Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0175

 

2020 оны 03 сарын 05 өдөр           Дугаар 221/МА2020/0175                          Улаанбаатар хот

“М...” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагч Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “М...” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “М...” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Э.Б-ын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй байна.

Анхан шатны шүүх “... мөрдөгдөж байсан хуулиудын огнооноос үл хамааран газар эзэмших эрхтэй болсон цагаас эхлэн зөрчил үйлдэгдэж одоог хүртэл уг зөрчил арилаагүй, үргэлжилсэн байх тул зөрчлийг хянан шалгах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ...” гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зөрчлийн тухай хулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй ...” гэж, 1.2 дахь хэсэгт “... энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ...” гэж, 6 дахь хэсэгт “... хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно ...” гэж тус тус заасан байх ба зөрчил үйлдсэн гэж үзэх сүүлийн хугацаанаас хойш даруй 4 жил өнгөрсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно ...” гэж, 2 дахь хэсэгт “... зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно ...” гэж заасан ба анхан шатны шүүхээс гаргасан зөрчил нь үргэлжилсээр байгаа гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “... хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана ...” гэж зааснаар шалгуулах этгээдэд буюу нэхэмжлэгчид ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогддог. Хяналтын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн холбогдох утас, байрлаж буй хаяг, шуудангийн хаяг зэрэг мэдэгдэх мэдээллүүд нь илэрхий тодорхой байхад хяналт шалгалтын ажиллагаанд оролцогч этгээдүүдийн биеийн байцаалт, төлөөлөх эрхтэй эсэхийг шалган тогтоогоогүй үйл ажиллагаа явуулсныг анхан шатны шүүх хууль ёсны үйл ажиллагаа гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах ...” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0066733 дугаар шийтгэлийн хуудсаар “М...” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, улмаар зөрчлийн үр дагаврыг арилгуулах арга хэмжээ авахуулахаар эрх бүхий албан тушаалтан 1902000272 дугаар даалгавар гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар “М...” ХХК-д олгогдсон Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа үйлчилгээ, зочид буудал, орон сууц, агуулах, аж ахуйн зориулалттай газар газар эзэмших эрхийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дугаар захирамжаар 10 жилийн хугацаагаар сунгажээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь заалтад 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан байна. Газрын тухай хуульд энэ нэмэлт өөрчлөлт орохоос өмнө газар эзэмших эрх олгогдсон этгээд нэмэлт өөрчлөлт орсноос хойш Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана” гэж заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй. 

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас үзвэл газар шинээр эзэмших эрх авсан хуулийн этгээд 90 хоногт багтаан өөрөө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэж, үүний дараа захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших гэрээ байгуулах, улмаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь газар эзэмших гэрээний хавсралт болохоор заажээ.

Өөрөөр хэлбэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь газар эзэмшигчид газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос өмнө тухайн газар үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ авахуулах талаар хуулиар тавигдаж буй шаардлага бөгөөд газар эзэмших гэрээний хавсралтад багтаж, жил бүр дүгнэгдэх баримт байна.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дүгээр захирамжаар гомдол гаргагчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулалгүйгээр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, гомдол гаргагч “М...” ХХК нь хариуцагчийг хяналт шалгалт хийх үед Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг ... аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж заасан зөрчлөө арилгалгүйгээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа ... байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно” гэж заасныг зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж зааснаас үзвэл 2015 онд газар эзэмших эрхийн хугацааг сунгах үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй нь зөрчил үйлдэгдсэн хугацаа биш харин Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар газар эзэмших гэрээний хавсралт болж, жил бүр дүгнэгдэх ёстой тул уг зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн байх бөгөөд зөрчлийг илрүүлж шийтгэл оногдуулан, улмаар уг зөрчлийг таслан зогсоохоор даалгавар гаргаснаар гомдол гаргагч хуулийн этгээдийг уг зөрчлийг үйлдсэн гэж үзэхээр байх тул “зөрчил үйлдсэн гэж үзэх сүүлийн хугацаанаас хойш 4 жил өнгөрсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт “хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэж заасан бөгөөд энэ талаарх “шалгуулах  этгээд буюу нэхэмжлэгчид ямар ч хэлбэрээр мэдэгдээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 02-01/329 дугаар албан тоотоор томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд 2019 оны төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийх талаар гомдол гаргагч хуулийн этгээдэд мэдэгдэж, тус хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулсан урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах сургалтад “М...” ХХК-ийг төлөөлж Г.О оролцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад уг ажиллагааны талаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд мэдэгдэж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгчээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М...” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ