Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02313

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02313

 

 

 

Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2017/02735 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох

Эмчилгээний зардалд 3 861 180 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 42 898 580 төгрөг, цаашид нөхөн төлбөрийг сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б.Лхагвасүрэн 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн нутагт Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б.Эрдэнэдалайн үйлдсэн гэмт хэргийн хохирогч болж, "Хайрханы застав"-ын "Богалт"-ын харуулын байранд хэвлийдээ буудуулан, нуруу нугасны хүнд гэмтэл авч, тахир дутуу болсон бөгөөд түүний сүйт залуу нь ч тухайн гэмт хэргийн хохирогч болж нас барсан. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол, 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэдалайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ялаар шийтгэж, Б.Лхагвасүрэнд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хилийн цэргийн 0245 дугаар ангиас 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэм хорын хохиролд 1 117 810 төгрөгийг Б.Лхагвасүрэнд төлсөн. Мөн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд тооцож Б.Лхагвасүрэнгийн 2007 оны 1, 2 дугаар сард худалдан авсан эмийн үнэ болох 265 660 төгрөгийг Хилийн цэргийн 0245 дугаар ангиас дахин гаргуулж байжээ. Б.Лхагвасүрэн нь дээрх гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан бөгөөд олон жилийн турш хүнд өвчиндөө бие сэтгэлээрээ шаналан зовж, хэвтэрт байнгын асаргаа, сувилгаа, эмчилгээтэй байснаас гадна эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөр эрхлэх боломж хомсоос ажил, орлогогүй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйл 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж зааснаар байлдагч Б.Эрдэнэдалайн цэргийн алба хааж байсан ангийн удирдах дээд байгууллага болох Хилийн цэргийн ерөнхий газар-аас гэм хорын хохирол дараах төлбөрийг гаргуулахаар шаардаж байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйл 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар 2010 оны 6 дугаар сараас 2006 оны 02 дугаар сард эрүүл мэндийн шинжилгээ, эм тарианы зардалд 3 157 480 төгрөг, орон нутгаас нийслэлд ирж, буцах замын зардалд 703 700 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах, Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.3-д Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид cap тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д Тэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй", 509 дүгээр зүйл 509.1-д Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг cap тутам төлнө" гэж зааснаар Б.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой 2005 оны 11 дүгээр сараас 2016 оныг дуустал хугацаанд cap тутам төлөх нөхөн төлбөрт 17 642 700 төгрөг (тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр) гаргуулж өгнө үү. Гэм хорын нийт хохиролд өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцон 42 898 580 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Цаашид cap бүр хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг гаргуулж Б.Лхагвасүрэнд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ заставын харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг нь хохироосон, энгийн иргэн Б.Лхагвасүрэн, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэдалай нь бусдад учруулсан гэм хороо хариуцан арилгах үүрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1.6-д зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн-г төрийн тусгай албан хаагчид хамаарахаар заасан. Хугацаат цэргийн албан хаагч нь Монгол улсын Үндсэн хуульд заасан цэргийн албанд дайчилгаагаар татагдан, цэргийн алба хаах үүргээ биелүүлж байгаа Монгол Улсын иргэн бөгөөд төрийн албан хаагчид хамаарахгүй. Хугацаат цэргийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд иргэн Б.Лхагвасүрэн нь нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг, хугацаат цэргийн албан хаагчийн гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан гэм хорыг төр хариуцан арилгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Б.Эрдэнэдалай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул иргэн Б.Лхагвасүрэнгийн эрүүл мэндийн шинжилгээ эм тарианы зардал 3 147 480 төгрөг, нөхөн төлбөр 17 642 700 төгрөг, цаашид cap бүр хариуцагчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас эмчилгээний үнэ 3 861 180 төгрөг, 2005 оны 11 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 42 898 580 төгрөг, цаашид cap бүр нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр болж, хэргийн оролцогчдоос ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул хэрэг хэлэлцэж эхэлсэн бөгөөд зохигчид мэтгэлцэн, шүүх хэрэгт цугларсан баримт бичгийг судалж, шинжээчийн дүгнэлтийг уншиж сонсгон, иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ гарган, шүүх хуралдаанд уншиж сонсгосны дараа даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон юм.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гаргаагүй бөгөөд харин шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 15:00 цаг хүртэл хойшлуулах тухай тогтоол гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хуралдааныг хойшлуулах үндэслэлээ ...хариуцагчийн төлөөлөгч итгэмжлэлээ хуулийн шаардлага хангуулан ирүүлэх шаардлагатай" гэж танилцуулсан.

Анхан шатны шүүхийн дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно, 115 дугаар зүйлийн 115.2-т "Анхан шатны шүүх хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан журмыг ноцтой зөрчсөн байна. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүнжидмаа ирээгүй байхад түүнийг оролцож, тайлбар гаргасан мэтээр шийдвэрт тусгасан нь бодит байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт ...Б.Эрдэнэдалай нь ... цэргийн жинхэнэ албан хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагчид хамаарахгүй, ... Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг...-ийн офицер, ахлагч" төрийн тусгай албан хаагчид хамаарахаар хуульчилсан, ...Б.Эрдэнэдалайн хугацаат цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Иргэний хуулийн 498.1-д заасан төрийн албан хаагчтай адилтган үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, үр дагаврыг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт хариуцуулах үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна.

Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасан төрийн албан хаагч гэсэн ойлголтод хамаарах этгээдүүд нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан төрийн тусгай албан тушаалтан гэх ойлголтод хамаарах этгээдүүдээс илүү өргөн хүрээтэй юм. Тодруулбал төрийн албан тушаалтан бүр төрийн албан хаагч байх боловч, харин төрийн албан хаагч бүр заавал төрийн албан тушаалтан байна гэж ойлгож болохгүй. Гэтэл анхан шатны шүүх төрийн "албан хаагч"-ийг төрийн "албан тушаалтан"-тай адилтган, Иргэний хуулийн заалтыг хэт явцууруулан хуулийг буруу тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлан зөрчих үндэслэл болжээ.

Үндсэн хуулийн Арваннэгдүгээр зүйлийн 1-д Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн. гэж заасан. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д цэргийн байгууллага гэж Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй, эрх зүйн нийтлэг хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг төрийн байгууллагыг", 5 дугаар зүйлийн 5.2-т "Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино", 6 дугаар зүйлийн 6.1-д "Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах нь төрийн үүрэг мөн. Төр нь улсыг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлнэ.", 8 дугаар зүйлийн 8.1-д "Монгол Улсын төрийн цэргийн байгууллын тогтолцоо нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэнэ." гэж заасан. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д улсын хил хамгаалах байгууллага гэж Монгол Улсын хэмжээнд улсын хил хамгаалалтыг зохион байгуулах, удирдах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, түүний харьяа хилийн цэргийн анги, салбарыг гэж тус тус заасны дагуу хилийн цэргийн анги, байгууллага нь цэргийн байгууллага мөн бөгөөд тэдгээрийг төрийн байгууллага гэж үзэх бүрэн үндэстэй.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хилийн цэргийн алба хаагчийн алба хаах, тэдгээрийн эрх зүйн байдлыг Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон энэ хуулиар зохицуулна." гэж заасан.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т цэргийн жинхэнэ алба гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.8-д .хугацаат цэргийн алба хаагч гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг", 6 дугаар зүйлийн б.2-т Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ., 7 дугаар зүйлийн 7.3-т Хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно. гэж заасан болно.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд иргэн Д.Эрдэнэдалай нь гэмт хэрэг үйлдэх үедээ цэргийн байгууллага (төрийн байгууллага)-д хугацаат цэргийн алба (төрийн алба)-ыг биеэр хааж байх үедээ нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд гэм хор учруулсан гэж үзэх үндэстэй юм. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт ...Б.Эрдэнэдалай нь ... бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, төрийн баталгаагаар хангагдах этгээд биш юм гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь цэргийн албан хаагч нь Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах, 5.1.7-т цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлоо хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх нийтлэг эрхтэй бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох, 7.1.12-д хугацаат албаны байлдагч, түрүүч, цэргийн сургуулийн сонсогч, сурагчийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг төр хариуцах, 7.1.18-д цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтсэн, эрүүл мэнд нь хохирсон бол эмчилгээний зардал, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд тэтгэмж, үндсэн цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэсэн зардлыг төр хариуцах, 7.1.20-д хугацаат цэргийн алба хаагчийн шуудангийн үйлчилгээний зардлыг цэргийн анги, байгууллага хариуцах гэсэн давуу эрхийг эдэлдэг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цэргийн алба хаагчид цалин хөлс олгоно" 9.6-д Цэргийн алба хаагчид хууль тогтоомжид заасан бусад нэмэгдэл, урамшууллыг олгож болно" гэсний дагуу цалин хөлс авах зэрэг нөхцөл баталгаа, эрхээр хангагдсан этгээд болно.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу уг гэм хорыг Д.Эрдэнэдалайн алба хааж байсан хилийн цэргийн 0245 дугаар ангийн харьяалан удирдан зохион байгуулах төрийн захиргааны дээд байгууллага болох Хил хамгаалах ерөнхий газар хариуцан арилгах үүргийг хүлээх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Лхагвасүрэн нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан эмчилгээний зардалд 3 861 180 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нөхөн төлбөрт 42 898 580 төгрөг, цаашид нөхөн төлбөрийг сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон гаргуулахаар шаардсынг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ Б.Эрдэнэдалай нь 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр заставын харуулын байрыг орхин явж, өс хонзон авах зорилгоор харуулын дарга, ахлагч Н.Нандин-Эрдэнийг 2005 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө АКМ буугаар буудаж амь насыг хохироосон, иргэн Б.Лхагвасүрэн, байлдагч Б.Отгонбат нарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Түүний гэм буруутай үйлдлийн улмаас Б.Лхагвасүрэнд хохирол учирсан, Б.Эрдэнэдалай хохирол учруулах үедээ хариуцагч байгууллагын харъяа хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан зэрэг үйл баримт нь Увс аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 9-11/

Б.Эрдэнэдалай нь цэргийн жинхэнэ албан хаагч мөн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсэгт заасан төрийн албан хаагчид хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6,11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсэгт нийцсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэдалай нь Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж байсан гэх баримт хэргийн материалд байхгүй.

Увс аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр Хилийн цэргийн 0245 дугаар ангиас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буюу ажил олгогчийн хүлээх хариуцлагын хүрээнд Б.Лхагвасүрэнд гэм хорын хохирол гаргуулж байсан нь хариуцагч Хил хамгаалах ерөнхий газраас Б.Эрдэнэдалайгийн өмнөөс Иргэний хуулийн 498.2 дах хэсэгт зааснаар хохирогчийн гэм хорыг арилгах үүрэг үүссэн гэх нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэхгүй. /хх-12/

Шүүх нэхэмжлэгчийн Хил хамгаалах ерөнхий газраас гэм хорын хохиролд 42 898 580 төгрөг, цаашид cap бүр нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дах хэсгийн Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. гэж заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн энэхүү заалтыг хэрэглэх үндэслэл нь гэм буруутай этгээд төрийн албан хаагч байх, хариуцагч байгууллагын ажилтан байх гэсэн нөхцөл байдал юм. Хэрэгт гэмт хэрэг үйлдсэн Б.Эрдэнэдалайг хариуцагч байгууллагад ажиллаж байсан төрийн албан хаагч гэж үзэх баримт байхгүй болно.

Шүүх 2017 оны 8 дугаар сарын 29-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн ч шүүх бүрэлдэхүүн шинээр нотлох баримт шаардагдсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулсан байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүнжидмаа ирээгүй байхад түүнийг оролцож, тайлбар гаргасан мэтээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг өмгөөлөгч гэж шийдвэрт тусгасан нь бодит байдалтай нийцээгүй хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 101/ШШ2017/02735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ