Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00030

 

“ДТҮ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 546 дугаар магадлалтай,

“ДТҮ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

“СГ” ХХК-д холбогдох,

“Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 347 135 517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирын гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч “ДТҮ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ДТҮ” ХК нь “СГ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цувимал бүтээгдэхүүн “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, гэрээний дагуу нийт 298 997 000 төгрөгийг арматур буюу цувимал бүтээгдэхүүнийг нийлүүлж хүлээлгэн өгч, улмаар талууд хамтран хоорондоо тооцоо нийлж баталгаажуулсан. Гэтэл хариуцагч компани гэрээний 4.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч төлөлт огт хийгдээгүй, гэрээний үүргийг зөрчсөн тул гэрээний 7.3-т зааснаар алданги 48.138.517 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Иймд Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөр 298 997 000 төгрөг, алданги 48 138 517 төгрөг, нийт 347 135 517 төгрөгийг хариуцагч “СГ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.                                            

Хариуцагч “СГ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Бид Ф-12, 0.6-аас12 метрийн голчтой, нийт 25 259 520 төгрөгийг үнэлгээтэй арматур авсан. Ф-15 маркийн арматураас 13 598 тонныг 1 495 төгрөгөөр тооцож 21 779 160 төгрөг болсон байдаг. Ф-13 маркийн арматур төмөр нь нийт 14 536 кг-г 1 490 төгрөгөөр тооцож авсан. Хариуцагч компанийн захирал Б.Гантөмөр нь ф-13 маркийн арматур төмрөөс 20 тонн буюу 29 900 000 төгрөгийн арматур аваагүй гэж тайлбарладаг ч бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн баримт байдаггүй. Нэхэмжлэгч хэдэн тонны арматур хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлох ёстой, гэвч энэ талаар хавтаст хэрэгт үүнийг нотолсон баримт алга. Тодорхой хэмжээний төмрийг худалдаж авсан гэж үзэж байгаа бөгөөд үүнээс ф-13 буюу 29 900 000 төгрөгийн арматур төмрийг аваагүй тул зөвшөөрөхгүй. Албан бичигт 2018 оны 5 дугаар сарын 11-ний дотор үндсэн төлбөрөө төлөх нэмэлт хугацаа тогтоож өгсөн байдаг. 2018 оны 11 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хугацаа тогтоосон дээрх хугацааг 6 сар хэтрүүлсэн гэж үзвэл 169 хоног болж байна. Өөрөөр хэлбэл нэмэлт хугацаа тогтоож өгсөн хирнээ уг тогтоосон хугацаанд алданги нэхэмжилж байна нь үндэслэлгүй юм. Иймд үндсэн төлбөрөөс 29 900 000 төгрөгийг алдангийн хамт зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СГ” ХХК-иас 347 135 517 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДТҮ” ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 893 627 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “СГ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 893 627 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДТҮ” ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 546 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 000 төгрөгийн 398 643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1 357 төгрөг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 183/ШШ2019/00197 тоот шийдвэр, 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 546 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

“СГ” ХХК нь Дархан уул аймаг Дархан сум 16 дугаар багт байрлах “ДТҮ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” гэрээг байгуулан 298 997 000 төгрөгийн арматур буюу цувимал бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирч хамтарч ажилласан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан тооцоо нийлсэн төлбөр болох 298 997 000 төгрөг, мөн алданги төлбөр гэж 48 138 517 төгрөгийн төлбөрийг “СГ” ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь манай байгууллага одоо болтол Дулааны 3-р цахилгаан станцаас мөнгөө аваагүй байгаа бөгөөд бидний буруугаас болж хугацаа хэтэрсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 тоот шийдвэр, 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 546 тоот магадлалд өөрчлөлт оруулж, алданги төлбөр болох 48 138 517 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ДТҮ” ХК нь “СГ” ХХК-д холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 347 135 517 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч заримыг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Зохигч 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Цувимал бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ.\ХХ-5\.

Гэрээний талаар зохигч маргаагүй, гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Гэрээний дагуу худалдагч “ДТҮ” ХК гэрээнд заасан марк, стандарт бүхий 200 тн, 298 997 000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр буюу цувимал бүтээгдэхүүнийг “СГ” ХХК-д нийлүүлсэн, худалдан авагч бүтээгдэхүүний үнийг 2017 оны 12 дугаар сарыг 15-ны дотор төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул худалдагч гэрээний 7.3. дахь заалтыг үндэслэн бүтээгдэхүүний үнийг алдангийн хамт нэхэмжилжээ.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талууд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь хуульд нийцсэн талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд нэхэмжлэгч буруугүй тул “...ДЦС-3 ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдын орон сууцны барилга угсралтын ажилд зориулан бүтээгдэхүүн худалдан авсан ба одоог хүртэл ДЦС-аас мөнгөө авч чадаагүй тул алдангийг хасч, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх гомдол магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/00197 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 546 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очирын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

               ШҮҮГЧ                                                       Х.ЭРДЭНЭСУВД