Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00706

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/00706

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00277 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, үр дагавар арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК болон Т ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр КТПН, трансформатор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 250 киловаттын хүчин чадал бүхий цахилгааны дэд өртөө 1 ком КТПН-ийг 6 750 000 төгрөгөөр, трансформаторыг 6 120 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэрээнд зааснаар урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлөх, үлдэгдэл 50 хувийг 2016 оны 12 сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохирсон.

Хариуцагч урьдчилгаа 3 000 000 төгрөгийг шилжүүлж КТПН-ийг ажлын талбайдаа хүргүүлж авсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 6 435 000 төгрөг шилжүүлэх ёстой байсан боловч 3 000 000 төгрөг төлсөн. Хариуцагч трансформаторыг зээлээр авья гэсэн хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг саналыг зөвшөөрөөгүй. Гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөгүй байсан тул зээлээр барааг худалдаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд Худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хоногийн 0,5 хувийн алданги төлөх-өөр заасан. Иймд Т ХХК-иас КТПН-ийн үндсэн төлбөр болох 3 750 000 төгрөг, алданги 1 875 000 төгрөг, нийт 5 625 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлээгүй учир трансформаторыг шилжүүлэх үндэслэл байхгүй. Өөр этгээдтэй гэрээ байгуулж, трансформатор худалдаж авах эсэх нь манай талд хамааралгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасны дагуу КТПН-ийг зохих журмын дагуу шилжүүлсэн тул шилжүүлснээс хойш үүссэн эрсдэлийг хариуцагч тал хариуцна. Хариуцагч өөр газраас КТПН болон трансформаторыг бүтнээр авсан нь өөрсдийнх нь буруу, КТПН-ийг хариуцагчид шилжүүлснээс хойш 2 жил өнгөрсөн, эвдрэл, элэгдэл бий болсон. Дахин өөр этгээдэд худалдах боломжгүй болсон байгаа учир буцаан авах боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь Ж ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр КТПН, трансформатор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд худалдагч нь 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө буюу бүрэн тоноглогдсон хайрцгийг, трансформаторын хамт шилжүүлж өгөхөөр, худалдан авагч нь КТПН-ийн төлбөрт 6 750 000 төгрөг, трансформаторын төлбөрт 6 120 000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон.

Гэрээгээр худалдагч нь барааг хэрэгцээт газар хүргэж өгч, суурилуулж угсрах үүрэг хүлээсэн. Худалдан авагч тал барааны үнэ 12 870 000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 12 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Бид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барилга барьж байсан, улсын төсвөөс санхүүждэг. Тухайн үед хөрөнгө оруулалт ороогүй байсан. Тиймээс гэрээ байгуулсан өдрөө 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Худалдагч компани маргааш нь КТПН буюу хайрцгийг хүргэж өгсөн.

Манай ажлыг улсын комисс хүлээж авах хугацаа дөхсөн байсан тул бараа яаралтай хэрэгтэй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай компанид 31 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Тухайн өдөр нэхэмжлэгч компанийн захирал н.Буянтогтохтой уулзаж гэрээг дахин байгуулж мөнгөө өгч трансформатор авахаар очсон. Нэхэмжлэгч хэлэхдээ зээлээр авах санал тавьсан гэж байгаа ч зээлээр авах нөхцөл байгаагүй. Энэ өдөр байгуулахаар очсон гэрээний төсөл хэрэгт авагдсан байгаа ба нийт үнийн дүнгийн 90 хувийг төлж, талбайд хүргэж өгч угсарсны дараа үлдсэн хувийг өгөх саналтай байсан. Гэтэл анх үзүүлж байсан трансформатор байгаагүй. Тухайн үед асуухад дахин захиалж авч ирнэ, бэлэн байхгүй, хугацаа орно гэсэн. Бид өөр газраас авах болсноо хэлээд явсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барааг Нарт импекс ХХК-иас 13 400 000 төгрөгөөр буюу нэхэмжлэгчтэй тохирсноос илүү үнээр авсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн.

Үүнээс хойш бид нэхэмжлэгчтэй өгсөн авснаа буцаая гэж утсаар болон амаар, албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Манай компанид гарсан хэрэгцээ шаардлага нь КТПН, трансформатор байсан. Үүнийг өөр компаниас худалдаж аваад хэрэгцээ шаардлагаа хангасан тул нэхэмжлэгчээс авсан КТПН одоо хэрэггүй болсон. Иймд гэрээ цаашид хэрэгжих хэрэгцээ шаардлага байхгүй болсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд эцсийн төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж заасан. Энэ хугацаанаас өмнө мөнгөө авч очиход трансформатор байхгүй байсан учир арга буюу өөр газраас авсан. Иймд гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид КТПН-ийг буцаан өгч, 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг нийт 5 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоож, хариуцагчаас трансформаторын хайрцгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, нэхэмжлэгч Ж ХХК-аас 3 000 000 төгрөг буцаан гаргуулж хариуцагчид олгохыг тус тус даалган сөрөг нэхэмжлэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 000 төгрөгийг, хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 220 870 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 220 870 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "КТПН, трансформатор худалдах, худалдан авах гэрээ" гэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө 1 ком буюу КТПН-ыг 6 750 000 төгрөгөөр, трансформаторыг 6 120 000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авахаар тохиролцсон байдаг. Гэрээний дагуу худалдаж буй дээрх хоёр эд хөрөнгө нь тус тусдаа иргэний эрх зүйн бие даасан обьект болох ба дээрх КТПН болон трансформаторыг аль алийг нь тусад нь ашиглах боломжтой юм. Гэрээний зүйл болох КТПН болон трансформатор 250 киловаттын хүчин чадалтай бүхий л КТПН, трансформаторт таарах ба өөр КТПН буюу трансформаторт холбож ашиглах бүрэн боломжтой болно.

Гэтэл шүүх хариуцагч компани биднээс авсан КТПН-г өөр трансформаторт угсарч цахилгааны дэд өртөөг улсын комиссын байнгын ашиглалтад өгөх боломжтой байхад өөр компаниас трансформаторыг КТПН-н хамт худалдаж авсан буруутай үйлдлийг харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээний дагуу КТПН, трансформатор худалдах ёстой байсан бөгөөд трансформаторыг шилжүүлээгүй учир хариуцагч гэрээнээс татгалзсан ба тэрхүү татгалзал нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нь трансформатор шилжүүлэх үүргээ зөрчсөн талаар дурдсан байдаг. Гэтэл талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч гэрээний урьдчилгаа төлбөр болгож үндсэн төлбөрийн 50 хувь буюу 6 435 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй зөвхөн трансформатор шилжүүлээгүй нь буруу байна гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нь тухайн үед гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа компани нь үлдэгдэл төлбөрөө төлж чадах эсэхэд эргэлзэж байсан тул трансформаторыг шилжүүлэхээс татгалзсан ба Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх дээрх үндэслэл бүхий татгалзлыг анхаарч үзэлгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Маргаан бүхий КТПН нь дан ганц төмөр хайрцаг биш бөгөөд трансформаторыг суурилуулах, тог дамжуулах, галаас хамгаалах зэрэг тусгай зориулалтын тоноглолууд байдаг бөгөөд тоноглол, КТПН угсарснаас хойш 21 хоногоос илүү хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн КТПН болон тоноглолыг хуучин гэж үздэг болно. Хариуцагч компанийн хүсэлтийн дагуу 2016 оны 11 сард маргаан бүхий КТПН-г тоноглолын хамт суурилуулж өгсөн ба ийнхүү суурилуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд КТПН болон цахилгаан тоноглолууд нь цас бороонд норох, гандах, хуучрах, өгнө зүс алдаж, үйлдвэрийн баталгаа болдог цаасан наалт нь хуурч унасан нөхцөл байдалтай байгаа бөгөөд ийм байдалтай болсон хуучин КТПН-г анхны гэрээний үнэ буюу 6 750 000 төгрөгөөр худалдах ямар ч боломжгүй. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, шилжүүлж өгсөн КТПН-г шинэ мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 625 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр Ж ХХК нь 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө КТПН 1 ком буюу бүрэн тоноглогдсон хайрцгийг трансформаторын хамт Т ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Т ХХК нь КТПН-ыг 6 750 000 төгрөгөөр, трансформатыг 6 120 000 төгрөгөөр буюу нийт 12 870 000 төгрөгийг төлөхдөө урьдчилж 50 хувийн төлбөрийг төлөх, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн ба гэрээний зүйлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дуугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Гэрээний дагуу худалдан авагч тал урьдчилгаа 50 хувь буюу 6 435 000 төгрөгийн төлбөр төлөхөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн, худалдагч трансформатрын хайрцаг буюу КТПН-г хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй.

 

Зохигчид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж маргасан.

 

Талуудын тайлбар, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2016 оны 11 сарын 26-ны өдрийн гэрээний санал төсөл, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17/06 тоот худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2017/10 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, гэрэл зургийг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь транформаторын хайрцаг дангаар биш, харин 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө КТПН-1 ком буюу трансформатрын хайрцгийн хамт байх бөгөөд худалдагчийг үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсаар атал үр дүн гараагүй тул худалдан авагч гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзах тухай худалдагчид мэдэгдэн, трансформаторын хайрцгийг өөрийн зардлаар буцаан хүргүүлсэн боловч худалдагч хүлээн аваагүй, хөрөнгө эзэнгүйдэх эвдэрч гэмтэхээс болгоомжлон өөрийн хадгалалтад үлдээж, улмаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хэргийн 2, 22-23, 33-44 дүгээр дугаар тал/

 

Худалдагч талыг үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсаар атал үр дүн гараагүй тул худалдан авагч гэрээнээс татгалзаж энэ талаар худалдагчид мэдэгдэн, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсныг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч тал зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 225.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоон, гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаахыг даалгаж, нэхэмжлэгчийн гэрээний үүрэг трансформаторын хайрцагны үнийн үлдэгдэл 3 750 000 төгрөг, алданги 1 875 000 төгрөг нийт 5 625 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчид холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 105 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА