Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 225

 

Н.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул  аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар магадлалтай, Н.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, 600 000 төгрөгийн торгох ял биелэгдээгүй үлдсэн, Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 19 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ид энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 600 000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б- гаргасан гомдолдоо “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр Ц.Б-ийн хамт гадуур явж байгаад гэртээ ирэхэд бэр дүү А нь “А согтуу байна” гэж хэлэхэд нь “Юу, хэн согтуу гэнээ” гэж асуухад эргэж харалгүй гэртээ гүйгээд орчихсон. Гэр лүүгээ ороход аав дээгүүрээ майк, доогуураа дотуур өмдтэй хэвтэж байсан. Цаад өрөөнд ортол миний охин Э.Анужин дээгүүрээ нүцгэн хэвтэж байхаар нь сэрээхэд Э.А “Өвөө надад архи шахсан, миний хувцсыг тайлсан, намайг оролдоод хүчирхийлсэн, ааваа надад буруу байхгүй” гээд уйлсан. Тэр үед охиныхоо үгийг сонсоод их цочирдож аавдаа “Та арай ч дээ, миний охиныг яагаад ингэж байгаа юм бэ” гэж хэлээд нэг удаа алгадаж байсныгаа санаж байна. Тэр үед цочролд орсон байсан, сүүлд эхнэр орилохоор нь мэдсэн. ...Төрсөн эцэгтээ өмнө нь гар хүрч байгаагүй. Маш буруу зүйл хийснийгээ ойлгож байна. Надад 19 жил хорих ял оноож миний ээж, эхнэр, хүүхдүүдийг давхар яллаж байгаад харамсаж байна. Би сэтгэл санааны цочролд орсон байсан тул хэргийг маань дахин шалгаж, ялыг багасгаж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Н.Б-ид холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлээр зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Урьд нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж байсан эсэх нь тогтоогдоогүй. Тухайн гэмт явдал нь тохиолдлын шинжтэй, гэр бүлийн маргаанаас үүдэн гарсан үйл баримт тогтоогдсон. Харин Н.Б- нь өөрийн төрсөн эцэг 71 настай, Ю.Н-ийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж цохиж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум, ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг, 71 настай В.Н-г 13 настай охин Б.А-д “архи өглөө” гэсэн шалтгаанаар зодож амь насыг нь хохироосон үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэн гэм буруутайд тооцохдоо гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлөх талаар эрх зүйн дүгнэлтээ үндэслэлтэй хийж чадаагүйгээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд хүрчээ.

Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаа, орон зайд  Н.Б- нь гаднаас гэртээ ирэхэд төрсөн эцэг Ю.Н нь согтуурсан байдалтай унтаж байсан, мөн түүний 13 настай охин Э.А нь хойд өрөөндөө согтуурсан, дээгүүрээ цамцгүй унтаж байсан бөгөөд “...өвөө надад архи уулгасан, ...хувцсыг тайлсан, ...оролдсон...” гэж хэлсний улмаас өөрийн төрсөн эцгийг зодож алсан байх бөгөөд энэ нь гэмт хэрэг гарах шалтгаан болсныг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тогтоогдсон үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч өөрийн охин, 13 настай Э.А-ийн бэлгийн эрх чөлөөнд төрсөн эцэг Ю.Н-г халдсан гэж ойлгохоор нөхцөл байдал бодитой байсан бөгөөд Э.А-ийн хэлсэн үгийг тухайн нөхцөл байдалтай шууд холбон бодох, үүний улмаас түүний санаа сэтгэл гэнэт цочрон давчдахад хүрэх бүрэн үндэслэлтэй гэж үзнэ.

Эрүүгийн эрх зүйн онолоор санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог.

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах” шинж нь анагаах ухааны бус харин хууль зүйн шинжлэх ухааны үнэлэмжээр тодорхойлогдох ойлголт бөгөөд хэрэг учрал болсон нөхцөл байдал, хүний сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц нөлөөллийн шинж чанар зэргийг тооцоолохоос гадна, дээрх нөхцөл байдалд хүн бүр нэг ижил хандлагаар хандах боломжгүй тул ердийн ухамсар, сэтгэхүйтэй хүн ийм нөхцөлд орсон бол ямар хариу үйлдэл үзүүлэх боломжтойг харгалзан тухайлсан үйл баримтад хийгддэг эрх зүйн үнэлэмж, ухагдахуун, зүй тогтол юм.

Аливаа этгээдийн санаа сэтгэл цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол “хүнийг санаатай” алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгаатай.

Мөн санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан ч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдгаараа “хэрэг хариуцах чадваргүй байдал”-аас ялгагддаг тул ийм үед хийсэн үйлдэл нь сэтгэл зүйн хэвийн үед үйлдсэн гэмт санаа зорилгоос нийгмийн аюулаараа ямагт бага байдгийг харгалзан хууль тогтоогч Эрүүгийн хуулийг батлахдаа хүлээн зөвшөөрч тодорхойлсон байна.

Санаа сэтгэл нь бодитой цочрон давчидсан үед гэмт этгээд тэрхүү цочрон давчдуулсан нөхцөл байдлыг шалгах, үнэлэх боломж сэтгэхүй, цаг хугацааны хувьд байдаггүй, гэнэтийн байдаг шинжээрээ гэм буруугийн андуурлаас ялгагддаг болно.

Дээрхээс дүгнэхэд Н.Б- нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан болох нь тогтоогдсон гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Н.Б-ид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулах өөрчлөлтийг шийтгэх тогтоол болон магадлалд тус тус оруулж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул  аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар магадлалд

“Шүүгдэгч Н.Б-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай”,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийг 4 жил хорих ялаар шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

ДАРГАЛАГЧ                                                     Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН