Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00131

 

 

 

 

 

“Ж Э С”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00277 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар магадлалтай,

“Ж Э С”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Т Э Б” ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5 625 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, үр дагавар арилгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Буянтогтох, түүний өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж Э С”ХХК болон “Т Т Э Б” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр КТПН, трансформатор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 250 киловаттын хүчин чадал бүхий цахилгааны дэд өртөө 1 ком КТПН-ийг 6 750 000 төгрөгөөр, трансформаторыг 6 120 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэрээнд зааснаар урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлөх, үлдэгдэл 50 хувийг 2016 оны 12 сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохирсон. Хариуцагч урьдчилгаа 3 000 000 төгрөгийг шилжүүлж КТПН-ийг ажлын талбайдаа хүргүүлж авсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 6 435 000 төгрөг шилжүүлэх ёстой байсан боловч 3 000 000 төгрөг төлсөн. Хариуцагч трансформаторыг зээлээр авья гэсэн хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг саналыг зөвшөөрөөгүй. Гэрээгээр тохирсон урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөгүй байсан тул зээлээр барааг худалдаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлд Худалдан авагч тал төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй бол 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хоногийн 0,5 хувийн алданги төлөх-өөр заасан. Иймд “Т Т Э Б” ХХК-иас КТПН-ийн үндсэн төлбөр болох 3 750 000 төгрөг, алданги 1 875 000 төгрөг, нийт 5 625 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлээгүй учир трансформаторыг шилжүүлэх үндэслэл байхгүй. Өөр этгээдтэй гэрээ байгуулж, трансформатор худалдаж авах эсэх нь манай талд хамааралгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасны дагуу КТПН-ийг зохих журмын дагуу шилжүүлсэн тул шилжүүлснээс хойш үүссэн эрсдэлийг хариуцагч тал хариуцна. Хариуцагч өөр газраас КТПН болон трансформаторыг бүтнээр авсан нь өөрсдийнх нь буруу, КТПН-ийг хариуцагчид шилжүүлснээс хойш 2 жил өнгөрсөн, эвдрэл, элэгдэл бий болсон. Дахин өөр этгээдэд худалдах боломжгүй болсон байгаа учир буцаан авах боломжгүй. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Т Э Б” ХХК нь “Ж Э С”ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр КТПН, трансформатор худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд худалдагч нь 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө буюу бүрэн тоноглогдсон хайрцгийг, трансформаторын хамт шилжүүлж өгөхөөр, худалдан авагч нь КТПН-ийн төлбөрт 6 750 000 төгрөг, трансформаторын төлбөрт 6 120 000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон. Гэрээгээр худалдагч нь барааг хэрэгцээт газар хүргэж өгч, суурилуулж угсрах үүрэг хүлээсэн. Худалдан авагч тал барааны үнэ 12 870 000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 12 сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохирсон. Бид Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар барилга барьж байсан, улсын төсвөөс санхүүждэг. Тухайн үед хөрөнгө оруулалт ороогүй байсан. Тиймээс гэрээ байгуулсан өдрөө 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Худалдагч компани маргааш нь КТПН буюу хайрцгийг хүргэж өгсөн. Манай ажлыг улсын комисс хүлээж авах хугацаа дөхсөн байсан тул бараа яаралтай хэрэгтэй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай компанид 31 500 000 төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Тухайн өдөр нэхэмжлэгч компанийн захирал н.Буянтогтохтой уулзаж гэрээг дахин байгуулж мөнгөө өгч трансформатор авахаар очсон. Нэхэмжлэгч хэлэхдээ зээлээр авах санал тавьсан гэж байгаа ч зээлээр авах нөхцөл байгаагүй. Энэ өдөр байгуулахаар очсон гэрээний төсөл хэрэгт авагдсан байгаа ба нийт үнийн дүнгийн 90 хувийг төлж, талбайд хүргэж өгч угсарсны дараа үлдсэн хувийг өгөх саналтай байсан. Гэтэл анх үзүүлж байсан трансформатор байгаагүй. Тухайн үед асуухад дахин захиалж авч ирнэ, бэлэн байхгүй, хугацаа орно гэсэн. Бид өөр газраас авах болсноо хэлээд явсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барааг Нарт импекс ХХК-иас 13 400 000 төгрөгөөр буюу нэхэмжлэгчтэй тохирсноос илүү үнээр авсан. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш бид нэхэмжлэгчтэй өгсөн авснаа буцаая гэж утсаар болон амаар, албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Манай компанид гарсан хэрэгцээ шаардлага нь КТПН, трансформатор байсан. Үүнийг өөр компаниас худалдаж аваад хэрэгцээ шаардлагаа хангасан тул нэхэмжлэгчээс авсан КТПН одоо хэрэггүй болсон. Иймд гэрээ цаашид хэрэгжих хэрэгцээ шаардлага байхгүй болсон. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээнд эцсийн төлбөр төлөх хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж заасан. Энэ хугацаанаас өмнө мөнгөө авч очиход трансформатор байхгүй байсан учир арга буюу өөр газраас авсан. Иймд гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид КТПН-ийг буцаан өгч, 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00277 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Т Э Б” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг нийт 5 625 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ж Э С”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Т Т Э Б” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсныг тогтоож, хариуцагчаас трансформаторын хайрцгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг, нэхэмжлэгч “Ж Э С”ХХК-аас 3 000 000 төгрөг буцаан гаргуулж хариуцагчид олгохыг тус тус даалган сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Ж Э С”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 000 төгрөгийг, хариуцагч “Т Т Э Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 220 870 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 220 870 төгрөг гаргуулан хариуцагчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 105 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шийдвэр болон магадлалууд хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргаж хэргийн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон байна. 1. Хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тухай: Талуудын байгуулсан 2016 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан “КТПН, Трансформатор худалдах, худалдан авах гэрээ” гэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 250 КVА хүчин чадалтай цахилгааны дэд өртөө 1 ком буюу КТПН-ыг 6 750 000 төгрөгөөр, Трансформаторыг 6 120 000 төгрөгөөр тус тус худалдах, худалдан авахаар тохиролцсон байдаг. Гэрээний дагуу худалдаж буй дээрх хоёр эд хөрөнгө нь тус тусдаа иргэний эрх зүйн бие даасан объект болох ба дээрх КТПН болон трансформаторыг аль алийг нь тусад нь ашиглах боломжтой юм. Гэрээний зүйл болох КТПН болон трансформатор 250 КVА хүчин чадалтай бүхий л КТПН, трансформаторт таарах ба өөр КТПН буюу трансформаторт холбож ашиглах бүрэн боломжтой болно. Гэтэл шүүхийн зүгээс хариуцагч компани биднээс авсан КТПН-г өөр трансформаторт угсарч цахилгааны дэд өртөөг улсын комиссын байнгын ашиглалтад өгөх боломжтой байхад өөр компаниас трансформаторыг КТПН-н хамт худалдаж авсан буруутай үйлдлийг харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэн нь буруу болсон байна. Мөн шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээний дагуу КТПН, трансформатор худалдах ёстой байсан бөгөөд трансформаторыг шилжүүлээгүй учир хариуцагч гэрээнээс татгалзсан ба тэрхүү татгалзал нь үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн. Ийнхүү дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нь трансформатор шилжүүлэх үүргээ зөрчсөн талаар дурдсан байдаг. Гэтэл талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч гэрээний урьдчилгаа төлбөр болгож үндсэн төлбөрийн 50 хувь буюу 6 435 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүй зөвхөн трансформатор шилжүүлээгүй нь буруу байна гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн үед гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлж чадахгүй байгаа компани нь үлдэгдэл төлбөрөө төлж чадах эсэхэд эргэлзэж байсан тул трансформаторыг шилжүүлэхээс татгалзсан ба энэхүү нөхцөл байдал нь хариуцагч компани гэрээний дагуу төлөх ёстой гэрээний урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлөөгүй байгаа нөхцөлөөс тодорхой харагддаг. Монгол Улсын Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно" гэж нөгөө тал үүргээ гүйцэтгэхээс өмнө үүрэг гүйцэтгэхгүй байж болох талаар зааж өгсөн ба энэхүү зохицуулалт манай тохиолдол буюу урьдчилгаа 50 хувиа төлөөгүй учир эд хөрөнгө шилжүүлэхээс татгалзсан нөхцөлтэй таарах юм. Нэхэмжлэгч нь хуульд заасан үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан байхад анхан шатны шүүх дээрх үндэслэл бүхий татгалзлыг анхаарч үзэлгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий КТПН нь дан ганц төмөр хайрцаг биш бөгөөд трансформаторыг суурилуулах, тог дамжуулах, галаас хамгаалах зэрэг тусгай зориулалтын тоноглолууд байдаг бөгөөд тоноглол, КТПН угсарснаас хойш 21 хоногоос илүү хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн КТПН болон тоноглолыг хуучин гэж үздэг болно. Хариуцагч компанийн хүсэлтийн дагуу 2016 оны 11 сард маргаан бүхий КТПН-г тоноглолын хамт суурилуулж өгсөн ба ийнхүү суурилуулснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд КТПН болон цахилгаан тоноглолууд нь цас бороонд норох, гандах, хуучрах, өгнө зүс алдаж, үйлдвэрийн баталгаа болдог цаасан наалт нь хуурч унасан нөхцөл байдалтай байгаа бөгөөд ийм байдалтай болсон хуучин КТПН-г анхны гэрээний үнэ буюу 6 750 000 төгрөгөөр худалдах ямар ч боломжгүй юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, шилжүүлж өгсөн КТПН-г шинэ мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг Иргэний хуульд заасан зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ж Э С”ХХК нь хариуцагч “Т Т Э Б” ХХК-д холбогдуулан худалдсан эд хөрөнгийн үнийн дутуу 3 750 000 төгрөг, алданги 1 875 000 төгрөг нийт 5 625 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хянан хэлэлцээд, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шилжүүлсэн КТПН нь бүх төрлийн трансформаторт  тохирдог, хариуцагч ашиглах боломжтой байхад бусдаас худалдаж авсан буруутай үйлдлийг нь шүүх анхаараагүй, …хариуцагч урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөгүйгээс транформаторыг шилжүүлээгүй байхад манайхыг үүргээ зөрчсөн гэж шүүх алдаатай дүгнэлт хийсэн,...КТПН-ыг суурилуулж өгснөөс хойш 2 жил өнгөрсөн, эд хөрөнгө хуучирсан болохыг шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, ...нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг хяналтын журмаар гаргасан байна. Гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Зохигч талуудын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний дагуу “Ж Э С”ХХК нь 250 киловаттын хүчин чадалтай цахилгааны дэд өртөө КТПН 1 ком буюу бүрэн тоноглогдсон хайрцгийг трансформаторын хамт “Т Т Э Б” ХХК-д  шилжүүлэх, “Т Т Э Б” ХХК нь КТПН-ны үнэ 6 750 000 төгрөг, трансформатын үнэ 6 120 000 төгрөг нийт 12 870 000 төгрөгийг төлөхдөө 50 хувийг урьдчилж төлөх, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Худалдан авагч урьдчилгаа 50 хувь буюу 6 435 000 төгрөг төлөхөөс 3 000 000 төгрөгийг төлсөн, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр худалдагч эд хөрөнгийн зарим хэсэг КТПН-г хүлээлгэн өгсөн үйл баримтыг зохигч маргаагүй бөгөөд харин трансформаторыг нийлүүлээгүй явдалд талууд бие биеэ буруутгаж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөөгүй үүргээ зөрчсөн тул трансформаторыг шилжүүлээгүй, зээлээр барааг худалдаагүй, бусдаас трансформатор авсан бол манай шилжүүлсэн КТПН-ийг хэрэглэх боломжтой  байсан, 2 жил өнгөрч уг эд хөрөнгө нь элэгдэж эвдэрч, дахин өөр этгээдэд худалдах боломжгүй болсон тул үлдэх үнийг, алдангийн хамт гаргуулж өгнө үү...” гэсэн бол хариуцагч “нэхэмжлэгч трансформатор нийлүүлээгүй тул бусдаас худалдан авч цахилгааны дэд өртөөг барьсан, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барилгаа ашиглалтад оруулсан бөгөөд КТПН-ыг буцааж өгье гэхэд аваад ир гэсэн боловч хүлээж авах хүн байхгүй тул хадгалалтад үлдээсэн....” гэж татгалзжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй зээлээр худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй байна. Гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 10-ны өдөр дуусчээ.

“Ж Э С”ХХК нь худалдан авагч “Т Т Э Б” ХХК-ийг төлбөрөө төлөх нь эргэлзээтэй байсан тул трансформаторыг нийлүүлээгүй гэж үзсэн атлаа гэрээний хугацаа дууссан байхад шилжүүлсэн КТПН-ийн үнийг төлүүлэх эсвэл эд хөрөнгөө буцаан гаргуулах шаардлагыг гаргаагүй бөгөөд 1 жил 11 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч нь КТПН-ийг ашиглаагүй, суурилуулсан хэвээр байгаа нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар КТПН нь трансформаторын дагалдах зүйл буюу тусдаа ашиглагдах боломжтой байж болох хэдий ч хариуцагч ийм үүргийг буюу трансформаторыг нийлүүлсэн эсэхээс үл хамаарч хайрцагийг худалдан авах ёстой гэх үүргийг гэрээгээр хүлээгээгүй тул хариуцагчийг буруутгах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай байна.

“Т Т Э Б” ХХК урьдчилгаа төлбөрийг бүрэн төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байх боловч худалдагч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгох эрхтэй, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна. Хариуцагч 2017 оны 02 сарын 10, 11 сарын 22, 2018 оны 09 сарын 19-ний өдөр тус тус албан бичгээр “...өөр нийлүүлэгч компаниас бараагаа худалдан авсан тул гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр 3 000 000 төгрөгийг буцаан авах...” талаар мэдэгдэж байжээ.

“Т Т Э Б” ХХК-ийн зүгээс трансформатор нийлүүлэх үүргээ биелүүлэхийг “Ж Э С”ХХК-д удаа дараа сануулсаар байхад үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзсан, гэрээнээс татгалзах тухай түүнд мэдэгдэн, трансформаторын хайрцгийг /КТПН/ өөрийн зардлаар буцаан хүргүүлсэн боловч худалдагч хүлээн аваагүй, хөрөнгө эзэнгүйдэх эвдэрч гэмтэхээс болгоомжлон өөрийн хадгалалтад үлдээсэн, улмаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт байгаа баримтын хэмжээнд тогтоогдсон, шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. /хэргийн 2, 22-23, 33-44 хуудас дах баримтууд/

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 225.2, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00277 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 706 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА