Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00761

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00226 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч БГДЭМНДХ, БХЯ, БХТА, ЦТЭ УТҮГазарт тус тус холбогдох,

Тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг, Д.Бат-Очир, Г.Энхтуяа, Б.Тогтохжаргал, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

-Миний бие Цэргийн төв эмнэлэг, ажилчдын районы эмнэлэгт 32 жил их эмчээр ажиллаж байгаад 2007 онд тэтгэвэрт гаргасан. Миний тэтгэвэр хамт ажиллаж байсан эмч, сувилагчдаас доогуур тогтоогдсон байсан.

... Ингээд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/319 тоот тушаалын дагуу тэтгэврээ шалгуулахад дутуу бодогдсон болохыг тогтоож зөрүү 76 500 төгрөгөөр тэтгэвэр нэмэгдсэн.

Иймд 2007 оноос өнөөдрийг хүртэл авч чадаагүй тэтгэврийн зөрүү буюу 10 жилийн зөрүү мөнгө 120 х76 500=9 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

- Шүүхээр маргаан хянагдаж байх үед Ц.Ц- нь БХЯ-ны архиваас удаа дараа цалингийн тодорхойлолт холбогдох баримтаа хайлгуулж, шалгуулж байж 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн БХЯ-ны төв архиваас 00003589 тоот лавлагааг авснаар 1987-1989 оны хооронд 089, 027-р ангиудад их эмчээр ажиллаж байсан цалингийн тодорхойлолтыг олж авснаар нөхцөл байдал тодорхой болсон.

Иймд нэхэмжлэгчид дутуу олгогдсон тэтгэвэрт 13 486 739 төгрөгийг БХЯ, БХЯ-ны төв архив, Цэргийн төв эмнэлгээс гаргуулж, Ц.Ц-ын улсад ажилласан 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэврийг тогтоож, цаашид олгохыг БГДЭМНДХ-т даалгуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч БГДЭМНДХ- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Ц-ын тэтгэврийг 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхэлсэн. Ц.Ц-а нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Ө/319 дүгээр тушаалаар баталсан “Тэтгэврийн тогтоолт, олголт шалгах аян”-ы хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөрийн тэтгэврээ шалгуулах өргөдөл гаргасны дагуу түүний тэтгэврийг шалгаж, одоо авч буй тэтгэвэр нь хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тогтоогдож, олгогдож байгаа тухай хариуг өгсөн.

...Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 5 жилийн цалингаа өөрчлөх тухай хүсэлт гаргасны дагуу бүрдүүлсэн материалыг хянаж шалгасны үндсэн дээр 5 жилийн дундаж цалинг 1990-1994 оны цалингаар өөрчлөн тэтгэврийг тогтоож, “Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь заалтанд “...өргөдлийг тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгосон.

Иймд иргэн Ц.Ц-ын 2007 оноос буюу анх тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хойш тооцож тэтгэврийн зөрүү болгон нэхэмжилсэн 9 180 000 төгрөгийг нөхөн олгох боломжгүй.

-Мөн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ахиж өөрчлөх, шинэчлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч БХЯ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тушаалаар тэтгэвэр тогтоолгосон бөгөөд уг тушаалын 1 дэх хэсэгт “Поликлиникийн дотрын их эмч Ц.Ц-а, ... нар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсугай.”, мөн тушаалын 3 дахь хэсэгт “Их эмч Ц.Ц-, ... нар 12 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн тэтгэмжийг тус тус олгохыг санхүүгийн дарга ахмад Г.Батцэцэгт зөвшөөрсүгэй.” Гэнээр нэхэмжлэгч нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталд хөдөлмөрийн гэрээгээр энгийнээр ажиллаж байсан байна.

...Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.” Гэж заасан нь БХЯ-ны зүгээс нэхэмжлэгч Ц.Ц-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн тайланг гаргаж тухайн хариуцсан нийгмийн даатгалын хэлтэст тайлагнах эрх зүйн болоод хуулийн зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нь яамны ажилтан, албан хаагч байгаагүй, ажил олгогч байгууллага нь БХЯ биш тул тухайн хэрэгт яам нь хамтран хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч БХЯ-ны төв архив шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...ЦТЭ хуучнаар /Зэвсэгт хүчний клиникийн төв госпитал/-ээс 2007 онд тэтгэвэрт гарахдаа БХЯ-ны төв архиваас лавлагаа, мэдээлэл авах хүсэлт гаргаагүй. Тус архивт 2017 оны 12 дугаар сард, 2018 оны 02 дугаар сард хүсэлт гаргасны дагуу цалингийн тодорхойлолтын лавлагаа гаргаж өгсөн болно.

Тэтгэвэр тогтоох асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэнэ.

Иймд Ц.Ц-ын тэтгэврийн зөрүү 9 180 000 төгрөг гаргуулах тухай маргаанд БХЯ-ны төв архи хариуцагчаар оролцох үндэслэлгүй.

- Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд ...нэхэмжлэгч Ц.Ц-ын хүсэлтүүдийн дагуу бид цалингийн тодорхойлолтыг нь гарган өгч байсан. БХТА-ын хуулбар хувь болон хавсралт 11-14-д байгаа халагдсан, томилогдсон, Ардын армийн 89 дүгээр ангийн 089 дүгээр ангийн цалингийн картанд цалингаа авахдаа гарын үсгээ зурж авч байсан нь баримтаар нотлогдож байна.

Ардын армийн 027 дугаар ангийн даргын 1986 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тушаалаар 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдөж, 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 98 дугаар тушаалаар 1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс армийн түргэн тусламжийн станцад  дуудлагын эмчээр,

Мөн даргын 1989 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаар тушаалаар Ардын Армийн клиникийн төв эмнэлэгт 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дуудлагын эмч /түр/-ээр,

Ардын Армийн клиникийн төв эмнэлгийн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 111 дүгээр тушаалаар дуудлагын эмчээр түр 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан нь архивт хадгалагдаж байна.

Нэхэмжлэгч Ц.Ц- нь 027 дугаар ангид ажиллаж байсан гэж хэлж байсан бөгөөд архивын баримтаар 089 дүгээр ангид ажиллаж байсан бөгөөд цалингийн баримтаас 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сарыг дуустал цалинг авч байсан тодорхойлолтыг түүний хүсэлтийг дагуу гаргаж өгсөн. 

Иймд нэхэмжлэгч Ц.Ц-ын тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөгийг БХЯ, БХТАаас гаргах үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч ЦТЭ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...  Нэхэмжлэгч Ц.Ц-ыг ЦТЭ буюу хуучнаар Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, ерөнхий эмчийн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Тэтгэвэр тогтоолгох тухай” тушаалаар тэтгэврийн асуудлыг шийдвэрлэсэн. Манай байгууллага өөрийн эрх, хэмжээний хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн тул бид нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00226 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч ЦТЭ УТҮГ, БХЯ, БХТА, БГДЭМНДХ-т холбогдох тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөг гаргуулах, 1987-1991 оны хоорондох 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, цаашид олгохыг даалгуулах тухай Ц.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 295 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/00226 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БХЯ-наас тэтгэврийн зөрүү 13 486 739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-ад олгож, 1987-1991 оны хооронд дахь 5 жилээр өндөр насны тэтгэвэр тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохыг хариуцагч БГДЭМНДХ-т даалгаж, хариуцагч БХТА, ЦТЭ УТҮГ-т тус тус холбогдох нэхэмжлэгч Ц.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56 дугаар зүйлийн 56.1 гэсний ард 56.2 гэж нэмж, 295 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг 297 500 төгрөгөөс 295 583 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 917 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч БХЯ-наас 225 383 төгрөгийг, БГДЭМНДХ-сээс 70 200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн үнэн зөв шийдвэрийг үгүйсгэж, зөвхөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй гэсэн шалтгаанаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хариуцагч БХЯ-наас тэтгэврийн зөрүү 13.486.739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-ад олгохоор шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

...Нийгмийн даатгалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд тэтгэвэрт гарч буй этгээд өөрөөс шалтгаалах бичиг, баримтуудыг бүрдүүлэн Нийгмийн даатгалын байгууллагад хандах ёстойг хуулиар зохицуулсан. ...Нэхэмжлэгч Ц.Ц- нь хуульд өөрчлөлт оруулсны дагуу 2002-2007 оны хоорондох цалингаа сонгож, тэтгэврээ тогтоолгосон нь өөрийн хүсэлтийн дагуу хуулийн хүрээнд шийдвэрлүүлсэн байна.

...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ажиллаж байсан цалингийн тодорхойлолтуудыг авч байснаас бус, 089, 027 дугаар ангиудын талаарх буюу 1987-1991 онуудад ажиллаж байсан талаарх лавлагааг өмнө нь нэхэмжлэгч авч байгаагүй, хүсэлт гаргаж байгаагүй болох нь ...” гэж тодорхой заажээ.

... БХЯ нь архивын үйл ажиллагаа эрхэлдэггүй, бие даасан этгээд бөгөөд нэхэмжлэгчийн 1987-1991 оны лавлагаа гаргуулах асуудалтай холбогдуулан БХЯ-нд нэхэмжлэгчийн зүгээс хандаж байсан баримт хэргийн материалд байхгүй, анхан шатны шүүхээс хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хор учруулсан үндэслэл тогтоогдохгүй, эрхийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тогтоосон байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг үндэслэж шийдвэрлэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн шийдвэр болсон.

Мөн ажил олгогч байгууллага /Цэргийн төв эмнэлэг/ болон лавлагаа өгсөн/ БХТА/ байгууллага, БХЯ-ны зүгээс нэхэмжлэгчид холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, саатуулсан явдал хэрэгт байгаа баримтуудаар огт тогтоогдохгүй, нэхэмжлэгч лавлагаа авахдаа Архивын тухай хууль болон Төрийн архивын ажлын үндсэн зааврын 7.8.1-д “Иргэд өөрийн нэр, хаяг болон хэдэн оны, ямар үйл явдалд холбогдох талаар тодорхой хэлж бичүүлнэ.” гэж заасан эрх зүйн зохицуулалттайг давж заалдах шатны шүүх анхаараагүй, шударга хууль ёсны шийдвэр гаргахдаа нэг талын эрх ашгийг барьсан гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 470 тоот магадлалыг нарийвчлан шалгаж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-а нь хариуцагч БГДЭМНДХ-т холбогдуулан тэтгэврийн зөрүүд 9 180 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн, нэмэгдүүлж, ЦТЭ УТҮГ, БХЯ, БХТА-аас тэтгэврийн зөрүүд 13 486 739 төгрөг гаргуулах, өндөр насны тэтгэврийг 1987-1991 оны хоорондох 5 жилийн дундаж цалингаар тооцож тогтоохыг БГДЭМНДХ-т даалгуулахыг шаарджээ.

Нэхэмжлэгч өндөр насны тэтгэврийг анхнаас нь багаар тогтоолгосон гэж үзэж, тэтгэвэр тогтоолгосон 2007 оноос хойш хожим 2017 онд өөрчлөгдсөн хэмжээгээр авах байсан гэж эхний шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол нэхэмжлэлээ өөрчлөн нэмэгдүүлэхдээ 2007 онд анх тэтгэвэр тогтоолгоход, мөн 2017 онд тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэхэд түүний ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтууд өөр байгууллагын архивт хадгалагдаж байснаас шалтгаалан багаар тогтоогдсон гэж үзэж, шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан байна.

Хариуцагч БГДЭМНДХ- шаардлагыг эс зөвшөөрч, Ц.Цэрэнпагам өндөр насны тэтгэврээ 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс авч байгаад 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргасны дагуу түүний бүрдүүлсэн материалыг хянаж шалгасны үндсэн дээр 5 жилийн дундаж цалинг 1990-1994 оны цалингаар өөрчлөн тэтгэврийг тогтоосон, анх тэтгэвэр тогтоолгосон 2007 оноос хойш зөрүү тооцож нөхөн олгох, тэтгэврийн хэмжээг ахиж өөрчлөх, шинэчлэн тогтоох боломжгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.  

Хариуцагч БХЯ шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Ц-а нь Зэвсэгт хүчний Клиникийн төв госпиталд хөдөлмөрийн гэрээгээр энгийнээр ажиллаж байсан, яамны ажилтан, албан хаагч байгаагүй, ажил олгогч байгууллага нь БХЯ биш гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хариуцагч БХЯ-ны төв архив шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Ц-а нь Цэргийн төв эмнэлгээс 2007 онд тэтгэвэрт гарахдаа архиваас лавлагаа, мэдээлэл авах хүсэлт гаргаагүй, тус архивт 2017 оны 12 дугаар сард, 2018 оны 02 дугаар сард хүсэлт гаргасных нь дагуу цалингийн тодорхойлолтын лавлагаа гаргаж өгсөн, тэрээр 089 дүгээр ангид ажиллаж, 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сарыг дуустал энэ ангиас цалин авч байсан баримт байгаа, тэтгэвэр тогтоох асуудлыг Нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэдэг учир манай байгууллага хариуцагч биш гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Хариуцагч ЦТЭ шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ц.Ц-ыг ЦТЭ буюу хуучнаар Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн дарга, ерөнхий эмчийн 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Тэтгэвэр тогтоолгох тухай” тушаалаар тэтгэвэрт гаргасан, тэтгэврийн хэмжээ манай байгууллагын эрх, хэмжээнд хамаарахгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл:

1. Нэхэмжлэгч Ц.Ц-а нь Зэвсэгт хүчний Төв госпиталийн даргын 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дугаартай тушаалаар тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан үндэслэлээр 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс ажлаас чөлөөлөгджээ.

2. Нэхэмжлэгч өндөр насны тэтгэврээ 2002-2007 онд авч байсан цалингийн хэмжээнээс 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоолгосон байна.

Ийнхүү тогтоолгоход ажилласан жилийг 31 жил 7 сараар, 2002-2007 оны 162 193 төгрөгийн дундаж цалингаар тооцож, 2007 оны 07 дугаар сараас 99 748 төгрөгөөр олгож эхэлсэн байна.

Тэтгэвэр тогтоолгосноос хойш нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээнд Засгийн газрын 2007 оны 241, 355 дугаар тогтоол, 2010 оны 241 дүгээр тогтоол, 2012 оны 80, 153 дугаар тогтоолоор нэмэгдлүүд тооцогдсоноос гадна Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 2014 оны 02 дугаар сарын 01-ий өдрөөс 275 633 болон өөрчлөгджээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн өргөдлөөр тэтгэврийн хэмжээг дахин шалгаж, ажилласан хугацааг 31 жил 10 сар 07 хоног болгож, 2002-2007 оны 5 жилийн дундаж цалингийн хэмжээг өөрчилж, тэтгэврийн хэмжээ 286 899 төгрөг болжээ.

3. Өндөр насны тэтгэврийг тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргасны дагуу нийгмийн даатгалын байгууллага түүний өндөр насны тэтгэврийн хэмжээг 1990-1994 оны цалингаар өөрчлөн тогтоож, тэтгэврийн хэмжээ 391 344 төгрөг болжээ.

2018 оны 02 дугаар сараас тэтгэврийн хэмжээ 418 344 төгрөг болсон байна.

4. Нэхэмжлэгч Ц.Ц-а ийнхүү өөрчлөгдсөн тэтгэврийн хэмжээгээр 2007 оноос тэтгэвэр тогтоолгох байсан гэж шүүхэд нэхэмжлэл гарган БХЯ-ны архиваас баримт бүрдүүлэх үед түүний 1987-1989 онд авч байсан цалингийн хүснэгт Цэргийн төв эмнэлгийн биш харин 089 дүгээр ангийн баримтад хадгалагдаж байгаа нь илэрчээ.

5. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт тэрээр тасралтгүй ажилласан болох нь тусгагдсан боловч 089 дүгээр ангид ажиллаж байсан гэх бичилт байхгүй, нэхэмжлэгч нь өөрөө хэзээ ч 089 дүгээр ангид ажиллаж байгаагүй гэж тайлбарласан байна.      

Нэхэмжлэгч Ц.Ц-а нь 2007 онд тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу 2002-2007 онуудад авч байсан цалингийн дунджаас тэтгэвэрийнхээ хэмжээг тогтоолгосон байна. Хожим Засгийн газрын удаа дараагийн тогтоолуудын дагуу, мөн нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн дагуу тэтгэврийн хэмжээ нэмэгдэж ирсэн байна.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийг өөрчилж болно” гэх нэмэлт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсноор нэхэмжлэгч Ц.Ц-а хүсэлт гаргаж, түүхий тэтгэврийн хэмжээг 1990-1994 онд авч байсан цалингийн хэмжээ, итгэлцүүрээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Цэргийн төв эмнэлгийн архивт 1987-1991 онд авч байсан цалингийн баримт байгаагүй тул нэхэмжлэгч Засгийн газраас тогтоосон итгэлцүүрийн дагуу илүү тооцогдох боломжтой дундаж цалингийн дүнгээр  тэтгэврийн хэмжээг өөрчлүүлж чадаагүй, уг хэмжээг нэмэгдүүлэх төрөөс олгосон боломжийг бүрэн эдэлж чадаагүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг өөрчилжээ.

Уг шаардлага нь “тэтгэврийн зөрүү”-г гаргуулах гэж тодорхойлогдсон боловч агуулга нь тэтгэврийн зөрүүгээр учирсан гэм хор гэж үзэхээр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох журмыг зохицуулжээ. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхойлдог байна.

Хуулийн дээрх зохицуулалтын “7 жил” нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл буюу хуульд өөрчлөлт орох хүртэл “5 жил” байсан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц-ыг тэтгэвэр тогтоолгох 2007 онд болон тэтгэврийн хэмжээг өөрчлөх 2017 онд дараалсан 5 жилийн цалингийн дунджаас тооцсон нь үндэслэлтэй байна.

Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцохоор хуульд заасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ц-а нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасны дагуу тэтгэврийнхээ хэмжээг өөрчлүүлэх эрхээ хэрэгжүүлэх үед БХЯ-ны архивт түүний авч байсан цалингийн мэдээлэл бүрэн авагдсан байсан бол тэрээр хуульд заасан журмын дагуу тэтгэврийнхээ хэмжээг 1990-1994 онд авч байсан цалингийн бус харин 1987-1991 оны цалингийн хэмжээ, итгэлцүүрээр тогтоолгох байжээ. Энэ тохиолдолд хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан "сүүлийн 20 жил” гэдгийг тэтгэвэрт өөрчлөлт оруулсан 2017 оноос биш харин тэтгэвэр анх тогтоолгосон 2007 оноос урагш 20 жил гэж тооцно.

Түүнчлэн, тэтгэврийн хэмжээг өөрчлөх дээрх ажиллагаанд илэрсэн зөрчлийг шүүх тогтоосноор нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг дахин өөрчилж байгаа бус харин өөрчлөгдөх байсан хэмжээг тогтоож байгаа учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасан “зөвхөн нэг удаа тэтгэврийг өөрчилж болох” шаардлагыг зөрчихгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

БХЯ нь ажилтны шилжилт хөдөлгөөнийг үнэн зөв хөтөлж, бүртгэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ зохих хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг алдагдуулж, гэм хор учруулсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээг давж заалдах шатны шүүх шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг зөв тодорхойлон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 470 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч БХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Батлан хамгаалахын яам хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                     Ц.АМАРСАЙХАН