Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1318

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч М.Сансарсайхан, хохирогч Б.Н, гэрч Н.П, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 01263 0365 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн Н.Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 08 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 74 дүгээр цэцэрлэгт багшаар ажилладаг, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн 1 дүгээр төв амбулаторийн байранд Б.Н-ийг ажлаа хийж байх үед нь өвчтөнд дарааллын дагуу үйлчлээгүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар харилцан зодолдож, хэвлий хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, эрт үеийн зулбахыг завдалт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овгийн Н.Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн 1 дүгээр төв амбулаторийн байранд Б.Н-ийг ажлаа хийж байх үед нь өвчтөнд дарааллын дагуу үйлчлээгүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар харилцан зодолдож, хэвлий рүү нь өшиглөж, бие махбодод нь “...умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, эрт үеийн зулбахыг завдалт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09 цаг 30 минутад үзүүлэхээр цаг авсан байсан. Би тухайн өдөр 09 цаг 21 минут гэхэд оччихсон байсан. Намайг үзүүлэх үед Н гэх эмч нөгөө эмчтэйгээ өрөөндөө сууж байсан. Манай охин Н-ыг байна уу гэж дуудахаар нь би охинтойгоо хамт цүнхээ үүднийх нь сандал дээр тавиад өрөөнд нь ороод суусан. Манай охиныг цаад өрөөнд орж хэвтүүлсэн.  Намайг сууж байхад М гэх сувилагч “ээж нь хажууд нь байж болохгүй, гараарай” гэж хэлсэн. Би гараад эмчийн өрөөтэй залгаа байдаг хүлээлгийн өрөөнд цүнхнийхээ хажууд очоод суусан. 09 цаг 50 минут хүртэл эмч орж ирээгүй. Эмч орж ирэхдээ нэг өвөө дагуулаад орж ирсэн. Эмч “та хоёр гарч бай, би энэ хүний шүдийг үзээдэхье” гэхээр нь цүнхээ хүлээлгийн өрөөнд үлдээчхээд охинтойгоо гадаа гараад зогсож байсан. Манай нөхөр “яасан бэ” гэхээр нь “эмч хүний шүд үзээдэхье гэнэ ээ” гэж хэлээд гадаа нь 10 цаг 15 минут хүртэл хүлээсэн. Эмч өвөөг аваад эсрэг талын өрөө рүү орсон. Би араас нь очоод “одоо үзэх болоогүй юм уу” гэж хэлтэл “чи чинь одоо жоохон юм байж ямар олон долоо юм ярьдаг юм” гээд над руу шууд дайрсан. Би “өөдөөс нь “чи эмч хүн байж ингэж болохгүй, хүнтэй аятайхан харьцах ёстой биз дээ” гэж хэлтэл намайг өшиглөөд би хойшоогоо шууд унасан. Босож ирээд би эмч рүү гараараа чичлээд “чи яаж байгаа юм, эмч хүн байж ингэж болохгүй” гэж хэлсэн. Цаана нь сувилагч нь бас нэг эмчтэй байсан. Сувилагч нь цаанаас гарч ирээд “яагаад байгаа юм” гэхээр би “цагдаа дуудна” гэж хэлээд доошоо бууж очоод цагдаа дуудсан. Цагдаа дуудсанаас хойш цагийн дараа ирсэн. Цагдаад би болсон явдлын талаар хэлээд цагдааг дагуулаад эмчийн өрөөнд очиход өвөөгийн шүд авч байсан эсрэг талын өрөөнд орчихсон байсан. Цагдаа намайг гадаа гараад байж бай гэж хэлсэн. Цагдаа гарч ирээд “та гомдол, саналтай юу” гэхэд нь би “би гомдолтой байна” гэж хэлсэн. Цагдаа “та өргөдөл гаргавал байн байн таныг дуудаад байна” гэж хэлсэн. Би нөхөртөө энэ талаар хэлээд “яах вэ, ажлаас залгаад байна” гэж хэлтэл “байн байн наашаа цаашаа дуудагдаад байхаар хэцүү, чамайг байнга дуудаад байвал хэцүү шүү дээ” гэж хэлэхээр гомдол гаргахаа болиод явсан. Гэтэл Н надад зодуулсан гэж цагдаад өргөдөл өгсөн байсан. Намайг цагдаагаас дуудсан. Би ажлаа тараад 19 цаг болж байхад цагдаа дээр ирсэн. Э гэх байцаагч байсан. Би байцаагчид “миний дараа орох хоёр хөгшин хүн байсан” гэж хэлсэн. Тэр эмээ “цагаараа ерөөсөө үзэхгүй юм аа” гэж хэлсэн. Намайг өшиглөхийг хүртэл тэр эмээ харсан. Тэр хүмүүсийг яагаад гэрчээр байцаахгүй байгаа юм бэ гэж хэлэхэд “тэр хоёр хүн олдохгүй байна” гэж хэлсэн. Гэрчээр дуудаж мэдүүлэг авсан хүмүүсийн цаг нь дандаа 10 цагаас хойш цаг авсан хүмүүсийг байцаасан байсан. Хэрэг болох үед байсан хүмүүсийг байцаагаагүй байсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэрэг гарснаас хойш жил болох гэж байна. Зарим хүний нэр усыг мартсан байж магадгүй. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 08 цаг 30 минутад ажил дээр ирээд хүмүүсээ үзэх дарааллаараа үзээд Б-гийн охин Н-аа 09 цаг 30 минутад цаг авсан байсан. Цагаар нь дуудсан чинь байхгүй байсан. 09 цаг 50 минутын М гэх тэтгэврийн үйлчлүүлэгч эхнэртэйгээ ирчихсэн сууж байсан. М-ыг дуудаад үзэхэд тэр хүн шүдээ авхуулахаар байсан. Шүд авах өрөө, эмчилгээний өрөө тусдаа байдаг. Шүд авах өрөөнд М-д тариаг нь хийчхээд тэр өрөөндөө үлдээчхээд буцаж ирээд Н гээд дуудахад ирчихсэн байсан. Н-ыг оруулж ирээд орон дээр хэвтүүлчхээд М-ын шүдийг нь авах гэтэл шүдний эмчилгээ хийлгээд ястайгаа барьцалдчихсан болохоор шүд нь хугараад авч болохгүй байсан. Шүдийг бахиар юм уу ямар нэгэн багажаар авдаг. “Өрмөөр өрөмдөж үзье” гээд Н-ыг “түр босож бай” гэж хэлсэн. Б анх орж ирээд бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх болон эрүүл мэндийн дэвтрээ авчирсан байх ёстой байтал ямар ч бичиг баримт байхгүй байсан. Би эрүүл мэндийн дэвтэргүй бол үзэхгүй байх эрхтэй. Би дараагийн удаа эрүүл мэндээ авчирсан байх ёстой шүү гээд амаараа хэлснээр нь бүртгээд үзсэн. Шүүгдэгч анхнаасаа орж ирэхдээ яаруу, сандруу, бухимдал стресстэй орж ирсэн. М гэх хүний шүд гарахгүй байсан болохоор өрөөндөө орж өрөмдөөд болохгүй болохоор нь шүд авдаг өрөөндөө бахиараа үзээд л гүйгээд байсан. Тэр хооронд шүүгдэгч шүд авдаг өрөөний хажууд ирээд “чи намайг удаан хүлээлгэлээ, ажлаа хийж чаддаггүй юм уу” гэж хэлж байсан. Б сая хэлж байна. “Чи эмч юм байж” гэсэн зүйл нэг ч удаа хэлээгүй. Ажлаа хийж чадахгүй юмнууд гэж уурлаж байсан. Би хаалганы цаана гараагүй. Хаалганы дотор талд байсан. Б хаалганы гадна талд байсан. Шүүгдэгч стресстэй байдалтай байсан. Над руу утсаараа савчаад миний толгой руу утсаараа цохисон. Би өөрөө хойшилсон тулдаа нүдний шил шүргээд өнгөрсөн. Би зөрүүлээд хөлөө явуулахад шүүгдэгчийн гуянд нь шүргээд өнгөрсөн. Шүүгдэгч буцаагаад миний баруун талын хэвлий руу маш хүчтэй өшиглөсөн. Нөхөр нь үүнийг харсан. Нөхөр нь шүүгдэгчийг намайг өшиглөсөн болохоор хүрч ирээд Б-г татаж авсан. Тэр дороо миний гэдэс базлаад эвхрээд доошоо суусан. Жирэмсэн байсан учраас хөөрлийн байдалтай болоод уйлаад хамаг бие өвдөөд эход харуулж дусал залгуулсан. Тэгсэн чинь шүүгдэгч нэг цагдаа дагуулж ирсэн. Манай эмнэлгийн эхо хар өнгөтэй болохоор гараад сайн эход харуулахаар гадна талд байдаг хувийн эмнэлэгт үзүүлтэл “ихэс ховхорч эхэлж байна, яаралтай 1 дүгээр төрөх явах хэрэгтэй” гэсэн. Би нөхрөө дуудаад явахаасаа өмнө өргөдөл гаргаж өгье гээд өргөдөл гаргачхаад 1 дүгээр төрөхөд ирж үзүүлэхэд “ихэс ховхрол явагдаж байна, эрт үеийн зулбалт байх боломжтой, яаралтай хэвтэх шаардлагатай” гээд 5 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад 2 долоо хоног хэвтэрт байсан. Нийт гурван 7 хоног ажилдаа яваагүй. Тэр үеийн стресс бухимдал одоо ч гэсэн хүүхдэд маань үргэлжлээд явж байгаа. Манай хүүхэд маш их уйланхай. Үүнийг жирэмсэн байх үеийн стрессээс болсон гэж хэлсэн. Би шүүгдэгчээс ямар нэгэн юм нэхэмжлээгүй. Гурван 7 хоног ажлаа хийгээгүй цалин мөнгө, эмчилгээ эм тариа гээд зөндөө эм уусан. Тэдгээрийг би нэхэмжлээгүй. Тэр үед Б над руу нэг удаа яриад уучлаарай гэж гуйсан бол би хүүхдээ бодоод өргөдлөө буцааж авъя гэж бодсон. Над руу нэг ч удаа залгаж яриагүй. Шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө “намайг эхэлж өшиглөөд хүн л юм хойно босож ирээд” гэж хэлээд гацчихаж байна. Хүн л юм хойно шүүгдэгч намайг босож ирээд өшиглөсөн. Өшиглөх өшиглөхдөө бүр намайг хүчтэйгээр тийрсэн. Нөхөр нь хүртэл хараад “хөөе чи боль” гээд эхнэрээ татаж авсан...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч Н.П-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Охиноо үзүүлэх гээд 09 цаг 30 минутын цаг авсан байсан. Яг 09 цаг 30 минутдаа ороод үзэхгүйгээр 20-иод минут өрөөндөө оруулж хэвтүүлсэн гэсэн. Би хувцсыг нь бариад үүдэнд нь зогсож байсан. Б-г гараад ирэхээр нь “яасан, болчихсон юм уу” гэж асуухад “харин үздэггүй ээ, хэвтүүлж байгаад түр гарч бай” гээд гарчихлаа гээд гараад ирсэн. Эмч өөр нэг хүн үзэх гээд өөр өрөө рүү орсон. Удалгүй байж байгаад Б очоод “цагаараа үздэггүй юм уу, яах гэж цаг авхуулдаг юм“ гээд эмтэй хоорондоо маргалдсан. Эмч хаалганы цаана зогсож байгаад Б-г өшиглөсөн. Болортуяаг хойшоо унахад нь би явж очоод өөдөөс нь харсан байрлалтай тэврээд босгож байхад Б тэр эмч рүү өшиглөсөн. Б тэр эмчийг өшиглөж чадаагүй. Тэгээд бид хоёр цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2 сар гаран жирэмсэн юм. 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байсан, 9:30 цагт үзүүлэх ёстой хүн цагтаа ирээгүй байсан учраас дараагийн 09:50 цагийн тэтгэврийн настай эрэгтэй хүний шүдийг авч байхад шүд нь хугараад түүнийг үзээд зогсож байсан чинь Н-гийн ээж нь гэх эмэгтэй “чи 9:30 цагт үзэх ёстой, удаан хүлээлгэлээ, цагийн хуваарийн дагуу үзэх ёстой” гээд байхаар нь би “энэ хүний шүд нь хугарсан байна, энэ хүний дараа үзүүлээрэй" гэж хэлсэн чинь ойлгохгүй янз бүрээр хэрүүл хийгээд байсан, тайлбарлаж хэлээд байхад ойлгохгүй хэрэлдэж байгаад утсаараа толгой руу цохисон тэгэхээр нь хойшоо болоход нүдний шил шүргээд өнгөрсөн. Тэгэхээр нь би хөл рүү нь өшиглөсөн чинь зөрүүлээд миний гэдэс рүү хүчтэй өшиглөөд гэдэс өвдөөд эхэлсэн. Ингээд тэнд байсан сувилагч болон бусад хүмүүс дундуур орж салгасан. Тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудна гээд гарсан. Би одоогоор хэвтрийн дэглэм барьж байна. Мөн тэр хүнээс болж олон жил хүлээсэн хүүхдээ алдах эрсдэлд орсон, маш их сэтгэл санааны хохиролтой байна....” гэсэн мэдүүлэг (хх –ийн 5-7 дугаар хуудас);

5. Гэрч В.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 сарын 21-ний өдөр 10 цагийн үед үүдэнд хэрүүл маргаан болоод байхаар нь очсон чинь эмч Нарангэрэлтэй эмэгтэй хүн хэрэлдэж байгаад түүний гэдэс рүү нь өшиглөөд өөрөө хойшоо унасан. Н эмч гэдэс базлаад байна гээд уйлаад байсан тэгээд “эхо”-д харуулсан чинь жирэмсэн учраас “тонус” ихэссэн байна гэсэн тул дусал залгасан. Тэр эмэгтэйг Н эмчийг өшиглөсөн эсэхийг хараагүй, намайг очиход тэр эмэгтэй эхэлж гэдэс рүү нь өшиглөөд хойшоо унасан. Тэр эмэгтэй коридорт орилоод, янз бүрээр хараагаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас);

6. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сарын 21-ны өдөр Сэлбэ 114-р чиглэл дээр Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэх хугацаанд өдөр 13 цагийн үед жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны хүүхдийн нэгдсэн эмнэлэг дээр эмч намайг зодлоо гэх дуудлага мэдээллийг шалгаж дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзахад шүдний эмч намайг өшиглөсөн гэсэн, шүдний эмчээс юу болсныг асуухад тэр эмэгтэй нүүрэнд тулчхаад хуруугаараа чичлээд хэрэлдээд байсан би өшиглөөгүй, харин намайг өшиглөсөн би жирэмсэн учраас бие өвдөөд дусал залгуулаад байж байна гэсэн. Шүдний эмч бие өвдөөд байна гэсэн тул эмнэлэгт үзүүлээд өргөдөл гаргаж шалгуул гэсэн харин дуудлага өгсөн Н.Б гэх эмэгтэй гомдолгүй гэсэн учраас өргөдөл гаргаж өгөөгүй явсан. Намайг очиход хоёулаа “бие биеэ өшиглөсөн” гэж хэлсэн, өшиглөсөн гэх Н.Б-д ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй бөгөөд өөрөө гомдол саналгүй гээд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-иийн 22-23 дугаар хуудас);

7. Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний шүдийг авах гэж байхад эмэгтэй хүн хаалгаар шагайгаад “ажлаа хийсэнгүй, удлаа гэх зэргээр эмчтэй хэрүүл хийгээд байсан. Тэгтэл нөгөө эмч жирэмсэн намайг өшиглөчихлөө, зулбалаа гэж ярихыг сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 543 дугаартай “...Б.Н-ийн биед умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, эрт үеийн зулбахыг завдалт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохилт, доргилтын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 58-59 дүгээр хуудас);

9. Гэрч Х.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би наад талын өрөөнд хүний шүд үзээд байж байхад Н эмч уйлаад ороод ирсэн. Н эмч маргалдсан эмэгтэйд хандаж “жирэмсэн намайг өшиглөсөн” гэж байхыг сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 81 дүгээр хуудас);

10. Шүүхийн үндэсний хүрээлэнгийн 1148 дугаартай “...1.Урьд гаргасан 2019.04.24-ний өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Б.Н-ийн биед үүссэн умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт тухайн болсон хэргийн нөхцөлд гэмтлийн шалтгаантай холбоотой үүссэн ба энэ нь тухайн өвчтөнд илэрсэн зовуурь, гэмтлийн өгүүлэмж, эмнэл зүйн шинж, багажийн шинжилгээ, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч, төрөлтийн түүх зэрэг эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. 3.Гэмтлийн болон бус шалтгаанаар үүсэх эрт үеийн завдсан зулбалтын шинж тэмдгүүд ижил байх ба цаг хугацааны хувьд ялгаатай, хийгдэх эмчилгээ нь ижил байна. 4.Б.Н-ийн биед үүссэн умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь гэмтлийн шалтгаантай үүссэн ба тонустай удаан явсны улмаас үүсээгүй болно. 5.Умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь айж цочихоос үүсэхгүй. 6.Б.Н-ийн биед умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь тухайн хэрэг гарсан гэх өдрөөс өмнө нь үүсээгүй болно. 7.Умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн завдсан зулбалтын эсрэг эмчилгээ хийлгэж, жирэмсний хяналтад байж хэвийн тээх боломжтой...” гэсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хх-ийн 90-91 дүгээр хуудас);

11.Шинжээч эмч Н.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бусдыг өшиглөж, цохисон тохиолдолд өөрт нь гэмтэл учрахгүй..., эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд хэрэг учрал болсноос хойш умайн булчингийн чангарал, тонус, ихсийн хэсэгчилсэн ховхрол гэмтэл үүсэж ураг зулбахыг завдсан байна. Үүнтэй холбоотой эмчилгээ хийгдсэн байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 72-73 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Н.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 10 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч болсон явдлыг өөрөөр зааж хэлж байгаа боловч түүний мэдүүлгийг давхар баталсан нотлох баримт байхгүй. Улсын яллагч Маржангүль гэх хүний мэдүүлгийг дурдаад явж байгаа боловч энэ гэрч нь худлаа мэдүүлэг өгсөн. Эхлээд “шүүгдэгч өөрөө ирж өшиглөөд арагш үсрээд унасан”, дараа нь “эхлээд эмч өшиглөөд дараа нь шүүгдэгч өшиглөсөн” гэсэн хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Энэ мэдүүлгийн зөрүүг арилгах гэж мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулсан. Гэтэл дахин мэдүүлэг өгөхөө “хараагүй” гэж мэдүүлэхэд байцаагч “эхний мэдүүлгээрээ байна шүү" гэж загнасан. Би байгаагүй ч гэсэн энэ талаар сонссон. Үйл явдлыг давхар нотолсон нотлох баримт байхгүй байна. Коридорт хараад үүдэнд сууж байсан эмгэн өвгөн, бусад хүмүүсийг олж асууж чадаагүй. Энэ ажиллагааг дутуу хийсэн. Хохирогч өөрийгөө “би өшиглөөгүй” гэж хэлж байна. Гэрчийн ярьж байгаа, асуултад хариулж байгаа байдал зэрэг нь харсан үзсэн болсон зүйлийг л ярьж байна. Гэрч “би зохиогоогүй, манай эхнэр цохиогүй, би тэврээд авсан” гэдгээ хэлж байна. Хэргийн бодит байдал нотлогдохгүй байна. Би нэг зүйлийн талаар энэ хэргийн эхнээс нь ярьсан. Хохирогч Н-ийг ойлгосон гэж бодож байна. Тонус өгөх гэдгийг “сав базална, сав базлахаар савнаас ихэс ховхорч эхэлдэг” гэж эмч нар тайлбарладаг. Энэ нь сэтгэл санаанаас ч болно, хөдөлснөөс ч болно, утаанаас ч болно. Одоо хохирогчийн хүүхэд эсэн мэнд өсөж бойжиж гадаа мөөмөө идэх гээд машин дотор сууж байна. Тонус өгсөн эмэгтэй хүн болгон гэмтлийн зэрэгтэй болж байна уу гэдэг дээр шинжлэн ухааны үүднээс бодох хэрэгтэй. Эмэгтэй хүн нөхөртөө уурлаад л тонус өгдөг. Ц гэх хүний мэдүүлэг байгаа. “Би зодооныг хараагүй, эмч их ууртай байсан” гэж мэдүүлдэг. Уурлаад тонус өгчихсөн үү, хүнд өшиглүүлээд тонус өгсөн байна уу гэдгийг тогтоогүй... Отгонцэцэг гэх хүний мэдүүлэг хохирогч Н-ийн мэдүүлгээр няцаагдана, П гэрчийн мэдүүлгээр няцаагдана, шүүгдэгчийн мэдүүлгээр няцаагдана. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчид ял оногдуулах боломжгүй байна. Учир нь түүний үйлдлийг нотолж чадахгүй байна. Эсрэгээрээ гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч хохирогчийг өшиглөөгүй нь тогтоогдоод байна. Шүүгдэгчид ял шийтгэл оноох боломжгүй  учир цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Гэмтлийн зэрэг болон гэмтэл үүссэн шалтгааны талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар урьд маргаж байсан бөгөөд энэ талаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэж, дахин шинжилгээ хийлгэхэд таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг санал нэгтэйгээр хохирогч Б.Н-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн гаралтай бөгөөд гэмтлийн гаралтай болохыг үндэслэл бүхий дүгнэжээ.

Харин энэхүү нэмэлт шинжилгээтэй холбогдуулан шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны үед хүсэлт, гомдол гаргаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт, гомдол өгөөгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Үйл баримтын тухайд хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “Б гэгч үйлчлүүлэгч миний хэвлий рүү өшиглөсөн” гэдгийг тодорхой зааж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг гэрч Н.П мөрдөн шалгах ажиллагааны үед “манай эхнэр тэр эмчийг өшиглөх гэхэд нь би татаж авсан бөгөөд манай эхнэр хий өшиглөсөн” хэмээн няцааж байсан боловч шүүх хуралдаанд хэргийн нөхцөл байдлыг түүнээс тодруулан асуухад тэрээр “Б-г хойшоо унахад нь би явж очоод өөдөөс нь харсан байрлалтай тэврээд босгож байхад Б тэр эмч рүү өшиглөсөн. Болортуяа тэр эмчийг өшиглөж чадаагүй” гэж мэдүүлснээс үзвэл гэрч Н.П-ийн мэдүүлэг хохирогч Б.Н-ийн мэдүүлгийг няцаан үгүйсгэж чадахгүй гэж дүгнэхээр байна.

Учир нь, гэрч Н.П эхнэрээ тэвэрсэн байрлалтай байх үед түүний эхнэр өшиглөх үйлдэл хийсэн болохыг гэрчилсэн бөгөөд ийм үйлдэл хийснийг гэрч мэдсэн байх бүрэн боломжтой, харин өшиглөсөн хөл нь хохирогч Б.Н-ийн хэвлийд хүрсэн эсэхийг тэрээр гэрчлэх боломжгүй байрлалтай байсан гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Н нь нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь цэцэрлэгийн багш ажилтай. Сарын 650,000 төгрөгийн цалинтай. Түүнээсээ татвар, суутгал төлдөг. Орон сууцны зээлтэй. Тиймээс торгох ялын доод хэмжээгээр нь торгож өгөөч гэж хүсэж байна. Шүүгдэгчийн авдаг цалингийн хэмжээг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүх өмгөөлөгчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овгийн Н.Б-г Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Бд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА