Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

2020                1             16                                          2020/ДШМ/83

 

 

Б.Б-ид холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-ид холбогдох эрүүгийн 1906052482275 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Иш овгийн Б.Б-, 19.. оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт, Өвөрхангай аймгийн ................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн .......... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../;

            Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 2, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн ......... тоотод өөрийн эхнэр Э.Долгорсүрэнг өшиглөж, цохиж зодсон,

            мөн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... тоотод өөрийн эхнэр Э.Долгорсүрэнг “хүүхдээ унтуул л даа янхан минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж, зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б-ид оногдуулсан 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Б.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Амаржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Б- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралд үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн заалтыг шүүх хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь Э.Долгорсүрэн нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан хүсэлтдээ “... миний бие нөхөр Бямбадоржтой хэрэлдэж улмаар цагдаад өргөдөл гаргасан. одоо бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж бичиж, мөн шүүх хуралд “миний зүгээс гомдолгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсээр байтал 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Бямбадоржийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж байна.  Э.Долгорсүрэн, Б.Б- нар гэр бүлийн маргаанаа ойлголгүйгээр амаар цагдаагийн байгууллагад хандсанаар уг асуудал нь хүндэрч ял авах хэмжээнд хүрсэн байна. Хэрэв Б.Б- нь хорих ялаар шийтгүүлвэл уг гэр бүл нь салах болж байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-ид анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Маш их айж байна. Эхнэр, хүүхдээ санаж байна. 6 сарын хорих ялыг сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Долгорсүрэн, гэрч Дуламжав нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 73, 990 дугаартай шийтгэвэр, Цагдаагийн байгууллагын хайлтын системийн лавлагаа, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Шүүгдэгч Б.Б-ид шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлан гаргах санал байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Шүүгдэгч Б.Б-ийг 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд өөрийн эхнэр Э.Долгорсүрэнг өшиглөж зодсон, мөн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж цохиж зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд түүнийг дээрх хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь буруу болжээ.

            Учир нь, Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 73, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ЗШ/990 дугаартай шийтгэврүүдээр шүүгдэгч Б.Б-ийн холбогдож байгаа энэ гэмт хэргийнх нь хоёр үйлдэлд нь буюу 2018 оны 12 дугаар сарын 2, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд эхнэр Э.Долгорсүрэнг зодсон зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар 7 болон 30 хоногийн хугацаагаар тус тус баривчлах шийтгэл ногдуулсан болох нь тогтоогджээ.

            Харин, түүний 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур” хотхоны 1-33в тоотод өөрийн эхнэр Э.Долгорсүрэнг “хүүхдээ унтуулаач янхан минь” гэж хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж зодсон үйлдлийг дээрх хоёр үйлдэлтэй холбож, гэр бүлийн хүчирхийллийг “байнга” үйлдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай төдийгүй түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.            

            Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

            Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан “Б.Б-ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх” тухай давж заалдах гомдол үндэслэлгүй тул уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1745 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Б.Б- нь 50 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, түүнд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд магадлалын биелэлтийг түдгэлзүүлж, хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ