Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00546

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00546

 

 

*** ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 347 135 517 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхтэмүүлэн, Б.Номиндарь

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Гал-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** ХК нь С ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 298 997 000 төгрөгийг арматур буюу цувимал бүтээгдэхүүнийг нийлүүлж хүлээлгэн өгч, улмаар талууд хамтран хоорондоо тооцоо нийлж баталгаажуулсан.

Гэтэл хариуцагч компани гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээний 7.3-т зааснаар алданги 48 138 517 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрийг алдангийн хамт төлүүлэх талаар удаа дараа албан бичгээр хандаж, утсаар байнга холбогдож байсан боловч С ХХК нь төлбөрийг барагдуулаагүй.

Иймд Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 298 997 000 төгрөг, алданги 48 138 517 төгрөг нийт 347 135 517 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Бид Ф-12, 0.6-аас12 метрийн голчтой, нийт 25 259 520 төгрөгийг үнэлгээтэй арматур авсан. Ф-15 маркийн арматураас 13 598 тонныг 1 495 төгрөгөөр тооцож 21 779 160 төгрөг болсон байдаг. Ф-13 маркийн арматур төмөр нь нийт 14.536 кг-г 1 490 төгрөгөөр тооцож авсан. Ямар хэмжээний арматур авсан дээр маргаан байхгүй гэж ярьлаа. Үүнийг хариуцагч тал зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч компанийн захирал Б.Гантөмөр нь ф-13 маркийн арматур төмрөөс 20 тонн буюу 29 900 000 төгрөгийн арматур аваагүй гэж тайлбарладаг ч бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Харин өөрсдийн зарлагын баримт дээр хэдэн тонн арматур гаргаж өгсөн болохыг бичиж, хүлээлгэж өгсөн гэдэг дээр нэхэмжлэгч талаас гарын үсэг зураад, хүлээн авсан гэдэг дээр хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Нэхэмжлэгч хэдэн тонны арматур хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлох ёстой, гэвч энэ талаар хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт алга. Тодорхой хэмжээний төмрийг худалдаж авсан гэж үзэж байгаа бөгөөд үүнээс ф-13 буюу 29 900 000 төгрөгийн арматур төмрийг аваагүй тул зөвшөөрөхгүй.

Гэрээний дагуу төлбөр төлөх боломжийн талаарх нэхэмжлэгч талтай удаа дараа ярьж байсан байдаг. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн албан бичигт 2018 оны 5 дугаар сарын 11-ний дотор үндсэн төлбөрөө төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байдаг. 2018 оны 11 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хугацаа тогтоосон дээрх хугацааг 6 сар хэтрүүлсэн гэж үзвэл 169 хоног болж байна. Өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн хирнээ уг тогтоосон хугацаанд алданги нэхэмжилж байна нь үндэслэлгүй юм. Иймд үндсэн төлбөрөөс 29 900 000 төгрөгийг алдангийн хамт зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 347 135 517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 893 627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 893 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

С ХХК нь *** ХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулан 298 997 000 төгрөгийн арматур буюу цувимал бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирч хамтран ажилласан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тооцоо нийлж байгуулсан төлбөр болох 298 997 000 төгрөг, алданги 48 138 517 төгрөгийн төлбөрийг "С" ХХК-наас нэхэмжилж байгаа нь гэрээний үүргийн биднээс хамаарч хугацаандаа төлөөгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж алданги төлбөр болох 48 138 517 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 298 997 000 төгрөг, алданги 48 138 517 төгрөг, нийт 347 135 517 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч *** ХК нь 200 тн арматур төмөр буюу цувимал бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлэх, хариуцагч С ХХК нь үнэ 299 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор худалдагчид төлөхөөр харилцан тохиролцсон. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч *** ХК-ийг гэрээний зүйл болох 29 тонн Ф13 маркийн арматур төмрийг бүрэн хүлээлгэж өгөөгүй тул гэрээний үндсэн төлбөрөөс 29 900 000 төгрөг болон алдангийг төлөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх гэрээний төлбөрийн үлдэгдлийг 298 997 000 төгрөг болохыг харилцан баталгаажуулж, Тооцооны үлдэгдлийн баталгаа-г бичгийн хэлбэрээр үйлдсэн /хх 21-22 дахь тал/ байх бөгөөд хариуцагч С ХХК нь уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй байна. Иймд анхан шатны шүүх гэрээний үндсэн төлбөрт 298 997 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3 дахь хэсэгт Худалдан авагч худалдагчаас нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх бөгөөд төлөлгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.05 хувийн алдангийн худалдагч талд төлнө гэж тохиролцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн байх тул анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 48 138 517 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийн 398 643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 357 төгрөг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА