох, цаашид олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр Тэтгэвэр тогтоолгох тухай тушаалаар поликлиникийн дотрын их эмч Ц-ыг тэтгэвэр тогтоолгох болзол хангасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн цуцалсан бөгөөд Ц-а нь хуульд заасан үндэслэл журмын дагуу 2002-2007 оны хоорондох 5 жилийн хугацаагаар өөрийн тэтгэврийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоолгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан Тэтгэврийн тогтоолт, олголт шалгах аян-ы хүрээнд Ц-а нь өөрийн тэтгэвэр тогтоолтын хэмжээг шалгуулах өргөдөл гаргасныг ***дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар Ц-ын 5 жилийн дундаж цалинг 1990-1994 оны цалингаар өөрчлөн тэтгэврийг тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагуудыг ажилд орсон, гарсан тушаал, цалин хөлс олгосон баримтуудыг зохих журмын дагуу хөтлөөгүй, архивт хүлээлгэн өгөөгүй, зохих ёсоор хянаж ажиллаагүйгээс архивын лавлагаа дутуу өгөгдөж, улмаар хамгийн өндөр цалингаас тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж алдагдуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

 

Нэхэмжлэгч Ц-ын хөдөлмөрийн дэвтэрт Батлан хамгаалах яамны харьяа Боловсон хүчний газрын тамгатай 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс Ар талын даргын 1986 оны 4-р сарын 30-ны 281 тоот тушаал армийн түргэн тусламжийн дуудлагын эмчээр авч ажиллуулсан, Батлан хамгаалах яамны харьяа Боловсон хүчний газрын тамгатай 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс МАААТУГ-ын даргын 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 127 тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтын өөрчлөлтөөр армийн клиникийн төв эмнэлэгт хүлээн авах дуудлагын тасагт дуудлагын эмчээр түр ажиллуулсан, Ардын армийн төв эмнэлэг гэсэн тамгатай 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр АҮКТЭ-ын даргын 1992 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 141 тоот тушаалаар орон тоо зохион байгуулалтаар хүлээн авах түргэн тусламжийн тасагт дуудлагын их эмчээр шилжүүлэн томилов гэсэн /1хх 75 дахь талын ар тал/ бичилтүүд хийсэн байх бөгөөд үүнээс үзвэл Ц-ыг ардын армийн 027 анги болон 089 дүгээр ангиудад их эмчээр томилж ажиллуулсан тухай мэдээлэл байхгүй байна.

 

Батлан хамгаалах яамны орлогч сайд, Монголын ардын армийн ар талыг удирдах газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 98 тоот тушаал /Ц-ыг армийн түргэн тусламжийн станцад дуудлагын их эмчээр томилсон/-ыг Ц-ын хөдөлмөрийн дэвтэрт огт тэмдэглээгүй, уг тушаалаас Ц-ын ажлын газрыг ардын армийн 089 дүгээр анги гэж тодорхойлсон мэдээлэл харагдахгүй байна. /2хх 83,75 дахь тал/

 

Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийх үүрэг нь Батлан хамгаалах яамны Боловсон хүчний газар, хэлтэст байсан тул Батлан хамгаалах яам нь ажил олгогчийн хувьд ажилтны хөдөлмөрийн дэвтэрт үнэн зөв бичилт хийх үүрэгтэй, уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Энэ тохиолдолд ажилтан Ц-ыг буруутгах үндэслэлгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо барагдуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй, хариуцагч нь хохирлыг барагдуулах үүрэгтэй юм.

 

Батлан хамгаалахын төв архив нь хүсэлт гаргасан хүрээнд архивын материал хуулбарлаж өгөх үүргийн хүрээнд нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан нь тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр уг байгууллагад холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй.

 

Цэргийн төв эмнэлэг УТҮГ нь 1986-1992 оны хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаагүй тул энэ нэхэмжлэлийн хариуцагч биш болно.

Ардын армийн 089, 027 дугаар ангид дуудлагын их эмчээр Ц-а нь 1987-1991 оны хооронд ажиллаж байсныг Батлах хамгаалахын төв архивын цалингийн тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр 1987-1991 оны хоорондох 5 жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоолгосон нөхцөлд тэтгэврийн зөрүү гарах эсэх талаар тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШТ2018/00206 дугаар тогтоолоор Хүлэгт хүннү аудит ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ. Уг шинжээчийн дүгнэлтэд 1987-1991 оны хоорондох 5 жилийн цалин хөлсөнд үндэслэн 2007 оны 6 сараас 2018 оны 3 сар хүртэлх хугацаанд авах тэтгэврийн зөрүүг 12 478 479 төгрөгөөр тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийн дүнг 2018 оны 12 сарыг дуустал буюу 10 сарын тэтгэврийн зөрүү 1 008 260 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 12 478 479 төгрөг болон 2018 оны 12 сарыг дуусталх 1 008 260 төгрөгийн хамт 13 486 739 төгрөгийн тэтгэврийн зөрүүг хариуцагч Батлан хамгаалах яамнаас гаргуулж нэхэмжлэгч Ц-ад олгох нь зүйтэй байх ба хариуцагч Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг УТҮГ-т холбогдох Ц-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч Батлан хамгаалах яам нь нэхэмжлэгч Ц-ын хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүйгээс түүний эрх зөрчигдсөн буюу өндөр насны тэтгэврийг үнэн зөв тогтоолгоогүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц-ын 1987-1991 оны хоорондох 5 жилийн цалин хөлснөөс тооцож тэтгэвэр тооцох үндэслэлтэй. Иймд хариуцагч ***дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэгч Ц-ын 1987-1991 оны хоорондох цалин хөлснөөс өндөр насны тэтгэврийг тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг даалгах нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар зөрчигдсөн эрх сэргээгдэх юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. ***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00226 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Батлан хамгаалах яамнаас тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц-ад олгож, 1987-1991 оны хооронд дахь 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг хариуцагч ***дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, хариуцагч Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг УТҮГ-т тус тус холбогдох нэхэмжлэгч Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэсний ард 56.2 гэж нэмж, 295 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг 297 500 төгрөгөөс 295 583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 917 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Батлан хамгаалах яамнаас 225 383 төгрөгийг, хариуцагч ***дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц-ад олгосугай өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА