Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01592

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01592

 

 

Н.Э- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/02405 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Э ХХК-ийн хариуцагч Х.Д д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн болон ашиглалтын зардалд 6 780 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Х.Д , хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав гудамж Санто смарт апартмент орон сууцны 213 дугаар байрны 1502 тоот орон сууцны өмчлөгч нь Н.Э ХХК мөн. Тус компани 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э.Солонготой худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл Э.Солонго орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч компани 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №458, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №12 дугаартай гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлж, гэрээг цуцласан. Х.Д 1502 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна. Нэхэмжлэгч болон Х.Д нарын хооронд орон сууц худалдах, түрээслэх гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа үүсээгүй. Орон сууцны төлбөр аваагүй. Х.Д д орон сууцыг чөлөөлж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч чөлөөлөөгүй. Х.Д Э.Солонгоос орон сууц худалдаж авахдаа орон сууцны өмчлөлийн талаар асууж тодруулаагүй. Э.Солонгод холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Нэхэмжлэгч компани эрүүгийн хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцаа захиран зарцуулж чадахгүй хохирч байна. Иймд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 213 дугаар байр, 1502 тоот орон сууцыг Х.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ. Х.Д 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тус орон сууцанд үнэ төлбөргүй амьдарч үндэслэлгүй хөрөнгөжиж байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу энэ хугацааны түрээсийн төлбөрийг тухайн орон сууцны жишиг үнэлгээгээр тооцож сард 2 200 000 төгрөг, нийт 6 600 000 төгрөг, ашиглалтын зардал сард 40 000 төгрөг, 3 сарын төлбөрт 120 000 төгрөг, нийт 6 780 000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: 1502 тоот орон сууцыг худалдан авахаар Э.Солонготой тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 09-ний 60 000 000 төгрөг төлсөн. Э.Солонго нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Э ХХК-ийн оффисоос гарч ирж орон сууцны түлхүүр өгөхдөө орон сууц худалдах, худалдан авах гэрээ барьсан байсан. Монгол ардын намын сурталчилгаанд сайн ажилласан хүмүүст үнэгүй байр өгнө гэсэн амлалтын хүрээнд байрыг хямдхан өгч байгаа, гэрээ нууц байх ёстой, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах үед худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна гэдэг. Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н.Э ХХК байр чөлөөлөх мэдэгдэл өгсөн. Э.Солонго , Н.Э ХХК зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Нэхэмжлэгч нь Э.Солонготой байгуулсан гэрээгээ цуцалсан гэх боловч хариуцагчийн орон сууцын төлбөрт тооцож өгсөн 60 000 000 төгрөгийг Э.Солонгоос авч компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Түрээсийн болон ашиглалтын зардал 6 780 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь орон сууцны ашиглалтын зардлыг тухай бүрт нь төлдөг байсан. Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй байхад төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй. Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хууль ёсны эзэмшилдээ авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Н.Э ХХК-ийн хариуцагч Х.Д гаас 6 780 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204095770 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн 13312 дугаар гудамж, 213 дугаар байр 1502 тоот хаягт байрлах сууцыг хариуцагч Х.Д гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Д гаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Д гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч байна.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй. Хэдийгээр өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгчид шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө өмгөөлөгчид буяны ажил гарч нотлох баримт гаргаж өгөх боломжгүй болсон. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчөө солих, өмгөөлөгчөөс татгалзаж өөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газраас гаргуулсан нотлох баримтыг хариуцагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэх, нотлох баримтыг шинжлэх судлах зэрэг хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Хариуцагч Х.Д г тухайн орон сууцыг шударгаар олж аваагүй гэж дүгнэхдээ "Нандин-Эрхэм" ХХК болон иргэн Э.Солонго нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Уг гэрээний дагуу Э.Солонго нь орон сууцны түлхүүрийг хүлээн авч эзэмших эрх үүссэн. Э.Солонго Х.Д тай хэлцэл хийсний үндсэн дээр 60 000 000 төгрөг авч, хариуцагч тус орон сууцанд 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж амьдарч эхэлсэн. Нандин-Эрхэм" ХХК үүнийг мэдсээр байж Э.Солонгод түлхүүрээ хүлээлгэн өгсөн. Мөн Х.Д г орон сууцанд амьдарч эхлэхэд хориглоогүй, үйлдлээрээ хүлээн зөвшөөрч цахилгаан, ус зэргийг тавьж өгсөн. Э.Солонгод өгсөн орон сууцны урьдчилгаа болох 60 000 000 төгрөгийг Н.Э ХХК-ийн Хаан банкны 5038086172 тоот дансанд хүлээн авсан нь хариуцагчийг тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшилдээ авсныг нотолдог. Хариуцагч уг маргаантай холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусах хүртэл хэргийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбарлаж, нотолсон байхад шүүх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Э.Солонгод холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, Э.Солонгоос Н.Э ХХК-руу шилжүүлсэн 450 000 000 төгрөгийн хохирлыг төлүүлэх зорилгоор битүүмжилсэн гэх баримтанд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Н.Э ХХК 1502 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд 1502 тоот орон сууц нь Нандин Эрхэм ХХ-ийн өмчлөлийнх гэсэн мэдээлэл тусгагдаагүй. Баригдаж дуусаагүй барилгын өмчлөгчөөр Н.Э ХХК болон ЦМС ХХК бүртгэлтэй байдаг. Шүүх Н.Э ХХК-ийг өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй эсэхийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн. Н.Э ХХК Э.Солонготой байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаврыг гүравдагч этгээд Х.Д д холбогдуулан шаардаж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах, түүний үр дагаврыг арилгах зохицуулалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад ач холбогдолтой байж болох нотлох баримт хэрэгт бүрэн авагдсан эсэхийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Н.Э ХХК Баянзүрх дүүргийн 26-р хороо Санто смарт апартмент орон сууцны 213 дугаар байрны 1502 тоот орон сууцыг хариуцагч Х.Д гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд нийт 6 780 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэргийн 57-59 дүгээр талд Э.Солонгын орон сууцанд хөнгөлттэй нөхцлөөр оруулна гэж Х.Д нарын нэр бүхий хүмүүсээс нийт 233 000 000 төгрөг хуурч мэхлэн авсан гэмт хэрэгт яллагдагчаар татсан Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоол авагдсан байна. Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2021/11951 дүгээр захирамжаар уг хэргийн материалаас Э.Солонгыг яллагдагчаар татсан тогтоол, Н.Э ХХК-ийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах талаар шийдвэрлэсэн албан бичиг, Х.Д г хохирогчоор байцаасан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газар ... Н.Э ХХК-ийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрөл зэрэг нотлох баримтуудыг хуулбарлан хүргүүлэв гэх 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/7175 дугаар албан бичгийг ирүүлсэн боловч хэрэгт зөвхөн Э.Солонгын тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг ирүүлжээ. /хх51-53, 56-67/ Захирамжид заагдсан Н.Э ХХК-ийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой прокурорын зөвшөөрөл байхгүй байна.

Шүүгчийн нотлох баримт гаргуулах дээрх захирамжийн биелэлт бүрэн хангагдсан эсэхийг анхаарч үзэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Уг баримт нь хариуцагчийн ... орон сууцыг Э.Солонгоос 60 000 000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөрийг нь Н.Э ХХК үйл ажиллагаандаа зарцуулсан, Э.Солонго болон Н.Э ХХК зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй ... гэх татгалзлын талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/02405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

А.МӨНХЗУЛ