Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 277

 

Н.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1318 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Бд холбогдох 1908 01263 0365 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Нн Б, 1991 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;  

Н.Б нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн 1 дүгээр төв амбулаторийн байранд Б.Нийг ажлаа хийж байх үед нь өвчтөнд дарааллын дагуу үйлчлээгүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар харилцан зодолдож, хэвлийн хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, эрт үеийн зулбахыг завдалт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О овгийн Нн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, шүүгдэгч Н.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Пүрэвдорж нь “...Манай эхнэр та нар цагийн хуваарийн дагуу, дарааллын дагуу үзэхгүй гээд өөдөөс нь чичлээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгтэл тэр эмч нь эхнэрийг өшиглөөд унагаасан. Тэгээд эхнэр үйлчлүүлэгчээ өшиглөдөг эмч байдаг юм уу, ажлаа хийж чадахгүй гээд уурлаад байсан. Тэгээд эхнэр цагдаа дуудсан” гэж тодорхой мэдүүлэг өгсөн байхад шүүх өшиглүүлж унасан эхнэрээ урдаас нь тэвэрч босгох үед хөл нь харагдахгүй учраас өшиглөсөн байх магадлалтай гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэг талаас хамт ажилладаг хүмүүс нөгөө талаас нөхөр нь эсрэг мэдүүлэг өгөөд байхад хөндлөнгийн гуравдагч этгээдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Эмчийн харилцан хамааралтай сувилагч, үйлчлүүлэгч нарын зөрүүтэй мэдүүлгээр миний үйлчлүүлэгчид ял халдаасан нь учир дутагдалтай. Миний үйлчлүүлэгчийн зүгээс эмч Нийг өшиглөөгүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Мөн үүнээс гадна хавтас хэрэгт Б.Нийн жирэмсний хяналтын дэвтэр авагдаагүй байна. Жирэмсний хяналтын дэвтрийг нотлох баримтаар хавсаргаснаар Б.Нийн биед тухайн хэрэг учрал болохоос өмнө тонус өгч эмчлүүлж байсан эсэх үгүй бол хэрэг учирлын дараа зулбах завдалт явагдсан эсэхийг тогтоох шаардлагатай. Мөн шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ дүгнэлттэйгээ зөрчилдсөн мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн дүгнэснээр зөвхөн Бгийн хий өшиглөсөн үйлдлийн улмаас гэмтэл учирсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үйл явдлыг давхар нотолсон баримт байхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Хэргийн бодит байдал болон нотолбол зохих зүйлийг бүрэн нотлоогүй. Тонус өгөх гэдгийг “сав базална, сав базлахаар савнаас ихэс ховхорч эхэлдэг” гэж эмч нар тайлбарладаг. Энэ нь сэтгэл санаанаас ч болно, хөдөлснөөс ч болно, утаанаас ч болно. Цэрэндолгор гэх хүний мэдүүлгээр “Би зодооныг хараагүй, эмч их ууртай байсан” гэж мэдүүлдэг. Уурлаад тонус өгчихсөн үү, хүнд өшиглүүлээд тонус өгсөн байна уу гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчид ял оногдуулах боломжгүй байна. Иймд хэргийг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Нийг өшиглөөгүй, харин өшиглүүлсэн байж ял шийтгэл авсандаа гомдолтой байна. ...” гэв.

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан хохирогч Б.Нийн мэдүүлэг, гэрч Отгонцэцэг, Элдэв-Очир, Маргад, Цэрэндолгорын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 513, 1148 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдсон. Хохирогч Б.Нийн хувьд, өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан хүнийг тодорхой зааж, мэдүүлгийн эх сурвалжаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шууд тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Н.Бгийн хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар өөрийн үйлдсэн хэрэг болон хэргийн бусад нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэх эрхээ эдэлж, хэрэг хийгээгүй гэж мэдүүлсэн гэж ойлгож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоосон, шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн 1318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүүргийн 1 дүгээр төв амбулаторийн байранд эмч Б.Нийг ажлаа хийж байх үед нь өвчтөнд дарааллын дагуу үйлчлээгүй гэх шалтгаанаар түүнтэй маргалдан, улмаар харилцан зодолдож, хэвлийн хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь “умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, эрт үеийн зулбахыг завдалт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нийн “...Тайлбарлаж хэлээд байхад ойлгохгүй хэрэлдэж байгаад утсаараа толгой руу цохисон тэгэхээр нь хойшоо болоход нүдний шил шүргээд өнгөрсөн. Тэгэхээр нь би хөл рүү нь өшиглөсөн чинь зөрүүлээд миний гэдэс рүү хүчтэй өшиглөөд гэдэс өвдөөд эхэлсэн. ...” гэх /хх 5-7/,

гэрч В.Отгонцэцэгийн “...Хэрүүл маргаан болоод байхаар нь очсон чинь эмч Нтэй эмэгтэй хүн хэрэлдэж байгаад түүний гэдэс рүү нь өшиглөөд өөрөө хойшоо унасан. ...Тэр эмэгтэйг Н эмчийг өшиглөсөн эсэхийг хараагүй, намайг очиход тэр эмэгтэй эхэлж гэдэс рүү нь өшиглөөд хойшоо унасан. ...” гэх /хх 18-19/,

гэрч Л.Мандахын “...Тэгтэл нөгөө эмч жирэмсэн намайг өшиглөчихлөө, зулбалаа гэж ярихыг сонссон. ...” гэх /хх 24-25/,

гэрч Х.Цэрэндолгорын “...Би наад талын өрөөнд хүний шүд үзээд байж байхад Н эмч уйлаад ороод ирсэн. Н эмч маргалдсан эмэгтэйд хандаж “жирэмсэн намайг өшиглөсөн” гэж байхыг сонссон. ....” гэх /хх 81/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “...1.Б.Нийн биед умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2697 дугаартай /хх 57/ шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн “...1.Урьд гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 543 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.5.6. Б.Нийн биед үүссэн умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь тухайн болсон хэргийн нөхцөлд гэмтлийн шалтгаантай холбоотой үүссэн ба энэ нь тухайн өвчтөнд илэрсэн зовиур, гэмтлийн өгүүлэмж, эмнэл зүйн шинж, багажийн шинжилгээ, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч, төрөлтийн түүх зэрэг эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. 3. Гэмтлийн болон гэмтлийн бус шалтгаанаар үүсэх эрт үеийн завдсан зулбалтын шинж тэмдгүүд ижил байх ба цаг хугацааны хувьд ялгаатай, хийгдэх эмчилгээ нь ижил байна. 4. Б.Нийн биед үүссэн умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь гэмтлийн шалтгаантай үүссэн ба тонустай удаан явсны улмаас үүсээгүй болно. 7. Умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь айж цочихоос үүсэхгүй. 8. Б.Нийн биед умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол жирэмсний эрт үеийн зулбахыг завдалт нь тухайн хэрэг гарсан гэх өдрөөс өмнө үүсээгүй болно. 9. Умайн доргилт, ихсийн хэсэгчилсэн ховхрол, жирэмсний эрт үеийн завдсан зулбалтын эсрэг эмчилгээ хийлгэж, жирэмсний хяналтад байж хэвийн тээх боломжтой. ...” гэх 1148 дугаартай /хх 191-192/ шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын хэмжээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан “...хэргийг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн хохирогч Б.Н нь “...Тэгэхээр нь би хөл рүү нь өшиглөсөн чинь зөрүүлээд миний гэдэс рүү хүчтэй өшиглөөд гэдэс өвдөөд эхэлсэн. ...Би зөрүүлээд хөлөө явуулахад шүүгдэгчийн гуянд нь шүргээд өнгөрсөн. Шүүгдэгч буцаагаад миний баруун талын хэвлий рүү маш хүчтэй өшиглөсөн. ...” гэж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн ба энэ нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2697, 1148 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр Н.Бгийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдож байх тул түүний өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан “...хохирогчийг өшиглөөгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын үйл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан тул шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт хууль буцаан хэрэглэх байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжгүй байгааг дурдав.

Иймд шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ