Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 01873

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А их сургууль/РД: 5845459/-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чинбат овогтой Б би Анагаах Ухааны Их Сургуулийн хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгчээр 2003 оны 3-р сарын 10-ны өдрийн Б/05 захирлын тушаалаар анх ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 2007 оны 12-р сарын 20-ны өдрийн Б/27 тоот тушаалаар 2008 оны 1-р сарын 1-ний өдрөөс хэвлэх үйлдвэрийн даргаар томилогдсон. Тус хэвлэх үйлдвэрийг тогтвор сууршилтай, үр бүтээлтэй 17 жил ажиллуулж ирсэн. Ямар нэг сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл А Их Сургуулийн захирлын 2019 оны 4-р сарын 23-ны өдрийн Б/274 тоот тушаалаар миний эрхэлж байсан үүрэгт ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Надад ажлаас халах тухай огт мэдэгдээгүй. Харин хуулийн зөвлөх Зоригтбаатар намайг дуудаж хэвлэх үйлдвэрийн даргын ажлаас чөлөөлнө гэж хэлж байсан.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримтлан миний эрхэлж байсан үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаал гэж үзэж байна. Мөн Санхүүгийн Аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад шууд хамааралтай заалт биш байсан. Тэгээд ч үүнийг шууд хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Хууль бусаар халагдсандаа гомдолтой байна. Ам бүл 5. Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцны зээлтэй. Нөхөр цалингийн зээлтэй. Одоо ингээд ажилгүй болж байгаа нь ар гэрийн амьдралд маш хүндээр тусч байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, ажиллаагүй байсан хугацааны цалин хөлсийг ажлаас халагдсан өдрөөс хойш, анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Миний гомдлыг нягтлан үзэж, үнэн зөвөөр асуудлыг шийдэж өгөхийг хүсье.” гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Бийн өмгөөлөгч Д.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний ямар зөрчлийг ноцтой гэж үзэх юм, ямар хариуцлага хүлээлгэхийг тодотгоогүй. Аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэж байна. Хөндлөнгийн байгууллагын шалгалт ирээд зохих хүнд нь зохих ёсны хариуцлага, материалын хариуцлагыг хэн төлөхийг зааж өгсөн. Санхүүгийн анхан шатны тайлангийн дагуу санхүүгийн дотоод шалгалтаар ямар хүнд, хариуцлага хүлээлгэх, ямар хүнд эд материалын хариуцлага хүлээлгэх вэ гэдэг дээр аудитын байгууллага дүгнэлтээ гаргаж өгсөн. Тушаалыг хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч А их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Их Сургуульд холбогдуулан Ч.Бийн гаргасан нэхэмжлэлийг гардан аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үндэсний аудитын газраас АШУҮИС-ийн 2018 оны Санхүүгийн тайлан, төсдийн гүйцэтгэлд хийсэн шалгалтаар Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баримтжуулаагүй, дотооддоо батлан мөрдөж байгаа дүрэм, журмын шаардлага нөхцлийг баримтлаагүй, санхүүгийн тайланд хийсэн аудитаар төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүйгээс машин тоног төхөөрөмжийн дансны үлдэгдэл батлагдаагүй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7-д заасныг тус тус зөрчсөн учир Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дугаар заалтыг үндэслэн төлбөрийн акт тогтоосон зардлын данстай холбоотой асуудлаар: “Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7.1 сая “төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн байна гэж үзэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.13-д заасныг тус тус зөрчсөн учир Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дугаар заалтыг үндэслэн төлбөрийн акт тогтоох, хуулийн байгууллагад шижүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

АШУҮИС-ийн харъяа Эрхэс хэвлэх үйлдвэрийн нягтлан бодогч С.Ариунаа нь хугацаа тайлант хугацаанд хувь хүний дансруу нийт 7 083 240 төгрөгийг үндэслэх анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.4-т “Аж ахуйн нэгж байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан орлого, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтанд бичгээр болон цахим бичилт хийж баталгаажуулна”, 13.5-д “анхан шатны баримтанд түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтны гарын үсэг, тамга тэмдэг дарснаар уг баримт бичиг хүчин төгөлдөр болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэн Үндэсний аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/65 САГ-2019/123/СТА-ТӨҮГ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар үндэслэн анхан шатны баримтгүй олгосон 7 083 240 төгрөгийн хохирлыг барагдуулан нөхөн төлүүлэхийг даалгасан болно.

Үндэсний аудитын газраас тогтоосон зөрчил дутагдлаа арилгах, ийм зөрчил дутагдал гаргасан байгаа талаар тухайн үед ажил хариуцан ажиллаж байсан Ч.Бад захирлуудын зөвлөлийн хурлаар хэлж өөрт нь мэдэгдэж байсан. Өөрөө хүртэл алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч арга хэмжээ авахуулахад гомдолгүй талаар хүсэлтээ илэрхийлэн гаргаж байсан болно. Ч.Б нь мөнгийг хаан банкны өөрийнхөө харилцах дансанд хүлээн авч захиран зарцуулсан байдаг. Энэ талаар холбогдох санхүүгийн баримтуудыг өгөөгүй

Мөн ня-бо С.Ариунаа нь зөрчил дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч, 50 хувийг нь төлж барагдуулахаар хүсэлтээ өгч, үлдэх 50 хувийг нь Ч.Б хувийн дансандаа авсан тул хариуцах нь зүйтэй гэж тайлбар өгсөн болно. Одоо энэ бүх асуудлыг авлигатай тэмцэх газар шалгаж байгаа болно.

Ч.Бийг 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар Эрхэс хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж хяналт тавьж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэж үзэж, Эрхэс хэвлэх үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, А их сургуулийн захирлын үүрэг гуйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/276 дугаар тушаалаар “Ажилд авах тухай тушаал гарган эрхэс хэвлэх үйлдвэрт Ч.Бийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтэгчээр ажиллуулсугай гэж тушаал гарган өөрт нь хүлээлгэн өгч танилцуулсан болно.

Ч.Бийн ажлыг хүлээлцэж байх хугацаанд “2018 оны санхүүгийн зарлагын баримт гэх ойлгомжгүй, нийт 108 хуудастай санхүүгийн баримт, шалтгаанд хамрагдаагүй зарлагын баримтуудыг актаар Дотоод аудитын газарт хүлээлгэн өгч, захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/129 дүгээр тушаал гарч Ажпын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, дотоод аудитын газраас баримтын үзлэг хийн тайлбар авах, эрхэс хэвлэх үйлдвэрийн үйл ажиллагаанд дотоод аудит, чанарын үнэлгээ хийх шаардлагатай байхад Ч.Б, С.Ариунаа нар нь шалгалтыг явуулахгүй, баримт, тайлбараа өнөөдрийг хүртэл өгөөгүй зайлсхийгээд байгаа болно.

Ч.Бийг А Их Сургуулийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Б/276 тоот тушаалаар Эрхэс хэвлэх үйлдвэрт 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн эх бэлтгэтээр ажиллуулах тушаал гарч хоёр өдөр ажиллаж 2019 оны 04 дүгээр сарын 26-аас 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 30 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул ажилдаа эрж, холбогдох шалтгаан, баримт, тайлбараа 3 хоногийн дотор ирүүлэхийг мэдэгдэж албан тоот хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй болно.

Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй Ч.Бийг ажлаас халаагүй, өөрт тохирсон ажил албан тушаалд нь томилсон тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Иймд Чинбат овогтой Бийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч А их сургуулийн өмгөөлөгч Ж.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Бийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мэргэжлийн байгууллагын санхүүгийн аудитын тайлан гэдэг нь мэргэжлийн байгуулагын хүрээнд АШУҮИС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргасан. 3-р сарын 7-ны өдөр дүгнэлт гаргахдаа хавсралтын 16 дугаар хуудаст Эрхэс үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний данс руу 7,1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн байна. Төлбөрийн акт тогтоосон, захирал, нягтлан бодогч, Ч.Б нар гэсэн дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр байна. Энэ дүгнэлтийг үндэслэн акт гарсан. Акт гаргасан нь тухайн мөнгийг хариуцаж байсан нягтлан бодогч дээр акт гарсан. Тийм учраас Ариунаа ноцтой зөрчил гаргасан болохоос би гаргаагүй гэсэн байр суурьтай зүйл ярьж байна. Өмгөөлөгч нь 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэсэн тайлбар хэлж байна. Мэдэгдэх тухай заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд 30 хоногийн дотор мэдэгдэнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.2-д заасан үндэслэл, татан буугдаж байгаа, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, энэ тохиолдолд 30, 45 хоногийн өмнө мэдэгдэх эрх зүйн зохицуулалт байдаг. Тийм учраас үндэслэлгүй тайлбар хийж байна гэж ойлгож байна. 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн А68 тушаалыг тайлбарлаж байна. Үүний 3-р заалтад хэвлэх үйлдвэрийн дансны гүйлгээнд 1 дүгээр гарын үсгийг, санхүүгээс гарч байгаа, Эрхэс үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа, өдөр тутмын ажиллагаанд хяналтаа тавина. Тухайн захиран зарцуулж байгаа мөнгө төгрөг хуулийн хүрээнд гарч байгаа юм уу, гараагүй юм уу үгүй гэдэг дээр хяналт тавих үүднээс 1 дүгээр гарын үсэг зуруулж байгаа. Энэ хүн нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж, аудитын дүгнэлтээр 7,1 сая төгрөгийг бусад ямар ч баримтгүйгээр шилжүүлсэн үйлдэл, үйл ажиллагаанд хамааралтай юм. Тухайн мөнгөний хариуцлагыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтаар нягтлан бодогч нь санхүүгийн үйл ажиллагаанд учруулсан хохирол төлбөрийн асуудал яригдсан гэж ойлгож байна. Аудитын газрын тайлан, холбогдолтой заалтад Ариунаа, Ч.Б нар хариуцлага алдсан гэдгийг зааж өгсөн. Энэ акт өнөөдөр хүчин төгөлдөр байна. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгийг юу гэж үзэх гээд байна вэ гэхээр тухайн хүн Эрхэс хэвлэлийн үйлдвэрийн дансны гүйлгээ хийхдээ санхүүгийн зарцуулалтын үйл ажиллагаанд ноцтой зөрчил гаргаж, хариуцлага алдсан гэж үзэж шууд ажлаас халсан асуудал нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.Б хариуцагч А их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч А их сургууль нь 2018 оны Санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, аудитаар “Эрхэс” хэвлэх үйлдвэр нь тайлант хугацаанд хувь хүний дансруу 7 100 000/долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэж маргасан.

 

2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч А их сургуулийн өмгөөлөгч Б.Баатарсайханд 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр гар утсаар буюу мессэжээр мэдэгдсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А их сургуулийн өмгөөлөгч Б.Баатарсайханы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагчид “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний болон № А000008375 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/274 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасныг үндэслэн “Эрхэс” хэвлэх үйлдвэр нь 7 100 000/долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн, нэхэмжлэгч нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, шалгалтаар холбогдох баримтуудыг бүрэн хамруулаагүй, бүртгэлээр тавих дотоод хяналт шалгалтыг сулруулсан гэх үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/274 тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн дансны гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурдаг болох нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/68 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байх ба Үндэсний Аудитын Газрын хариуцагчийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитээр “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн захирал, нягтлан бодогч нар тайлант хугацаанд хувь хүний дансруу 7 100 000/долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг анхан шатны баримтгүй шилжүүлсэн алдаа, зөрчил гаргасан болох нь Үндэсний Аудитын Газрын Санхүүгийн Аудитын Тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

Үндэсний Аудитын Газар нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн нягтлан бодогч С.Ариунаагаар анхан шатны баримтгүй олгосон 7 083 240/долоон сая наян гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон болох нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 01/65 САГ-2019/123/СТА-ТӨҮГ Актын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд хийгдэх гол үйл ажиллагааны нэг болох Төлбөр тооцоог хийж барагдуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 7 083 240/долоон сая наян гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийн зөрчил гарсан болох нь Үндэсний Аудитын Газрын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн № 01/65 САГ-2019/123/СТА-ТӨҮГ Актын болон “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5-д “Хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах хөдөлмөрийн ноцтой зөрчил”-ийн талаар заасан болох нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан төлбөр тооцоог хийж барагдуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй болох нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.4-т заасан “Сургуулийн багаж, аппарат тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, эд материалыг захиргааны зөвшөөрөлгүйгээр байгууллагаас авч гарахыг завдах, хувийн зорилгоор ашиглах, сургууль дээр хувьдаа ашиг олох зорилгоор хэрэглэх” зөрчилд хамаарна гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.4 дэх хэсэг нь сургуулийн багаж, аппарат тоног төхөөрөмж, эм хэрэгсэл, эд материалыг зөвшөөрөлгүй авч гарах, зориулалт бусаар ашиглахыг ойлгох ба уг үйлдэл нь төлбөр тооцоог зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчилд хамаарахгүй болно.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 575 800/1559800+1577800+1589800=4727400, 4727400:3=1575800/ /нэг сая таван зуун далан таван мянга найман зуу/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 71 627/1575800:22=71627/ /далан нэгэн мянга зургаан зуун хорин долоо/ төгрөг болох нь 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний болон № А000008375 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажлын 24/хорин дөрөв/ хоног, 4/дөрөв/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 8 022 248/24х71627=1719048, 4x1575800=6303200, 1719048+1719048=8022248/ /найман сая хорин хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бийг хариуцагч А их сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч А их сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 022 248/найман сая хорин хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Бт олгож, хариуцагч А их сургуульд холбогдох олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бийг хариуцагч А их сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч А их сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 022 248/найман сая хорин хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг нэхэмжлэгч Ч.Бт олгож, хариуцагч А их сургуульд холбогдох олговорт ногдох нийгмийн даатгал болон эрүүл мэнд даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 143 305 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ