Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00495

 

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01873 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2174 дугаар магадлалтай,

Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,

АШУҮИС-ьд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Д.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Анагаах Ухааны Их Сургуулийн захирлын 2003 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/05 тоот тушаалаар хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгчээр анх ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/27 тоот тушаалаар 2008 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс хэвлэх үйлдвэрийн даргаар томилогдсон. Тус хэвлэх үйлдвэрийг тогтвор сууршилтай, үр бүтээлтэй 17 жил ажиллуулж ирсэн. Ямар нэг сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл АШУҮИС-ийн захирлын 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн Б/274 тоот тушаалаар миний эрхэлж байсан үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан миний эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Мөн Санхүүгийн Аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Үндэсний аудитын газраас АШУҮИС-ийн 2018 оны Санхүүгийн тайлан, төслийн гүйцэтгэлд хийсэн шалгалтаар Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баримтжуулаагүй, дотооддоо батлан мөрдөж байгаа дүрэм, журмын шаардлага нөхцлийг баримтлаагүй, санхүүгийн тайланд хийсэн аудитаар төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүйгээс машин тоног төхөөрөмжийн дансны үлдэгдэл батлагдаагүй. Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн байна гэж үзэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.13-д заасныг тус тус зөрчсөн учир Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дугаар заалтыг үндэслэн төлбөрийн акт тогтоох, хуулийн байгууллагад шилжүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно. Ч.Б- нь дээрх мөнгийг хаан банкны өөрийнхөө дансанд хүлээн авч захиран зарцуулсан байдаг. Нягтлан бодогч С.Ариунаа нь зөрчил дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч, 50 хувийг нь төлж барагдуулахаар хүсэлтээ өгч, үлдэх 50 хувийг нь Ч.Б- хувийн дансандаа авсан тул хариуцах нь зүйтэй гэж тайлбар өгсөн болно. Ч.Б-ийг 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавьж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэж үзэж, Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 4 сарын 24-ний өдрийн Б/276 дугаар тушаалаар ажилд авах тухай тушаал гарган эрхэс хэвлэх үйлдвэрт Ч.Б-ийг 2019 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтгэгчээр ажиллуулсугай гэж тушаал гарган өөрт нь хүлээлгэн өгч танилцуулсан болно. Ч.Б-ийг АШУҮИС-ийн 2019 оны 4 сарын 24-ны өдрийн Б/276 тоот тушаалаар Эрхэс хэвлэх үйлдвэрт 2019 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтгэлээр ажиллуулах тушаал гарч хоёр өдөр ажиллаж 2019 оны 4 сарын 26-аас 2019 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл нийт 30 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, энэ талаараа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, Ч.Б-ийг ажлаас халаагүй, өөрт тохирсон ажил албан тушаалд нь томилсон тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01873 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийг хариуцагч АШУҮИС-ийн Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч АШУҮИС-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 022 248 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Б-т олгож, хариуцагч АШУҮИС-ьд холбогдох олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч АШУҮИС-иас улсын тэмдэгтийн хураамжид 143 305 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2174 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/01873 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч АШУҮИС-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх Ч.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба түүнд авсан сахилгын арга хэмжээ гаргасан зөрчилд нь тохирсон байхад Эрхэс хэвлэлийн үйлдвэрийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй болсон. Учир нь Үндэсний аудитын газраас АШУҮИС-ийн 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн шалгалтаар Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баримтжуулаагүй, дотооддоо батлан мөрдөж байгаа дүрэм, журмын шаардлага, нөхцлийг баримтлаагүй, санхүүгийн тайланд хийсэн аудитаар төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүйгээс машин тоног төхөөрөмжийн дансны үлдэгдэл батлагдаагүй. Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн гэж үзэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.13-д заасныг тус тус зөрчсөн учир Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зуйлийн 15.1.12 дугаар заалтыг үндэслэн төлбөрийн акт тогтоох, хуулийн байгууллагад шилжүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн. Үндэсний аудитын газраас тогтоосон зөрчил дутагдлаа арилгах, ийм зөрчил дутагдал гаргасан байгаа талаар тухайн үед ажил хариуцан ажиллаж байсан Ч.Б-ад захирлуудын зөвлөлийн хурлаар хэлж өөрт нь мэдэгдэж байсан. Өөрөө хүртэл алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч арга хэмжээ авахуулахад гомдолгүй талаар хүсэлтээ илэрхийлэн гаргаж байсан болно. Ч.Б-ийг 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавьж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэж үзэж, Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 4 сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 4 сарын 24-ний өдрийн Б/276 дугаар тушаалаар “Ажилд авах тухай тушаал гарган Эрхэс хэвлэх үйлдвэрт Ч.Б-ийг 2019 оны 4 сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтгэгчээр ажиллуулсугай гэж тушаал гарган өөрт нь хүлээлгэн өгч танилцуулсан. Ч.Б- нь 2019 оны 04 сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтгэгчээр хоёр өдөр ажиллаж 2019 оны 04 сарын 26-аас 2019 оны 5 сарын 30-ны өдөр хүртэл нийт 30 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул ажилдаа орж, холбогдох шалтгаан, баримт, тайлбараа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно. Мөн гаргасан зөрчлийн талаар дүгнэлт гаргасан адиудитыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шүүх үгүйсгэсэн нь үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.Б- АШУҮИС-ьд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ч.Б- АШУҮИС-ийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/274 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд тушаалд нэхэмжлэгчийг санхүүгийн зөрчил гаргасан үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, аудитын дүгнэлтийн 5 дугаар зүйлийн 16 дахь заалтыг баримталжээ.

Б/274 тоот тушаалд Ч.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан аль нь болохыг тодорхой заагаагүй боловч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн, энэ үндэслэлийн хүрээнд зохигч мэтгэлцжээ.

АШУҮИС-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн хяналт хийсэн Үндэсний Аудитын газрын тайланд “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн захирал, нягтлан бологч нар тайлант хугацаанд хувь хүний данс руу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн алдаа байгааг тогтоож, уг төлбөрийг нягтлан бодогчоор төлүүлэх акт тогтоосон нь хэргийн баримтад авагдсан байна. Санхүүгийн баримтад 1 дүгээр гарын үсэг зурах эрхтэй этгээдийн хувьд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавиагүй, дотоод хяналт сулруулсан зөрчил байгаа боловч тухайн зөрчил нь зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.4-т нэрлэн заасан “сургуулийн багаж, аппарат тоног, төхөөрөмж, эм хэрэгсэл, эд материалыг захиргааны зөвшөөрөлгүйгээр байгууллагаас авч гарахыг завдах, хувийн зорилгоор ашиглах, сургууль дээр хувьдаа ашиг олох зорилгоор хэрэглэх” зөрчилд хамаарахгүй, энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Иймд Ч.Б- Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэх тул нэхэмжлэлийг хангасан нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлд заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аудитор Д.Наранчимэгийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхихдоо түүний гаргасан санхүүгийн аудитын дүгнэлт хүчин төгөлдөр болж зөрчил дутагдал уг дүгнэлтэд тодорхой заагдсан гэж үзсэн, үүнийг буруутгах үндэслэлгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2174 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 143.305 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ