| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 186/2019/0854/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 204
А.Э од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 887 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар магадлалтай, А.Э од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах” гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Э ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э оос 30 000 000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Г т 25 000 000 төгрөг, хохирогч Ж.Г т 5 000 000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Э ын өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6.7-д заасан гомдол гаргах үндэслэл нь:
1. ...А.Э ...Ж.Г тай ямар нэгэн харилцаа үүсгэж байгаагүй, ямар ч харилцаа байхгүй учраас итгэлцэх гэсэн ойлголт байхгүй, танихгүй хүний итгэлийг эвдэн залилах гэмт хэрэг үйлдэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм. Ж.Г хохирогч биш гэдэг нь түүний хавтаст хэрэгт өгсөн би хохирогчоор оролцмооргүй байна, анхнаасаа ах бид хоёрын хоорондын асуудал байсан, хохирогчоор тогтоосон шийдвэрээ цуцалж өгөөч гэсэн Ж.Г ийн саналуудаар батлагдаж байна. Хэргийг шалган шийдвэрлэхдээ Ж.Г тай ямар ч харилцаа үүсгээгүй гэдгээ А.Э мэдүүлсэн ба Г ч хохирогч биш гэдгээ хэлээд оролцогчоос татгалзах хүсэлтээ гаргаад байхад шийдвэрлээгүй хүчээр хохирогчоор оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн байна.
2. Хуурамч хохирогч Г бэлнээр 30 сая төгрөг авч залилсан гэж зориудаар зохиомол байдал бий болгосон худал гомдол гаргасан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон боловч гэм бурууг тогтоогоогүй орхисон.
3. Г нь “С К” ББСБ-д 25 сая төгрөг төлсөн эсэхийг шалган тогтоогоогүй. Зээл дарсан талаарх ББСБ-ын баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Гэрч н.О нь ББСБ-ын зээл хаахдаа Ганзоригтой ирснийг л гэрчилсэн. Зээлийг барагдуулсан талаар гэрчлээгүй. ...25 сая төгрөгийн төлсөн эсэхийг шалган тогтоогоогүй ...нотлогдоогүй байгаа нь А.Э залилсан гэж үзэх үндэслэлгүй байна.
4. А.Э , Ж.Г нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу тус тус үүргийг хүлээсэн. Анхнаасаа 30 сая төгрөгийг тооцуулахдаа буцаан өгөхгүй гэх асуудал огт яригдаагүй буюу үлдэгдэл 60 сая төгрөгөө төлөөд Ж.Г өмчлөх эрхээ шилжүүлэн авахаар тохирсон. А.Э орон сууцаар халхавчлан 30 сая төгрөг буцаан өгөх зорилготой харилцааг үүсгээгүй учраас залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.
5. А.Э орон сууцны гэрээг 60 сая төгрөгөө аваагүй ч Ж.Г ийн нэр дээр шилжүүлж байсан нь залилах гэмт хэргийн санаа сэдэл анхнаасаа байгаагүйг, Ж.Г т өмчлөх эрхийг шилжүүлэх зорилготой байсныг нотолж байна.
6. Э.өмчлөх эрхээ н.Д д зараагүй. Эргэж авах болзолтойгоор төлбөр нь дуусаагүй ордер гэдгийг сануулаад түр хугацаагаар хэрэглүүлсэн. А.Э н.Д гаас ордероо буцаан авахаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь залилах гэмт хэргийн шинжгүй байна.
7. А.Э од анхнаасаа орон сууцыг өгөхгүй гэсэн санаа зорилго байгаагүй учраас Ганзоригийн аав ээжийг оруулсан.
8. А.Э бартерын гэрээгээр 2 өрөө орон сууцыг шүүхээр маргаж, “Ш Д” ХХК-иас авсан, Ж.Г оос урьдчилгаа тооцуулаад орон сууцандаа оруулсан нь үнэн. А.Э ыг зохиомол байдал бий болгосон гэсэн атлаа нотлоогүй.
9. Гэхдээ Ж.Г оос 60 сая төгрөгөө нэхсэн эсэх, тэр яагаад төлөхгүй өдий хүрсэн, мөнгөө төлөөгүйгээс болоод ямар байдал үүсэн талаар нягтлан шалгасан зүйл огт байхгүй.
10. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сар хүртлэх хугацаанд гэрээ н.Я ын нэр дээр шилжсэн байсан нь н.Я гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөд ордероо гаргуулж яагаад болоогүй юм бэ гэдэг талаас тухайн үед санхүүгийн чадамжтай байсан эсэхийг шалган тогтоогоогүй.
11. Ж.Г анхнаасаа бэлэн бусаар 25 сая төгрөгийг, бэлнээр 5 сая төгрөгийг тооцуулан урьдчилгаа өгөх саналаа өөрөө гаргасан нь түүний санхүүгийн хувьд ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг өмчлөгчид шилжүүлэх бэлэн мөнгө байгаагүйг нотлоод зогсохгүй, Ж.Г өөрөө зориудаар зохиомол байдлыг бий болгосон байна. Ж.Г т ББСБ-т өгөх 25 сая төгрөг анхнаасаа бэлэн байсан юм бол өмчлөгчид шилжүүлээд ипотекийн зээлд хамрагдах нөхцөлөө яагаад бүрдүүлээгүй вэ гэдгийг шалгаагүй.
12. Бичгээр хийсэн гэрээ байхгүй аман гэрээ байгуулсан гээд Ж.Г ийн хэлсэн бүгдийг үнэн гэж тооцож, үнэлээд Э-ын ярьсан нь үнэлэгдэхгүй байгаа нь хууль шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалт зөрчигдсөн.
13. А.Э , Ж.Г нар анхнаасаа аман гэрээ байгуулахдаа төлбөрийг бүрэн дууссаны дараа ордероо шилжүүлэхээр тохиролцсон боловч 2016 оны 08 дугаар сард А.Э ын итгэлийг эвдэн төлбөр тооцоо дууссан гэсэн хуурамч бичиг баримт үйлдэн өмчлөх эрхийг Ж.Г дүүдээ шилжүүлэх гэсэн үйлдэл гаргасан.
14. Магадлалд шүүгдэгчийн зүгээс байрны гэрчилгээг хохирогч нарт шилжүүлэх санаа зорилго анхнаасаа байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэжээ. Гэтэл бодит байдал дээр байрныхаа гэрчилгээг анхнаасаа өгөх санаа зорилгогүй байсан бол Ж.Г ийн аав, ээж, дүү нарыг амьдруулж шинэ байраа элэгдэл хорогдолд оруулаад, үнэ ханшийг нь унагаах хохирлыг А.Э амсах уу? Яг ямар баримт нотолгоон дээр үндэслэн ийм дүгнэлт гаргаснаа дурдаагүй. Шүүгчийн гаргасан дүгнэлт дэндүү өнгөцхөн байгаад харамсаж байна.
15. Давж заалдах гомдолд түрээсийн гэрээний талаар огт хөндөөгүй байхад түрээсийн гэрээ мөн эсэхийг тогтоох гэж дур зоргоороо оролдсон байна.
16. Шүүхээс Ж.Г т учирсан яг ямар хохирол байгааг тооцож нотлоогүй.
17. Анхнаасаа А.Э нь урьдчилгаа 30 саяыг бэлэн бусаар 25 сая, бэлнээр 5 сая төгрөг төлж, үлдэгдэл 60 сая төгрөгийг 2017 оны 2 дугаар сард төлж барагдуулахаар аман гэрээ байгуулсан.
Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах, их хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг. А.Э нь Ж.Г т орон сууц худалдах нэрээр халхавчлан Ж.Г оос 30 сая төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжүүдийг агуулаагүй ба залилсан гэдгийг нотлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
1. А.Э нь Ж.Г той орон сууц худалдах худалдан авах аман гэрээг байгуулахдаа ...тэгш эрхтэйгээр харилцан тохиролцсон хоёр тал саналуудаа зөвшөөрсөн нь тэгш эрхийг байдал алдагдаагүй.
2. Ж.Г нь ...А.Э од ...25 сая төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоогоогүй атлаа Ж.Г ийг шууд хохирогчоор тогтоосон нь буруу, ...зөвхөн Ж.Г ийн үгээр л хохирогчоор тогтоосон нь хохирогчийн шинж байдал харагдахгүй байна.
3. ББСБ-ын зээлийг тэглэсэн үйлдэл нь хэрэгжсэн бол ББСБ-ын үүргийн гүйцэтгэл хийгдсэн гэж харагдаж байна. Гэхдээ хэрэгжсэн эсэхийг бас тогтоогоогүй байна. Хэрэгжсэн гэж үзэхэд А.Э од бодитоор 25 сая төгрөг авсан гэж тооцсоны үндэслэлийг хөдөлгөөнгүй нотлоогүй.
4. Хэрэв Ж.Г нь ББСБ-т 25 сая төгрөг бэлнээр өгөх мөнгө байсан бол яагаад А.Э од шууд өгөөгүй вэ? гэдгийг бас шалган тогтоогоогүй нь Ж.Г т орон сууц худалдан авах урьдчилгаа төлөх санхүүгийн боломж тухайн үед байсан эсэх, байгаа мэтээр А.Э ыг хуурч мэхэлсэн үгүйг тогтоох боломжгүй болгосон байна.
5. Ж.Г гэдэг хохирогчийг зохиомлоор тогтоосон. А.Э Ж.Г гэдэг хүнтэй ямар ч харилцаа үүсгээгүй, харилцаа үүсгээгүй учир итгэл эвдэх асуудал яригдах боломжгүй юм. Иймээс Ж.Г нь “хохирогчоор оролцохгүй” гэсэн хүсэлтээ гаргасан боловч мөрдөн байцаагч, прокурор хуурамч хохирогч Ж.Г ийг хүсэлтийг хүлээн авч хянаагүй бөгөөд зориудаар хохирогчоор хүчээр үлдээж, хэргийн оролцогч болгосон байна.
6. А.Э нь 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ББСБ-аас ордерыг шууд гаргаж өгснийг хүлээн авсан, мөн 5 сая төгрөгийг данс руу хэсэгчлэн шилжүүлсэн учраас 90 сая төгрөгийн үлдэгдэл 60 сая төгрөгийг 2017 оны цагаан сар гэхэд төлж барагдуулахаар тохиролцсон ёсоор эд хөрөнгийн биет байдлыг доголдолгүй шинэ орон сууцны түлхүүрийг Ж.Г т хүлээлгэн өгсөн байна. Энэ үйлдэл нь А.Э Ж.Г той урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг хүндэтгэн итгэл үзүүлсэн шинж үү? Ж.Г ийн итгэлийг урвуулан ашигласан шинж үү? гэдгийг тогтоогоогүй орхигдуулсан. Өмгөөлөгч миний зүгээс А.Э нь Ж.Г т итгэл үзүүлсэн байна гэж үзэж байна.
7. А.Э 2016 оны 8 дугаар сард Ж.Г оос гэрээг миний дээр шилжүүлж өгөөч гэж гаргасан саналыг хүлээн зөвшөөрч компанийн хоосон, тамгатай, гарын үсэгтэй хэвлэмэл хуудсыг өгч, дээр нь бичих зүйлийг гараар бичиж өгсөн нь Ж.Г т бүрэн итгэж байсныг дахин нотолж байна.
8. Харин нь Ж.Г А.Э ын итгэлийг эвдэн Ж.Г т шилжүүлэх зөвшөөрлийг н.Я гэж өөрчлөн, улмаар төлбөр тооцоо дууссан гэж хуурамч бичиг баримт үйлдэн “Ш Д” ХХК-ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйлдлийг бодиттойгоор гаргасан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хянаж шалгаагүй, санаатайгаар орхигдуулсан, мэдээгүй мэт дүр эсгэсэн байгаа нь Ж.Г той үгсэн хуйвалдсан байж болзошгүйг харуулж байна. Мөн энэ үйлдэл нь А.Э ын итгэлийг эвдэн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
9. ...Ж.Г орон сууц худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлж ордерийг шилжүүлэн авах боломж байсан ч төлөөгүй нь өмчлөх эрхийг авахын тулд мөнгөө төлөх санаа сэдэл анхнаасаа байгаагүй байж болзошгүй нь нотлогдож байна.
10. А.Э нь тохирсон ёсоор 2017 оны 2 дугаар сард 60 сая төгрөгөө нэхэхэд Ганзориг нь ордероо бидний нэр дээр гаргаж өг, тэгвэл 60 сая төгрөгөө төлнө гэсэн шаардлага тавьсан нь ипотекийн зээлийн тухай яриа анхнаасаа огт байгаагүй нотолж байна.
11. А.Э итгэл эвдэн төлбөр тооцоо дуусан гэсэн хуурамч бичиг баримтаар гэрээг шилжүүлснийг 2017 оны 02 дугаар сард мэдмэгц “Ш Д” ХХК-иас ордероо өөрийн нэр дээр гаргуулах нэхэмжлэлийг ...иргэний хэргийн шүүхэд гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж, А.Э ...өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан байна. Энэ нь залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй юм.
12. А.Э ыг өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсныг Ж.Г мэдээгүй байх боломжгүй байна. Учир нь Ж.Г ийн төрсөн дүү н.Я нь хуурамч бичиг баримтыг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн ба Э-ын нэр дээр ордерыг гаргах шүүгчийн захирамжийг гарсныг мэдсэн. ...Энэ нь үнэн гэдгийг Ж.Г А.Э той нүүрэлдүүлсэн мэдүүлэгтээ өөрөө мэдүүлсэн байна. Гэтэл Ж.Г нүүрэлдэхээс өмнөх мэдүүлэхдээ ордер гарсныг мэдээгүй гэж зөрүүтэй буюу худал мэдүүлгийг санаатай өгч зохиомол байдлыг зориудаар бий болгож байсан үйлдлийг хянан шалгаагүй орхигдуулсан.
13. Ж.Г ордер гарсныг мэдсэний дараа дүүгийнхээ нэр дээрх газрыг зараад 60 сая төгрөгийг өгч ордероо шилжүүлэн авна, банкнаас зээл авч төлнө гэж Э-ыг хүлээлгэсэн боловч мөнгөө төлөөгүй. А.Э ын эхнэр н.Н д мөн 60 сая төгрөгийг төлнө гэж найдвар төрүүлж байсан байна.
14. Ийм байдлаар цаг үрсээр байсан тул А.Э нь 2017 оны 12 дугаар сард төлбөрөө нэхэхэд Ж.Г нь орон сууцаа зарж борлуул, би 30 сая төгрөгөө авна гэсэн саналыг гаргасан учраас Ж.Г , А.Э хамтраад уг байрыг худалдан борлуулах гэж хөөцөлдөцгөөж байсан.
15. Нэгэнт Ж.Г орон сууцыг авахгүй, зарж борлуул, 30 сая төгрөгөө буцаан авна гэсэн учраас А.Э өмчөө захиран зарцуулах эрхээ эдэлж, эхнэрийн эгч болох н.Д д төлбөр тооцоо нь дуусаагүй ордер түр хэрэглүүлье, шуурхай буцааж авна гэдгээ сануулаад ордероо хэрэглүүлсэн байна. Энэ талаар н.Д ч мэдүүлэгтээ хэлсэн.
16. н.Д тай Төрийн банк нь зээлийн эргэн төлөлтийн талаар өнөөдрийг хүртэл маргаан үүсгээгүй байна. 2018 оны 12 дугаар сард 2 удаа А.Э , Ж.Г , н.Д нар Төрийн банк дээр очиж орон сууцыг Ж.Г ийн нэр дээр шилжүүлэх боломж байгаа эсэхийг судалж, ...Ж.Г ийг ипотекийн зээлд хамруулахаар ярилцсан байна.
17. Ж.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн төрсөн дүү хуурамч хохирогч Ж.Г аар зориудаар зохиомол байдлыг бий болгосон, хуулийн байгууллагад ор үндэсгүй худал гомдол гаргасан байна. А.Э нь худал гомдол гаргах мөч хүртэл орон сууцаа Ж.Г т шилжүүлэхийн төлөө авч болох бүх л арга хэмжээгээ авсан байсан нь залилах санаа сэдэл анхнаасаа байгаагүйг нотолж байна.
18. Ж.Г оос орон сууц худалдах нэрийн дор залилах үйлдлүүдийг Э.гаргаагүй буюу гаргасан гэх нотлох баримт байхгүй. Залилах гэмт хэргийн шинжтэй процесс явагдаагүй байна.
19. Ж.Г ийн 30 сая төгрөгийн хохирлын асуудлыг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол улсын Үндсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.
20. ...Ямар учраас Ж.Г хохирогч, А.Э залилагч болсон вэ гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. ...Ж.Г 60 сая төгрөгөө төлөх үүргээ гүйцэтгэх талаар идэвхи санаачлага, сэтгэл зүтгэл гаргахгүй таван жил арга саам хийж, Төрийн банкны ипотекийн зээлд хамруулахаар ярилцаж байхад эргэж холбоо барилгүйгээр цагдаад худал мэдээлэл бүхий гомдол гаргасан. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар Ж.Г ийн гомдол бодитой, үндэслэлтэй, үнэн эсэхийг нотлох баримтаар хөдөлгөөнгүй тогтоохгүйгээр А.Э ыг гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна.
21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж А.Э од яллах дүгнэлтийг танилцуулаагүй, н.О гэдэг хүнийг гэрчээр буруу тогтоосон, ...ББСБ-ын захирал 25 сая төгрөг тушаагаагүй гэдгийг хэлсэн дуу бичлэгийг шалгаж нотлох, Ж.Г , А.Э нарын нүүрэлдүүлсэн мэдүүлгийн А.Э ын буруугүйг батлах хэсгийг хавтаст хэрэгт оруулаагүй орхисон, орон сууцыг худалдан борлуулахаар хамтраад хөөцөлдөж байсан “Хас банк”-ны ипотекийн зээлд хамрагдахаар өгсөн материалыг шалган тогтоогоогүй орхисон, мөрдөн байцаагч н.Ербыхат худал мэдээлэл хавтаст хэрэгт оруулсан зэрэг А.Э ын гэм буруугүй тогтоох баримтуудыг шалган тогтоогоогүй процессын алдаанууд гарсан нь хэргийн шударгаар шийдвэрлэх боломжгүй болгосон.
Мөн түүнчлэн залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. А.Э , Ж.Г нарын хооронд аман гэрээний үүрэг гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлснээс үүссэн маргаан байгаа тул Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэвэл уг маргаан шударгаар шийдвэрлэгдэх үндэслэл байна.
Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг гаргаж байна. Түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосны нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн саналаа албан ёсоор илэрхийлж байна. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр н.Я , А.Э ын эхнэр нар дахин ипотекийн зээлд хамруулахаар хөөцөлдсөн боловч “санхүүгийн шаардлага хангахгүй” гэсэн хариу авсан. Тэгэхээр бусдыг залилсан зүйл байхгүй тул хүсэлтийг хангаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...А.Э од холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Ш Д” ХХК болон А.Э той холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдээр н.Я ыг оролцуулсан, ипотекийн зээл хөөцөлдсөн, А.Э буруутай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогоогүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан гомдлыг үндэслэн А.Э од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос А.Э ыг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ... “З” дунд сургуулийн 201 тоот өрөөнд байрлах “С К” банк бус санхүүгийн байгууллага дотор иргэн Ж.Г аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, .... тоотод байрлах 51.61м2 2 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр тооцож, байрны гэрчилгээ гарсны дараа зээлд хамруулж, үлдэгдэл төлбөрөө авна гэж итгүүлэн байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан залилж, 30 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхүүд хэргийг хянан хэлэлцээд А.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилж авсан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнээд “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийг хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, шүүгдэгчийн үйлдэл нь яллаж буй гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан эсэх, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын хувийн харилцаа зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж чадаагүй байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.
Түүнчлэн иргэд хоорондын аман болон бичгэн хэлбэрээр хийсэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй, хүссэн үр дүндээ хүрч чадахааргүй нөхцөл байдал бий болсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргаан нь залилах гэмт хэргийг шинжид хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Тухайлбал, А.Э ын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцааг ашиглан үйлдсэн, эсхүл уг иргэний эрх зүйн харилцааны дараа гэмт хэргийн санаа зорилго үүссэн эсэх, Ж.Г яагаад үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, ямар шалтгаанаар А.Э байрны гэрчилгээг өөртөө гаргуулж авах болсон, үүнд хохирогчийн тодорхой үйлдэл нөлөөлсөн эсэх, энэ нь А.Э ыг ийм үйлдэл хийхэд хүргэсэн зэргийг шалгаж, дүгнэлт хийх шаардлагатай.
Энэхүү ажиллагаа нь бусдыг хуурч, итгэлийг нь ашиглан эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт өгөх урьдач нөхцөлүүд мөн бөгөөд үйл баримтыг бүрэн тогтооход нотлох баримт хангалттай цугларсан эсэхэд хоёр шатны шүүх, прокурор хууль зүйн дүгнэлт огт өгөөгүйгээс эрх зүйн маргаан үүсч өдийг хүрсэн байна.
Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Хэргийг энэхүү шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул гэм буруугийн асуудлаар гаргасан гомдолд хариу өгөх боломжгүй юм.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 887 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, А.Э од холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч А.Э од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР