Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2019/02174

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Баттунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01873 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Баттунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Ч.Баттунгалаг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзоригт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Баттунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Баттунгалаг би Анагаах Ухааны Их Сургуулийн хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгчээр 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 захирлын тушаалаар анх ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/27 тоот тушаалаар 2008 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс хэвлэх үйлдвэрийн даргаар томилогдсон. Тус хэвлэх үйлдвэрийг тогтвор сууршилтай, үр бүтээлтэй 17 жил ажиллуулж ирсэн. Ямар нэг сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирлын 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн Б/274 тоот тушаалаар миний эрхэлж байсан үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан миний эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Мөн Санхүүгийн Аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газраас АШУҮИС-ийн 2018 оны Санхүүгийн тайлан, төслийн гүйцэтгэлд хийсэн шалгалтаар Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баримтжуулаагүй, дотооддоо батлан мөрдөж байгаа дүрэм, журмын шаардлага нөхцлийг баримтлаагүй, санхүүгийн тайланд хийсэн аудитаар төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүйгээс машин тоног төхөөрөмжийн дансны үлдэгдэл батлагдаагүй.

Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн байна гэж үзэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.13-д заасныг тус тус зөрчсөн учир Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дугаар заалтыг үндэслэн төлбөрийн акт тогтоох, хуулийн байгууллагад шижүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

АШУҮИС-ийн харъяа Эрхэс хэвлэх үйлдвэрийн нягтлан бодогч С.Ариунаа нь тайлант хугацаанд хувь хүний дансруу нийт 7 083 240 төгрөгийг үндэслэх анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно., 13.4-т Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан орлого, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтанд бичгээр болон цахим бичилт хийж баталгаажуулна, 13.5-д анхан шатны баримтанд түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтны гарын үсэг, тамга тэмдэг дарснаар уг баримт бичиг хүчин төгөлдөр болно., 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно, 18 дугаар зүйлийн 18.1-т Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэн Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/65 САГ-2019/123/СТА-ТӨҮГ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар үндэслэн анхан шатны баримтгүй олгосон 7 083 240 төгрөгийн хохирлыг барагдуулан нөхөн төлүүлэхийг даалгасан болно.

Үндэсний аудитын газраас тогтоосон зөрчил дутагдлаа арилгах, ийм зөрчил дутагдал гаргасан байгаа талаар тухайн үед ажил хариуцан ажиллаж байсан Ч.Баттунгалагт захирлуудын зөвлөлийн хурлаар хэлж өөрт нь мэдэгдэж байсан. Ч.Баттунгалаг нь мөнгийг хаан банкны өөрийнхөө харилцах дансанд хүлээн авч захиран зарцуулсан байдаг. Энэ талаар холбогдох санхүүгийн баримтуудыг өгөөгүй

Мөн нягтлан бодогч С.Ариунаа нь зөрчил дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч, 50 хувийг нь төлж барагдуулахаар хүсэлтээ өгч, үлдэх 50 хувийг нь Ч.Баттунгалаг хувийн дансандаа авсан тул хариуцах нь зүйтэй гэж тайлбар өгсөн болно. Одоо энэ бүх асуудлыг авлигатай тэмцэх газар шалгаж байгаа болно.

Ч.Баттунгалагийг 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавьж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэж үзэж, Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэг гуйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/276 дугаар тушаалаар ажилд авах тухай тушаал гарган эрхэс хэвлэх үйлдвэрт Ч.Баттунгалагийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтэгчээр ажиллуулсугай гэж тушаал гарган өөрт нь хүлээлгэн өгч танилцуулсан болно.

Ч.Баттунгалагийн ажлыг хүлээлцэж байх хугацаанд 2018 оны санхүүгийн зарлагын баримт гэх ойлгомжгүй, нийт 108 хуудастай санхүүгийн баримт, шалтгаанд хамрагдаагүй зарлагын баримтуудыг актаар Дотоод аудитын газарт хүлээлгэн өгч, захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/129 дүгээр тушаал гарч ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, дотоод аудитын газраас баримтын үзлэг хийн тайлбар авах, эрхэс хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаанд дотоод аудит, чанарын үнэлгээ хийх шаардлагатай байхад Ч.Баттунгалаг, С.Ариунаа нар нь шалгалтыг явуулахгүй, баримт, тайлбараа өнөөдрийг хүртэл өгөөгүй.

Ч.Баттунгалагийг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Б/276 тоот тушаалаар Эрхэс хэвлэх үйлдвэрт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтгэтээр ажиллуулах тушаал гарч хоёр өдөр ажиллаж 2019 оны 04 дүгээр сарын 26-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 30 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, энэ талаараа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй Ч.Баттунгалагийг ажлаас халаагүй, өөрт тохирсон ажил албан тушаалд нь томилсон тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Баттунгалагийг хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 022 248 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Баттунгалагт олгож, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд холбогдох олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Баттунгалагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 143 305 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх Ч.Баттунгалагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба Ч.Баттунгалагт авсан сахилгын арга хэмжээ түүний гаргасан зөрчилд тохирсон байхад Эрхэс хэвлэлийн үйлдвэрийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй болсон. Учир нь Үндэсний аудитын газраас АШУҮИС-ийн 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтаар Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баримтжуулаагүй, дотооддоо батлан мөрдөж байгаа дүрэм, журмын шаардлага, нөхцлийг баримтлаагүй, санхүүгийн тайланд хийсэн аудитаар төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүйгээс машин тоног төхөөрөмжийн дансны үлдэгдэл батлагдаагүй. Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний данс руу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн байна гэж үзэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.13-д заасныг тус тус зөрчсөн учир Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дугаар заалтыг үндэслэн төлбөрийн акт тогтоох, хуулийн байгууллагад шилжүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

АШУҮИС-ийн харьяа Эрхэс хэвлэх үйлдвэрийн нягтлан бодогч С.Ариунаа нь тайлант хугацаанд хувь хүний данс руу нийт 7 083 240 төгрөгийг үндэслэх анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно." 13.4-т "Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан орлого, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтанд бичгээр болон цахим бичилт хийж баталгаажуулна", 13.5-д "анхан шатны баримтанд түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтны гарын үсэг, тамга тэмдэг дарснаар уг баримт бичиг хүчин төгөлдөр болно. 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" 18 дугаар зүйлийн 18.1-т "Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ" гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэн Үндэсний аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/65 САГ-2019/123/СТА-ТӨҮГ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар үндэслэн анхан шатны баримтгүй олгосон 7 083 240 төгрөгийн хохирлыг барагдуулан нөхөн төлүүлэхийг даалгасан. Үндэсний аудитын газраас тогтоосон зөрчил дутагдлаа арилгах, ийм зөрчил дутагдал гаргасан байгаа талаар тухайн үед ажил хариуцан ажиллаж байсан Ч.Баттунгалагт захирлуудын зөвлөлийн хурлаар хэлж өөрт нь мэдэгдэж байсан. Ч.Баттунгалаг нь мөнгийг хаан банкны өөрийнхөө харилцах дансанд хүлээн авч захиран зарцуулсан байдаг. Ч.Баттунгалагийг 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний данс руу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавьж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэж үзэж, Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/276 дугаар тушаалаар "Ажилд авах тухай тушаал гарган Эрхэс хэвлэх үйлдвэрт Ч.Баттунгалагийг 2019 оны 4 дүгээр бэлтгэгчээр ажиллуулсугай гэж тушаал гарган өөрт нь хүлээлгэн өгч танилцуулсан. Ч.Баттунгалаг нь 2019 оны 4 дүгээр сарын 26-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 30 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул ажилдаа орж, холбогдох шалтгаан, баримт, тайлбараа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно. Мөн гаргасан зөрчлийн талаар дүгнэлт гаргасан аиудитыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Баттунгалаг нь хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7 100 000 төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Баттунгалаг нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргаар 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/274 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн түүнийг Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/276 дугаар тушаалаар Эрхэс хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэгчээр томилсон үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаалууд, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх 7-8, 9, 132/

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/276 дугаартай тушаалаар Ч.Баттунгалагийг мөн өдрөөс эхлэн тус үйлдвэрт эх бэлтгэгчээр томилсон бөгөөд нэхэмжлэгч нь шалтгаангүйгээр 30 хоног ажил тасалсан тул ажилдаа ирж, холбогдох шалтгаан, тайлбараа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Ч.Баттунгалагийг ажил албан тушаалд томилсон тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж тайлбарлаж байна.

 

Ч.Баттунгалаг даргаар нь ажиллаж байсан Эрхэс хэвлэх үйлдвэр нь 7 100 000 төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн, нэхэмжлэгч нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч уг үйл баримтыг нотлох баримтаар нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Эрхэс хэвлэх үйлдвэр нь 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитээр тус үйлдвэрийн захирал, нягтлан бодогч нар тайлант хугацаанд хувь хүний дансанд 7 100 000 төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн алдаа, зөрчил гаргасан болох нь Үндэсний Аудитын Газрын Санхүүгийн Аудитын Тайлангийн хуулбараар тогтоогдож байгаа боловч уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.Баттунгалаг нь ажил олгогчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/274 дүгээр тушаалын үндэслэлийг хуульд нийцээгүй гэж үзэж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тухай шийдвэрийг гардан авснаас хойш гомдол гаргах 1 сарын хугацааг хэтрүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 8 022 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Баттунгалагт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин шүүх нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор зохицуулсан хуулийн зохицуулалтыг баримталсан байгаа нь оновчтой болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн нь давж заалдах гомдолдоо зөрчлийн талаар дүгнэлт гаргасан аудитор Ц.Наранчимэгийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аудитор Ц.Наранчимэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх Санхүүгийн аудитын дүгнэлт хүчин төгөлдөр болж тус дүгнэлтэд зөрчил дутагдлын талаар дурдсан байна гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан захирамж гаргасан байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01873 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН