Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/00197

 

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/00197

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, өөрийн байранд байрлах Д ХК /РД:2051303/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ТЭЦ-3 ТӨХК-ийн зүүн хойно Олимп хотхоны хажуу талд Эрчим хотхон 1 тоотод байрлах С ХХК /РД:5364531/-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 347 135 517 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э , Б.Н , хариуцагчийн төлөөлөгч Г.Г , хариуцагчийн өмгөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХК нь С ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХХ-2017/131 тоот Цувимал бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 298 997 000 төгрөгийг арматур буюу цувимал бүтээгдэхүүнийг нийлүүлж хүлээлгэн өгч, улмаар талууд хамтран хоорондоо тооцоо нийлж баталгаажуулсан. Гэтэл хариуцагч компани гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээний 7.3-т зааснаар алданги 48 138 517 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрийг алдангийн хамт төлүүлэх талаар удаа дараа албан бичгээр хандаж, утсаар байнга холбогдож байсан боловч С ХХК нь төлбөрийг барагдуулалгүй, нэхэмжлэгчид хохирол учруулсаар байна. Иймд Иргэний хуулийн 243.1, 232.6 дахь хэсэгт талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 4.3, 7.3-т заасны дагуу тооцоо нийлж баталгаажуулсан төлбөр 298 997 000 төгрөг, алданги 48 138 517 төгрөг нийт 347 135 517 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулж өгнө үү. Анх хариуцагч компаниас манай компанид хандаж Дулааны цахилгаан станц-3-ын ажилчдын байрыг барихад зориулж 300 тонн цувимал бүтээгдэхүүн өгөх хүсэлтийн дагуу хоёр талаас харилцан тохиролцож, 2017 оны 10 сарын 26-ны өдөр ХК2017/131 тоот цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 200 тонн бараа бүтээгдэхүүн хүлээж авсан талаарх ямар нэгэн маргаан байхгүй. Нийт тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, нийт 298 997 000 төгрөгийн өр авлагатай байсан. Гэрээний төлбөрийн хувьд 4.3-т Бүтээгдэхүүний төлбөр болох 299 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 25-ны өдөр төлнө гэж заасан байдаг. Мөн гэрээний 3.3-т Худалдан авагч нь гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрийг төлнө гэж заасан байдаг учраас тус заалтуудын дагуу төлбөрийг шаардаж байгаа. Хавтаст хэрэгт төлбөрийг удаа дараа аман болон албан бичгээр шаардаж байсан талаарх баримтууд авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 18 дугаар талд 2017 оны 12 сарын 25-ны өдөр 1/3/22411 тоот албан бичгээр, 2017 оны 12 сарын 15-ны өдөр гэрээний үнийн дүнг бүрэн төлөх байсан, гэрээний 7.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийгн алданги тооцож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу хандана гэсэн албан бичгийг хүргүүлж байсан. Мөн түүний дараа 2018 оны 3 сарын 29-ний өдөр алданги бодох тухай албан бичгийг мөн адил утсаар мэдэгдэж, албан бичгээр шаардаж байсан зэргээр удаа дараа албан бичгүүдийг явуулж байсан. Талуудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актад 298 997 000 төгрөгийг 2018 оны 4 сарын 27-ны өдрийн байдлаарх алданги 19 883 301 төгрөг, нийт 318 80312 төгрөгийг төлж барагдуулна уу гэх мэдэгдлийг тухай бүрт хүргүүлж байсан бөгөөд хариуцагч компани нь төлбөрийг бүрэн төлнө гэдэг байсан ба алданги төлөхгүй талаар нэг ч удаа өмнө нь мэдэгдэж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хариуцагч тал хариу тайлбарыг шүүхэд хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77-р зүйлд заасан журмын дагуу тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Алдангийн хувьд 0.05 хувь гэдэг нь маш боломжтой нөхцлөөр буюу төлбөрийн дараа төлөх нөхцөлтэйгөөр, маш удаан хугацаагаар харилцан тохиролцох боломжийг олгож байсан. Бүтэн жилийн хугацаанд төлбөрийг төлөхгүйудааж байсан тохиолдол байгаагүй. Бид зөвхөн нэхэмжлэлийг гаргах үеийг хүртэл алдангийг тооцож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай 2017 оны 10 сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэдэг зүйлийг ярьж байна. Бид Ф-12, 0.6-аас12 метрийн голчтой, нийт 25 259 520 төгрөгийг үнэлгээтэй арматур авсан. Ф-15 маркийн арматураас 13 598 тонныг 1 495 төгрөгөөр тооцож 21 779 160 төгрөг болсон байдаг. Ф-13 маркийн арматур төмөр нь нийт 14.536 кг-г 1 490 төгрөгөөр тооцож авсан. Ямар хэмжээний арматур авсан дээр маргаан байхгүй гэж ярьлаа. Үүнийг хариуцагч тал зөвшөөрөхгүй байна. Хариуцагч компанийн захирал Б.Гантөмөр нь ф-13 маркийн арматур төмрөөс 20 тонн буюу 29 900 000 төгрөгийн арматур аваагүй гэж ярьдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтыг үзэхэд яг бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Харин өөрсдийн зарлагын баримт дээр хэдэн тонн арматур гаргаж өгсөн болохыг бичиж, хүлээлгэж өгсөн гэдэг дээр нэхэмжлэгч талаас гарын үсэг зураад, хүлээн авсан гэдэг дээр хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Нэхэмжлэгч хэдэн тонны арматур хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлох ёстой, гэвч энэ талаар хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт алга. Тодорхой хэмжээний төмрийг худалдаж авсан гэж үзэж байгаа бөгөөд үүнээс ф-13 буюу 29 900 000 төгрөгийн арматур төмрийг аваагүй тул зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу төлбөр төлөх боломжийн талаарх нэхэмжлэгч талтай удаа дараа ярьж байсан байдаг. Нэхэмжлэгч талаас албан бичиг хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийн хүрээнд 2018 оны 5 сарын 11-ний дотор үндсэн төлбөрөө төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байдаг. 2018 оны 11 сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хугацаа тогтоосон дээрх хугацааг 6 сар хэтрүүлсэн гэж үзвэл 169 хоног болж байна. Өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн хирнээ уг тогтоосон хугацаанд алданги нэхэмжилж байна нь үндэслэлгүй юм. Иймд үндсэн төлбөрөөс 29 900 000 төгрөгийг алдангийн хамт зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 298 997 000 төгрөг, алданги 48 138 517 төгрөг, нийт 347 135 517төгрөг гаргуулахаар шаардсныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ХХ-2017/131 тоот Цувимал бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 298 997 000 төгрөгийг арматур буюу цувимал бүтээгдэхүүнийг нийлүүлж хүлээлгэн өгч, улмаар талууд хамтран хоорондоо тооцоо нийлж баталгаажуулсан. Гэтэл хариуцагч компани гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээний 7.3-т зааснаар алданги 48 138 517 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний төлбөрийг алдангийн хамт төлүүлэх талаар удаа дараа албан бичгээр хандаж, утсаар байнга холбогдож байсан боловч С ХХК нь төлбөрийг барагдуулалгүй, нэхэмжлэгчид хохирол учруулсаар байна... гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О  ...Хариуцагч Б.Гантөмөр нь ф-13 маркийн арматур төмрөөс 20 тонн буюу 29 900 000 төгрөгийн арматур аваагүй гэж ярьдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтыг үзэхэд яг бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Харин өөрсдийн зарлагын баримт дээр хэдэн тонны арматур гаргаж өгсөн болохыг бичиж, хүлээлгэж өгсөн гэдэг дээр нэхэмжлэгч талаас гарын үсэг зураад, хүлээн авсан гэдэг дээр хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Нэхэмжлэгч хэдэн тонны арматур хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлох ёстой боловч хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт алга. Иймд үндсэн төлбөрөөс 29 900 000 төгрөг болон илүү нэхэмжилсэн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбарыг гаргаж маргасан байна.

Талуудын хооронд 2017 оны 10 сарын 26-ны өдөр цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д ХК нь 298 997 000 төгрөгийн арматур төмөр болох цувимал бүтээгдэхүүнийг хариуцагч С ХХК-д нийлүүлэх, худалдан авагч С ХХК нь төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор худалдагч талд төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний 7.3, 7.4-т талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд аль нэг талдаа алданги төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-10/

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж заасан байх ба хариуцагч С ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.

Нөгөөтэйгүүр, талууд дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг бичгийн хэлбэрээр хийж, төлбөрийн 298 997 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх ба энэ нь талууд хоорондоо байгуулсан гэрээгээ дүгнэж, хариуцагч нь өр төлбөртэй талаараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна./хх-ийн 21, 22/

Харин хариуцагч тал дээрх тооцооны баримтад гарын үсэг зурагдаагүй, яагаад тэмдэг дарсныг мэдэхгүй гэж тайлбарласан хэдий ч хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыг хуурамч гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна, хариуцагч нь энэ талаараа баримтаар нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч компани нь арматур төмрийг дутуу нийлүүлсэн, уг төмрийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй гэж тайлбар гаргаж маргасан нь дараах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэж заасан хэдий ч хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч Д ХК-ийн хэдэн сарын хэдний өдөр нийлүүлсэн, ямар маркийн хэдий хэмжээтэй арматур төмрөөс хэдэн тонн нь дутуу байсан байсныг баримтаар нотлоогүй байх тул шүүх энэ талаар дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч тал алдангийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх ба үндэслэлээ нэхэмжлэгч нь 2018 оны 5 сарын 11-ний дотор үндсэн төлбөрөө төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байдаг ба 2018 оны 11 сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хугацаа тогтоосон дээрх хугацааг 6 сар хэтрүүлсэн гэж үзвэл 169 хоног болж байна. Өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн хирнээ уг тогтоосон хугацаанаас илүү алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. гэж тайлбарлажээ.

Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан Д ХК-ийн 2018.05.08-ны өдрийн 1-1/0769 тоот Авлага барагдуулах тухай албан бичигт С ХХК-ийг ... Тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсан 298 977 010 төгрөг, 2018 оны 4 сарын 27-ны өдрийн байдлаарх алданги 19 883 301 төгрөг, нийт 318 880 331 төгрөгийг 2018 оны 5 сарын 11-ний дотор барагдуулах талаар дурдсан нь Иргэний хуулийн 219-р зүйлийн 219.2-т заасантай нийцсэн байх бөгөөд энэ нь гэрээнд заасан алдангаас чөлөөлөгдөх агуулгыг илэрхийлэхгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т Худалдан авагч худалдагчаас нийлүүлсэн бүтээгдэхүүнийг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх бөгөөд төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.05 хувийн алдангийг худалдагч төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн алданги нэхэмжилсэн дүнг төлөгдөөгүй төлбөрөөс тооцож, нийт 48 138 517 төгрөг/ 298 997 000х0,05%=149 498.5,*322 хоног/ гаргуулна гэснийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч С ХХК-иас 347 135 517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХК-д олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 347 135 517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 893 627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 893 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ