Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/00277

 

2019 оны 1 сарын 21 өдөр Дугаар102/ШШ2019/00277 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дүгээр хороо, Их тойруу -58/94 тоот хаягт байрлах, рд:5027268, Женерал Энерго Строй ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 10 дугаар хороолол, 14А байрны өргөтгөл, рд: 2765381, Ти Ти Энд Би ХХК-д холбогдох

 

худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 5.625.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгож, өгсөн авснаа харилцан буцаах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Уянга хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Женерал Энерго Строй ХХК болон Ти Ти Энд Би ХХК нар 2016 оны 11 сарын 01-ний өдөр КТПН, трансформатор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 250 киловаттын хүчин чадал бүхий цахилгааны дэд өртөө 1 ком, КТПН-ийг 6,750,000 төгрөгөөр, трансформаторыг 6,120,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэрээнд зааснаар урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлөх, үлдэгдэл 50 хувийг 2016 оны 12 сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохирсон. Хариуцагч урьдчилгаа 3,000,000 төгрөгийг шилжүүлж КТПН-ийг ажпын талбайдаа хүргүүлж авсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 6,435,000 төгрөг шилжүүлэх ёстой байсан боловч 3,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжпэгч урьдчилгаа төлбөрөө төлж байгаа учир цаашид гэрээний харилцаа хэвийн үргэлжилнэ гэсэн итгэлийн үндсэн дээр КТПН-ийг урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлээгүй байхад өгсөн. Хариуцагч трансформаторыг зээлээр авъя гэсэн хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг саналыг зөвшөөрөөгүй. Гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөрөө ч бүрэн төлөөгүй байсан тул зээлээр барааг худалдаагүй. Хэрэв урьдчилгаагаа бүрэн шилжүүлбэл трансформаторыг шилжүүлье гэсэн. Үүнээс хойш төлбөр төлөхөөр болон трансформаторыг дахин авъя гэж ирээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд Худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй бол 2016 оны 12 сарын 10-ны өдрөөс хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Иймд Ти Ти Энд Би ХХК-иас КТПН-ийн үндсэн төлбөр болох 3,750,000 төгрөг, алданги 1,875,000 төгрөг, нийт 5,625,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү, ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь юу болох, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлснээр КТПН-ийг шилжүүлэхээр гэрээгээр тохирсон. 50 хувийг шилжүүлээгүй учир трансформаторыг шилжүүлэх үндэслэл байхгүй. Трансформаторыг өөр этгээдэд худалдсан гэдэг нь үндэслэлгүй. Өөр этгээдтэй гэрээ байгуулж, трансформатор худалдаж авах эсэх нь манай талд хамааралгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасны дагуу КТПН-ийг зохих журмын дагуу шилжүүлсэн тул шилжүүлснээс хойш үүссэн эрсдлийг хариуцагч тал хариуцана. Хариуцагч өөр газраас КТПН болон трансформаторыг бүтнээр нь авсан нь өөрсдийнх нь буруу. КТПН-ийг хариуцагчид шилжүүлснээс хойш 2 жил өнгөрсөн, эвдрэл, элэгдэл бий болсон байгаа, дахин өөр этгээдэд худалдах боломжгүй болсон байгаа учир буцаан авах боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай Ти Ти Энд Би ХХК нь барилга угсралтын үйлчилгээ үзүүлдэг. Тухайн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил хийж байсан. 250 киловаттын хүчин чадалтай КТПН, трансформатор хэрэгтэй болсон тул Женерал Энерго Строй ХХК-ийн зартай танилцаж 2016 оны 11 сарын 01-ний өдөр КТПН, трансформатор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд худалдагч нь 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө буюу бүрэн тоноглогдсон хайрцаг, трансформаторын хамт шилжүүлж өгөхөөр худалдан авагч нь КТПН-ийн төлбөрт 6.750.000 төгрөг, трансформаторын төлбөрт 6.120.000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон. Гэрээгээр худалдагч нь барааг хээгцээт газар хүргэж өгч, суурируулж угсрах үүрэг хүлээсэн. Худалдан авагч тал барааны үнэ 12.870.000 тегрөгийг 2 хувааж 2016 оны 12 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Бид Нийслэлий- хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барилга барьж байсан, улсын төсвөөс санхүүждэг. Тухайн үед хөрөнгө оруулалт ороогүй байсан. Тиймээс гэрээ байгуулсан өдрөө 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Худалдагч компани маргааш нь КТПН буюу хайрцгийг хүргэж өгсөн. Манай ажлыг улсын комисс хүлээж авах хугацаа дөхсөн байсан тул бараа яаралтай хэрэгтэй байсан. Талууд үл ойлголцож гэрээ хэрэгжээгүй. 2016 оны 11 сарын 29-ний өдөр манай компанид 31,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон, хавтаст хэрэгт баримт авагдсан байгаа. Тухайн өдөр нэхэмжпэгч компаний захирал Буянтогтохтой уулзаж гэрээг дахин байгуулж мөнгөө өгч трансформатор авахаар очсон. Нэхэмжпэгч хэлэхдээ зээлээр авах санал тавьсан гэж байгаа ч зээлээр авах нөхцөл байгаагүй. Энэ өдөр байгуулахаар очсон гэрээний төсөл хавтаст хэрэгт авагдсан байгаа ба нийт үнийн дүнгийн 90 хувийг төлж, талбайд хүргэж өгч угсарсны дараа үлдсэн хувийг өгөх саналтай байсан. Гэтэл анх үзүүлж байсан трансформатор байгаагүй. Тухайн үед асуухад дахин захиалж авч ирнэ, бэлэн байхгүй, хугацаа орно гэсэн. Бид өөр газраас авах болсноо хэлээд явсан. 2016 оны 12 сарын 01-ний өдөр барааг Нарт импекс ХХК-иас 13,400,000 төгрөгөөр буюу нэхэмжпэгчтэй тохирсноос илүү үнээр авсан. 2017 оны 1 сарын 09-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш бид нэхэмжпэгчтэй өгсөн авснаа буцааж эвийн журмаар шийдье гэж утсаар болон амаар, албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. 2017 оны 2 сарын 10-ны өдрийн дотор КТПН хайрцагийг хүргэж өгье гэсэн утгатай албан бичиг хүргүүлж байсан. 2017 оны 2 сарын 15-ны өдөр Женерал Энерго Строй ХХК-ийн захирал Буянтогтохтой утсаар ярихад хайрцагийг хүргэж өгч, мөнгөө буцааж авъя гэхэд хайрцагийг аваад ир гэсэн боловч мөнгийг буцааж өгөх талаар яриагүй. Утсаар ярихад наанаа буулгаад хаячих гэдэг байсан. Хэрэв тэр газарт нь буулгавал ямар нэгэн асуудал үүсч болзошгүй гээд тэр үед манай ажилчид гадаа нь хүлээж байгаад явсан. ... Манай компанид гарсан хэрэгцээ шаардлага нь КТПН, трансформатор байсан. Үүнийг өөр компаниас худалдаж аваад хэрэгцээ шаардлагаа хангасан тул нэхэмжлэгчээс авсан КТПН одоо хэрэггүй болсон. Иймд гэрээ цаашид хэрэгжих хэрэгцээ шаардлага байхгүй болсон. 2016 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд эцсийн төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 сарын 10-ны өдөр гэж заасан. Энэ хугацаанаас өмнө мөнгөө авч очиход трансформатор байхгүй байсан учир арга буюу өөр газраас авсан. Иймд гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгож нэхэмжпэгчид КТЛН-ийг буцаан өгч 3,000,000 төгрөгийг авахаар нэхэмжлэл гаргаж байна... гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Женерал Энерго Строй ХХК нь хариуцагч Ти Ти Энд Би ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 5.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээний дагуу өгсөн авснаа харилцан буцаах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч буюу худалдагч Женерал энерго строй ХХК нь хариуцагч буюу худалдан авагч Ти Ти Энд Би ХХК-тай 2016 оны 11 сарын 01-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан, 250квт хүчин чадалтай цахилгааны дэд өртөө КТПН -1 ком буюу бүрэн тоноглогдсон хайрцаг трансформаторын хамт худалдан авах, КТПН-ыг 6.750.000 төгрөгөөр, трансформатыг 6.120.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч гэрээний төлбөрийг урьдчилгаа 50 хувь, үлдэгдэл 50 хувийг 2016 оны 12 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохирчээ. /хэргийн 6 дугаар тал/

 

Гэрээний агуулгаас харахад зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 262 дуугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч буюу худалдан авагч өөрийн компаний Чингэлтэй дүүрэг, 18 хороонд баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилд зориулан гадна цахилгааны 250квт хүчин чадалтай КТПН буюу дэд өртөөг трансформаторын хамт худалдан авч холболтыг хийлгүүлж, улсын комисст хүлээлгэн өгөх хэрэгцээ шаардлагын дагуу хариуцагч компаний зар танилцуулгатай танилцанутсаар холбогдож, талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, худалдах, худалдан авах эд хөрөнгө, үнэ, төлбөр төлөх хэмжээ арга журам, хугацаа зэргийг хэлэлцэн тохирч, хэлцэл хийсэн нь гэрээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Женерал энерго строй ХХК, хариуцагч Ти Ти Энд Би ХХК нарын хооронд хийгдсэн гэрээхүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 250квт хүчин чадалтай цахилгааны дэд өртөө КТПН -1 ком буюу бүрэн тоноглогдсон хайрцаг трансформаторын холболтыг хийн худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч буюу хариуцагч нь гэрээгээр тохирсон үнэ урьдчилгаа төлбөр 50 хувь, үлдэгдэл 50 хувийг 2016 оны 12 сарын 10-ны дотор төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй байна.

 

Энэхүү гэрээниий дагуу нэхэмжлэгч трансформатрын хайрцгийг хүлээлгэн өгч суурьлуулсан, хариуцагч урьдчилгаа 50 хувь буюу 6.435.000 төгрөг төлөхөөс 3000.000 төгрөгийг 2016 оны 11 сарын 01-ны өдөр төлсөн талаар зохигчид маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэхь хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл буюу нэхэмжлэгчийн хүссэн зүйл бол транформаторын хайрцаг биш 250квт хүчин чадалтай цахилгааны дэд өртөө КТПН -1 ком байх бөгөөд нэхэмжлэгчийг үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсаар атал үр дүн гараагүй тул хариуцагч гэрээнээс татгалзаж энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэн, трансформаторын хайрцгийг өөрийн зардлаар буцаан хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээн аваагүй хөрөнгө эзэнгүйдэх эвдэрч гэмтэхээс болгоомжлон өөрийн хадгалалтад үлдээж, хариуцагч нь гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан өөрийн хэрэгцээ шаардлагаа хангуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн банкны дансны хуулга, 2016 оны 11 сарын 26-ны өдрийн гэрээний санал төсөл, 2016 оны 12 сарын 01-ны өдрийн 17/06 тоот худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 01 сарын 09-ны өдрийн 2017/10 тоот барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 2, 22-23, 33-44 дүгээр дугаар тал/

Нэхэмжлэгч гэрээний дагуу үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй шалтгаанаа нэхэмжлэлдээ ...хариуцагч гэрээгээр ххүлээсэн үүрэг болох нийт төлбөрийн 50 хувийн урьдчилгааг бүрэн төлөөгүй байсан нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байж магад гэсэн сэтгэгдэл төрүүлсэн... бид үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэжээ. Гэхдээ энэ нь гэрээгээр хүлээсэн ү

 

үргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл гэж тооцох боломжгүй юм. Түүнчлэн гэрээнд урьдчилгаа төлбөрийг төлсний дараа нэхэмжлэгч тал үүрэг гүйцэтгэх талаар ямар нэг хэлцэл тохироо үгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсаар атал үр дүн гараагүй тул хариуцагч гэрээнээс татгалзаж энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэн, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан өөрийн хэрэгцээ шаардлагаа хангуулсныг шүүх хууль болон гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 225.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч 2016 оны 11 сарын 01-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоон, талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаахыг даалгаж, нэхэмжлэгчийн гэрээний үүрэг трансформаторын хайрцагны үнийн үлдэгдэл 3750.000 төгрөг, алданги 1.875.000 төгрөг нийт 5.625.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчид холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Женерал Энерго Строй ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.000 төгрөгийг, хариуцагч Ти Ти Энд Би ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 220.870 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 220.870 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгохоор тогтоов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг уридлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар ззүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Ти Ти Энд Би ХХК-д холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээний үүүрэг нийт 5.625.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Женерал Энерго Строй ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ти Ти Энд Би ХХК 2016 оны 11 сарын 01-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоож, хариуцагчаас трансформаторын хайрцагийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, нэхэмжлэгч Женерал Энерго Строй ХХК-аас 3000.000 төгрөг буцаан гаргуулж хариуцагчид олгохыг тус тус даалган сөрөг нэхэмжлэлийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаарнэхэмжлэгч Женерал Энерго Строй ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105.000 төгрөгийг, хариуцагч Ти Ти Энд Би ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 220.870 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 220.870 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ш.ОЮУНТУУЛ