Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2020/01491

 

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01491

 

Б.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01264 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-, Ц.Э-, Н.Г-, Ш.Н-, Д.Э-, Ч.А-, Р.Н- нарын нэхэмжлэлтэй хариуцагч А- ХХК, НГЗБА-, НЗД- нарт холбогдох

Орон сууц солилцооны 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, А- ХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг БА- СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А-, нэхэмжлэгч Н.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П-, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц солилцооны гэрээг А- ХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт А- ХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохирсон.

Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжаар оршин суугчид бидний орон сууцны орчны 3590 м.кв газрыг бидний байгуулсан БА- СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн учир энэхүү газраа А- ХХК-ийн санал болгосон нэр бүхий оршин суугчид А- констракшн ХХК-ийг байгуулан нэр дээр нь шилжүүлж, улмаар газар ашиглах эрх бүхий тус компаниараа хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж тохирсон.

Энэ дагуу оршин суугчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, А- констракшн ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, захирлаар нь Б.О гэх С.П-ийн эхнэрийг томилж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг А- ХХК-ийн төслийн менежерт итгэмжлэл олгосон.

Ингээд БА- СӨХ-оос 12 оршин суугч хувьцааг нь эзэмшдэг А- констракшн ХХК-ийн нэр дээр БА- СӨХ-ны ашиглах эрх бүхий 3590 м.кв газрыг шилжүүлж өгөхийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 3590 м.кв газрыг А- ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан. Угтаа бол А- констракшн ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байсан чинь ойролцоо нэртэй болохоор андуурагдсан. Гэхдээ үүнд А- ХХК-ийн захирал С.П-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа. Учир нь, анхнаасаа төөрөгдөлд оруулах ижилхэн нэр өгөхийг санал болгож төөрөгдүүлсэн, мөн БА- СӨХ-ны оршин суугчдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколын гарын үсгийг ашиглаж, СӨХ-ны хурлын протокол баримтыг хуурамчаар үйлдсэн, БА- СӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 10/13 албан бичгийг сольж, гарын үсгийг нь ашиглаж А- ХХК-д газрыг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан, ингэхдээ оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, түүнчлэн 12 оршин суугчдын байгуулсан А- констракшн ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг сольж С.П-ийн эхнэрийн нэрийг оруулсан байсныг сүүлд мэдэж засуулсан. Энэ мэтчилэн хууран мэхлэх, худлаа баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж ирсэн байх тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй.

Нийслэлийн газрын албанаас Орон сууц солилцооны гэрээг үндэслэн газрыг шилжүүлсэн тул орон сууц солилцооны гэрээг цуцалсан баримтыг нотариатаар батлуулж авч ирвэл буцааж болно гэсэн хариу өгсөн. Иймд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж шүүхэд хандсан.

Хариуцагч А- ХХК-ийн захирал С.П- нь оршин суугчидтай харилцан тохиролцож, орон сууц солилцооны гэрээ байгуулсан ба гэрээний нөхцөлд хариуцагч тал шинээр барих орон сууцыг 2 жилийн хугацаанд ашиглалтанд оруулж, оршин суугчдад шилжүүлэн өгөх, энэ хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500 000 төгрөгийг өрх бүрт өгөхөөр үүрэг хүлээсэн боловч А- ХХК-ийн захирал С.П- нь гэрээний үүргээ биелүүлэхгүй тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо Мебелийн 12 дугаар байрны оршин суугчтай байгуулсан Орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү

Хариуцагч тал А- ХХК-ийн захирал С.П- нь БА- СӨХ-ны ашиглалтад байсан нийтийн эзэмшлийн орчны 3590 м.кв газрыг хууран мэхлэх замаар баримт бичиг бүрдүүлж, өөрийн компанийн эзэмшилд шилжүүлэн авсан шинжээчийн дүгнэлтээр хөдөлшгүй баримтаар нотлогдож байгаа учир иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т хуульчлан заасныг баритлан газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, БА- СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Улаанбаатар хотын захирагч бөгөөд НЗД-д даалгах шаардлагыг гаргаж байна.

НГЗБА- нь ашиглах эрх олгох эрх зүйн субъект биш бөгөөд ашиглах эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог гэсэн тул НГЗБА-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: А- ХХК-ийн захирал С.П-той тохиролцон гэрээ хийсэн нь үнэн. Гэрээгээр тохиролцсон ёсоороо нөхөн олговор авсан нь үнэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: А- ХХК-ийн захирал С.П-той тохиролцон гэрээ хийсэн нь үнэн. Гэрээгээр тохиролцсон ёсоороо нөхөн олговор авсан нь үнэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Р.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: А- ХХК-ийн захирал С.П-той тохиролцон гэрээ хийсэн нь үнэн. Гэрээгээр тохиролцсон ёсоороо нөхөн олговор авсан нь үнэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: А- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Учир нь Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны 5 тоот өөрийн нэр дэх орон сууцаа С.П-ид 48 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2019 оны 9 дүгээр сард 3 000 000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сард 10 000 000 төгрөгийг тус тус хүлээн авч үлдэгдэл мөнгийг дараа авахаар тохиролцсон гэжээ.

Хариуцагч А- ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Оршин суугчид газрын асуудлаас болж маргаан үүсгэж, өнөөдөр гэрээний хугацаанд бид үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа.

БА- СӨХ нь газар ашиглах эрхтэй байсан. Бид ашиглах эрхтэй газар дээр барилга барих боломжгүй учир эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулахыг хүссэн ба үүний дагуу А- ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжсэн. Манай компани зохих дүрэм журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан. Нэхэмжлэгч нарын ихэнх нь гэрээг зөвшөөрч байгаа өнөөдрийн байдлаар А-, Э-, Г- нар л шүүхэд гомдол гаргаж байна.

Хавраас барилгаа барина, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. Өнөөдөр барилга барих газрын хэмжээ багассан байгаа. Ч.А- гэдэг хүний хүсэл биелэхгүйгээс бусад оршин суугчдаа чирэгдүүлж байгаа. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа ч хуульд заасан үндэслэл үүсээгүй. Хуурагдсан, мэхлэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Арилгуулахыг хүсэж байгаа үр дагавар нь гэрээний заалттай нийцээгүй байгаа.

Гэрээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ч.А- нэхэмжлэлийн тодруулга гэгчийг шүүхэд ирүүлэхдээ Баясгалант-Амьдрал СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.А- гэж гарын үсэг зурж, тамга дарж, албан бланк хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Ч.Алтантолийг гаргасан гэж үзэхэд үндэсгүй.

Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар тус СӨХ-ны орчны газрыг эзэмших эрхийг А- ХХК-д шилжүүлэхтэй холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 727 тоот шийдвэрээр үйл баримтыг үнэлсэн гэдгийг тодруулахын хамт захирамж гаргахдаа тус СӨХ-ны 12 гишүүний гарын үсэгтэй А- ХХК-д газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн, хүсэлт, орон сууц солилцооны гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн олгосон болохыг аль нэгэн хуурамч албан бичигт үндэслээд ч юм уу ижил төстэй компани байгууллагад төөрөгдөөд захирамж гаргасан, олгосон, төөрөгдсөн зүйл тогтоогдоогүй. Нийслэлийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа.

Одоогийн байдлаар манай компани дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Голомт Өргөө ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-нд зураг төсөл боловсруулах №34 тоот гэрээг байгуулан эскиз зураг хийлгэн батлуулсан ба барилгын ажлын зургыг хийлгэж дуусган холбогдох техникийн нөхцлүүдийг бүрдүүлж байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 6 дугаар сарын 24-нд Архитектур төлөвлөлтийн МЗХ 2018/14-29 дугаартай даалгавар батлуулсан. Барилгын инженер-геологийн судалгаа хийх гэрээг 2019 оны 02 дугаар сарын 11 -нд батлуулсан. Улаанбаатар Дулааны станц ТӨХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 10-нд техникийн нөхцөлөө батлуулсан. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд мебелийн 12 айлын оршин суугч болох О.Загд-Очир, Ш.Н-, Т.Ганбаатар, Д.Нямдаваа, Б.Оюунсайхан, Р.Н-, Р.Э-, Б.Б-, Д.Оюун, Б.Мөнхцоож нарын 9 иргэнтэй урьд байгуулсан орон сууц солилцооны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны гэрээнд заасан орон сууцанд орох хүртэл сар бүр олгогдох 500 000 төгрөгийн нөхөн төлбөрүүдээ 6 сарын хугацааных буюу хүн тус бүрт 3 000 000 төгрөг өгсөн. Мөн тус газарт оршин суугч Д.Ууганбаатарын үл хөдлөх эд хөрөнгийг түүний хүсэлтээр худалдан авахаар болж үл хөддөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан төлбөр мөнгийг төлсөн, 2020 оны 4 дүгээр сард барилгын сууриа тавихаар бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НГЗБА- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болох газрын асуудлыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжпэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа; зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. НГЗБА- нь ашиглах эрх олгох эрх зүйн субъект биш бөгөөд ашиглах эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог байх тул тус албанд холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь БА- СӨХ-д газраа өгөхгүй, иргэд өөрсдөө авна гэж тайлбарлаж байна. Иргэдэд энэ газрыг өгөхгүй юмаа. Хэрэв иргэдэд олгохоор бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж байж өгдөг. Өнөөдөр бол гэрээний хүчин төгөлдөр бус асуудлыг шийдвэрлэж байж газар ашиглах талаар яригдах ёстой. Байшингийн суурын газар 3590 м.кв тэр чигээрээ биш юм. СӨХ-ын хэмжээг зааж өгсөн хэмжээ шал өөр. БА- СӨХ-ын газрыг А- компанид шилжүүлсэн. СӨХ болон А- ХХК-ын хооронд үүссэн харилцаа байна. Нэхэмжлэлийн шаардлагыг СӨХ гаргах боломжтой. Тэрнээс биш 7 иргэн СӨХ-ын газрыг нэхэмжилээд даалгах нэхэмжлэл гаргах эрх бүхий хүмүүс нь биш.

Өнөөдрийн энэ маргаан 7 иргэн А- ХХК-ын хооронд хийгдсэн гэрээний маргаан юм. Өнөөдөр газрын талаар огт ярихгүй, боломжгүй. Өнөөдрийн тухайд 3590 мкв хэний ч өмч биш юм. Төрийн өмч бөгөөд иргэнд өмчлүүлснээс бусад бүх эзэмших, ашиглах газар бүгд төрийн өмч. Төрийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байдаг. Газрын талаар маргаан үүссэн учраас захиран зарцуулах эрхийг хаасан байгаа. Эцэслэн шийдвэрлэж байж хэнд шилжүүлэх эсэхийн шийдвэрлэх ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүлийн 59.1., 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.А-, Н.Г-, Б.Э- нар нь НГЗБА-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч А- ХХК болон НЗД-д холбогдуулан гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, А- ХХК-ийн нэр дээр олгосон 3590 м.кв газрыг БА- СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗД-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-, Ц.Э-, Ш.Н-, Р.Н- нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч АТТА-ЧР" ХХК-ий хооронд орон сууц солилцооны гэрээ байгуулагдсан боловч хариуцагч С.П- нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй болохыг МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд тодорхой тусгасан. С.П- нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр орон сууц солилцооны гэрээ байгуулсанаас хойш 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийгээгүй. Дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үеэс эхлэн С.П- нь шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай байдлаар шийдүүлэх зорилгоор нэхэмжлэгч нартай ганцаарчилан уулзаж тэдний санхүүгийн хүндрэлтэй нөхцол байдлуудыг ашиглан хүүхдүүдийн цэцэрлэг сургууль эхлэх үе болон шинэ жил, цагаан сарын өмнө нэхэмжлэл гаргасан оршин суугчдыг ятган ухуулж айл бүрт 3 000 000 төгрөг өгч нэхэмжлэлээс нь татгалзуулах, улмаар "Орон сууц солилцооны гэрээ-ний үүрэг гүйцэтгэх 2 жилийн хугацаа өнгөрөөд 5 жил болж байхад зарим нэхэмжлэгчийг наториат дээр дагуулан очиж гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, нэхэмжлэлээсээ татгалзуулах, өөрийн эзэмшилдээ шилжсэн газрыг зээлийн барьцаанд тавьж зээл авах зэрэг баталгаа гаргуулж авсан. Хариуцагч С.П- нь Баясгалант-Амьдрал СӨХ-ийн ашиглалтад байгаа 3590 м.кв талбай бүхий газрыг өөрийн эзэмшилд авахаар оршин суугчидад санал гаргаж өөрийн компаний нэртэй төстэй АТТА-ЧР Констракшн ХХК-ийг байгуулан СӨХ-ийн ашиглалтад байгаа 3590 м.кв газрыг шинээр байгуулсан компанийхаа нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авахыг зөвлөж бүх асуудлыг зохицуулж өгнө гэснээр С.П-ийн компаний менежер Ж.Мөнхбилгүүнд итгэмжлэл олгосон. Харин хариуцагч С.П- нь хуурамч бичиг баримт бурдүүлэн оршин суугчид зөвшөөрсөн мэтээр Баясгалант-Амьдрал СӨХ-ийн өмнөөс албан бичиг, хурлын тэмдэглэл үйлдэж гарын үсэг ашиглан Нийслэлийн Өмчийн Харилцааны Газарт удаа дараа албан бичиг хүргүүлж Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 3590 м.кв талбай бүхий газрыг өөрийн эзэмшлийн "АТТА-ЧР ХХК-ийн нэр дээр эзэмших эрх гаргуулан авсан байсныг оршин суугчид, СӨХ 2016 оны 7 дугаар сард мэдсэн. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр шалгуулахад хуурамч бичиг баримт үйлдэн хууран мэхлэх замаар хууль бусаар өөрийн эзэмшлийн АТТА-ЧР ХХК-ий нэр дээр Баясгалант- Амьдрал СӨХ-ийн ашиглалтад байсан 3590м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь баримтаар тогтоогдож байгаа. С.П-ид Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5/8436 тоотоор Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас, орон сууц өмчлөгчидөөс зөвшөөрсөн өргөдөлийг нотариатаар баталгаажуулан авчируулах шийдвэр гаргаж хойшлуулсан. Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн газар барилгажилтын зөвлөлийн хурлаас Баясгалант-Амьдрал СӨХ-д орчины газрын зориулалтаар олгосон 3590 м.кв газрыг АТТА-ЧР ХХК-д олгох асуудлыг хэлэлцээд Хурлын дүгнэлтээр тухайн компаний дүрэмд тухайн нийтийн орон сууцанд амьдарч байгаа бүх иргэн багтаж байгаа эсэхийг шалгаж, хамаарч байгаа тохиолдолд захирамжлахыг зөвшөөрсөн дүгнэлт гарсан байдаг. Гэтэл хариуцагч С.П- нь дээрхи шийдвэр дүгнэлтийг хангаагүй байж Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 тоот захирамжаар 3590 м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн авсан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Шүүх Нийслэлийн БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12-р байрны орчны газар болон 3590м2 талбайтай газрын эзэмших эрхтэй холбоотой маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж дурьдсан байтлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэл гаргачдын хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хязгаарлаж цаашнд хэнд ч, хаана ч хандах боломжгүй болгосон шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймд гомдлыг нарийвчилан хянаж бодит байдалд дүгнэлт хийж гомдлыг барагдуулж үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсын бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.А-, Н.Г-, Б.Э-, Б.Б-, Ц.Э-, Ш.Н-, Р.Н- нар нь хариуцагч А- ХХК, НЗД-, НГЗБА-нд тус тус холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, А- ХХК-ийн нэр дээр эзэмших эрх олгосон 3590 м.кв газрыг БА- СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗД-д даалгах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг бүрэн тодруулах нь зүйтэй.

БА- Сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаг оршин суугчид А- ХХК-тай орон сууц солилцооны нэртэй гэрээ байгуулсан нь хуульд нийцэж байгаа эсэх, нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзаж байна уу эсхүл хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаан шаардаж байгаагийн аль нь болохыг тордуулан талуудыг мэтгэлцүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан орон сууцны барилга бүхэлдээ ашиглалтын шаардлага хангахгүй буулгах шаардлагатай болсон эсэх, энэ талаар зохих байгуулагын шийдвэр гарч төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсан эсэх, төслийг ямар этгээд хэрэгжүүлэх ёстой, уг шийдвэрийг хэн гаргах ёстой байсан, оршин суугчид хариуцагчтай шууд тохиролцон гэрээг байгуулах эрхтэй эсэх үйл баримыг тогтоох нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч тал дээрх орон сууцыг барих тусгай зөвшөөрөл, санхүүгийн боломжтой эсэх, одоо тус нийтийн зориулалттай орон сууцны барилгад БА- СӨХ нь хүчин төгөлдөр эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Үүрэг гүйцэтгүүлэгч нар гэрээнээс татгалзаж байвал үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотойгоор хамтарч татгалзах шаардлагатай эсэх, уг барилга баригдахгүй 5 жил болсон шалтгаан, гэрээ дуусгавар болсон эсэхийг тогтоох нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад ач холбогдолтой үйл баримт гэж үзнэ. Нэхэмжлэгч нар орон сууцаа худалдан борлуулах, эрхээ дамжуулан шилжүүлэх боломжгүй болсон гэх шалтгааныг тодруулан мэтгэлцүүлэх нь хэргийг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Мөн газар эзэмших эрхийг хариуцагч хуурамч баримтын үндсэн дээр шилжүүлэн авсан эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01264 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантолийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                       Д.НЯМБАЗАР

 

                                                        Ш.ОЮУНХАНД