Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 227

 

Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаар магадлалтай, Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа  “...Шийтгэх тогтоол, магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. ...Давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан тул шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт хууль буцаан хэрэглэх байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй байгааг дурдав” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь дээр дурдсан шинэчилсэн хуулийн заалт нь хэдийгээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр батлагдсан боловч ... “Төрийн мэдээ” сэтгүүлд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэвлэгдэж... 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Миний үйлчлүүлэгчийн холбогдсон үйлдэл нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн тул өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журамтай холбогдуулан хийсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл Эрүүгийн хуулийн бүх зүйл ангид үйлчилж байгаа нь мөн хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн буюу хүндрүүлсэн хуулийг хэрэглэж байна. Мөн хууль санаачлагч нар Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалт нь 2015 оны Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэм хэрэгт холбогдуулан гаргасан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлаж байсан.2.  ...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ...шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн тул энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Пүрэвдорж нь ...тодорхой мэдүүлэг өгсөн байхад шүүх өшиглүүлж унасан эхнэрээ урдаас нь тэвэрч босгох үед хөл нь харагдахгүй учраас өшиглөсөн байх магадлалтай гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэг талаас хамт ажилладаг хүмүүс, нөгөө талаас нөхөр нь эсрэг мэдүүлэг өгөөд байхад хөндлөнгийн гуравдагч этгээдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Н.Б-г Б.Н- эмч эхэлж өшиглөсөн болохыг тогтоосон бөгөөд Н.Б- өшиглөсөн байх боломжтой байдлаар дүгнэж ял оногдуулсан. Шинжээчийн дүгнэлтэд тонус нь доргилтын үед үүсч болно гэж заасан. Гэхдээ эргэлзээтэй буюу хүнийг өшиглөхөд бус хүн өшиглөхөд үүсэх магадлалтай гэсэн эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Тухайн үед эмнэлэгт үйлчлүүлж байсан хүмүүсээс асууж хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй, зөвхөн таамгаар ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх үйл явц эмнэлгийн коридорт болсон тул ойролцоо кабинетад цаг авсан хөндлөнгийн гэрчүүдийг “олдохгүй байна” гэдэг үндэслэлээр мэдүүлэг авалгүй эмчийн харилцан хамааралтай сувилагч, үйлчлүүлэгч нарын зөрүүтэй мэдүүлгээр миний үйлчлүүлэгчид ял халдаасан нь учир дутагдалтай. Ашиг сонирхлын зөрчилгүй гуравдагч этгээдээс гэрчийн мэдүүлэг авахуулах гээд байгаа учир нь сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос болж жирэмсэн эмэгтэйчүүдийн 80 хувьд нь ураг зулбах эрсдэл буюу тонус өгдөг болсон гэж нөхөн үржихүйн мэргэшсэн эмч нар олон нийтийн хэрэгслээр мэдээлж байгаатай холбоотой юм. Миний үйлчлүүлэгчийн зүгээс эмч Н-ийг өшиглөөгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Мөн үүнээс гадна хавтаст хэргийн материалд Б.Н-ийн жирэмсний хяналтын дэвтэр авагдаагүй. Жирэмсний хяналтын дэвтрийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж шинжлэн судлах шаардлагатай. ...Мөн шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг дүгнэлтүүдээр тонус бууруулах эмчилгээ хийлгэж байгаа бүх жирэмсэн эмэгтэйчүүд хөнгөн зэргийн гэмтэлтэй явж байна гэж ойлгогдохоор байна. ...Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь гаргасан дүгнэлттэйгээ зөрчилдөж байдаг. ...Хохирогч болсон явдлыг өөрөө зааж хэлж байгаа боловч түүний мэдүүлэг болон үйл явдлыг давхар нотолсон нотлох баримт байхгүй. Коридорт ...байсан бусад хүмүүсийг олж асууж чадаагүй, ажиллагааг дутуу хийсэн. Хэргийн бодит байдал болон нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчид ял оногдуулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож Н.Б-г цагаатгаж өгнө үү” гэв.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Н.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн Н.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.Б-г Б.Н-ийн эрүүл мэндэд “...умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт...” бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон” гэж үзсэн дүгнэлт эргэлзээ бүхий болжээ.

Хүний гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro rio” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд манай улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгалаа олсон байна.

Хоёр шатны шүүх Н.Б-г 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... амбулторын байранд Б.Н-ийг ажлаа хийж байхад нь “өвчтөнд дарааллын дагуу үйлчлээгүй” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар хэвлий тус хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үйл баримтыг тогтоожээ. 

Шүүх гэм бурууг нотлохдоо яллах баримтын эсрэг шинжлэн судалсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт няцаалт өгөөгүйгээс гэм буруугийн талаарх маргаан  хяналтын шатны шүүх хүртэл үргэлжилсэн байна.

Гэрч Н.П “...гэтэл эмч эхнэрийг өшиглөөд унагаасан. Эхнэр өшиглөх гэсэн боловч би дундуур нь ороод өшиглөж чадаагүй. Манай эхнэр өшиглөөгүй, харин эмч ...өшиглөсөн...”, гэрч Л.М “...би хэн нэгнийгээ өшиглөж байхыг хараагүй...”, гэрч Х.Б “...тэр эмч, эмэгтэй хоёр хэрэлдэж маргалдаж байсан, бие биенээ өшиглөсөн, зодож, цохисныг хараагүй...”, гэрч М.Ж “...хаалгаар шагайгаад хэрэлдээд байсан, тэр хоёр бие биенийгээ өшиглөсөн эсэхийг хараагүй...”, гэрч Х.Ц “...тэр хоёр бие биенийгээ өшиглөсөн эсэхийг хараагүй...”, Н.Б-гийн гэрчээр “...хөл рүү эмч өшиглөж би хойшоо унаж ...тэр эмч намайг өшиглөсөн...”, шүүгдэгчээр “...Би нүүр рүү нь чичсэн чинь хөл рүү өшиглөж унагахаар нь “эмч хүн байж ингэж болдог юм уу” гээд дайрсан...” гэж тус тус мэдүүлсэн,

түүнчлэн үүний эсрэг хохирогч Б.Н- “...би...хөл рүү нь өшиглөсөн чинь зөрүүлээд гэдэс рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг болон түүнтэй хамт ажилладаг гэх нэр бүхий 3 гэрчийн мэдүүлгүүд нь нэг асуудлын талаар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн цаг хугацаанд Н.Б- нь Б.Н-ийн гэдэс рүү өшиглөсөн, эсхүл өшиглөөгүй гэдэг хоёр үнэн зэрэгцэн орших боломжгүй юм.

Нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд Н.Б- нь тухайн цаг хугацаа, орон зайд Б.Н-тэй маргалдсан байх боловч Б.Н-ийн гэдэс рүү өшиглөсөн, үүний улмаас Б.Н-д хөнгөн гэмтэл учирсан гэсэн үйл баримтыг сэргээн тогтооход буруутгаж буй нотлох баримтуудыг дангаар нь үнэн гэж үзэхэд эргэлзээтэй, эсрэг нотлох баримтууд цугларсан, харьцуулан үзэхэд аль нь ч асуудлыг бүрэн нотолж, эсхүл үгүйсгэж чадахааргүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын “Н.Б-г цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Б-д холбогдох хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарсан тул гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 277 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,

Н.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Б-г цагаатгасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН