Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00500

 

 

                                                          С.М-ын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01192 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1458 дугаар магадлалтай, 

С.М-ын нэхэмжлэлтэй,

Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох

2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 06 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426,040 төгрөг, 07 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 100 хувь буюу 852,050 төгрөг, урамшуулал 2,130,200 төгрөг, нийт 3,408,290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.М-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Р.Мэндсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, Ж.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрөн секторт радио холбооны 128.0 МГц давтамжаар онгоцтой харилцахад 2019.05.24-ний өдөр яриа бага зэргийн хөндлөнгийн шуугиан сонсогдсон гэж бүртгэсэн. Энэ дутагдлыг газар дээр нь холбогдох эрх бүхий мэргэжлийн байгууллага, ажилтнууд хэмжилт, хяналтыг хийсэн бөгөөд уг дутагдлыг 2019.07.01-ний өдөр арилсан гэж үзэн бүртгэлийг хаасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 2019.06.04-ний өдрийн 18:15-21:00 UTC цагийн хооронд Мөрөн сектороос Говь секторт шилжих хэсэгт EPKUT цэг дээр радио холбооны 128 МГц давтамжаар онгоцтой холбогдоход яриа сонсогдохгүй байх дутагдал илэрсэн ч нислэгийн удирдлагад хүндрэлгүй байсан гэж мэдээллэсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны удирдлагууд 2019.06.05-нд дээрх дутагдлыг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж гаргаж, 2019.06.07-ны өдрийн 13:00 цагт танилцуулахыг Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэгт буюу надад, дутагдлыг залруулахыг Холбооны хэсэгт тус тус даалгасан. Би инженер М.Отгонжаргалын боловсруулсан дээрх дутагдалтай холбоотой дүгнэлт, зөвлөмжийг хянаад 2019.06.07-ны өдрийн 02/18 дугаартай илтгэх хуудсаар өөрийн шууд удирдлага болох Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга Д.Баяртогтоход хүргүүлсэн.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга нар холбогдох газар, албадын удирдлагуудтай уулзалтаар дутагдлыг хэлэлцэж, 2019.06.10-нд Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга, тус албаны ерөнхий инженер, холбооны хэсгийн дарга нарт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Албаны дарга Д.Баяртогтох 2019.06.14-ний өдрийн албан бичгээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдэл хөлсийг хасах, сахилга, хариуцлагын арга хэмжээ ногдуулах саналыг хүргүүлсэн. Д.Баяртогтох нь миний 06 дугаар сарын цалин хөлснөөс үр дүнгийн нэмэгдэл хөлсийг 50 хувиар буюу 426,040 төгрөгөөр, 07 дугаар сард 100 хувиар буюу 852,050 төгрөгөөр тус тус хассан бөгөөд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгийн 2019.07.16-ны өдрийн Б/184 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан нь үндэслэлгүй, хууль бус. Зөвлөмжийг холбогдох нэгжүүдэд хүргүүлэх үүрэг надад байхгүй. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн нь тодорхой бус, нэмэгдэл хөлсийг удаа дараа хасахдаа хуульд заасан хэлбэрээр шийдвэр гаргаагүй. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгийн 2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус албанаас 06 дугаар сарын цалин хөлснөөс үр дүнгийн нэмэгдэл хөлсийг 50 хувиар буюу 426,040 төгрөгөөр, 07 дугаар сард 100 хувиар буюу 852,050 төгрөг, 2019 оны урамшуулал цалин 2,130,200 төгрөгийг тус тус хассаныг хүчингүй болгож, дутуу авсан цалин хөлс болох нийт 3,408,290 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “С.М нь Аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргаар ажилладаг. Хэнгэрэгтэй РСАС 128.0 МГц давтамжид интерференц гадны шуугиан нөлөөлж, онгоцтой ярихад шуугиантай, яриа муу сонсогдож холбооны үйлчилгээний аюулгүй, найдвартай ажиллагаа буурсан. Мөн тус цэгт 2019.06.04-ний өдрийн онгоцны яриа сонсогдохгүй, 02:15-05:00 цагийн хооронд холбооны үйлчилгээ тасалдах нөхцөл байдал үүссэн бөгөөд бусад станц болон агаарын хөлгөөр дамжуулж тухайн агаарын хөлгүүдэд холбооны үйлчилгээ үзүүлэх онцгой нөхцөл байдалд ажилласан. Тус албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсэг нь 2019.05.24-ний өдрөөс хойш 2019.06.07-ны өдрийг хүртэл тухайн гэмтэл дутагдлын талаар дүгнэлт гаргаж, удирдлага болон холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй, холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй бөгөөд 2019.06.05-ны өдөр агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар буюу дээд удирдах байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу 2019.06.07-нд дүгнэлт, зөвлөмж гаргасан. Ажлын байрны зорилт 4-т зааснаар тус албан тушаалтан дээд удирдлагын үүрэг даалгавраар бус ажлын байрны тодорхойлолтын шаардлагаар ажлаа тогтмол хийж гүйцэтгэх ёстой. Гэмтэл саатал гарсан нөхцөл байдлын үед буюу 2019.05.24-ний өдрөөс хойш 2019.06.07-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд тайлан, дүгнэлт, зөвлөмж гарган удирдлагад танилцуулаагүй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тал дээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж чадаагүй. Иймд С.М-т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.1-д заасныг тус тус үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6.2-т заасны дагуу үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгодог. Ажилтны ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгож болно. Ажилтанд үр дүнгийн нэмэгдэл олгохдоо шууд удирдах нэгжийн дарга тодорхойлж, тухайн нэгжийн дээд шатны удирдлага баталгаажуулсан байна. Үр дүнгийн нэмэгдлийг нэмэгдэл тооцож олгох хуудсын дагуу ажилтны тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, үр дүн, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон байдлаар нь дүгнэж, олгож хувь хэмжээг бичдэг. Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.2-ын дагуу шууд удирдах нэгжийн дарга ажилтны үр дүнг үнэлж нэмэгдэл цалингийн хэмжээ хэдэн хувь байхыг тодорхойлж, нэмэгдэл цалин тодорхойлдог бөгөөд тус ажилтанд 2019.05 дугаар сард тус албаны дарга Д.Баяртогтохын тодорхойлсноор 20 хувийн нэмэгдэл цалин олгосон байна. Мөн тус журмын 6.2.5 ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг дараах тохиолдолд олгохгүй гэж заасан. Ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл ногдуулсан сард гэж заасан байдаг. Тус ажилтанд 2019.07.16-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд 07 дугаар сард үр дүнгийн нэмэгдэл цалин олгогдоогүй” гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01192 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газраас нэмэгдэл хөлс 852,080 төгрөгийг гаргуулж С.М-т олгож, нэхэмжлэлээс 2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдэл хөлс, урамшуулал 2,556,240 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 24,999 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1458 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 зааснаар 2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Иргэний нисэхийн ерөнхий газраас нэмэгдэл хөлс 852,080 төгрөгийг гаргуулж С.М-т олгож, нэхэмжлэлээс нэмэгдэл хөлс, урамшуулал 2,556,240 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалын хянавал хэсэгт ...анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5, 6.2.5.1-д “ажилтанд тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан сар ажлын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг олгохгүй” гэж заасан атлаа нэхэмжлэгчийн 6 ба  7 сарын нэмэгдэл хөлсийг үндэслэлгүй хассан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнээд 852,080 төгрөгийг олгохоор заасныг зөв гэж үзнэ. Харин 2019.06 дугаар сарын нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426,040 төгрөг, 2019 оны эцсийн урамшуулал 2,130,200 төгрөгийг олгох эсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар ажил олгогчийн өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх асуудлын хүрээнд байна гэж үзлээ” гэсэн нь ойлгомжгүй, зөрчилтэй, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анхан шатны шүүх 6, 7 сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсийг үндэслэлгүй хассан гэж дүгнэсэн боловч зөвхөн 7 сард олгогдох байсан 852,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулаад, 6 сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь болох 426,040 төгрөгийг гаргуулаагүй, орхигдуулсан алдааг зөвтгөж чадаагүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан 2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр тушаал хууль зөрчин гаргасан гэж дүгнэн, хүчингүй болгосон атлаа уг тушаалын “үр дагавар”-ыг арилгаагүй юм. Өөрөөр хэлбэл ажилтанд зөвхөн сахилгын шийтгэлтэй гэсэн үндэслэлээр нэмэгдэл хөлс, жилийн эцсийн урамшуулал олгоогүй ажил олгогчийн буруутай шийдвэрийг эрх хэмжээндээ шийдвэрлэсэн гэж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэвээр үлдээсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээж чадаагүй гэж үзнэ. Учир нь ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, уг хууль бус шийдвэрийн үндсэн дээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажилтны цалин хөлсийг өөрийн үзэмжээр олгохгүй байх, дутуу олгох эрхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, 2019.06 дугаар сарын нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426,040 төгрөг, 2019 оны эцсийн урамшуулал 2,130,200 төгрөгийг тус тус Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.М нь Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан 2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 06 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлсний 50 хувь буюу 426,040 төгрөг, 07 дугаар сарын үр дүнгийн нэмэгдэл хөлс 100 хувь буюу 852,050 төгрөг, урамшуулал 2,130,200 төгрөг, нийт 3,408,290 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019.07.16-ны өдрийн Б/184 дүгээр тушаалд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Иргэний нисэхийн ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1.1, 3.7.2-т заасныг тус тус баримтлан нислэгийн хөдөлгөөний удирдлагын Мөрөн сектороос Говь секторт шилжих ERKUT илтгэх цэг дээр 2019.05.24-ний өдрөөс 06.07-ны өдөр хүртэл тус бүрийн 128.0 МГц давтамжид гадны шуугиан нөлөөлснөөс радио холбоо алдагдсан гэмтэл, дутагдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох нэгжүүдэд зөвлөмж хүргүүлээгүй сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр С.М-т сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн гэрээг байгуулах үедээ ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүрэг, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэх мэт асуудлын талаар тухайлан ярьж тохирсон байх ёстой бөгөөд эдгээр нөхцөлүүд нь ажил олгогчийн өмчийн төрөл, хэлбэр, ажилтны эрхлэх ажил, албан тушаалын онцлог зэргээс үл шалтгаалж аливаа хөдөлмөрийн гэрээнд нийтлэг, адил хэмжээгээр хамаардаг.

Аливаа гэрээ, хэлэлцээр нь талуудын хүсэл зоригийн адил тэгш илэрхийлэл байдгаас үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогч, ажилтан нарын хооронд нэгэнт тохирч байгуулсан бол түүнийг аль нэг тал дангаар өөрчлөх эрхгүй.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.2-т ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, биелүүлнэ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлэх үүрэг хүлээсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018.12.6-ны өдрийн А/803 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын 3.7.1-д “ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан тохиолдолд түүний шинж байдал, хор хохирлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах”-аар зохицуулжээ.

Холбоо, навигаци ажиглалтын албаны аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын хэсгийн даргын ажлын байрны тодорхойлолтод албаны хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, удирдлагыг хяналт шалтгалтаар илэрсэн дутагдлыг арилгахад чиглэсэн бодит баталгаа бүхий дүгнэлт зөвлөмжөөр хангах, ажлын байрны үндсэн зорилтуудын дотор технологийн үйл ажиллагааны үл тохирлыг илрүүлэхээр тусгагдсан байна. 

Нэхэмжлэгч С.М 2019.05.24-ний өдрөөс 06.07-ны өдөр хүртэлх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019.07.16ы өдөр Б/184 дүгээр тушаалд дурдсан сахилгын зөрчил гаргасан хэдий ч ажил олгогч илрүүлснээс хойш нэг сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”50 дугаар зүйлийн 50.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.8-д “хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг олгоно”, хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1-д “ажилтны ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгож болно”, мөн журмын 6.2.3-т “харьяа салбар, нэгжийн даргын үр дүнгийн нэмэгдлийг тухайн чиглэлийн нэгжийн дарга тодорхойлж, тэргүүн дэд дарга, дэд дарга баталгаажуулна” гэж тодорхойлжээ.Эдгээр  гэрээ, журамд зааснаар ажилтанд үр дүнгийн нэмэгдэл хөлсурамшуулал олгох нь ажил олгогчийн шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх С.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдэл хөлс 852,080 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн магадлалд хариуцагч гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан болно.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1458 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

                              ШҮҮГЧИД                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                              Х.СОНИНБАЯР

                                                                              Д.ЦОЛМОН

                                                                              Х.ЭРДЭНЭСУВД