Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/01712

 

 

Ц.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Л-д холбогдох,

Зээлийн төлбөр 7 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Л-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Л 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надаас 4 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэж аваад өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо хийхгүй намайг хохироосоор байна.

С.Л-гээс авах ёстой төлбөрөө тооцвол үндсэн төлбөр 4 000 000 төгрөг, зээлийн хүү 2 160 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг нийт 8 160 000 төгрөг авахаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг төлөөд түүнээс өөр төлбөр хийгээгүй учир нийт төлөх төлбөрөөс нь түүний төлсөн мөнгийг хасаад 7 660 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч С.Л 2014 оны 10 дугаар сарын 09-нд “Андын сор" ХЗХ-оос 1 500 000 төгрөгийг өөрийнхөө төрсөн дүү С.Жаргалсайханаараа гуйлгуулж байж барьцаанд нь өөрийнхөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг тавьж мөн л надаар 1 500 000 төгрөгийг хоршооноос авахуулж надтай иргэд хоорондын зээлийн гэрээ хийгээд төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Энэ үедээ орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ аваад явсан. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Л-гийн төрсөн дүү З.Жаргалсайхан надтай уулзаад нөгөө дүүд маань 4 сая төгрөг хэрэгтэй байна. Барьцаанд нь орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээгээ тавиад авна гэхээр нь би зөвшөөрч мөн өдрөө “Андын сор” ХЗХ-оос 4.0 сая төгрөг аваад зээлдэгч гэсэн нэрнийхээ доод талд С.Л-гээр гарын үсэг зуруулаад өөрөө С.Л-тэй иргэд хоорондын зээлийн гэрээ хийсэн. Би “Андын сор” ХЗХ-той 4.0 сая төгрөгийн гэрээ байгуулаад кассаас мөнгөө авалгүй шууд С.Л-тэй иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулчихаад С.Л-г касс Б.Алтанцэцэгээс 4.0 сая төгрөгөө ав гээд кассаар дамжуулан 4.0 сая төгрөгийг өгсөн.

Иймд С.Л-гээс үндсэн төлбөрт 4.0 сая төгрөг, зээлийн хүүд 1 660 000 төгрөг, алданги 2.0 сая төгрөг, нийт 7 660 000 төгрөг гаргуулан Ц.Н надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь миний бие 2015 онд Ц.Н гэдэг хүнээс ямар ч зээл аваагүй энэ хүний барааг нь ч хараагүй танихгүй болно.

Харин 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Андын сор” ХЗХ-оос 1 500 000 төгрөгийн зээл аваад буцааж төлж дуусгасан юм. Ингэхдээ өөрийн өмчлөлийн Хүрэнбулаг багийн 4-20-66 тоот байрны гэрчилгээг барьцаанд тавьсан байсан бөгөөд буцааж гэрчилгээгээ одоо хүртэл аваагүй болно.

Харин миний дүү С.Жаргалсайхан нь манай хашаа байшингийн гэрчилгээг намайг зээл авахаас өмнө барьцаанд тавьж тус хоршооноос зээл авсан байсан бөгөөд 2014 оны 10 сард хүүхэд хурим хийх гээд мөнгө яаралтай хэрэг болж дүүдээ хэлээд тэгээд л тус хоршооноос 1 500 000 төгрөгийг байрныхаа гэрчилгээг тавьж зээлсэн юм. Өөр ямар ч зээл авч байгаагүй. Сургийг нь сонсоход энэ хүн “Андын сор” ХЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн гэж сонслоо. Иймээс энэ хүн миний ХЗХоршоонд бүрдүүлж өгсөн баримтуудыг ашиглан засварлаж энэхүү нэхэмжлэлийг гаргажээ гэж ойлгож байна.

Иймд Ц.Н-гээс 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээний эх хувийг, мөн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1 500 000 төгрөгийг “Андын сор” ХЗХ-оос зээлсэн зээлийн гэрээний эх хувийг “Андын сор” ХЗХ-оос тус тус гаргуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дүгээр шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Л-гээс 7 660 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 510 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 137 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Л-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Л-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 137 510 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Миний дүү С.Жаргалсайхан миний хашаа байшингийн гэрчилгээг анх “Андын cop” ХЗХ-нд барьцаанд тавьж мөнгө зээлсэн юм. Дараа нь би дүүдээ хэлээд 2014 онд хүүхдийн хурим хийх гээд 1 500 000 төгрөгийг байрныхаа гэрчилгээг тавьж зээлсэн. Өөрөөр мөнгө зээлж аваагүй. Ц.Н гэдэг хүнээр дамжуулж зээл авах ч шаардлагагүй, өөрөө очоод авах боломжтой. Тэр зээлийн гэрээн дээр миний гарын үсгийг маш чадварлаг зурсан байна лээ. Уг нь миний гарын үсгийг ямар хүн дуурайлгаж зурсныг тогтоож болох байсан. Гэтэл ганцхан надаар зуруулаад л явуулчихсан. Үүнээс болоод жинхэнэ мөнгө авсан хүнийг олж болохгүй болсон гэж үзэж байна.

Ер нь Ц.Н гэдэг хүн надтай зээлийн гэрээ хийгээд “Андын Cop” ХЗХ надад 4 000 000 төгрөг хүлээлгэж өгсөн юм бол 3 жил шахмын хугацаанд яагаад нэг ч удаа надаас мөнгөө төлөхийг шаардаж уулздаггүй юм бэ. Ц.Н нь “Андын cop” хоршоонд 3 500 000 төгрөг төлсөн гээд байсан. Тэгээд яагаад надаас илүү мөнгө нэхээд байгаа юм бэ. Жинхэнэ мөнгөний эзэн нь “Андын cop” хоршоо юм уу, Ц.Н юм уу. Би энэ хоршооны гишүүн биш. Гишүүн биш хүнд зүгээр мөнгө өгөөд явуулах уу гэх мэтчилэн олон асуултыг шүүх анхаарч үзээгүй.

...шүүх Нямсүрэнгийн гаргаж өгөөд байгаа надтай байгуулсан гэх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ мөн үү, энэ хүн хоршооноос мөнгө хүлээж аваад надад өгсөн баримт байхгүй байхад бидний хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байгааг, мөн хоршооноос намайг мөнгө хүлээж авсан гэсэн баримт гаргаж өгөөд байгаа нь хоршоо нэхэмжлэгч юм биш үү гэх зэрэг нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Тэхдээ хэдийгээр би гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаж байгаа ч хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж байгаа юм бол миний дээр хэлээд байгаа хүчин төгөлдөр гэрээ мөн үү гэдгийг л анхаарах байлаа.

Иймд хэргийг хянаж шийдвэр магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Ц.Н нь хариуцагч С.Л-гээс зээлийн гэрээний үүрэгт 7 660 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бол хариуцагч С.Л шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээл аваагүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.  

Нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн төлбөр 4 000 000 төгрөг, зээлийн хүү 1 660 000 төгрөг, алданги 2 000 000 төгрөг, нийт 7 660 000 төгрөг гэж тодорхойлсон ба нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагчтай 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг заажээ.

Уг гэрээнд зээлдүүлэгч Ц.Н зээлдэгч С.Л-д 4 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4,5 % хүүтэй зээлүүлэх талаар заасан байна.

Дээрх гэрээгээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхийн тулд гэрээний дагуу мөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжсэн байх учиртай. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог болно.

Хоёр шатны шүүх зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийнх мөн эсэх байдлыг дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжсэн, зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар хариуцагч С.Л нэхэмжлэгч Ц.Н-д зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэгтэй гэж үзэх дүгнэлтийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болжээ.

Шүүх “Андын сор” ХЗХ-оос 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Н-д “зээл олгох \5%\” гэх гүйлгээний утгатай 4 000 000 төгрөгийн баримтыг хариуцагч С.Л-гийн Ц.Н-гээс 4,5%-ийн хүүтэй 4 000 000 төгрөг зээлсний нотлогоо гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ баримтанд Ц.Н гэсэн нэрийн ард Лхагвасүрэн гэж бичсэн байх ба уг бичилт хэний гараар хэзээ бичигдсэн болох нь тодорхойгүй, хэрэгт зөвхөн хуулбар авагдсан байна. Уг баримтад мөнгө авагч гэж зурсан гарын үсэг С.Л-гийнх гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх боловч хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй байдаг. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий тухайн баримтыг үнэлэхдээ хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн, “Андын сор” ХЗХ-оос 4 000 000 төгрөгийн зээл хүссэн Ц.Н-гийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөлд ч, 1 500 000 төгрөг хүссэн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өргөдөлд ч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн хорооны шийдвэр гарсан гэж бичигдсэн байгаа нь ойлгомжгүй, эдгээр баримтын үнэн зөв байдалд эргэлзээ төрхөөр байгааг шүүх анхаараагүй байна.

Хариуцагч С.Л-гийн дүү С.Жаргалсайханы “Алтан сор” ХЗХ-оос авсан зээлийн төлбөрийн асуудал маргаантай байгаагаас Ц.Н нь уг хоршооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд С.Л-гээс түүний зээлээгүй мөнгийг шаардаж байгаа гэх хариуцагчийн тайлбарыг нотлох, үгүйсгэх баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль хэрэглээний асуудлаар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2018/00394 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 137 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН