Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 207/МА2018/00073

 

 

Ц.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Лхагвасүрэнд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ц.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Лхагвасүрэнд холбогдох,

Зээлийн төлбөр 7.660.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч С.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.Лхагвасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Лхагвасүрэн 2015.01.09-ний өдөр надаас 4.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэж аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироосоор байна. С.Лхагвасүрэнгээс авах ёстой төлбөрөө тооцвол үндсэн төлбөр 4.000.000 төгрөг, зээлийн хүү 2.160.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 8.160.000 төгрөг авахаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500.000 төгрөг төлөөд түүнээс өөр төлбөр хийгээгүй учир нийт төлөх төлбөрөөс нь түүний төлсөн мөнгийг хасаад 7.660.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч С.Лхагвасүрэн 2014.10.09-нд "АНДЫН СОР" ХЗХ-ээс 1.500.000 төгрөгийг өөрийнхөө төрсөн дүү С.Жаргалсайханаараа гуйлгуулж байж барьцаанд нь өөрийнхөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тавьж мөн л надаар 1.500.000 төгрөгийг хоршооноос авахуулж надтай иргэд хоорондын зээлийн гэрээ хийгээд төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Энэ үедээ орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад явсан.2015.01.09-ний өдөр С.Лхагвасүрэнгийн төрсөн дүү З.Жаргалсайхан надтай уулзаад нөгөө дүүд маань 4.0 сая төгрөг хэрэгтэй байна. Барьцаанд нь орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ тавиад авна гэхээр нь би зөвшөөрч мөн өдрөө "АНДЫН СОР" ХЗХ-оос 4.0 сая төгрөг аваад зээлдэгч гэсэн нэрнийхээ доод талд С.Лхагвасүрэнгээр гарын үсэг зуруулаад өөрөө С.Лхагвасүрэнтэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийсэн. Би "АНДЫН СОР" ХЗХ-той 4.0 сая төгрөгийн гэрээ байгуулаад кассаас мөнгөө авалгүй шууд С.Лхагвасүрэнтэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулчихаад С.Лхагвасүрэнг касс Б.Алтанцэцэгээс 4.0 сая төгрөгөө ав гээд кассаар дамжуулан 4.0 сая төгрөгийг өгсөн. Иймд С.Лхагвасүрэнгээс үндсэн төлбөрт 4.0 сая төгрөг, зээлийн хүүд 1.660.000 төгрөг, алданги 2.0 сая төгрөг нийт 7.660.000 төгрөг гаргуулан Ц.Нямсүрэн надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2015 онд Ц.Нямсүрэн гэдэг хүнээс ямар ч зээл аваагүй энэ хүний барааг нь ч хараагүй танихгүй болно. Харин 2014.10.09-ний өдөр Андын сор ХЗХ-оос 1.500.000 төгрөгийн зээл аваад буцааж төлж дуусгасан юм. Ингэхдээ өөрийн өмчлөлийн Хүрэнбулаг багийн 4-20-66 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьсан байсан бөгөөд буцааж гэрчилгээгээ одоо хүртэл аваагүй болно. Харин миний дүү С.Жаргалсайхан нь манай хашаа байшингийн гэрчилгээг намайг зээл авахаас өмнө барьцаанд тавьж тус хоршооноос зээл авсан байсан бөгөөд 2014 оны 10 хүүхэд хурим хийх гээд мөнгө яаралтай хэрэг болж дүүдээ хэлээд тэгээд л тус хоршооноос 1.500.000 төгрөгийг байрныхаа гэрчилгээг тавьж зээлсэн юм. Өөр ямар ч зээл авч байгаагүй. Сургийг нь сонсоход энэ хүн Андын сор ХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэж сонслоо. Иймээс энэ хүн миний ХЗХоршоонд бүрдүүлж өгсөн баримтуудыг ашиглан засварлаж энэхүү энэхүү нэхэмжлэлийг гаргажээ гэж ойлгож байна. Иймд Ц.Нямсүрэнгээс 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эх хувийг, мөн 2014 оны 10 сарын 09-ны өдөр 1 500 000 төгрөгийг Андын сор ХЗХ-оос зээлсэн зээлийн гэрээний эх хувийг Андын сор ХЗХ-оос тус тус гаргуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнгээс 7.660.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нямсүрэнд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137.510 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 137.510 төгрөг гаргулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо:

Миний бие Ц.Нямсүрэнгээс болон Андын Сор ХЗХ-ноос 4.000.000 төгрөгийг зээлж аваагүй. Би 2014.10.09-нд Андын Сор ХЗХ-ноос 1.500.000 төгрөг зээлж аваад 2015.11.16-нд төлж дууссан гэсэн баримт тодорхойлж ирүүлсэн байгааг хараад маш их гайхсан. Уг нь би 8 сард хамгийн сүүлд 1.000.000 төгрөгийг дүү Жаргалсайханд өгсөн. Гэтэл 2015.01.06-нд Андын Сор ХЗХ-ноос 4.000.000 төгрөгийг Ц.Нямсүрэн зээлийн гэрээ хийгээд мөнгийг хүлээж авсан баримт дээр болохоор миний гарын үсгийг маш адилхан дуурайлган зурсан байна. Мөн зээлийн гэрээний доор миний нэрийг бичээд гарын үсгийг дуурайлсан зурсан. Тэгэхээр нэхэмжлэгч нь Ц.Нямсүрэн юм уу эсвэл Андын Сор ХЗХ юм уу? Одоо Андын Сор ХЗХ-нд Ц.Нямсүрэн 3.500.000 төгрөг төлсөн гэж нярав Г.Алтанчимэг нь хэлж байна. Мөн миний гэрчилгээг аваад явсан байна. Андын Сор ХЗХ эсвэл Ц.Нямсүрэн миний гарын үсгийг дуурайлгаж зурсан гэж бодож байна. Ц.Нямсүрэн өөрөө шүүх хуралдаанд орохгүй байгаа нь учиртай гэж бодож байна. Ц.Нямсүрэн Андын Сор ХЗХ хоорондоо мөнгөний өгөө аваагаа надад зээл өгсөн байдлаар тохож миний гарын үсгийг дуурайлган зурсан гэж үзэж байна. Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Нямсүрэн зээлийн гэрээний дагуу зээл-4.000.000 төгрөг, зээлийн хүү-2160.000 төгрөг, алданги-2.000.000 бүгд 8.160.000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн -500.000 төгрөгийг хасч улмаар нийт 7.660.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч С.Лхагвасүрэн ...мөнгө зээлж аваагүй.. гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр нэхэмжлэгч Ц.Нямсүрэнгээс 4.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан болох нь тогтоогдсон ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу зөв үнэлсан байна.

Хариуцагч С.Лхагвасүрэн мөнгө зээлж аваагүй, гарын үсэг хуурамч гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолж чадааагүй ба шүүх нотолгооны чиг үүргийг хариуцагчид ногдуулсныг буруу гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч С.Лхагвасүрэн нэхэмжлэгч Ц.Нямсүрэнгээс мөнгө зээлж аваагүй гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул түүний гаргасан ...хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137.510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ