Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01457

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01457

 

У- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч У- ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г- ХХК, Д.Ц- нарт холбогдох

Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 00, 00, 000 тоот хаягт оршин байрлах, нийт 141 687 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271 843 143 төгрөг гаргуулах,

Г- ХХК-ийн хөрөнгө нь 271 843 143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Ц-ээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жархынбек, гуравдагч этгэээд Г.Б-ийн итгэмжлгэдсэн төлөөлөгч Г.Чинзориг, гуравдагч этгээд Ц.Т-ын өмгөөлөгч Б.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г- ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 66 597 400 төгрөгийн үнэ бүхий 686 296 тонн бараа материал хүлээлгэж өгсөн. Талууд гэрээний үлдэгдэл төлбөр 301 703 502 төгрөг, материал нийлүүлж эхэлсэн өдрөөс эхний 2 сарын хүү тооцохгүй 3 дахь сараас татсан өдөр тус бүрээр 1 сарын 1,5 хувийн хүү тооцон 21 212 259 төгрөг, нийт 322 915 761 төгрөгийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах, барагдуулах боломжгүй бол хариуцагчийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд барьж байгаа орон сууцны барилгаас нийт 7 ширхэг орон сууцыг хүлээлгэн өгөх болзолтой гэрээ байгуулсан. Хариуцагч үлдэгдэл төлбөр 301 703 502 төгрөг, хүү 21 212 259 төгрөг, хугацаандаа төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүртэлх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,15 хувийн алданги 142 102 350 төгрөг нийт 465 018 111 төгрөгийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй.

Иймд Орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээнд заасан орон сууцуудыг авах хүсэлт шаардлагаа удаа дараа хүргүүлсэн. Орон сууц захиалгын гэрээний дагуу 44,97 м2 бүхий 1-р орцны 5-р давхар 00 тоот, 4,97 м2 бүхий 1-р орцны 9-р давхар 47 тоот, 4,97 м2 бүхий 1-р орцны 10-р давхар 00 тоот, 45 м2 бүхий 2-р орцны 7-р давхар 125 тоот, 45 м2 бүхий 2-р орцны 8-р давхар 131 тоот, 45 м2 бүхий 2-р орцны 9-р давхар 137 тоот, 45 м2 бүхий 2-р орцны 11-р давхар 000 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг хариуцагч Г- ХХК-д даалгаж өгөхийг шаардаж басйан боловч 2017 оны 5 сард хариуцагч манай захиалсан байруудыг бусдад шилжүүлэн өмчлөх гэрчилгээ гаргуулсан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотоор тогтоогдсон.

Орон сууц захиалгийн гэрээний дагуу бусдын өмчлөлд шилжээгүй байгаа орон сууцууд: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 00 тоот, тус байрны 44,97 м.кв бүхий 00 тоот, тус байрны 45 м.кв бүхий 000 тоот, нийт 141 687 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан өгөхийг хариуцагч Г- ХХК-д даалгаж өгнө үү.

Орон сууц захиалгын гэрээний дагуу 4 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчийг хууран мэхэлж, бусдын өмчлөлд шилжүүлснийг цаашид нэхэмжлэхгүй бөгөөд эдгээрийн оронд бараа материал нийлүүлсний дутуу мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардлагаа өөрчилж байна. Төлбөр, хүүгийн хамт 322 915 762 төгрөгөөс дээрхи зөрүүг хасч, 181 228 762 төгрөгийг алданги 90 614 381 төгрөгийн хамт нийт 271 843 143 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Ц- Г- ХХК-ийн ганц хувьцаа эзэмшигч бөгөөд өөрийн хувийн хөрөнгөө Г- ХХК-ийн хөрөнгөнөөс тусгаарлаагүй. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу Г- ХХК-ийн өр төлбөрийг хувьцаа эзэмшигч Д.Ц- хамтран хариуцах үүрэгтэй болно. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт дагуу орон сууц захиалгын гэрээ болон бараа материалаар зээлээр худалдах-худалдах авах гэрээний үүргийг Д.Ц- хамтран хариуцах үүрэгтэй. Д.Ц-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, 271 843 143 төгрөгийн үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хувьцаа эзэмшигч Д.Ц- нь компанийн өр төлбөрийг давхар хариуцах үүрэгтэй гэж үзэж байгаа ба энэ тохиолдолд Г- ХХК-ийн хөрөнгө нь 271 843 143 төгрөгийг хангахад хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй үнийн дүнгийн хэмжээг Д.Ц- хариуцаж төлөх үүрэгтэй. Г- ХХК-ийн хөрөнгө нь 271 843 143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Ц-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Б.Оюунболортой тус орон сууц захиалгаар худалдан авах гэрээг байгуулан захиалагч Г.Б-, Оюунболор нар нь гүйцэтгэгч Гэрэгэ констракш ХХК-д төлбөрийг бараа материалаар бүрэн төлж барагдуулан харин Ц.Т- нь Гэрэгэ констракш ХХК-тай хувь лизингтэй бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар нийт 68 384 000 төгрөгнөөс 48 885 200 төгрөг төлж барагдуулан орон сууцнууддаа нүүж орсон. Иймд Ц.Т- нь 00 тоот орон сууцны, Г.Б- нь 00 дугаар орон сууцны, Б.Оюунболор нь 000 тоот орон сууцны шударга эзэмшигч бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрэгэ констракш ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Д.Ц- нь 49 хувийг эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Ц- нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Иймд Д.Ц- нь мөн өөрийн бүх эд хөрөнгөөр компанийн өр төлбөрийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул хамтран хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Г.Б- шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: 00 тоот, 1 өрөө байрны 1 м.кв-ыг нь 1 600 000 төгрөгөөр тооцож 68 384 000 төгрөгийг бэлнээр 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тушааж, мөн өдрөө барилга барьж байгаа Г- ХХК-ийн удирдлагуудтай уулзан ерөнхий захирал Д.Ц-, гүйцэтгэх захирал Д.Гантулга хуульч Р.Лхагвасүрэн нартай 206-11-33 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан төлбөрийг 100 хувь төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байр ашиглалтад орж дуусмагц байрыг хүлээлгэн өгөхөөр болсон. Гэрээний үндсэн дээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр сууц бүрэн баригдаж дууссан тул Г- ХХК-ийн орон сууцыг ашиглалтын өмнөх инженер М.Отгонцэцэг орон сууц хүлээлцэх акт үйлдэн 00 тоот байранд орсон. Өнөөдрийг хүртэл 00 тоот энэ байранд амьдарч, шударгаар эзэмшиж байна.

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр миний амьдардаг энэ байр нь У- ХХК-ийн авах ёстой байр хэмээн Г- ХХК-ийг шүүхэд өгч миний эрх ашиг хөндөгдөж байна. Уг 00 тоот нь 100 хувь мөнгөө төлж худалдан авсан байр бөгөөд хууль ёсны шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.Т- шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 00 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцыг м.кв нь 1 600 000 төгрөгөөр тооцож Г- ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд хуваарийн дагуу нийтдээ 00 800 000 гаруй төгрөг төлсөн, үлдэгдэл 14 000 000 гарау төгрөгийг төлөөгүй байна. 2018 оны 1 дүгээр сараас тус иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсэж биднийг гуравдагч этгээдээр татсан тул гэрээний маргаан үүсч байгаа тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, дээрх орон сууцыг улсын комисс хүлээн авснаас хойш шударгаар эзэмшиж, ашиглаж байна. Гэтэл Г- ХХК нь У- ХХК-тай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Арилжааны гэрээгээр тус орон сууцын эрхийг шилжүүлэх талаар талууд тохиролцсон байна. 00 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Chae Won Jun-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэлийн хугацаа дууссан. Covid-19 вирус гарснаас болж итгэмжлэлээ сунгуулж чадаагүй. Chae Won Jun-аас надад олгосон өөр итгэмжлэл байгаа боловч энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж нэрлэн заасан зүйлгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 002 дугаар зүйлийн 002.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 00 тоот, 44,97 м.кв бүхий 00 тоот, 45 м.кв бүхий 000 тоот, нийт 141 687 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч У- ХХК-ийг тогтоож, орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг У- ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч Г- ХХК-д даалгаж, хариуцагч Г- ХХК-иас 271 843 143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Ц-эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 00 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Б-ийн, 44,97 м.кв бүхий 00 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Т-ын бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 500 250 төгрөг, бие даасан шаардлага гаргахдаа гуравдагч этгээд Г.Б-ийн төлсөн 499 900 төгрөг, Ц.Т-ын төлсөн 502 550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 500 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ц.Т- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагын хүрээнд шаардах эрхтэй эсэх, шаардах эрх хэзээ ямар гэрээний харилцаанаас үүсэж байгаа зэргийг дүгнэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №63/УМБ тоот гэрээгээр талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж тухайн гэрээний 1.5-д зааснаар тус гэрээгээр тохиролцсон төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй буюу зээлдэгч үүргээ хугацаанд нь гэрээнд зааснаар зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг үйлчлэхээр гэрээний талууд тохиролцож тус зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.9, 5.8-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээнд заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээний шинжтэй бөгөөд гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлээр бие даасан шаардлагад дурдсан орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар тохиролцжээ.

Гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээний шинжийг агуулж байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулж, Улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн шаардлагыг хангаж гэрээ хүчин төгөлдөр гэж тооцогдох учиртай. Гэтэл тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлагыг хангаагүй буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь орон сууц захиалах гэрээ нь барьцааны гэрээний шаардлагыг хангаагүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 -д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд үүнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, хуульд нийцээгүй.

Шүүх зээлээр худалдах, худалдан авах, орон сууц захиалгын гэрээнүүдийг нэг цаг хугацаанд буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулж үүргийг сольсон мэтээр нэхэмжлэгчээр тайлбарлаж, гуравдагч этгээдийг нэхэмжлэгч, хариуцагч нараас 2 сарын дараа гэрээ байгуулсан тул шаардах эрх нь нэхэмжлэгчид хадгалагдсан мэтээр шаардах эрхийг буруу дүгнэсэн.

Манай үйлчлүүлэгчийг нэхэмжлэгч, хариуцагч нарын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №63/УМБ бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулах цаг хугацааны 2 сарын дараа орон сууц захиалгын гэрээний харилцаанд орсон тул шударга өмчлөгч бус бөгөөд шудрага өмчлөгчөөр тогтоох боломжгүй зэргээр дүгнэсэн.

Хэрэв үүрэг солигдож байгаа тохиолдолд шаардах эрх хэзээ хэнд хэдийд үүсэх боломжтойг шүүх анхаарч шийдвэрлэх ёстой.

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №63/УМБ Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээг Ирэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг зааснаар агуулга нь болзол тавьсан хэлцэл гэж үзэх боломжтой юм. Худалдан авагч буюу хариуцагч гэрээний үүрэг ба төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор биелэгдээгүй бол үүрэг солигдох талаар талууд тохиролцсон.

Шүүх дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэг худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй-т гэж хуульчилсан бөгөөд нэг үл хөдлөх хөрөнгийг худалдагч буюу хариуцагч хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх давуу эрхийг хуульд заажээ.

Өмчлөх давуу эрхийг хуульд заахдаа дарааллыг тогтоох бөгөөд хуулийн зохицуулалтаас үзвэл Нэгдүгээр ээлжинд тухайн үл хөдлөх хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан байх ба манай үйлчлүүлэгч болон хариуцагч нар барилгын ажлыг хүлээлцэн тус орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх давуу эрхтэй. Хуулийн хоёрдугаар ээлжинд хэд хэдэн этгээдэд үл хөдлөх хөрөнгийг худалдсан тохиолдолд дээрх нэгдүгээр ээлжинд эзэмшил үүсгээгүй тохиолдолд түрүүлж гэрээ хийсэн этгээд шилжүүлэх давуу эрхтэй байх ба орон сууцыг шаардах эрх нэхэмжлэгчид 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үүсэх бөгөөд Ц.Т-ын хувьд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шаардах эрх үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Гуравдагч этгээдийн хувьд тухайн орон сууцыг бусад этгээдэд шилжүүүлсэн гэдгийг мэдээгүй, гэрээгээр өөр этгээдэд худалдан борлуулсан гэх нөхцөл байдлыг шүүх 2018 оны 01 дүгээр сард гуравдагч этгээдэр татахад тухайн нөхцөл байдлыг мэдсэн бөгөөд гуравдагч этгээд Ц.Т- нь бие даасан шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар зэрэгт шүүхийн шатанд мэдсэн гэдгийг тайлбарласан нь түүнийг бие даасан шаардлагад дурдсан үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч мөн болгож шүүхийн шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй.Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн бие даасан шаардлагад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч Г- ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Ц-эд тус тус холбогдуулан худалдах-худалдан авах, орон сууц захиалгын гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 00, 00, 000 тоот хаягт оршин байрлах, нийт 141 687 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271 843 143 төгрөг гаргуулах, Г- ХХК-ийн хөрөнгө нь 271 843 143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг Д.Ц-ээс гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

Мөн гуравдагч этгээд Г.Б- нь 00 тоот орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоолгох, Ц.Т- нь 00 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагуудыг гаргасан.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн алинтай нь 00 тоот, 00 тоот сууцыг худалдахаар гэрээ байгуулжээ.

Хэрэгт гуравдагч этгээд Г.Б- 00 тоот сууцны үнийг бүрэн төлж, орон сууц хүлээлцэх акт үйлдэн 00 тоотод нүүн орж эзэмшилдээ авсан, гуравдагч этгээд Ц.Т- 00 тоот сууцыг улсын комисс хүлээн авснаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогджээ. /хх89, 90/

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг цаг хугацааны дарааллын хувьд авч үзвэл нэхэмжлэгч талтай гэрээг эхэлж байгуулж, дараа нь гуравдагч этгээдүүдтэй гэрээ хийжээ. /хх19, 126, 131/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх юм.

Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэх бөгөөд худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ.

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

Худалдагч нь хэд хэдэн этгээдэд нэг эд хөрөнгийг худалдсан байгаа тухайн нөхцөлд үнийг бүрэн төлсөн эсэх нөхцөл байдал гол ач холбогдолтой биш харин тухайн хөрөнгийг түрүүлж эзэмшилдээ авсан этгээд давуу эрхтэй байх юм. Харин худалдан авагч нарын хэн нь ч хөрөнгийг эзэмшилдээ аваагүй байгаа тохиолдолд гэрээ байгуулсан цаг хугацаа ач холбогдолтой.

Хуулийн дээрх заалтын хүрээнд авч үзвэл гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд Г.Б- нь 00 тоот сууцны хууль ёсны шударга эзэмшигч болохыг тогтоолгохоор шаардсан бол Ц.Т- 00 тоот сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг агуулгаар нь тайлбарлаж шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлээс хальж шийдвэрлэж болохгүй юм. Г.Б-ийн хувьд орон сууцны төлбөрийг 100 хувь төлж эзэмшилдээ авсан гэх тайлбарыг хариуцагч, нэхэмжлэгч нарын хэн аль нь няцаагаагүй учраас худалдан авсан орон сууцныхаа өмчлөгч болох эрхтэй. Ц.Т-ын хувьд орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэх нь тодорхой бус байгаагаас гадна шууд өмчлөгчөөр тогтоолгохоор хүсэл зоригоо илэрхийлсэн шаардлага гаргаагүй гэж үзнэ.

Худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцнуудыг эзэмшилдээ авсан давуу эрхтэй гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 00 тоот, 00 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, харин гуравдагч этгээд Г.Б-ийг 00 тоот сууцны хууль ёсны шударга эзэмшигчээр, Ц.Т-ыг 00 тоот сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний болон агуулгын алдааг залруулж, гуравдагч этгээдүүдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 002 дугаар зүйлийн 002.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-иас 271 843 143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 00 тоот, 44,97 м.кв бүхий 00 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг У- ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч Г- ХХК-д даалгах болон хариуцагч Д.Ц-эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 00 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Б-ийн, 44,97 м.кв бүхий 00 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Т-ын бие даасан шаардлагуудыг тус тус хангасугай гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хариуцагч Г- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 500 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК-д олгосугай гэснийг хариуцагч Г- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2 500 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У- ХХК, 499 900 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Г.Б-, 502 550 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Ц.Т-ад тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ц.Т-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 550 төгрөг, гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригийн 499 900 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД