Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 75

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Э.Б, гэрч С.О нарыг оролцуулан “М.Г” ХХК-ийн гомдолтой, НМХГ УБ Э.Б-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Гомдол гаргагч: “М.Г” ХХК /РД:25735../,

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, Өөрийн байр,

Хариуцагч: НМХГ УБ Э.Б,

Хаяг: Улаанбаатар хот,  Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг Захиргааны .-р байр,

Гомдлын шаардлага: “НМХГ УБ Э.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М.Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: “Манай “М.Г” ХХК-д Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 168*******, 18637******* дугаар бүхий 53,723 кв.м газрыг 10 жилийн хугацаатай зочид буудал, орон сууц, агуулах, аж ахуй зориулалт гаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн 000305.. дугаартай гэрчилгээ олгогдсон.

Мөн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 16803*******, 18636******* дугаар бүхий 7,553 кв.м газрыг 10 жилийн хугацаатай худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж газар эзэмших эрхийн 000305.. дугаартай гэрчилгээ олгогдсон.

Улмаар 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10 жилийн хугацаатай “Иргэн, Хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-г тус тус байгуулан газар эзэмших болон төлбөрийн ямарваа нэг зөрчилгүй явж ирсэн болно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/74 дугаартай Хяналт шалгалтын удирдамж гарч манай компанийн эзэмшиж буй худалдааны төвд хяналт шалгалт хийгдсэн гэх бөгөөд НМХГ УБ Э.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066732 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр гарч манай компанид хууль бусаар хариуцлага хүлээлгэсэн байна гэж үзэж байна.

Шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогын хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... ” гэж зааснаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт ”... Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ ... ” гэж заасан байх бөгөөд 2012 онд шинэчлэн найруулагдан батлагдсан хуулийн дагуу зохицуулагдсан байдаг. Манай компанийн хувьд 2006 онд газар ашиглах шийдвэр гарснаас хойш тасралтгүй ашиглаж байгаа бөгөөд ийм үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль анх 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр батлагдан гарсан ба 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэгдэн батлагдсан. Хууль батлагдан гарснаар байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэх үүрэгтэй болно гэж үзэж энэхүү үүрэг 2012 онд үүссэн гэж үзэхээр байна. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт ”... Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана ... ” гэж зааснаар одоо ажиллаж байгаа үйлчилгээний байгууллага нь шинэчлэх, өргөтгөх зэрэгт байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ажлын 14 хоногт багтаан хийж дүгнэлт гаргахаар зохицуулсан байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.4 дэх хэсгүүдэд заасан зохицуулалтаас харахад байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө эсвэл одоо ажиллаж байгаагийн хувьд шинэчлэх, өргөтгөх үед л дүгнэлт гаргуулах үүрэгтэй гэж зохицуулсан байх ба бусад тохиолдолд дүгнэлт гаргуулах талаар зохицуулсан зүйл байхгүй байна. Манай компанийн хувьд төслийг аль эрт хэрэгжүүлсэн, газрын эзэмших эрхийг хамгийн сүүлд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10 жилийн хугацаатай сунган авсан ба үйлчилгээг шинэчилсэн болон өргөтгөсөн зүйл байхгүй. Газар эзэмших эрхийг хамгийн сүүлд сунгасан 2015 оны байдлаар дүгнэхэд энэ үед дүгнэлт гаргуулсан байх ёстой байсан гэж үзэж болох юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд зайлшгүй дүгнэлт гаргуулах шаардлагатай талаар хуульд иймэрхүү бүрхэг байдлаар зохицуулсан байхад улсын байцаагч үндэслэлгүй, зөвлөн туслалгүй шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "... Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ ...” гэж, 34.7 дахь хэсэгт ”... Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно ... “ гэж тус тус зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж гэрээний хавсралт болгохоор зохицуулсан байх ба энэхүү үүрэг гэрээ байгуулагдахад хийлгэх үүрэгтэй байна.

Дээрх зохицуулалтуудаас харахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг зайлшгүй хийлгэх үүрэгтэй гэвэл хамгийн сүүлийн хугацаагаар 2015 онд хийлгэсэн байх ёстой гэж үзэхээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”... Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй ... ” гэж, 1.2 дахь хэсэгт ”... энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ... ” гэж, 6 дахь хэсэгт ”... Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно ...” гэж тус тус заасан байх ба зөрчил үйлдсэн гэж үзэх хугацаанаас хойш даруй 4 жил өнгөрсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй ... ” гэж, 1.2 дахь хэсэгт “... Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ... ” гэж тус тус зааснаар зөрчлийн хэрэг нээхгүй байсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “... хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх ... ” гэж, мөн зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "... шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах ...” гэж заасан зарчмуудьг зөрчиж явагдсан гэж үзэж байна. Учир нь зориудаар манай компанийн нэр төрд халдаж хяналт шалгалтын чиглэлд заагдаагүй үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь ямар ч аргаар хамаагүй манай компанийг муухай харагдуулан зөрчилтэй байгаа мэтээр тогтоохыг оролдсон гэж үзэхээс өөр аргагүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6  дахь хэсэгт  “... Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ ...” гэж, 5.7 дахь хэсэгт "... Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ ... “ гэж, 5.9 дэх хэсэгт ”... Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”, 5.9.1 дэх хэсэгт “Шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал”, 5.9.2 дахь хэсэгт “... улсын байцаагчийн санал, дүгнэлт”, 5.9.3 дахь хэсэгт “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт ... “ гэж заасныг улсын байцаагч үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй болно.

“Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-д шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал дүгнэлт, шалгуулагч этгээд болох манай компанийн санал дүгнэлтийг огт тусгаагүйн дээр тэмдэглэлтэй танилцсан шалгуулагч этгээд гарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зурагдаагүй.

Мөн хуулийн 51 дугаар зүйлийн 512 дахь хэсэгт “... Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана ...” гэж заасныг зөрчиж хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байдаг ба хяналтын улсын байцаагч энэхүү үүргээ огт биелүүлээгүй болно. Хяналт шалгалтын хугацаа нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх ёстой байтал улсын байцаагчаас 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь удирдамжид заагдсан чиглэл хүрээ хугацаанд явагдаагүй нь нотлогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “... захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ..." гэж заасны дагуу НМХГ УБ Э.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэр нь хууль бус байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б би, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 12 дахь хэсэгт заасны дагуу “М.Г" ХХК-д холбогдох Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн зөрчилд 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах тухай шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх
 хэсэгт “Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн
хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор
баталж, олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Шадар сайдын баталж, Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны үндсэн зорилго, үйл ажиллагааны
төлөвлөгөөний дагуу шалгахаар зарлагдсаны дагуу Нийслэлийн Мэргэжлийн
хяналтын газрын даргын баталсан “Худалдаа, үйлчилгээний газруудад
төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 02-01/174 дугаартай удирдамжийн
хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр
зүйлийн 19.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт тус тус заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу "М.Г" ХХК-ийн үйл ажиллагаанд байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр хяналт шалгалт хийсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл-1.

“Шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар торгууль оногдуулсан нь үндэслэлгүй байна. “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.” гэж заасан байх бөгөөд 2012 онд шинэчлэн найруулагдан батлагдсан хуулийн дагуу зохицуулагдсан байдаг. Манай компанийн хувьд 2006 онд ашиглах шийдвэр гарснаас хойш тасралтгүй ашиглагдаж байгаа бөгөөд ийм үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.” гэх тухайд,

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53723 м.кв талбай бүхий газрыг 18637******* нэгж талбарын дугаартайгаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн, зочид буудал, орон сууц, агуулах, аж ахуйн
зориулалтаар, 7553 м.кв талбай бүхий газрыг 18636******* нэгж талбарын
дугаартайгаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн худалдаа,
үйлчилгээний зориулалтаар тус тус 10 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг
“М.Г” ХХК-д олгосон байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 1998 онд
шинээр батлагдан мөрдөгдөж, 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн
найруулагдсан, Газрын тухай хууль нь 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр
батлагдан 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн
байдаг.

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар дээр нөхцөлтэй танилцан
холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийхэд тус компани нь 2019 оныг хүртэл
үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй
байсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн
нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн
зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс
өмнө хийнэ.”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл,
үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3000 нэгж буюу 3000000 /гурван сая/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулах үндэслэл бүрдсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл-2.

“Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”... Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй ..." гэж, 1.2 дахь хэсэгт “... энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ...” гэж, 6 дахь хэсэг “... Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно...” гэж тус тус заасан байх ба зөрчил үйлдсэн гэж үзэх хугацаанаас хойш даруй 4 жил өнгөрсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.” гэх тухайд,

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт “... Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй ...” гэж, 1.2 дахь хэсэгт “... Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ...” гэж тус тус зааснаар зөрчлийн хэрэг нээхгүй байсан байна.

“М.Г” ХХК-ийн үйлдсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх үндэслэл нь хуулийг илт үгүйсгэсэн үйлдэл гэж харагдаж байна. Учир нь тус компани нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.1 хэсэгт заасны дагуу дээрх торгуулийн шийтгэл оногдуулсан зөрчил нь анх газар эзэмших эрх үүссэн үеэс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тул дээрх асуудал нь үндэслэлгүй байна.

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тухай хууль батлагдахаас
өмнөх цаг хугацаанд баригдсан барилга байгууламж болон түүний доор газрыг эзэмшиж буй этгээдэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”-ын 3.1-т тус тус заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх үүрэг өөрт нь шинээр бий болсныг мэдэх боломжтой байсан төдийгүй, ийм үүрэг үүссэнийг мэдээгүй, түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэлийн үндэслэл-3.

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “...хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх..” гэж, мөн зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “...шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах..” гэж заасан зарчмуудыг зөрчиж явагдсан гэж үзэж байна. Учир нь зориудаар манай компанийн нэр төрд халдаж хяналт шалгалтын чиглэлд заагдаагүй үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн нь ямар ч аргаар хамаагүй манай компанийг муухай харагдуулан зөрчилтэй байгаа мэтээр тогтоохыг оролдсон гэж үзэхээс өөр аргагүй байна.” гэх тухайд,

Тус хяналт шалгалт нь Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 12 сард зарлагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын шилэн хяналтын цахим хуудсанд бүртгэгдэж, байгууллагын олон нийтийн цахим хуудсанд аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалтыг байршуулсан.

2019 оны хэлтсийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгжид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын баталсан “Зах худалдааны төвүүдэд зохион байгуулах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтад “Б.И” ХХК, “М” ХХК-ийн Ба-1, Ба-2 худалдааны төвүүдийг төлөөлж менежер Г.О хамрагдан 8 заалт бүхий 02-1/289 тоот мэдэгдэл, хяналт шалгалтын удирдамж, 2.12 кодтой хяналтын хуудас зэргийг хүлээн авч гарын үсэг зурсан болно.

Иймд дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудал нь үндэслэлгүй болно.

Нэхэмжлэлийн үндэслэл-4.

“Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт
“...Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах
этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ...” гэж, 5.7 дахь хэсэгт “...Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ .” гэж, 5.9 дэх хэсэгт “...Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана”, 5.9.1 дэх хэсэгт “...шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал”, 5.9.2 дахь хэсэгт “улсын байцаагчийн санал, дүгнэлт”, 5.9.3-д “шалгуулагч этгээдийн санал, хүсэлт...” гэж заасныг улсын байцаагч үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй болно. “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-д шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн санал дүгнэлт, шалгуулагч этгээд болох манай компанийн санал дүгнэлтийг огт тусгаагүй дээр тэмдэглэлтэй танилцсан шалгуулагч этгээд шарын үсэг зурах хэсэгт гарын үсэг зурагдаагүй.” гэх тухайд,

Төлөвлөгөөт хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын баталсан “Зах худалдааны төвүүдэд зохион байгуулах сургалтын хөтөлбөр’’-ийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулсан. Тус сургалтад “Б.И” ХХК, “М” ХХК-ийн Ба-1, Ба-2 худалдааны төвүүдийг төлөөлж ирсэн менежер Г.От хяналт шалгалтын бүрэлдэхүүн, удирдамж, 2.12 кодтой “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг шалгах хяналтын хуудас”-ыг тус тус танилцуулж, тус бүр 1 хувийг өгч, гарын үсэг зуруулсан.

Удирдамжийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр газар дээрх нөхцөлтэй танилцаж, улсын байцаагчийн үнэмлэх, нэр, албан тушаалаа танилцуулан хяналт шалгалтыг эхлүүлсэн.

Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдсон боловч зарим баримт бичиг бэлэн бус байсан тул 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “дутуу баримт бичгийг 04 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 307 тоотод ирж шалгуулах тухай 00037098 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн үйлдэн, нэмэлт санал хүсэлтгүй гэсэн тул Ба-2 худалдааны төвийн менежер Г.От танилцуулахад “М.Г” ХХК-ийг төлөөлөх эрхгүй тул шалгалтын тэмдэглэлд гарын үсэг зурахгүй гэсэн тайлбарыг бичүүлж, 1 хувийг гардуулж өгсөн.

Үүнээс хойш “М.Г” ХХК-ийг төлөөлөл дуудсан цагт хүрэлцэн ирээгүй тул менежер Г.Оийн 99099... дугаарт удаа дараа холбогдож, мессеж бичсэн боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хариу ирээгүй.

Дээрх шалгалт хийсэн тухай тэмдэглэлийг хөтлөх бүрт шалгуулагч этгээдэд санал дүгнэлтийг тусгах талаар мэдэгдэхэд санал дүгнэлт байхгүй гэснээр тэмдэглэлтэй танилцаж, 1 хувийг гардан авч байсан. Иймд дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан асуудал нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл-5.

“Мөн хуулийн 51 дугаар зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж,
хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байдаг. Хяналт шалгалтын хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх ёстой байтал улсын байцаагчаас 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь удирдамжид заагдсан чиглэл хүрээ хугацаанд явагдаагүй нь нотлогдож байна.” гэх тухайд.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “М.Г” ХХК-д байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хяналт шалгалт хийхээр Ба-2 худалдааны төв дээр очиж, газар дээрх нөхцөл байдал, холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийсэн. Тухайн үед зарим баримт бичиг бэлэн бус байсан тул 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шалгуулахаар болсон боловч ирээгүй.

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын
газарт менежер Г.О ирэхдээ шалгуулах баримтгүй байсан тул шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулах талаар мэдэгдэхэд ерөнхий захиралдаа мэдэгдээд эргэж ирнэ гээд явсан.

Үүний дараа менежер Г.Оийн 99099... дугаарт удаа дараа залгаж,
мессеж бичсэн боловч ахиж ирээгүй тул Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу Нийслэлийн прокурорын нэгдсэн бүртгэлийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1902000272 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Улмаар Зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг танилцуулах зорилгоор менежер Г.Оийн 99099... дугаарт 2019 оны 05 дугаар сарын 02, 07, 09-ний өдрүүдэд мессеж бичиж мэдэгдсэн боловч ирээгүй тул 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгах тухай тогтоол үйлдэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг 14 хоногоор сунгасан боловч мөн ирээгүй бөгөөд “захиралдаа хэлсэн хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн.

Тус нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “Хяналт шалгалтын хугацаа нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх ёстой байтал улсын байцаагчаас 05 дугаар сарын 29-ны өдөр зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь удирдамжид заагдсан чиглэл хүрээ хугацаанд явагдаагүй нь нотлогдож байна...” гэх асуудал нь үндэслэлгүй байна.

Учир нь хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу удирдамжид заасан хугацаанд гүйцэтгэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу улсын байцаагчтай холбогдон гарсан шийдвэр бүрийг тухай бүрт мэдэгдэж байсан боловч холбогдогч тал болох “М.Г” ХХК нь хяналт шалгалтаас зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дуустал зайлсхийж байсан тул үйлдсэн зөрчилд хяналтын прокурорын зөвшөөрлөөр торгуулийн шийтгэл оногдуулж, хянуулсан болно. Торгуулийн шийтгэлийн 002/0066733 дугаартай шийтгэлийн хуудсыг “М.Г” ХХК-ийн менежер Г.От 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар шуудангаар хүргүүлсэн.

“М.Г” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3000 нэгж буюу 3000.0 /гурван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсныг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 002/0066733 дугаартай шийтгэлийн хуудас, 1902000272 дугаартай эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг Улаанбаатар шуудангаар хүргүүлэхэд хүлээн авч, 0219/9952 дугаартай баталгаат гардуулалтын хуудсанд гарын үсэг зурсан.

Дээрх улсын байцаагчийн шийдвэрүүдийг 2019 оны 06 дугаар сарын 14, 30-
ны өдрийн дотор сайн дураар биелүүлэх, зөрчлийг үр дагавар арилгуулахыг
даалгасан боловч өнөөдрийг хүртэл торгууль, зөрчлөө арилгах арга хэмжээ
аваагүй байгаа болно.

Иймд Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч
Э.Б би 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “М.Г” ХХК-д оногдуулсан 002/0066733 дугаартай торгуулийн шийтгэл болон 1902000272 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” даалгаврыг хэвээр үлдээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ” гэх хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана.” гэж заасныг үндэслэн шийдвэр гаргаж өгнө үү.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч “М.Г” ХХК-иас “НМХГ УБ Э.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б нь тус газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/74 тоот хяналт шалгалтын удирдамжийн дагуу “М.Г” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас ... Ерөнхий үнэлгээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гол нь ерөнхий үнэлгээг хэзээ хэрхэн хийх талаар Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заагаагүй, хуульд үүрэгжүүлсэн зохицуулалт байхгүй ... хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Газрын тухай хуульд “газрын гэрээ гэрчилгээ хийхдээ байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хавсралт болгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр сүүлийн хугацааг нь хараад үзэхээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээг сунгаж авснаар хийсэн байх ёстой. Зөрчлийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамгийн ихдээ 2 жил байх ёстой бөгөөд манай зөрчлийн хувьд 1 жил байхаар байгаа ... хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх болон Төрийн хяналт шалгалтын журам зөрчсөн. Тодруулбал, манайхыг оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн, шалгуулагч этгээдэд мэдэгдэх ёстой байтал энэ ажиллагааг хийгээгүй, гомдол гаргагчийг оролцуулахгүйгээр шийтгэл оногдуулж болохгүй ... гэж,

Хариуцагчаас ... 2018 оны 12 дугаар сард 2019 оны төлөвлөгөөнд тусгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цахим сайтад аж ахуйн нэгж байгууллагын  жагсаалтыг байршуулаад баталсан удирдамжийн хавсралтад дурдсан бүх аж ахуйн нэгж байгууллагуудад сургалт зохион байгуулахаар сургалтын хөтөлбөр батлагдаж, сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Тухайн удирдамжийн хавсралтад гомдол гаргагч компанийн нэр нь байгаа. Сургалтын үеэр гомдол гаргагч компанийн менежер Г.О гэх хүн ирсэн. Тухайн үед Г.О-ийгбайгууллагаа төлөөлж ирж байна гэж ойлгосон болохоор заавал захирлаа дагуулж ир гэсэн шаардлага тавиагүй, бидэнд тийм шаардлага тавих эрх байхгүй ... Сургалт дууссаны дараа Г.От хяналтын хуудас, мэдэгдэл, удирдамжийг гардуулж өгсөн ... Газар дээрх нөхцөл байдалтай танилцахад байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний шаардлагыг хангахгүй байсан ... Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.2 дахь хэсэгт заасан бөгөөд гомдол гаргагч газар эзэмшиж эхэлснээс хойш байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ огт хийгээгүй, одоог хүртэл хийлгээгүй, гаргасан зөрчлөө арилгаагүй, зөрчил үргэлжилсээр байгаа тул энэ асуудалд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй ... гэж тус тус маргасан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно.”, 34.8-д “...гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж тус тус зааснаас үзэхэд газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн газрын албатай газар эзэмших гэрээ байгуулах, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж гэрээндээ хавсаргах, гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэж байхаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2-т тус тус зааснаар газар эзэмшигч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /2012 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ...аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах ...-/аас/ өмнө хийнэ.”, 7.4-т “...одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ...-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана.” гэж тус тус зааснаар хууль батлагдах тухайн үед ажиллаж байсан үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөхөд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгэхээр байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 02/1233 тоот албан бичигт “... “М.Г” ХХК нь байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэж байгаагүй” гэх, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/6526 тоот албан бичигт “... тус компанитай холбоотой байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт болон нарийвчилсан үнэлгээний тайлан манай яамны архивын мэдээллийн санд байхгүй” гэх албан бичгүүдээс дүгнэхэд “М.Г” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд гомдол гаргагчаас уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбогдуулж маргаагүй.

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлээгүй гэх үндэслэлээр 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуулийн дагуу зорилгодоо нийцсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02-01/329 тоот албан бичгээр томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийх талаар мэдэгдэл хүргүүлж, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Худалдаа, үйлчилгээний газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/74 тоот удирдамжийг баталж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор сургалт зохион байгуулсан байх ба тус сургалтад “М.Г” ХХК-ийг төлөөлж тус компанийн менежер Г.О оролцсон. 

 Мөн “Б.И” ХХК-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.О нь шүүх хуралдаанд ... Тамгын газрын даргын хувьд “М.Г” ХХК-тай хамааралтай ажилладаг байсан ... 99099... дугаар нь миний утасны дугаар мөн ... Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн асуудлаар дуудаж байна гэж захиралд хэлж байсан, ... захирал албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн ... группийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг ...” гэх  гэрчийн мэдүүлгийг өгсөн. 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэж зааснаас үзэхэд “шалгуулах этгээдэд мэдэгдэх” гэсэн нь заавал тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд мэдэгдэх гэх ойлголт биш, тодруулбал, хуульд заасан журмын дагуу тухайн этгээдийн хаягаар хүргүүлснээр мэдэгдсэнд тооцох бөгөөд тухайн компанийн ажилтнууд хяналт шалгалт явагдах талаар мэдэж, уг шалгалттай холбоотой сургалтад сууж, удирдамжийг авсан, группийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг эрх бүхий албан хаагч уг асуудлаар мэдэж, гомдол гаргагчийн төлөөлөгчид мэдэгдэж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж шүүх дүгнэв. 

Иймд хариуцагчийн “...ирж байгаа хүн нь тухайн компанийн Тамгын газрын дарга, хуульч С.О байсан, манайх хуулийн дагуу албадан ирүүлэх зохицуулалт байхгүй болохоор ирж уулзсан хүнд хэлээд явуулсан боловч захирал нь ирж уулзаагүй, удаа дараа дуудаж, мессеж бичсэн..., нэг өдөр ирээд манай захирал зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн, өөрийн байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд хийгдэх ёстой ажлыг биднээс шаардаж байна” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хариуцагчаас хяналт шалгалтад эрх бүхий албан тушаалтныг байлцуулах арга хэмжээг өөрийн эрх хэмжээний хүрээнд авсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн “51 дүгээр зүйлийн  51.4-д “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийхэд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагчаас “М.Г” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг хяналт шалгалтад байлцуулах арга хэмжээг авсан боловч ирээгүй учраас хяналт шалгалтыг явуулж, зөрчлийг тогтоон шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно., 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заажээ.

Гомдол гаргагчаас “Газрын тухай хуульд “газрын гэрээ гэрчилгээ хийхдээ байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг хавсралт болгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр сүүлийн хугацааг нь хараад үзэхээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээг сунгаж авснаар хийсэн байх ёстой. Зөрчлийн тухай хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамгийн ихдээ 2 жил байх ёстой, манай зөрчлийн хувьд 1 жил болж байгаа” гэх тухайд.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 1998 онд анх батлагдан мөрдөгдөж, 2012 онд шинэчлэн найруулагдсан,  Газрын тухай хууль 2003 оноос эхлэн дагаж мөрдөгдсөн тул 2005 онд газрын гэрээ, гэрчилгээ авахад мөрдөгдөж байсан хуулиудын огнооноос үл хамааран газар эзэмших эрхтэй болсон цагаас эхлэн зөрчил үйлдэгдэж одоог хүртэл уг зөрчил арилаагүй, үргэлжилсээр байх тул зөрчлийг хянан шалгах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Тиймээс, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх буюу 3,000,000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан холбогдох хууль тогтоомжийг нийцсэн байх тул гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй үндэслэлүүдээр хариуцагчийн  “...2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “М.Г” ХХК-ийн “НМХГ УБ Э.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН