Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, дилав хутагт Жамсранжавын гудамж, 51 дүгээр байр, 148 тоотод оршин суух, Чонос овогт Цэдэндашийн Цэрэнпагма /РД:чк47030802/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 51, Засгийн газрын 7 дугаар байранд оршин байх Батлан хамгаалах яам,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Л.Дандарын гудамж, Засгийн газрын 7 дугаар байранд оршин байх Батлан хамгаалахын төв архив,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, өөрийн байранд оршин байх Цэргийн төв эмнэлэг УТҮГ /РД:9095764/-т холбогдох,

 

 тэтгэврийн зөрүү нийт 13,486,739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлстийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуяа, Д.Бат-Очир, хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг, хариуцагч Батлан хамгаалахын төв архивын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохжаргал, хариуцагч Цэргийн төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид, иргэдийн төлөөлөгч Л.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь хамгийн анх шүүхэд 2007 оноос хойш тэтгэвэрийн зөрүү 9,180,000 төгрөг гаргуулахаар хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт нь мэдэгдээгүй, мэдэх боломжгүй нотлох баримтууд хэрэгт цугларсан тул нэхэмжлэгч хэрэгт хамтран хариуцагчаар Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Цэргийн төв эмнэлэг УТҮГ-уудыг татсан ба  өөрийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн болно. Үүнд:

1/ Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны төв архив, Батлан хамгаалах яамнаас нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмад олгогдвол зохих тэтгэврийн зөрүү нийт 13,486,739 төгрөг гаргуулах.

2/ Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж   Ц.Цэрэнпагамын улсад ажилласан 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэврийг тогтоож, цаашид олгохыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Ц.Цэрэнпагма нь улсад 32 жил тасралтгүй ажиллаж гавьяаны амралтандаа гарсан өндөр настан. Тэрээр 32 жил тасралтгүй төрд ажиллахдаа хуульд заагдсан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж байсан. Ингээд 2007 онд тэрээр тэтгэвэрт гарсан. Ингээд тэтгэвэрээ аваад явж байтал тэрээр өөрийн хамт ажиллаж байсан, хамтдаа тэтгэвэрт суусан хөгшчүүлээс хамаагүй бага хэмжээгээр тэтгэвэр авдаг болохоо мэдсэнээр хамгийн анх шүүхэд  2007 оноос хойшхи тэтгэвэрийн зөрүү 9,180,000 төгрөг гаргуулахаар хандсан. Гэтэл шүүхээр маргаан хянагдаж байх үед Ц.Цэрэнпагма нь Батлан хамгаалах яамны архиваас удаа дараа цалингийн тодорхойлолт, холбогдох баримтаа хайлгуулж, шалгуулж байж 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Батлан хамгаалах яамны төв архиваас 000003589 тоот лавлагааг авснаар 1987-1989 оны хооронд 089, 027 дугаар ангиудад их эмчээр ажиллаж байсан цалингийн тодорхойлолтыг олж авсан. Ингэснээр бүх нөхцөл байдал тодорхой болсон. Ц.Цэрэнпагма нь Цэргийн төв эмнэлэгт хүний эмчээр 1984 оноос 2007 он хооронд ажиллаж байхад нь Ц.Цэрэнпагмыг Ардын армийн 089 дүгээр ангид 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сар хүртэл ажиллуулсан гэж цалин олгосныг Ц.Цэрэнпагма нь огт мэдээгүй. Өөрөөр хэлбэл Ц.Цэрэнпагма нь зөвхөн Цэргийн төв эмнэлэгт дотрын их эмч, яаралтай тусламжийн эмчээр л ажиллаж, тус эмнэлэгээс л цалингаа авч байсан болохоос 089 дүгээр ангид томилогдон очиж, тэрхүү байгууллагуудаас цалинжиж байсан нэг ч тохиолдол байхгүй юм. Ц.Цэрэнпагамын хөдөлмөрийн дэвтэрт ажил олгогч байгууллага нь өөрчлөгдсөн тэмдэглэл байхгүй. Ингэж шүүхээр маргаан хянагдаж байх үедээ нэхэмжлэгчийн хувьд өндөр насны тэтгэвэр авах болзол хангахдаа тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторхи аль дуртай, өндөр цалин авч байсан 5 жилээ сонгох эрх нь хязгаарлагдсан болохыг сүүлд мэдсэн. Ажил олгогч Цэргийн төв эмнэлэг нь ажилтны цалин хөлсийг олгож, холбогдох хураамж, шимтгэлийг суутган авч, хувийн хэргийг нь хуульд заасны дагуу бүрэн хөтөлж, ажлаас шилжүүлсэн, чөлөөлсөн, цалин олгосон тушаалуудыг нь нэгтгэн баяжуулж, архивлан хөтлөж байх үүрэгтэй. Батлан хамгаалах яам нь харьяа байгууллагуудынхаа ирүүлсэн мэдээллийг архивын сан хөмрөгтөө нэгтгэн хадгалах, хяналт тавих чиг үүрэгтэй. Харин Батлан хамгаалахын төв архив нь холбогдох байгууллагуудаас ирсэн архивын баримт бичгүүдийг хууль, журмын дагуу хадгалан хамгаалж, хүмүүст үнэн зөв лавлагааг бүрэн бүтэн байдлаар өгч байх чиг үүрэгтэй байгууллага юм. Улсад олон жил хичээнгүй хөдөлмөрлөснийхөө үр шимийг өндөр настан Ц.Цэрэнпагма нь шударгаар хүртэх эрхтэй бөгөөд тэрээр хуулиар олгогдсон хамгийн өндөр 5 жилээ сонгох эрхээ эдлэх боломжийг хариуцагч Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалахын төв архив, Батлан хамгаалах яам хязгаарласан нь Ц.Цэрэнпагма гэдэг өндөр настанг тэтгэврээ бүрэн авахаар нэхэмжлэх эрхийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хэрэв Цэргийн төв эмнэлэг нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллаж, Ц.Цэрэнпагамын хувийн хэргийг нэгтгэн Архивын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлж байсан бол, хуульд нийцүүлж архивт шилжүүлсэн бол 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр авах хүсэлт гаргахад нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хамгийн өндөр 5 жилийг сонгоход нь эргэлзээгүй туслан зөвлөх байсан гэж ойлгож байна. Мөн Батлан хамгаалах яамны төв архив нь харьяа байгууллагуудад хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны хувийн хэргийг хөтлөх, хадгалалт хамгаалалтанд хяналт тавьж чадсан бол Монгол улсын иргэн Ц.Цэрэнпагма 32 жил тасралтгүй ажилласныхаа үр шимийг шударгаар хүртэж өнөөдрийг хүртэл сэтгэл хангалуун амьдрах эрхтэй байжээ. Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны төв архив, Батлан хамгаалах яамны хариуцлагагүй үйлдлээс болж өндөр 5 жилээ сонгох боломж хязгаарлагдсанаас болж бага тэтгэвэр авч байсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00206 тоот шүүхийн тогтоолоор шинжээчээр томилогдсон “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/26 тоот тайлангаар 12,478,479 төгрөгийн зөрүү гарч байгаа нөхцөл байдлаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагамын тэтгэвэр нь анхнаасаа зөв тогтоогдож чадаагүй, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй болох нь дээрх байдлаар нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүн дээр 2018 оны 12 дугаар сарыг дуустал 10 сарын хугацааны тэтгэвэрийн зөрүү 1,008,260 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яамны төв архив, Батлан хамгаалах яамнаас олгогдвол зохих тэтгэврийн зөрүү 13,486,739 төгрөгийг шаардан гаргуулах эрхтэй гэж үзэж байгаа юм. Харин Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь Ц.Цэрэнпагмын тэтгэвэрийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн байх бөгөөд 1987 оноос 1989 оны хоорондох ажилласан цалингийн тодорхойлолт байдаг эсэхийг шалгаж холбогдох зөвлөгөөг өгч чадаагүй гэж үзэж байна. Нэгэнт шүүхээр маргаж байх үед Батлан хамгаалах яамны төв архиваас 1987-1989 оны хооронд ажиллаж байсан цалингийн тодорхойлолт гарч ирсэн учир 1987-1991 оны хоорондох өндөр 5 жилийг сонгож, өндөр насны тэтгэвэрээ шударгаар тогтоолгож, цаашид насан туршдаа авах эрхтэй гэж үзэж байна. Ц.Цэрэнпагма нь улсаас илүү мөнгө авахыг огт хүсээгүй, харин улсад ажилласан хөдөлмөрийнхөө үр шим, хүртэх ёстой тэтгэвэрээ л бүрэн авахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно. Иймд Ц.Цэрэнпагамын улсад ажилласан 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэврийг тогтоож, цаашид олгохыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Батлан хамгаалах яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь 2007 оноос хойш дутуу олгогдсон тэтгэврийн эөрүү 9,180,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж анх шүүхэд хандсан. Улмаар нэхэмжлэгч өөрийн шаардлагыг өөрчилж, манай байгууллагаас нэхэмжлэгчийн авах ёстой тэтгэврийн зөрүү  13,486,739 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан. Манай байгууллага анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, одоо ч зөвшөөрөх боломжгүй байна. Ц.Цэрэнпагма нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталд ажиллаж байгаад тэтгэвэрт суусан болох нь тус байгууллагын даргын 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тушаалаар нотлогдож байгаа. Уг тушаалд “...Поликлиникийн дотрын их эмч Ц.Цэрэнпагма нар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсугай”, тушаалын 3 дахь хэсэгт “Их эмч Ц.Цэрэнпагма нарт 12 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмжийг тус тус олгохыг санхүүгийн дарга ахмад Г.Батцэцэгт зөвшөөрсүгэй” гэж дурдагдсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпитал /цэргийн байгууллага/ -д хөдөлмөрийн гэрээгээр буюу энгийнээр ажиллаж байжээ. Тухайн үеийн Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь буюу доогийн Цэргийн төв эмнэлэг нь нэхэмжлэгчийн ажил олгогч байгууллага. Харин Батлан хамгаалах яамны зүгээс Ц.Цэрэнпагмын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тайланг гаргаж тухайн хариуцсан нийгмийн даатгалын хэлтэст тайлагнах, түүнийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаалууд, цалингийн тодорхойлолтуудыг архивт шилжүүлэн өгөх, улмаар архивын байгууллагыг хянаж ажиллах эрх зүйн болоод хуулийн зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тус яамны ажилтан, албан хаагч байгаагүй тул энэ хэрэгт бид хамтран хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ. 

 

Хариуцагч Батлан хамгаалахын төв архивын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогтохжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батлан хамгаалахын Төв архиваас дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагам нь Батлан хамгаалахын Төв архивт дараах байдлаар хандаж байсан. Үүнд: 1. Ц.Цэрэнпагма нь 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр архивч-оператор Л.Энхцэцэгийн өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 670 дугаарт бүртгүүлж, Ардын армийн 027 дугаар ангид 1987-1994 онуудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолтыг гаргуулан авахаар хүсэлт гаргасан байна. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 000002568 тоот архивын лавлагаагаар 1989 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл авч байсан цалингийн тодорхойлолтоо авсан байна. 2. Ц.Цэрэнпагма нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архивч-оператор Л.Энхцэцэгийн өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 812 дугаарт бүртгүүлэн Зэвсэгт хүчний 027 дугаар ангид 2000-2005 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг гаргуулан авахаар дахин хүсэлт гаргасан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000003408 тоот архивын лавлагаагаар Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн цалингийн баримтаас 2000 оны 01 дүгээр сараас 2005 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан цалингийн тодорхойлолтоо авсан байна. 3. Ц.Цэрэнпагма нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сан хөмрөгийн эрхлэгч, ахмад Б.Тогтохжаргалын өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 229 дүгээрт бүртгүүлэн Ардын армийн 027 дугаар ангид 1987-1991 онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолтыг гаргуулан авахаар хүсэлт гаргасан. Ингээд тэрээр Ардын армийн 089 дүгээр ангиас 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал, 027 дугаар ангийн цалингийн баримтаас 1989 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал цалинжиж байсан цалингийн тодорхойлолтыг 2018 оны 02 дугаар сарын 27-өдрийн 000003589 дугаартай архивын лавлагаагаар тус тус авсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь Батлан хамгаалахын Төв архивт 2017-2018 онуудад нийт 3 удаа хүсэлт гаргахдаа Зэвсэгт хүчний 027 дугаар анги /Цэргийн Төв эмнэлэг/-д насаараа их эмчээр ажиллаж байсан, өөр  газар   ажиллаж байгаагүй, зөвхөн 1987-1991 онд эмнэлэгт ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг гаргуулж авна гэж өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгүүлж байсан юм. Ц.Цэрэнпагма нь тэтгэвэрт гарахдаа өөрөө хаана ажиллаж байсан болохоо мэдэж, холбогдох цалингийн тодорхойлолтоо өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Манай архивын зүгээс Ц.Цэрэнпагмын хүсэлтэд дурдагдсан баримтуудыг л гаргаж өгсөн, түүнээс биш бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад баримтуудыг дутуу гаргаж өгсөн зүйл байхгүй. Иймд манай байгууллага дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ц.Цэрэнпагма нь “...Цэргийн төв эмнэлэгт хүний эмчээр 1984-2007 оны хооронд ажиллаж байхад нь Ардын армийн 089 дүгээр ангид 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сар хүртэл ажиллуулсан гэж цалин олгосон болохыг огт мэдээгүй, мөн Цэргийн төв эмнэлэгээс л цалингаа авч байсан, 089 дүгээр ангид томилогдон очиж тэрхүү байгууллагуудаас цалинжиж байсан нэг ч тохиолдол байхгүй” гэж шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Батлан хамгаалахын Төв архивын хуулбар хувь болох хавсралт 11-14-д байгаа баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн халагдсан болон томилогдсон тушаалууд хэрэгт авагдсан ба Ардын армийн 089 дүгээр ангийн цалингийн картанд цалингаа авахдаа өөрөө гарын үсгээ зурж авч байсан нь нотлогдож байгаа. Ардын армийн 027 дугаар ангийн даргын 1986 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тушаалаар Ц.Цэрэнпагма нь 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болон ажлаас чөлөөлөгдөж, Монголын Ардын Армийн Ар талыг удирдах газрын /МАААТУГ/-ын эмнэлгийн хэлтсийн мэдэлд шилжсэн байна. МАААТУГ-ын даргын 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаар тушаалаар 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс армийн түргэн тусламжийн станцад дуудлагын эмчээр томилогдсон. Мөн даргын 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар тушаалаар Ардын Армийн клиникийн төв эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуудлагын эмч /түр/-ээр, Ардын Армийн клиникийн Төв эмнэлгийн даргын 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 111 дүгээр тушаалаар дуудлагын эмчээр түрээр 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдсон тушаалууд тус архивт хадгалагдаж байгааг бид шүүхэд гаргаж өгсөн.  Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар иргэд, хуулийн этгээд архивын баримтаас лавлагаа хуулбар авах эрхтэй боловч “Төрийн архивын үндсэн заавар”-ын 7.8.1-д “Иргэд өөрийн нэр, хаяг болон хэдэн оны, ямар үйл явдалд холбогдох талаар тодорхой хэлж бичүүлнэ” гэж заасан байдаг. Ц.Цэрэнпагам нь биднээс лавлагаа авахдаа Ардын армийн 089 дүгээр ангид ажиллаж байснаа хэлээгүй, насаараа 027 дугаар ангид ажиллаж байсан гэж ажилтнуудад хүндрэл учруулж байсан. Гэвч тус архивын ажилтнууд 089 дүгээр ангид ажиллаж байсныг тогтоож, мөн ангийн цалингийн баримтаас 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 8 дугаар сарыг дуустал цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Батлан хамгаалахын Төв архив нь Батлан хамгаалахын салбарт хамаарах, Зэвсэгт хүчний анги, байгууллагын баримтуудыг нутаг дэвсгэрийн байрлалаас үл хамааран салбарын хэмжээнд байнга хадгалах баримтыг төвлөрүүлэн хадгалдаг. Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримтыг тухайн анги байгууллагын анхан шатны архивт хадгалах хугацаа дуусмагц Төрийн архивт шилжүүлэх баримтын бүртгэлээр хүлээн авч хадгалан, байгууллага, иргэдийн хүсэлтээр архивын баримтаас лавлагаа хуулбар гаргаж үйлчилдэг юм. Бид холбогдох байгууллагуудаас ирсан баримтуудыг холбогдох хууль тогтоомж болон байгууллагын архивын ажлын дүрэмд нийцүүлэн хадгалдаг. Эдгээр хууль, дүрмийн дагуу Ардын армийн 089 дүгээр анги, Ардын армийн 027 дугаар анги /Ардын Армийн клиникийн Төв эмнэлэгийн баримтуудыг тус тусад нь ялган заагууртай/ -иас архивт ирүүлсэн баримтуудыг зориулалтын дагуу хадгалж, хамгаалж байна. Гагцхүү Ц.Цэрэнпагма бидэнд хандахдаа хаана, ямар ажил эрхэлж байснаа л хэлэх ёстой байсан байх. Иймд нэхэмжлэгчийн “...Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалахын Төв архив, Батлан хамгаалах яамны хариуцлагагүй үйлдлээс болж өндөр 5 жилээ сонгох боломжоо хязгаарлуулсан, улмаар бага тэтгэвэр авч байсан” гэх тайлбар үндэслэлгүй. Ц.Цэрэнпагма нь Батлан хамгаалахын Төв архивт эхний удаа ирэхдээ л Ардын армийн 089 дүгээр ангид 1987-1989 онд ажиллаж байсан тухай бүртгүүлж, лавлагаа буюу өөрийн цалингийн тодорхойлолтоо авч болох байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Цэргийн төв эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамжид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэрэнпагмыг Цэргийн төв эмнэлэг  буюу хуучнаар Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, ерөнхий эмчийн 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Тэтгэвэр тогтоолгох тухай” тушаалаар тэтгэвэрийн асуудлыг шийдвэрлэсэн. Манай байгууллага өөрийн эрх, хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн тул бид нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн Г.Энхтуяа, Д.Бат-Очир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма хамгийн анх шүүхэд тэтгэвэрийн зөрүү болох 9,180,000 төгрөг гаргуулахаар манай байгууллагад холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг. Ц.Цэрэнпагма нь 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоолгон авсан. Энэ өдрөөс хойш тэрээр тэтгэвэрээ хэвийн авч явж байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэврийн тогтоолт, олголт шалгах аян”-ы дагуу тэрээр манай байгууллагад өөрөө ирж тэтгэвэрээ нэмж тогтоолгохоор хандсан. Аян үргэлжлэх хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тэрээр өөрийн тэтгэвэрээ “...тэтгэвэр нь бага тогтоогдсон” гэж үзэн шалгуулах өргөдөл гаргасны дагуу түүний тэтгэврийг шалгаж үзээд түүний авч буй тэтгэвэр нь хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тогтоогдон олгогдож байгаа тухай хариуг өгсөн. Нэгэнт Ц.Цэрэнпагма нь өөрийн өргөдөлдөө бага хэмжээний тэтгэвэр авдаг тухайгаа дурдсан байсан тул тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аяны хугацаанд иргэдийн өргөдлийн хүлээн авч шийдвэрлэж байсан холбогдох байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтийн дагуу анх тэтгэвэр тогтоолгосон 5 жилийн цалингаа нэг удаа хамгийн өндөр 5 жилээр өөрчилж, тэтгэврээ нэмэгдүүлэх боломж байгааг зөвлөсөн байдаг. Үүний дагуу 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Ц.Цэрэнпагма 5 жилийн цалингаа өөрчлөх тухай хүсэлт гаргасан. Түүний өргөдлийн дагуу бүрдүүлсэн материалыг хянаж шалгасны үндсэн дээр 5 жилийн дундаж цалинг нь 1990-1994 оны цалингаар өөрчлөн, тэтгэврийг тогтоож, Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь заалтанд “...өргөдлийг тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 01-нээс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэсний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгож байгаа. Иймд иргэн Ц.Цэрэнпагмагийн 2007 оноос буюу анх тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойш тооцож тэтгэврийн зөрүү болгон нэхэмжилсэн 9,180,000 төгрөгийг бид нөхөн олгох боломжгүй гэж анхны шаардлагад хариугаа өгч байсан билээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хамтран хариуцагч нарыг татаж, мөн өөрийн шаардлагаа өөрчилсөн. Тодруулбал, Ц.Цэрэнпагамын улсад ажилласан 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэврийг тогтоож, цаашид олгож байхыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах шаардлага гаргасныг манай байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь дээр дурдсанчлан Ц.Цэрэнпагма нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг үндэслэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэврийн тогтоолт, олголт шалгах аян”-ы дагуу хүрээнд бид нэхэмжлэгчид олгох тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоож өгсөн. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан тохиолдолд зөвхөн нэг удаа тэтгэврийг тогтоож болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нэгэнт өөрөө хүсэлтээ бариад ирсэн тул бид уг хуулийн заалтын дагуу түүний хүсэлтэд дурдагдсан 1990-1994 оны цалингаар тэтгэврийг нь өөрчлөн тогтоосон. Одоо ахиж өөрчлөх, шинэчлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх арга байхгүй гэжээ. 

 

Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбарыг судлаад

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Зэвсэгт хүчний клиникийн төв Госпиталийн даргын 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 99 тоот “Тэтгэвэр тогтоолгох тухай” тушаалаар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул Поликлиникийн дотрын их эмч Ц.Цэрэнпагмын хөдөлмөрийн гэрээг 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс цуцалжээ /1 хавтас, хх 67, ар тал/.

 

 Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа тэтгэвэр тогтоолгох өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгөх, харин ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг тэтгэвэрт гарч буй этгээдэд саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэйг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24, 25 дүгээр зүйлд заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж эрх бүхий байгууллагад хандсан.  

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно /2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 7 болгож өөрчилсөн/ гэж заасан ба нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу 2002-2007 оныг сонгож, өөрийн тэтгэвэрийг 2007 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоолгожээ /1 хавтас хх 63, 66 хуудас/.

 

Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэвэрийн тогтоолт, олголт шалгах аян”-ы хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч өөрийн тэтгэвэрээ шалгуулах өргөдөл гаргажээ. Түүний хүсэлтийг үндэслэж Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэж заасны дагуу Ц.Цэрэнпагамын 5 жилийн дундаж цалинг 1990-1994 оны цалингаар өөрчлөн тэтгэвэрийг тогтоосон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж тэтгэвэрийн зөрүү 9,180,000 төгрөг гаргуулахаар анх шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр иргэний хэрэгт хариуцагчаар Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивыг татсан бөгөөд өөрийн шүүхэд гаргасан шаардлагаа дараах байдлаар өөрчлөн, нэмэгдүүлсэн. Үүнд:

 

 1/ Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивт холбогдуулж нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмад олгогдвол зохих тэтгэврийн зөрүү нийт 13,486,739 төгрөг гаргуулах;

 

 2/ Хариуцагч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулж 1987-1991 оны хоорондахь 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах;

 

Нэгдэх шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллагууд нэхэмжлэгчийн улсад ажилласан хугацааны ажилд орсон, гарсан тушаалууд, цалин хөлс олгосон баримтуудыг зохих хууль, журмын дагуу хөтөлж баяжуулаагүй, архивт хүлээлгэн өгөөгүй, үүнийг зохих ёсоор хянаж ажиллаагүй, архиваас лавлагаа өгөхдөө дутуу, буруу өгсөн. Мөн Ц.Цэрэнпагмыг 1984-2007 онд Цэргийн төв эмнэлэгт хүний их эмчээр ажиллаж байхад нь Ардын армийн 089 дүгээр ангид тушаал гарган ажиллуулсан болохыг тэрээр мэдээгүй. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч хуулиар олгогдсон хамгийн өндөр 5 жилээ сонгож, өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох боломжоо алдсан” гэж тайлбарласан.

 

 Гэвч хариуцагч Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма тэтгэвэрт гарахдаа, мөн тэтгэвэрийн хэмжээгээ Засгийн газраас тогтоосон итгэлцүүрийг үндэслэн шинэчлэн тогтоолгохдоо өөрт ашигтай буюу өндөр цалин авч байсан дараалсан 5 жилээ сонгож чадаагүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Төрийн архив өөрийн сан хөмрөгт байгаа баримтыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Үндэсний аpхивын газpаас тогтоосон журмын дагуу ашиглуулах ба иргэд, хуулийн этгээд архивын баримтаас лавлагаа, хуулбар авах эрхтэйг Архивын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгүүдэд заасан.

 

Харин төрийн бүх шатны байгууллагын архивын газрууд Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт зааснаар Үндэсний архивын газраас баталсан заавар, журмуудыг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Архивын тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан Байгууллагын архивын ажлын үндсэн заавар, Төрийн архивын ажлын үндсэн зааварт аливаа хүсэлт гаргагч этгээд нь хэдэн оны, ямар үйл явдлын талаар тодорхой хэлж, холбогдох баримтуудаа гарган өгснийг үндэслэн лавлагаа гаргаж өгөх эрх зүйн зохицуулалттай.

 

Гэтэл хэрэгт авагдсан Батлан хамгаалахын төв архивын “Өргөдөл гомдлын бүртгэл”-ээс  үзэхэд нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма нь гагцхүү 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1987-1994 онуудын хооронд 027 дугаар ангид ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1987-1991 онуудад 027 дугаар ангид ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1987-1987, 1991 онуудад  ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолтуудыг авч байснаас бус 089, 027 дугаар ангиудын талаарх буюу 1987-1991 онуудад ажиллаж байсан талаарх лавлагааг өмнө нь нэхэмжлэгч авч байгаагүй, хүсэлт гаргаж байгаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.   

 

Дээр дурдсанчлан тэтгэвэрт гарч буй этгээд өөрөөс шалтгаалах бичиг, баримтуудыг бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагад хандах ёстой ба ажил олгогч өөрөөсөө шаардагдах баримт бичгийг саадгүй бүрдүүлж өгөх үүрэгтэйг хуулиар зохицуулсан.

 

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Ц.Цэрэнпагмын холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, саатуулсан явдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма хэдээс хэдэн онд, хаана ажиллаж байсан талаарх лавлагаа, цалингийн тодорхойлолтоо гаргуулах хүсэлтээ зохих ёсоор тавиагүй явдалд хариуцагч нарыг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн Батлан хамгаалах яамны орлогч сайд, Монголын ардын армийн ар талыг удирдах газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №98 дугаар тушаалаар “...Цэдэндаш овогтой Цэрэнпагамыг 4 дүгээр сарын 28-наас ...армийн түргэн тусламжийн станцад дуудлагын их эмчээр” томилон ажиллуулсан байна /2 хавтас 111 хуудас/.

 

Монголын Ардын армийн ар талыг удирдах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын №127 дугаар тушаалаар “...Ц.Цэрэнпагамыг 7 дугаар сарын 01-нээс Армийн түргэн тусламжийн станцийн дуудлагын их эмчээр” томилон ажиллуулсан байна /2 хавтас, хх 112 хуудас/.

 

Дээрх тушаалуудыг нэхэмжлэгч Ц.Цэрэнпагамын өндөр насны тэтгэвэрийн хувийн хэрэгт авагдсан түүний Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987-1989 онуудын хооронд авч байсан “цалингийн тооцооны карт”-уудтай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн “...би 027, 089 дүгээр ангиудад ажиллаж байснаа мэдээгүй” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч хэдэн онд, ямар байгууллагад ажиллаж байснаа мэдээгүй буюу мэдэх бололцоогүй байсан гэж үзэхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм буруутай нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас тэтгэврийн зөрүүд 13,486,739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр дахь шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь Ц.Цэрэнпагмын тэтгэвэрийг 2007 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхлэхдээ 1987-1989 оны хооронд ажилласан цалингийн тодорхойлолт байдаг эсэхийг шалгаагүй, холбогдох зөвлөгөөг өгч чадаагүй учраас цаашид 1987-1991 оны хоорондахь 5 жилээр өндөр насны тэтгэвэрийг тогтоож, цаашид олгох үүрэгтэй” гэж тайлбарлав.

 

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх бөгөөд иргэний эрхийг хүлээн зөвшөөрөх аргаар хамгаалахыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 9.4.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Дээр дурдсанчлан Ц.Цэрэнпагма нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан өөрийн авч байсан тэтгэвэрээ нэмэгдүүлэн тогтоолгож, хуульд заасан эрхээ эдэлсэн байна.

 

Мөн хариуцагч Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын буруугаас шалтгаалан нэхэмжлэгч Ц.Цэрэнпагма Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан эрхээ эдэлж чадаагүй нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдал ийнхүү тогтоогдохгүй байх тул  1987-1991 оны хоорондахь 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах тухай шаардлагыг хангах боломжгүй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Цэргийн төв эмнэлэг УТҮГ, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох тэтгэвэрийн зөрүү 13,486,739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны хоорондахь 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах тухай Ц.Цэрэнпагмын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 295,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ХАНГАЛ

                            ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА

                                                                                Ч.МӨНХЦЭЦЭГ