Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/ма2020/01458

 

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2020/01458

 

С.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 183/ШШ2020/01192 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч ИН-т холбогдох

2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 6 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426 040 төгрөг, 7 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 100 хувь буюу 852 050 төгрөг, урамшуулал 2 130 200 төгрөг, нийт 3 408 290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М-, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргил, Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрөн секторт радио холбооны 128.0 мгц давтамжаар онгоцтой харилцахад 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр яриа бага зэргийн хөндлөнгийн шуугиан сонсогдсон гэж бүртгэсэн. Энэ дутагдлыг газар дээр нь холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага, ажилтнууд хэмжилт, хяналтыг хийсэн бөгөөд уг дутагдлыг 2019 оны 7 дугаар сарын 1-нд арилсан гэж үзэн бүртгэлийг хаасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 18:15-21:00 UTC цагийн хооронд Мөрөн сектороос Говь секторт шилжих хэсэгт EPKUT цэг дээр радио холбооны 128 МГц давтамжаар онгоцтой холбогдоход яриа сонсогдохгүй байх дутагдал илэрсэн ч нислэгийн удирдлагад хүндрэлгүй байсан гэж мэдээлсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны удирдлагууд 2019 оны 6 дугаар сарын 5-нд дээрх дутагдлыг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж гаргаж, 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 13:00 цагт танилцуулахыг Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэгт буюу надад, дутагдлыг залруулахыг Холбооны хэсэгт тус тус даалгасан. Би инженер М.Отгонжаргалын боловсруулсан дээрх дутагдалтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг хянаад 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 02/18 дугаартай илтгэх хуудсаар өөрийн шууд удирдлага болох Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Б-од хүргүүлсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга нар холбогдох газар, албадын удирдлагуудтай уулзалтаар дутагдлыг хэлэлцэж,2019 оны 6 дугаар сарын 10-нд Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга, тус албаны ерөнхий инженер, холбооны хэсгийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.

Албаны дарга Д.Б- 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдэл хөлсийг хасах, сахилга, хариуцлагын арга хэмжээ ногдуулах саналыг хүргүүлсэн. Д.Б- нь миний 6 дугаар сарын цалин хөлснөөс үр дүнгийн нэмэгдэл хөлсийг 50 хувиар буюу 426 040 төгрөгөөр, 7 дугаар сард 100 хувиар буюу 852 050 төгрөгөөр тус тус хассан бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б-гийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан нь үндэслэлгүй, хууль бус. Зөвлөмжийг холбогдох нэгжүүдэд хүргүүлэх үүрэг надад байхгүй. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн нь тодорхой бус, нэмэгдэл хөлсийг удаа дараа хасахдаа хуульд заасан хэлбэрээр шийдвэр гаргаагүй.

Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Б-гийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус албанаас 6 дугаар сарын цалин хөлснөөс үр дүнгийн нэмэгдэл хөлсийг 50 хувиар буюу 426 040 төгрөгөөр, 7 дугаар сард 100 хувиар буюу 852 050 төгрөг, 2019 оны урамшуулал цалин 2 130 200 төгрөгийг тус тус хассаныг хүчингүй болгож, дутуу авсан цалин хөлс болох нийт 3 408 290 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М- нь Аюулгүй ажиллагаа, чанарын урдлагын хэсгийн даргаар ажилладаг. Хэнгэрэгтэй РСАС 128.0 МГц давтамжид интерференц гадны шуугиан нөлөөлж, онгоцтой ярихад шуугиантай, яриа муу сонсогдож холбооны үйлчилгээний аюулгүй, найдвартай ажиллагаа буурсан. Мөн тус цэгт 2019 оны 6 сарын 4-ний өдрийн онгоцны яриа сонсогдохгүй, 02:15-05:00 цагийн хооронд холбооны үйлчилгээ тасалдах нөхцөл байдал үүссэн бөгөөд бусад станц болон агаарын хөлгөөр дамжуулж тухайн агаарын хөлгүүдэд холбооны үйлчилгээ үзүүлэх онцгой нөхцөл байдалд ажилласан.

Тус албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэг нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл тухайн гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргаж, удирдлага болон холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй, холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 35-ны өдөр агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар буюу дээд удирдах оайгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019 оны 6 дугаар сарын 7-нд дүгнэлт, зөвлөмж гаргасан. Ажлын байрны зорилт 4-т зааснаар тус албан тушаалтан дээд удирдлагын үүрэг даалгавраар бус ажлын байрны тодорхойлолтын шаардлагаар ажлаа тогтмол хийж гүйцэтгэх ёстой. Гэмтэл саатал гарсан нөхцөл байдлын үед буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2019 оны 06 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд тайлан, дүгнэлт, зөвлөмж гарган удирдлагад танилцуулаагүй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж чадаагүй. Иймд С.М-т Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 131.1.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т заасны дагуу үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгодог. Ажилтны ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгож болно. Ажилтанд үр дүнгийн нэмэгдэл олгохдоо шууд удирдах нэгжийн дарга тодорхойлж, тухайн нэгжийн дээд шатны удирдлага баталгаажуулсан байна. Үр дүнгийн нэмэгдлийг нэмэгдэл тооцож олгох хуудсын дагуу ажилтны тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үр дүн, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдлаар нь дүгнэж, олгож хувь хэмжээг бичдэг. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-ын дагуу шууд удирдах нэгжийн дарга ажилтны үр дүнг үнэлж нэмэгдэл цалингийн хэмжээ хэдэн хувь байхыг тодорхойлж, нэмэгдэл цалин тодорхойлдог бөгөөд тус ажилтанд 2019 оны 5 сард тус албаны дарга Д.Б-ын тодорхойлсноор 20 хувийн нэмэгдэл цалин олгосон байна.

Мөн тус журмын 6.2.5 дахь хэсэгт ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг дараах тохиолдолд олгохгүй гэж заасан. Ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл ногдуулсан сард гэж заасан байдаг. Тус ажилтанд 2019 оны оны 7 дугаар сарын 16-ний өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд 7 сард үр дүнгийн нэмэгдэл цалин олгогдоогүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас нэмэгдэл хөлс 852 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс, урамшуулал 2 556 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 24 999 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт С.М- нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ болох ажлын байрны үндсэн чиг үүрэгт хамаарах гэмтэл дутагдлын тапаар дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэснийг зөвшөөрөхгүй.

Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт радио холбооны гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргах, холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэх-ийг тогтоосон хэм хэмжээ байхгүй, хэрэгт авагдсан ажпын байрны тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

Шууд харьяалан удирдах албан тушаалтан буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Б- нь дээд шатны нэгжид 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 08/А/261 дугаар албан бичгээр надад сахилга, хариуцлагын арга хэмжээ ногдуулах саналаа хүргүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийг сахилгын зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж үзвэл энэ өдрөөс хойш нэг сар хоёр хоногийн дараа буюу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг ажил олгогч зөрчсөн байхад анхан шатны шүүх зөрчөөгүй гэсэн алдаатай дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх намайг сахилгын зөрчил гаргасан, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэсэн алдаатай дүгнэлтээ тулгуурлан надад олгогдох ёстой байсан 2019 оны 6 дугаар сарын нэмэгдэл хөлсийн 50 хувь буюу 426 040 төгрөг, 2019 оны жилийн эцсийн урамшуулал 2 130 200 төгрөг буюу нийт 2 556 240 төгрөгийг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.М- нь хариуцагч ИН-т холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 6 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426 040 төгрөг, 7 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 100 хувь буюу 852 050 төгрөг, урамшуулал 2 130 200 төгрөг, нийт 3 408 290 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1, 34/

Нэхэмжлэгч С.М- нь ИН-тай 2018 оны 7 сарын 18-ны өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу Холбоо, навигаци, ажиглалтын албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргаар ажилладаг болох нь тогтоогдсон. Түүнчлэн, нислэгийн хөдөлгөөний удирдлагын Мөрөн сектороос Говь секторт шилжих ERKUT илтгэх цэг дээр 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэл тус бүсийн 128 МГц давтамжид гадны шуугиан нөлөөлснөөс радио холбоо алдагдсан, онгоцтой холбоо барихад хүндрэл учирсан зөрчил дутагдал гарсан тухайд талууд маргаагүй.

Уг гэмтэл, дутагдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй гэх үндэслэлээр ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.1, 3.7.2-т заасныг үндэслэн сануулах сахилгын шийтгэлийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ногдуулжээ. /1-р хх25/

Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/803 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1-т ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд гаргасан зөрчлийн шинж байдал, хор хохирлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах-аар заасан байна. /1-р хх117/

Холбоо, навигаци ажиглалтын албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргын ажлын байрны тодорхойлтод албаны хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, удирдлагыг хяналт шалтгалтаар илэрсэн дутагдлыг арилгахад чиглэсэн бодит баталгаа бүхий дүгнэлт зөвлөмжөөр хангах, ажлын байрны үндсэн зорилтуудын дотор технологийн үйл ажиллагааны үл тохирлыг илрүүлэх, түүнийг арилгах дүгнэлт зөвлөмжөөр удирдлагыг хангахаар заасан. /1-р хх143/

Нэхэмжлэгчийг дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт зааснаар ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах юм.

Иргэний нисэхийн ерөнхий газрын холбоо, навигаци ажиглалтын албаны дарга Д.Б-оос Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газарт 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад сахилга, хариуцлагын арга хэмжээ ногдуулах санал хүргүүлсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарчээ.

Ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн байх тул тушаалыг хууль зөрчин гаргасан гэж үзнэ. Дээрх үндэслэлээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5, 6.2.5.1-т ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл ногдуулсан сар ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгохгүй гэж заасан атлаа нэхэмжлэгчийн 6 ба 7 сарын нэмэгдэл хөлсийг олгоогүй нь буруу тул нэмэгдэл хөлсийг үндэслэлгүй хассан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд 852 080 төгрөгийг олгохоор заасныг зөв гэж үзнэ.

Харин 2019 оны 6 дугаар сарын нэмэгдэл хөлсийн 50 хувь буюу 426 040 төгрөг, 2019 оны жилийн эцсийн урамшуулал 2 130 200 төгрөг буюу нийт 2 556 240 төгрөгийг олгох эсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудлын хүрээнд байна гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 183/ШШ2020/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас нэмэгдэл хөлс 852 080 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдэл хөлс, урамшуулал 2 556 240 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД