Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00762

 

“У м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1457 дугаар магадлалтай,

“У м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г к” ХХК, Д.Ц нарт холбогдох

Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 53, 23, 149 тоот хаягт оршин байрлах, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271,843,143 төгрөг гаргуулах, “Г к” ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Ц гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байрны 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Б-ийн,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71а байрны 23 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Т-ын бие даасан шаардлагуудтай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Т-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “У м” ХХК-аас “Г к” ХХК. Д.Ц нарт холбогдуулан Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, Орон сууц захиалгын гэрээний үүрэгт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 53, 23, 149 тоот хаягт оршин байрлах, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, 271,843,143 төгрөг гаргуулах, “Г к” ХХК-ийн хөрөнгө нь 271,843,143 төгрөгийг төлөхөд хүрэлцэхгүй бол хүрэлцээгүй хэмжээний төлбөрийг хариуцагч Д.Ц гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.

Гуравдагч этгээд Г.Б-ээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 71а байрны 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох,

Гуравдагч этгээд Ц.Т-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71а байрны 23 тоотод байрлах, 42.97 м.кв орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлагуудыг гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот, 45 м.кв бүхий 149 тоот, нийт 141,687,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч “У м” ХХК-ийг тогтоож, орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “У м” ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч “Г к” ХХК-д даалгаж, хариуцагч “Г к” ХХК-иас 271,843,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У м” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Цэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Б-ийн, 44,97 м.кв бүхий 23 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Т-ын бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,553,250 төгрөг, бие даасан шаардлага гаргахдаа гуравдагч этгээд Г.Б-ийн төлсөн 499,900 төгрөг, Ц.Т-ын төлсөн 502,550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,553,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У м” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1457 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Г к” ХХК-иас 271,843,143 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У м” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97м.кв бүхий 53 тоот, 44,97 м.кв бүхий 23 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “У м” ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч “Г к” ХХК-д даалгах болон хариуцагч Д.Цэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97 м.кв бүхий 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Г.Б-ийн, 44.97 м.кв бүхий 23 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ц.Т-ын бие даасан шаардлагуудыг тус тус хангасугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “хариуцагч “Г к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,553,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У м” ХХК-д олгосугай” гэснийг “хариуцагч “Г к” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2,553,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “У м” ХХК, 499,900 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Г.Б-, 502,550 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Ц.Т-ад тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэг буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97 м.кв бүхий 53 тоот, 44.97 м.кв бүхий 23 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “У м” ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч “Г к” ХХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болон гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нарын бие даасан шаардлагуудыг хангасныг тус тус эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар.

Гуравдагч этгээд Г.Б-ийн 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай, гуравдагч этгээд Ц.Т-ын 23 тоот орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхээс хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзсэн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу орон сууц эзэмших эрхтэй гэж маргаж байгаа гуравдагч этгээдүүдийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу шударга эзэмшигч гэж үзэхгүй. Шударга эзэмшигчээр тогтоохын тулд шаардах эрх үүссэн эсэх, орон сууц буюу хөрөнгийг хууль ёсоор эзэмшилдээ авсан эсэх, эзэмшилдээ авах үндэслэл болж буй хэлцэл нь хүчин төгөлдөр эсэхэд давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийж чадаагүй ба хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг буруу үнэлсэн байна.

“Г к” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар 2017.02.08-ны өдрөөс эхлэн Д.Ц гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь тогтоогддог. Гэтэл Ц.Т- болон “Г к” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх иргэн Д.Гантулга нарын хооронд 2015.10.10-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтуудыг үнэлж, хэлцэл хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийхгүйгээр Ц.Т-ыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гуравдагч этгээд Г.Б- нь 53 тоот орон сууцны үнийг бүрэн төлж, орон сууц хүлээлцэх акт үйлдэн 53 тоотод нүүн орж эзэмшилдээ авсан, гуравдагч этгээд Ц.Т- 23 тоот орон сууцыг улсын комисс хүлээн авснаас хойш эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогджээ /х-89, 90/ гэж дурдсан боловч хавтаст хэргийн 89, 90 талд орон сууц хүлээлцсэн, төлбөрөө бүрэн төлсөн, тухайн байранд нүүж орсон талаар баримт авагдаагүй болно.

Ц.Т-, Г.Б- нар нь, орон сууцны үнийг “Г к” ХХК-д бүрэн төлсөн эсэх, эзэмшилдээ авсан буюу тухайн орон сууцанд амьдарч байгаа эсэх нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бөгөөд хэрэгт орон сууцны үнийг бүрэн төлсөн, тухайн байрыг эзэмшилдээ авч, амьдарч байгаа баримт огт байхгүй байхад Ц.Т-, Г.Б- нарыг шударга эзэмшигч мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана, 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтойгоор зөрчсөн.

4.2. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагуудыг хангахдаа Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1, 251 дүгээр 251.1-т заасныг хэрэглэх ёсгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Иргэний хуулийн 250 дугаар 250.1-т Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан ба “У м” ХХК болон гуравдагч этгээдүүдийн байгуулсан гэрээ нь нэг цаг хугацаа /нэг өдөр/-нд байгуулагдсан бол түрүүлж эзэмшилдээ авсан нь давуу эрх эдэлнэ.

Харин давж заалдах шатны шүүхийн “худалдагч нь хэд хэдэн этгээдэд нэг эд хөрөнгийг худалдсан байгаа нөхцөлд үнийг бүрэн төлсөн эсэх нөхцөл байдал гол ач холбогдолтой биш харин тухайн хөрөнгийг түрүүлж эзэмшилдээ авсан этгээд эрхтэй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 250.1-т заасныг уг хэргийг хянан шийдвэрлэхэд огт хэрэглэх үндэслэлгүй. Хуулийг ингэж буруу тайлбарлавал худалдагч гэрээний үүргээ биелүүлэхгүйн тулд эд хөрөнгийг бусдын эзэмшилд шилжүүлэх замаар бусдыг хууран мэхлэх, хохироох үйл ажиллагаа хэрээс хэтэрнэ.

Гуравдагч этгээдүүд орон сууцыг эзэмшилдээ аваагүй, орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, орон сууц захиалгаар бариулах гэрээнүүд нэг цаг хугацаанд байгуулагдаагүй байхад хэрэгт нотлох баримт авагдсан мэтээр дүгнэж, иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т заасныг хэрэглэж байгаа нь илт үндэслэлгүй.

4.3. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараах аргаар хамгаална, 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх, 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж тус тус заасан бөгөөд хөрөнгийг хууль ёсоор эзэмшигч байгаа тохиолдолд гуравдагч этгээд “шударга эзэмшигчээр тогтоолгох” шаардлага гаргах эрхтэй.

4.4. Дараах үндэслэлээр гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нарт шаардах эрх үүсэхгүй.

4.4.1.      Ц.Т- болон “Г к” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх иргэн Д.Гантулга нарын хооронд байгуулагдсан 2015.10.10-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус буюу “Г к” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй хийгдсэн.

4.4.2. 2016.11.24-ний өдрийн 2016/11/23 дугаартай Г.Б- болон “Г к” ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөр төлөгдсөн баримт огт байхгүй.

4.4.3.      Ц.Т-, Г.Б- нар нь төлбөрөө төлөөгүй тул өмчлөх эрх үүсэхгүй, эзэмшилдээ авах эрх үүсэхгүй.

4.4.4.      Ц.Т-, Г.Б- нар нь орон сууцыг эзэмшилдээ аваагүй, эзэмшилдээ авсан болон амьдарч байгаа баримт байхгүй.

4.4.5. “Г к” ХХК-ийн Ц.Т-, Г.Б-тэй байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл/ анхан шатны шүүхийн шийдвэрт хангалттай үндэслэл дурдсан/

Давж заалдах шатны шүүх “Г.Б-, Ц.Т- нарт шаардах эрх үүссэн” эсэхийг хамгийн түрүүнд шалгах ёстой ба Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т заасан Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа гэх нөхцөлийг Г.Б-, Ц.Т- нар хангаж байгаа эсэхэд шүүх огт дүгнэлт хийгээгүй. Уг нөхцөлийг хангахгүй болох нь дээр дурдсан баримтууд болон хуульд заасан үндэслэлээр тогтоогдож байна. Ц.Т- нь шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан ба хуульд шударга өмчлөгчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар зохицуулалт байхгүй тул шүүхээс түүний нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй болно. Шүүхээс Иргэний хуулийн 9.4-т заасан хамгаалалтын аргаас өөр хэлбэрээр нэхэмжлэлийг хангах бүрэн эрх байхгүй болно.

Иймээс давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийг огт хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 44.97 м.кв бүхий 53 тоот, 44.97 м.кв бүхий 23 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “У м” ХХК-д гаргуулан өгөхийг хариуцагч “Г к” ХХК-д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болон гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нарын бие даасан шаардлагуудыг хангасан хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч “У м” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...“Г к” ХХК-тай 2015.08.10-ны өдөр Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 663,597,400 төгрөгийн үнэ бүхийн 686,296 тонн бараа материал хүлээж авсан. Талууд гэрээний үлдэгдэл төлбөр 301,703,502.5 төгрөг, материал нийлүүлж эхэлсэн өдрөөс эхний 2 сарын хүү тооцохгүй, 3 дахь сараас татсан өдөр тус бүрээр 1 сарын 1.5 хувийн хүү тооцон 21,212,259 төгрөг, нийт 322,915,761.5 төгрөгийн төлбөрийг 2016.04.30-ны дотор бүрэн төлж барагдуулах, боломжгүй бол хариуцагчийн Баянзүрх дүүргийн 5-р хороонд барьж байгаа орон сууцны барилгаас 7ш орон сууцыг хүлээлгэн өгөх болзолтой гэрээ байгуулсан. Хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул алданги 142,102,350 төгрөгийн хамт нийт 465,018,111.5 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний дагуу хариуцагчийн барьсан орон сууцнаас дугаар бүхий 7 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч 4 орон сууц нь бусдад шилжсэн байх тул Орон сууц захиалах гэрээний дагуу бусдын өмчлөлд шилжээгүй байгаа 71А байрны 53, 23, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үлдэх 4 орон сууцны үнэ 181,228,762 төгрөгийг алданги 90,614,381 төгрөгийн хамт нийт 271,843,143 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, ...тус компанийн нийт хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол захирал Д.Ц төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Д.Ц: “...“Г к” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Д.Ц нь 49 хувийг эзэмшдэг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу Д.Ц нь өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр л хариуцлага хүлээнэ. Иймд өөрийн бүх эд хөрөнгөөр компанийн өр төлбөрийг хамтран хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул хамтран хариуцагчаар татсныг зөвшөөрөхгүй...” гэж,

Хариуцагч “Г к” ХХК: “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгчийн шаардаж байгаа Баянзүрх дүүргийн 2-р хороо, 15-р хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 23 тоот орон сууцыг Ц.Т-тай, 53 тоот орон сууцыг Г.Б-тэй, 149 тоот орон сууцыг Б.Оюунболортой тус тус Орон сууц захиалгаар худалдан авах гэрээ байгуулан захиалагч Г.Б-, Б.Оюунболор нар нь гүйцэтгэгч “Г к” ХХК-д төлбөрийг төлж барагдуулсан, харин Ц.Т- нь 2017.08.26-ны өдрийн байдлаар нийт 68,384,000 төгрөгөөс 48,885,200 төгрөгийг төлж барагдуулан орон сууцнууддаа нүүж орсон болно. Иймд дээрх оршин суугчид шударга эзэмшигч нар тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй..” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-: “...Миний бие 2016.11.24-ний өдөр “Батвайнд” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх болон орон сууцны төлбөр төлөх” хэлцэл байгуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 5-р хорооны 71А байрны 53 тоот 1 өрөө байрыг 1 м.кв-ыг нь 1,600,000 төгрөгөөр бодож нийт 68,384,000 төгрөгийг бэлнээр төлж, энэ өдрөө тус барилгыг барьж байгаа “Г к” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, байр ашиглалтанд ормогц байрыг хүлээлгэн өгөхөөр болсон. Гэрээний үндсэн дээр 2017.03.31-нд орон сууц баригдаж дууссан тул Орон сууц хүлээлгэн өгөх акт үйлдэж , 53 тоот байрны түлхүүрийг гардуулан өгч байрандаа орсон. Өнөөдрийг хүртэл байрандаа амьдарч, хэрэглээний төлбөрөө цаг хугацаанд нь төлж, шударгаар эзэмшиж байгаа тул хууль ёсны, шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү...” гэж,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Т-: “ ...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, УСУГ-ын 180 айлын орон сууцны 71А байрны 23 тоот 42.97 м.кв орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,600,000 төгрөгөөр тооцож, “Г к” ХХК-тай 2015.10.10-ны өдөр гэрээ байгуулсан. Хуваарийн дагуу 53.8 сая гаруй төгрөгийг төлсөн, үлдэгдэл 14 сая төгрөгийг байрны маргаан үүссэн, шүүхэд гуравдагч этгээдээр татагдсан үндэслэлээр төлөөгүй. ...Миний бие орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж, үүргээ зохих ёсоор биелүүлж байсан, дээрх орон сууцыг улсын комисс хүлээж авснаас хойш шударгаар эзэмшиж, ашиглаж байна, иймд орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “У м” ХХК-ийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 5 дугаар хороо, 71А байрны 23, 53, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууц тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч “Г к” ХХК-д даалгаж, хариуцагч “Г к” ХХК-аас 271,843,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Цэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нарын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад хариуцагч “Г к” ХХК-аас 271,843,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол, 5 дугаар хороо, 71А байрны 23, 53 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах болон Д.Цэд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нарын 23, 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

8. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

9. “У м ХХК, “Г к” ХХК-тай 2015.08.10-ны өдөр Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, худалдагч “У м” ХХК нь худалдан авагч “Г к” ХХК-д 641,271,600 төгрөгийн 663.2 тн бараа материалыг нийлүүлэх, худалдан авагч зээлээр худалдан авсан бараа материалын нийт төлбөр, тооцогдох хүүг гэрээний 3.5-д тохиролцож, төлбөрийг 2015.12.25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийн үлдэгдэл 50 хувийг төлөх баталгаанд одоо угсралт явагдаж байгаа УСУГ-ын 180 айлын орон сууцны “Г к” ХХК-ийн захиран зарцуулах орон сууцнуудаас 50%-ийн үнийн дүнд дүйцэхүйц орон сууцнуудыг 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр үнэлэн барьцаалахаар тохирчээ.

Мөн өдрөө “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээний нөхцөлийн дагуу нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох ойролцоогоор 350,000,000 төгрөгт дүйцэхүйц орон сууцыг 1 м.кв бүрийг 1,050,000 төгрөгөөр үнэлэн тооцохоор, захиалгат орон сууцны мэдээллийг баригдаж буй барилгын 23, 53, 59, 125, 131, 137, 149 тоот гэж 7 орон сууцыг нэрлэн зааж, дээрх гэрээний зүйлийн нийт үнийг №63/УБМ дугаартай гэрээний дагуу 362.6 тн арматур, катанка буюу бараа солилцоогоор хийж, түлхүүр гардуулах нөхцөлтэй бүх зардал багтсан болно гэжээ.

Гэрээний дагуу худалдан авагч 363.2 тн бараа материалыг хүлээн авсан,  301,703,502,5 төгрөгийн үлдэгдэлтэй талаар маргаагүй байна.

10. Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үйл баримтад нийцсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч “У м” ХХК худалдсан барааны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй.

Хариуцагч нь худалдан авсан барааны үнийг хэрхэн төлөх талаар Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.5-д тусгайлан зохицуулсан бөгөөд 3.5.3-т барааны нийт төлбөрийг 2016.04.30-ны дотор төлж барагдуулна гэж, Орон сууц захиалгын гэрээний 1-д “...гэрээний 3.5-д заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээгээр захиалсан нийт орон сууцны байрууд дээр нэг бүрчлэн Орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууцыг захиалагч талд хүлээн өгнө гэж тохиролцжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрт Орон сууцны захиалгын гэрээнд заасан дугаар бүхий 7 орон сууцыг хариуцагчаас гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 7 орон сууцны 4 орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн үндэслэлээр хариуцагчаас авах ёстой байсан үлдэгдэл төлбөр хүүгийн хамт 322,915,762 төгрөгөөс 4 орон сууцны үнэ 141,687,000 төгрөгийг хасч, үлдэх 181,228,762 төгрөгт гэрээнд заасны дагуу алдангийг 50%-аар тооцож, нийт 271,843,143 төгрөгийг гаргуулж, 23, 53, 149 тоот 3 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна.

11. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Ус амин эрдэнэ” НҮТББ-ын захиалгатай 48 автомашины зогсоолтой, 180 айлын орон сууцны барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017.02.02-ны өдрийн 2017/53 дугаартай актаар ашиглалтад хүлээн авсан, бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан 23, 53, 149 тоот орон сууцыг Г.Б-, Ц.Т-, Чэй Вон Жун нар нь “Г к” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр төлбөрийг төлж, орон сууцыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж байгаа, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст нэр бүхий иргэд өмчлөгчөөр бүртгэгдэхээр нэрс нь ирсэн байгаа талаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тоотод дурдсан байна

Улмаар Г.Б-, Ц.Т- нар 23, 53, 149 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгуулахаар хэрэгт бие даасан шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж маргасан, 149 тоотын оршин суугч Чэй Вон Жун хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.

12. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зохицуулсан.

13. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч “Г к” ХХК нь “У м” ХХК-д маргаж буй орон сууцыг төлбөрт тооцож, өмчлөлд нь шилжүүлэх үүрэг хүлээсэн атлаа уг гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байхад өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэх үр дагавар бүрий Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нар хэн аль нь “Г к” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө төлсөн, улмаар Улсын комисс орон сууцыг байнгын ашиглалтад хүлээж авсан үеэс эхлэн гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, хариуцагч нь орон сууцыг хэд хэдэн этгээдэд худалдсан боловч тухайн хөрөнгийг түрүүлж эзэмшилдээ авсан этгээд эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж дүгнэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-, Ц.Т- нарын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. 

Хоёр шатны шүүх хариуцагч Д.Цэд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй гэж үзнэ. Тухайлбал, нэхэмжлэгчийг 71А байрны 23, 53, 149 тоотын  өмчлөгчөөр тогтоох боломжгүй бол үнийг гаргуулахаар хамтад нь шийдвэрлэх байжээ.

Иймд орон сууцны үнийг хариуцагчаас гаргуулж, энэ үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй гэж үзлээ.

14. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй, нэхэмжлэлд дурдсан 3 орон сууцыг нэр бүхий этгээд хууль ёсоор эзэмшиж байгаа нь нотлогдсон тул түүнд орон сууцны үнийг гаргуулж олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ.

Зохигч орон сууцны 1 м.кв талбайг 1,050,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцсон, маргаан бүхий 3 орон сууц нийт /44.97+44.97+45/ 134.94 м.кв талбайтай байх тул бүгд /134.94 м.кв х 1,050,000 ₮/ 141,687,000 төгрөгийн үнэтэй байна. Иймд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 271,843,143 төгрөг дээр 143,687,000 төгрөгийг нэмж, нийт 413,530,143 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1457 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01321 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Г к” ХХК-аас 413,530,143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У м” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 23, 53, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууц тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг даалгах болон хариуцагч Д.Цэд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 53 тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Ц.Т-ыг тухайн байрны 23 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар  менежмент” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,553,250 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Б-ийн төлсөн 499,900 төгрөг, Ц.Т-ын төлсөн 502,550 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г к” ХХК-аас 2,225,600 төгрөгийг гаргуулан “У м” ХХК-д, 499,900 төгрөгийг гаргуулан Г.Б-т, 502,550 төгрөгийг гаргуулан Ц.Т-ад тус тус олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “У м” ХХК-аас 2020.08.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,790,540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД