Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 203

 

Б.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1745 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаар магадлалтай, Б.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ид холбогдох эрүүгийн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдлүүдээс 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгоно гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжээр үйлдэгдэх ба эдгээрийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг үйлдсэн нь нийт 3 удаа байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”- ийг байнга: зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардана гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний байнга гэсэн шинжийг хангахад дээрх хоёр хуулийн ижил шинжүүдээс давтагдаж буй шинжүүдээр дүгнэлт хийх хүрээгээ тогтоож байх нь зөрчил ямар тохиолдолд гэмт хэрэгт шилжиж байгааг тодорхойлох хууль зүйн үндэслэл болно.

Дээрх байдлаас дүгнэвэл Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжийг бүрэн агуулж байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул ...магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Б.Б-ийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байх шинжийг бүрэн хангасан байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй. Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал хэлсэн саналдаа “...Б.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхнэрээ зодсон гэх үйлдэл нь бүрэн нотлогдоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй. Мөн Б.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 05 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар баривчлагдсан. Улмаар Б.Б-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эхнэрээ хэл амаар доромжилж, гэдсэнд нь өшиглөсөн гэх үйлдлийг дээрх хоёр үйлдэлтэй холбож байнга үйлдсэн гэж дүгнэсэн нь буруу буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 02, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны ... тоотод өөрийн эхнэр Э.Д г өшиглөж, цохиж зодсон,

мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” хотхоны ... тоотод өөрийн эхнэр Э.Д г “хүүхдээ унтуул л даа янхан минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж, зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Э.Д г зодсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврээр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр Э.Д г зодсон үйлдэл шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдийн сэдэлт, зорилгыг тодорхойлсон боловч уг үйлдлүүдийн хоорондох хугацааны хамаарлыг нарийвчлан тодорхойлоогүйгээс энэ төрлийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн байх тул  энэхүү эргэлзээ, маргааныг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байх зарчмыг баримтлан дараах тайлбар, хууль хэрэглээний жишиг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

Энэхүү гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” нь тооны давтамжаас  хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл /легитим/ болно.

Зөрчлийн тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэл нь  гурав, түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаагаас үүдэлтэй юм.

Б.Б-ийн 3 удаагийн зөрчлийн тухайд тоо болон  хууль зүйн шинжээрээ гэмт хэрэг гэж дүгнэх хууль зүйн шалтгаант холбоо үүссэн, тухайлбал үйлдлүүдийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасарч урдах үйлдлүүдийг сүүлийн үйлдэлтэй нэгтгэж, эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болсон гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзнэ.

Харин давж заалдах шатны шүүх Б.Б- нь холбогдсон гэмт хэргийнхээ 2 үйлдэлдээ баривчлах шийтгэл хүлээсэн байх тул гэр бүлийн хүчирхийллийг “байнга” үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Ямар ч хүнийг үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хуулийн дагуу эцэслэн шийтгэсэн буюу цагаатгасан тохиолдолд тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэхийг хориглодог Double jeopardy /Ne bis in idem/ гэсэн Эрүүгийн эрх зүйн онолын зарчмыг НҮБ-аас баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн  7 дахь хэсэг, Ромын дүрмийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр тогтоож, нийтээр хүлээн зөвшөөрч хэм хэмжээ тогтоосон бөгөөд Монгол Улс уг зарчмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангидаа тухайлан хуульчилж, тусгажээ.

Монгол Улс уг зарчмыг Эрүүгийн хуульдаа “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж тусгасан нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин шийтгэхийг хориглосон агуулгыг илэрхийлсэн бөгөөд Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж  буй энэхүү гэмт хэргийн тохиолдол дээрх зарчимд хамааралгүй гэж үзнэ.

Зөрчилд шийтгүүлсэн нь нэг удаагийн тохиолдол бөгөөд тэрхүү зөрчлийн үйлдэл дангаараа гэмт хэргийн шинжийг хангаж чадахгүй ч өөр бусад ижил тохиолдлуудтай нэгдэж гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тохиолдолд зөрчилдөө шийтгүүлсэн нь хууль бус үйлдлийн цаана хамгаалагдаж буй харилцааг Эрүүгийн хуулиар хамгаалах зорилгыг хязгаарлах үндэслэл болохгүй.

Хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

Эрх зүй нь зүй бус, хууль бус үзэгдлийг ямагт хүлээн зөвшөөрч болохгүй бөгөөд түүнд хариуцлага хүлээлгэх асуудлыг эрэмбэлж, илэрч буй аюултай түвшин, зүй тогтлоос нь шалтгаалан эрүүжүүлэх, хариуцлагыг хүндрүүлэх зарчим, бодлого цөөнгүй бөгөөд энэхүү ойлголт, ухагдахууныг хууль тогтоогч тооцож, хуульчилсан байна. 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1745 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР