Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2018/00067

 

 

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

хүсэлт гаргагч Тэнгэрийн өнгө ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хүсэлт гаргагч: Тэнгэрийн өнгө ХХК-д холбогдох,

Тэнгэрийн өнгө ХХК-ийг дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн 69.752.474,6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, хэрэг гүйцэтгэгч А.Энхболд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Тэнгэрийн өнгө ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Манай компани нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Орхон аймгийн Татварын хэлтэст бүртгүүлж, 2011006136 тоот улсын бүртгэлийн, 4371011 тоот регистрийн дугаартай, барилгын засвар, үйлчилгээ явуулах үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан. Уг компани нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилгын их засвар, барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаад Орхон аймгийн татварын хэлтсийн ээлжит шалгалтанд хамрагдан татварын хяналтын улсын байцаагчаас татварын нөхөн төлөлт, алдангийн талаар акт ногдуулсан. Энэ шалтгааны улмаас манай компани нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх зүйн боломжгүй болж цаашид 2009 оны сүүлээс эхлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, бидний үйл ажиллагаа бүр мөсөн зогсонги байдалд ороод 9 жил болж байна. Энэ хугацаанд манай компани нь X тайлан гаргаж, үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүй болж, үйл ажиллагааны хувьд бүрэн дампуураад байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1551 дугаар зүйлийн 1551.1 Үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч, эсхүл үүргээ биелүүлж чадахгүй болсон хуулийн этгээд өөрийгөө дампуурсанд тооцуулахаар тухайн хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хүсэлт гаргана гэсний дагуу хүсэлтээ гаргаж байна дампуурсанд тооцож өгнө үү гэжээ.

Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тэнгэрийн өнгө ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийтдээ 4 853 700 төгрөгийн албан татвар төлсөн байна. Татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар 97 372 600 төгрөгийн төлбөрийг хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, захирал нарт нь танилцуулан гарын үсэг зуруулан гардуулж Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл 34.2 дахь хэсэгт заасны дагуу акт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болсон боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул хугацаа хэтэрсэн өрөнд холбогдуулан тус хэлтсээс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүх шатны шүүх хангаж шийдвэрлэж улмаар нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 800 000 төгрөгийн төлөлт хийгдэж 33 862 200 төгрөгийн хүү, торгууль өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 204201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7 042 074.6 төгрөгийн төлбөрийг Тэнгэрийн өнгө ХХК-ийн захирал Ш.Оюунчимэгт хариуцуулан танилцуулж гардуулсан. Зөрчлөөр илэрсэн төлбөрөө хүлээн зөвшөөрсөн боловч татвар төлөх үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулсан байгаа атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаасаа татгалзаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 62 710 400 төгрөг, нэмж нэхэмжлэх 7 042 074.6 төгрөг нийт 69 752 474.6 төгрөгийг Тэнгэрийн өнгө ХХК-с гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

1. "Тэнгэрийн өнгө" ХХК нь барилгын засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан боловч зөвхөн төсвөөс санхүүжилттэй тендер, хөрөнгө оруулалтаар барилга барих, засвар үйлчилгээ эрхлэх гэсэн ганц чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Үйл ажиллагааны өөр чиглэл байхгүй, зорилт, зорилго, эдийн засгийн тооцоолол төлөвлөлт байгаагүй байна. Тендер, сонгон шалгаруулалтаар шалгарах боломжгүй болсон үед тэдний үйл ажиллагаа зогсох хэмжээнд бусдаас хамааралтай ажиллаж байсан нь гол эрсдэл болсон байна.

2. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл, Татварын ерөнхий хуулийн 18.1-р зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлийг тус тус зөрчиж бараа ажил үйлчилгээндээ татвар ногдох орлого бууруулсан үйлдэлдээ ТУБ-ийн актаар нөхөн татвар, хүү, торгууль төлөх болсон байна.

3. Хариуцагчийн ХХБанкин дахь болон Ариг банкин дахь харилцах дансаар ихээхэн хэмжээний орлого орж ирсэн байх боловч компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, татварын өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачлагагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болжээ.

Удирдлагын үйл ажиллагааны талаархи дүгнэлт:

"Тэнгэрийн өнгө ХХК-ийн удирдлага нь аж ахуй хариуцан авч явах удирдлагын ур чадваргүй, санхүүгийн мэдлэг дутмаг, үйл ажиллагаанаас орж ирсэн орлогыг төлөвлөгөөгүй зарцуулсан, эргэлтийн хөрөнгийн хуримтлал үүсгээгүй, татварын өглөг төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, үйл ажиллагааны зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй дампуурч байгаа нь удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна. Үйл ажиллагаа явуулж буй хугацаанд ихээхэн хэмжээний орлого олсон боловч зарцуулалт, хөрөнгө оруулалтын үр ашиг, санхүүгийн сахилга бат хангалтгүй, төлөвлөлт төлөвлөөгүй ажилласан удирдлагын цэвэр алдаатай бодлого байжээ.

Тэнгэрийн өнгө ХХК-ийн төлбөрийн чадварын талаархи дүгнэлт

1.Санхүүгийн тайлангийн тухайд хэрэгт авагдсан сүүлийн буюу 2017 оны жилийн эцсийн тайлан нь Х тайлан байх ба 2010 оны тайланг нь үндэслэн дүгнэлт гаргах шаардлагатай болж байна.

2.Улсын Дээд Шүүхийн 2000 оны 1-р сарын 19-ний өдрийн Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино" гэж заасны дагуу Орхон аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011оны 10-р сарын 05-ны өдрийн 201104 тоот актын дагуу нэхэмжилж буй 69,752,474.60 төгрөгийг хариуцагчийн өөрийн хөрөнгийн 10%-аас дээш буюу Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсгийн заалтад бүрэн хамаарч байна. "Тэнгэрийн өнгө ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэхийг тооцоход Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д ... Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно... гэж зааснаар шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримтад хийсэн дээрх судалгаанд тулгуурлан тус "Тэнгэрийн өнгө ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэсэн.

Тэнгэрийн өнгө ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар санал

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн тус "Тэнгэрийн өнгө ХХК нь 2010 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс "Тэнгэрийн өнгө ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37-р зүйлийн 37.1-д Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болно гэж заасны дагуу хариуцагчийн Орхон аймгийн Татварын хэлтсийн өмнө хүлээсэн 69,752,474.60 төгрөгийн үүрэг дуусгавар болох юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1.-д заасныг баримтлан Тэнгэрийн өнгө ХХК /улсын бүртгэлийн дугаар 2011006136, регистрийн дугаар 4371011/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тэнгэрийн өнгө ХХК-ийн хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Тэнгэрийн өнгө ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн зөрчлийн хуулиар ногдуулсан төлбөр 7 042 074.6 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 62 710 400 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан Тэнгэрийн өнгө ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын дарга М.Ганчулуун, шүүгчийн туслах Ө.Энхбаатар нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч Тэнгэрийн өнгө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдсан гомдолдоо:

Шүүх Тэнгэрийн өнгө ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг 2017.10.13-ны өдөр хүлээн авч, 2017.10.17-ны иргэний хэрэг үүсгээд 2017.12.15-ны өдрийн дугаар 142/Ш32017/05843 тоот захирамжаар Тэнгэрийн өнгө ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон захирамж гаргасан байна. Энэ захирамжийг процессийн хувьд алдаатай гарсан гэж үзэж байгаа. Төлбөрийн чадвартай эсэх, дампууруулах үндэслэлтэй эсэх холбогдох ямар ажиллагааг үндэслэл болгосон гэхэд ойгомжгүй байгаа юм. Зүй нь эхлээд төлбөрийн чадвартай эсэхийг тогтоосон ажиллагаа явагдсаны дараа дээрх захирамж гарсан бол илүү үндэслэл бүхий бөгөөд хэрэг хянан ажиллагааны дараалалд нийцэхээр байна гэж үзэж байна. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн гол үндэслэл, баримтууд хангалтгүй бөгөөд учир дутагдалтай байна гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн зайлшгүй тодруулах шаардлагатай, авах шаардлагатай хууль ёсны эрх бүхий байгууллагаас гарах баримтуудыг үндэслээгүй баримт гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл санхүү, төрийн сангийн хэлтсээс баталгаажуулдаг жил бүрийн санхүүгийн тайланд огт дурьдаагүй, үндэслэл болгоогүй. Санхүүгийн тайлангийн тухайд 2010 оны тайланг үндэслэл болгосон гэж үүрэг гүйцэтгэгч тайлбарласан. Гэтэл 2012 онд тус компаний харилцах дансаар орлого орсон байна. Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш ямар ч орлогогүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар ойлгомжгүй бөгөөд няцаагдах шинжээр илэрч байна. Мөн санхүүгийн тайланг хаанаас, эрх бүхий байгууллагын нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулж авсан тодорхойгүй байсан юм. Тэнгэрийн өнгө ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш туйлын хариуцлагагүй буюу хангалтгүй байдлаар татварын харилцаанд орж байсан. Өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн байгаа юм. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч биелүүлээгүй. өнөөгийн байдлаар татвар төлөгчийг дампууруулж хуулийн хариуцлага, үүргээс нь чөлөөлж шийдвэрлэж байгаа нь бусад аж ахуйн нэгжийн хувьд шударга бус, тэгш бус татварын харилцаа болж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Тэнгэрийн өнгө ХХКомпани нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд оролцох эрх зүйн боломжгүй болж цаашид 2009 оны сүүлээс эхлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, бидний үйл ажиллагаа бүр мөсөн зогсонги байдалд орж улмаар үндсэн болон эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлтийг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүх Тэнгэрийн өнгө ХХКомпани нь хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа гаргуулж, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5843 дугаар шүүгчийн захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, нийтэд мэдээлэхийг даалгаснаар аймгийн Нар туссан цаг сонинд уг мэдээлэл нийтлэгдсэн, 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн № 589 дүгээр захирамжаар Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус аймгийн Татварын хэлтэс нь татварын өр 69.752.474,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан № 05 тоот дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ба шүүх дээрх дүгнэлийг үндэслэж Тэнгэрийн өнгө ХХКомпанийг дампуурсанд тооцож, татан буулгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Тэнгэрийн өнгө ХХКомпанийг дахин хөрөнгөжүүлэх санал ирүүлээгүйгээс гадна хэрэг гүйцэтгэгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй гарсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан ...хүчин төгөлдөл шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ч биелүүлээгүй. өнөөгийн байдлаар татвар төлөгчийг дампууруулж хуулийн хариуцлага, үүргээс нь чөлөөлж шийдвэрлэж байгаа нь бусад аж ахуйн нэгжийн хувьд шударга бус, тэгш бус татварын харилцаа болж байна гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүх татварын төлбөр 7 042 074 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 62 710 400 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч Татварын хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох татварын төлбөр 62.710.400 төгрөгийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татвар 7.042.074 төгрөгийг Тэнгэрийн өнгө ХХКомпаниас гаргуулж Татварын хэлтэст олгож, энэхүү шийдвэрээр төлөгдөх 7.042.074 төгрөг, анхан шатны шүүхийн .... дугаар шийдвэрийн дагуу төлөх татварын өр 62.710.400 төгрөг бүрэн хангагдаагүй тохиолдолд төлөгдөх үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурьдаж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 142/ШШ2018/00351 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг .... Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Тэнгэрийн өнгө ХХК-ийн татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн зөрчлийн хуулиар ногдуулсан төлбөр 7 042 074 төгрөг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа татварын өр 62 710 400 төгрөгийн үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай ... гэснийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу хариуцагч Тэнгэрийн өнгө ХХКомпаниас гаргуулж нэхэмжлэгч тус аймгийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтсийн 62 710 400 төгрөг гаргуулах тухай хариуцагч Тэнгэрийн өнгө ХХКомпанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийдвэрийн дагуу төлөгдөх татварын өр-62.710.400 төгрөг, нэхэмжлэгч Татварын хэлтэст төлөгдөх 7 042 074 төгрөгний төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд хангагдаагүй үнийн дүнгээр үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурьдсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ