Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 153

 

      “M г” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн

       мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин,

       газар, геодези, зураг зүйн хяналтын улсын

     байцаагч Э.Б холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Шүүгчид:                       Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:             Ч.Тунгалаг

Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжиннямын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарны 28-ны өдрийн 128/ШШ2020/0075 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 175 дугаар магадлалтай,

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0075 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “М г” ХХК-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Газар, Геодези, Зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжиннямын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэрийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 175 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М г” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүх “... мөрдөгдөж байсан хуулиудын огнооноос үл хамааран газар эзэмших эрхтэй болсон цагаас эхлэн зөрчил үйлдэгдэж одоог хүртэл уг зөрчил арилаагүй, үргэлжилсэн байх тул зөрчлийг хянан шалгах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ...” гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд давж заалдах шатны шүүх “... байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь газар эзэмшигчид газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос өмнө тухайн газар үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ авахуулах талаар хуулиар тавигдаж буй шаардлага бөгөөд газар эзэмших гэрээний хавсралтад багтаж, жил бүр дүгнэгдэх баримт байна...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй ...” гэж, 1.2 дахь хэсэгт “... энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ...” гэж, 6 дахь хэсэгт “... хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно ...” гэж тус тус заасан байх ба зөрчил үйлдсэн гэж үзэх сүүлийн хугацаанаас хойш даруй 4 жил өнгөрсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.

5. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ ...” гэж заасан зөрчлийг гаргасан байна гэж дүгнэсэн ба Газрын гухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт “... Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно...” гэж заасныг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон байна, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт “... Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ ...” гэж зааснаар “... жил бүр дүгнэгдэх ёстой тул ... зөрчил үйлдсэн гэж үзэх хугацаанаас хойш 4 жил өнгөрсөн гэж давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэж дүгнэн шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зөрчлийг шалган шийдвэрлэн хариуцлага хүлээлгэхдээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн бөгөөд Газрын тухай хуулийн ямар ч зүйл заалтыг баримтлан шийтгэл оногдуулаагүй байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн дүгнэлт гаргасан байна.

6. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно ...” гэж, 2 дахь хэсэгт “... Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно ...” гэж заасан ба анхан шатны шүүхээс гаргасан зөрчил нь үргэлжилсээр байна гэж, давж заалдах шатны шүүхээс “... зөрчил үйлдэгдсэн хугацаа биш харин Газрын тухай хуулийн 34 дүгээр зүилийн 34.7 дахь хэсэгт зааснаар ... газар эзэмших гэрээний хавсралт болж, жил бүр дүгнэгдэх ёстой тул уг зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд зөрчлийг илрүүлж шийтгэл оногдуулан, улмаар уг зөрчлийг таслан зогсоохоор даалгавар гаргаснаар гомдол гаргагч хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж үзэхээр байна ...” гэж дүгнэн шийдвэрлэсэн.

7. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “... Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана ...” гэж зааснаар шалгуулах этгээдэд буюу нэхэмжлэгчид ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хяналтын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн холбогдох утас, байрлаж буй хаяг, шуудангийн хаяг зэрэг мэдэгдэх мэдээллүүд нь илэрхий тодорхой байхад хяналт шалгалтын ажиллагаанд оролцогч этгээдүүдийн биеийн байцаалт, төлөөлөх эрхтэй эсэхийг шалган тогтоогоогүй үйл ажиллагаа явуулсныг анхан шатны шүүх хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэсэнг хүлээн зөвшөөрөхгүй.

8. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.2 дахь хэсэгт зааснаар шалгуулах этгээдийг хяналтын улсын байцаагч зөв тогтоогоогүйгээс төрийн хяналт шалгалт хийх хуулиар тогтоосон журмыг зөрчиж хяналт шалгалт явуулсан гэж үзнэ. Хяналт шалгалтын журмыг зөрчиж гаргасан шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус. Хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийх явцад хуульд заасан шалгуулах этгээдийг хяналт шалгалтын ажиллагаанд огт оролцуулаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шалгуулах этгээдийг хэн болохыг тогтоох шаардлагагүй, боломжгүй мэтээр тайлбар өгсөн ба компанид хамааралгүй этгээд, шалгуулах этгээд биш этгээдийг хяналт шалгалтын ажиллагаанд оролцуулсанг хүлээн зөвшөөрөхгүй.

9. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/74 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу хүнсний худалдааны газруудын үйл ажиллагаанд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын хүрээнд “М г” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй үйл баримтад үндэслэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Балжинням нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй” болохыг тогтоож, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг “М г” ХХК-д оногдуулсан; “ г” ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... хууль зөрчөөгүй, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхээр хангаагүй” гэж маргажээ.

11. Гомдол гаргагч “М г” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/701 дугаар захирамжийн дагуу эзэмшиж буй Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 73 тоот хаяг дахь “Б-2” худалдааны төвийн үйл ажиллагаа явуулж байгаа газартаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үйл баримттай маргаагүй, харин хийлгээгүй нь хууль зөрчөөгүй гэж маргасан, шүүхүүд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнээс бүрдэхээр, 7.2-т “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах /-аас/ ... өмнө хийх”-ээр, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх”-ээр тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглах харилцаанд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хэзээ хийлгэх буюу тодорхой хугацааг Газрын тухай хуульд нарийвчлан заасан байна.

13. Мөн, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно”, 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: ...37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ... 40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, ...” гэж тус тус зааснаар газарт хийлгэсэн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь гэрээний салшгүй хэсэг байхын хувьд гэрээний нэгэн адилаар дүгнэгдэх журамтай, энэ тохиолдолд анхнаасаа үнэлгээ хийлгээгүй гэх үйл баримтаар уг зөрчлийг үгүйсгэх, зөрчил үйлдсэн хугацааг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан “акт”-ын огнооноос тооцох хууль зүйн боломжгүй юм.

14. Учир нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дугаар захирамжийг үндэслэн “М г” ХХК нь худалдаа, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээг 10 жилийн хугацаатай байгуулж зөрчил тогтоох хүртэл уг газрыг эзэмшсээр байгаа; гэрээ, гэрчилгээгээр баталгаажсан газартаа гомдол гаргагч “М г” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлыг тухай хууль, Газрын тухай хуулийн шаардлагыг биелүүлж байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүүлэх үүрэгтэй; иймээс газар эзэмшүүлэх гэрээний хугацаанд үргэлжилж буй уг зөрчлийг илрүүлсэн үеэс зөрчил үйлдсэн хугацааг дүгнэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 зүйлийн 2-т “зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасанд нийцсэн, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

15. Иймд, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... зөрчил үйлдсэн гэх хугацаанаас хойш даруй 4 жил өнгөрсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан, ... хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

16. Түүнчлэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, шалгалт хийх тухай мэдэгдлийг хүлээн авах, шалгалтын удирдамжтай танилцах, шалгалтын хүрээнд зохион байгуулсан сургалт зэрэгт “М г” ХХК-ийг төлөөлж, менежер ажилтай Г.О оролцсон нь тогтоогдсон ба компанийн эрх бүхий этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаарх улсын байцаагчийн аман шаардлага, гар утасны мессежийг компаний эрх бүхий этгээд мэдсэн атлаа уг шаардлагыг биелүүлээгүй нь тогтоогдсоноос үзвэл зөрчилд холбогдогчийн эрхийг хангаагүй гэж улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд нь өөрөө оролцоогүй гэх нөхцөл байдал нь тогтоогдсон уг “зөрчил”-ийг үгүйсгэхгүй тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан “... шалгуулах этгээдийг зөв тогтоогоогүйгээс төрийн хяналт шалгалт хийх журмыг зөрчиж явуулж, гаргасан шийдвэр өөрөө хүчин төгөлдөр бус” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Иймд, эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “МВС групп” ХХК-ийн өмгөөлөгч Д.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2020/0075 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 175 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчийн хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Ч.ТУНГАЛАГ