Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 112

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч Т.Бүрэнтөгсийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүгдэгч С.Сайханжаргалын өмгөөлөгч Н.Баярмаа,

Хохирогч Д.Өлзийхүү,

Шүүгдэгч Т.Бүрэнтөгс, С.Сайханжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сандуйжавын Сайханжаргал, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрбаатарын Бүрэнтөгс нарт холбогдох эрүүгийн 201709000303 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Боржигон овогт Төмөрбаатарын Бүрэнтөгс /РД:ТД78122495/, 1978 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, ам бүл-3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдарч байсан, Урьд:

- Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол улсын иргэн, Боржигон овогт Сандуйжавын Сайханжаргал /РД:ТК79041207/, 1979 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар баг, Шийрийн бригад хөдөө гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 25.000 төгрөгөөр торгох ял,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял,

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял,

- Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нар нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн Д.Өлзийхүүгийн эд зүйлийг авахаар амь биед аюултайгаар хүч хэрэглэн архи, гар утас, түрийвчтэй мөнгө бичиг баримтыг дээрэмдсэн,

 Шүүгдэгч С.Сайханжаргал нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.Сэрээтэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн Д.Өлзийхүүгийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, архи, гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг дээрэмдсэн,

Шүүгдэгч С.Сайханжаргал нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.Сэрээтэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Бүрэнтөгсийн өгсөн: С.Сайханжаргал бид хоёр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хээтэй хорооллын арктай байрны тэнд хоорондоо маргалдсан. Тэгээд С.Сайханжаргал арктай байрны дундуур надаас салаад явсан. Тухайн үед Өлзийхүү гартаа архи барьчихсан явж байсан. Би Өлзийхүүгийн барьж явсан архийг авсан. Намайг архийг нь авахад Өлзийхүү газарт сөхөрч унасан. Газарт сөхөрч унахаар нь халаас руу нь гараа хийхэд түрийвч байсан. Би түрийвчин дотор нь байсан 6 ширхэг 20.000 төгрөгийг аваад цаашаа хэд алхаж байгаад түрийвчийг нь хаясан. Энэ хэрэгт Сайханжаргал оролцоогүй. Түрүүлээд явчихсан байсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Сайханжаргалын өгсөн: Би 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр найз Алтанцэцэгийн гэрт байсан. Гэтэл Т.Бүрэнтөгс халамцуу ирээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь нялх хүүхэдтэй айлд хэрүүл хийгээд яахав гэж бодоод Т.Бүрэнтөгсийг дагаад гарч явсан. Манай баталионд байдаг эгч нас барсан учраас би гэрийг нь харж байсан. Тэгээд  баталион явж байх замд буюу 1а байрны тэнд Өлзийхүү зүүн гартаа архи бариад явж байсан. Гэтэл Т.Бүрэнтөгс урдаас нь очсон. Тэгэхээр нь би цаашаа зугтаагаад 18 дугаар цэцэрлэгийн хашаагаар ороод явсан. Намайг Саран дэлгүүр өнгөрөөд явж байхад Т.Бүрэнтөгс миний араас дуудахаар нь би зогссон. Тэр үед Т.Бүрэнтөгс намайг машинд суучих гэж хэлсэн. Өмнөх өдөр нь Т.Бүрэнтөгс 6000 төгрөгтэй байсан учраас би тэр мөнгөөрөө таксинд сууж байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ тухайн үед Т.Бүрэнтөгс намайг хурдан гүй гэж хэлж байсан. Тухайн үед би Т.Бүрэнтөгсийг “Өлзийхүүгийн архийг авчхаад надад гүй гэж хэлсэн” гэж ойлгосон. Намайг машинд суухад Т.Бүрэнтөгс гартаа мөнгө атгасан байсан. Тэгээд Од гээд буудлын гадна очиж таксины жолоочтой бууж уулзсан. Түүний дараа жолооч нь буудал руу ороод эргэж гарч ирэхдээ Сэрүүн нэртэй шар айраг аваад гарч ирсэн. Түүний дараа 4/1 дүгээр байрны тэнд явж байгаад Нэргүй ахтай таарсан. Ингээд Нэргүй ах бид гурав архи ууж суусан. Гэтэл Т.Бүрэнтөгс уурлаад байхаар нь би шинэ хорооллын 27 дугаар байрны зүг явсан. Учир нь би шинэ хорооллын 27 дугаар байранд жижүүр хийж байсан учраас орцынх нь түлхүүр надад байсан. Намайг шинэ хорооллын 27 дугаар байрны подвальд унтаж байхад өглөө нь Т.Бүрэнтөгс хаалга татаад орж ирсэн. Маргааш нь Т.Бүрэнтөгс бид хоёрыг хээтэй хороололд явж байхад цагдаа та хоёрыг асуугаад явж байна гэж хэлэхээр нь Гунаажав ахмадтай уулзсан. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн өмнөх өдөр нь Т.Бүрэнтөгс миний толгойг хагалсан болохоор эмнэлэг орчхоод шөнө 03 цагт явж байгаад Нэргүй ахтай таараад Нэргүй ахын гэрт очсон. Нэргүй ахын гэрт байхад Сэрээтэр орж ирээд Ундрамыг дуудаад өгөөч, би хөдөө явах гэсэн юм гэж хэлэхээр нь Ундралыг дуудаж өгсөн. Тэгээд 17 дугаар сургуулийн хойшоо харуулын байранд очиж архи уусан. Ууж байгаад хэсэг амарцгаая гээд хэвтсэн. Хэвтчихээд босож ирэхэд Сэрээтэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь гарч явах гэсэн боловч Сэрээтэр миний баруун талын гарнаас татаад өшиглөхөөр нь би ширээн дээр байсан хутгыг аваад Сэрээтэрийн цээжин тус газарт нь хутгалсан. Би Сэрээтэрийн цээжнээс цус шүүрэхээр нь намайг уучлаарай гэж хэлсэн. Намайг уучлалт гуйхад зүгээр зүгээр гэж хэлсэн. Сэрээтэр намайг босч ирэхэд 0.75 литрийн Бурхан халдун гээд архи авсан байсан. Дараа нь Олон улс худалдааны төв рүү явж дахин нэг архи авчирсан. Бид авчирсан архиа уугаад сууж байтал Сэрээтэр агсам тавих гээд байхаар нь Ундрам бид хоёр гарч явсан. Тухайн үед эмнэлэгт дуудлага өгч, цагдаад мэдэгдээгүй нь миний буруу гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Өлзийхүүгийн өгсөн: Манайх гэр бүлээрээ амралтад амардаг юм. Тэр өдөр амралтад явах юм бэлдсэн. Шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байгааг гайхаж байна. Би ганцаараа архи ууж үзээгүй. Амралтын газар луу авч явахаар авсан архиа халаасандаа хийгээд гэр лүүгээ явж байтал миний араас нэг хүн тэвэрсэн. Тэгээд миний түрийвч, гар утас хоёрыг аваад зугтаасан. Тэгэхээр нь би араас нь та хоёрыг таньж байна шүү гэж хэлсэн. Би тухайн үед цэцэрлэгийн хажуугийн дэлгүүр орж цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсний дараа манай хэсгийн төлөөлөгч надтай ирж уулзсан. Тэгээд мэдүүлгээ өгчхөөд буцаад явсан. Миний хувцас шороо болсон байсныг цагдаа харсан. Шүүгдэгч нар намайг хэт согтуу байсан. Мөн тал шил архитай явж байсан гэж хэлснийг нь гайхаж байна. Би гудамжинд архи ууж үзээгүй. Миний бичиг баримт алга болсон. Эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу явахаар галт тэргийн унтлагын тасалбар авсан байсан. Би энэ хүмүүсээс дээрэмдүүлсэн мөнгөө авах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 257.000 төлбөрийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Х.Сэрээтэрийн өгсөн: Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны орой С.Сайханжаргал болон Б.Ундрал нартай Хээтэй хорооллын 5.4 дүгээр байрны урд таарсан. Бид 3 манай гэрт очиж “Түмний хишиг” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Тэгээд С.Сайханжаргал согтоод “чи намайг шоронд явуулсан” гэж агсам тавьсан. Тэгээд би С.Сайханжаргалд “чи намайг хутгалсан биздээ. Чамайг шорон луу шүүх л явуулсан” гэж хэлэхэд С.Сайханжаргал “тэгвэл одоо нэг мөр гүйцээчихье” гээд хутга аваад миний цээж хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би цээжээ бариад тонгойход нуруу дээрээс бас хатгаад байх шиг байсан. С.Сайханжаргал, Б.Ундрал нар миний урд гараад, би араас нь гараад машинд суугаад эмнэлэгт очсон. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал болох 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119/,

Шүүгдэгч Т.Бүрэнтөгсийн өгсөн: 2017 оны 4-р сарын 20-ны орой цагийг нь сайн санахгүй байна, нэлээд харанхуй байсан би ч бас согтуу байсан бөгөөд Сайханжаргалтай хамт хуучин хорооллоос хог түүж явж байгаад шинэ хороололд ирсэн. Тэгээд Сайханжаргалтай өөр өөр тийшээ явж хог түүнэ гэдгээс болоод бид 2 маргалдсан. Сайханжаргал бид 2 консулын тэр хавьд хэрэлдээд Сайханаа 1б байрны арк руу гүйгээд явчихсан. Би араас нь явж байсан чинь нэг эрэгтэй хүн мөнгө тоолоод түрийвч рүүгээ хийж байхыг харсан тэгээд би хойноос нь гүйж очоод халаас руу нь гараа хийгээд газар руу түлхсэн. Түлхэж байгаад халаасанд нь байсан түрийвчээс нь бэлэн мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад шидчихээд гүйгээд явчихсан. Тэгээд би Сайханжаргалын араас  очоод “хүний мөнгө утсыг нь авчихлаа" гэж хэлээд таксинд суугаад мөнгөө үзсэн чинь 6 ширхэг 20 мянган төгрөгийн дэвсгэрт байсан. Мөн гар утсыг нь халаасандаа хийгээд явсан. Тэгээд явж байхдаа шуудайд байсан архины үлдэгдлийг уугаад бүр согтчихсон байсан. Аль дэлгүүр орсноо санахгүй байгаа. Өглөө хуучин хороололд 27-р байрны подвальд сэрсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69/,

Шүүгдэгч С.Сайханжаргалын өгсөн: ...Гадаа нэлээн харанхуй болсон байсан. Бүрэнтөгс бид 2 уулзчихаад баталион явах гээд алхаж байсан. Тэгэхэд 1б байрны аркнаас гартаа архи барьсан эрэгтэй хүн гарч ирсэн чинь Бүрэнтөгс тэр хүн рүү очоод аркийн тэнд барьцалдаад авсан. Тэгэхээр би зугтаагаад цаашаа явсан. ...Би тэр хүний царай зүсийг нь хараагүй. Би бол эрүүл байсан Бүрэнтөгс нэлээн согтсон байсан. Бүрэнтөгс хаана хэнтэй архи уусныг мэдэхгүй би Бүрэнтөгстэй уулзаагүй 2 хоносон байсан. Би тэр хохирогчид огт гар хүрээгүй. Бүрэнтөгсийг тэр хүнтэй барилцаад авахаар нь би түрүүлээд яваад өгсөн. Би Бүрэнтөгсийг тэр хүний гарт байгаа архийг нь авах гэж байна гэж бодсон. Гэтэл Бүрэнтөгс гартаа Хараа архи 1 шилийг, 6 ширхэг 20,000 төгрөг барьчихсан байсан. Өөр юу авсныг нь мэдээгүй. Бүрэнтөгс надтай уулзахад өөрт нь 6000 төгрөг байсан. Намайг түрүүлээд явсны дараа Бүрэнтөгс араас ирээд хурдан яваарай гээд гартаа архи барьчихсан байхаар нь би нөгөө хүний архийг нь авчхаад намайг хурдан яв гэж байгаа юм байна гэж бодсон. Дараа нь таксин дотор мөнгө гаргаж ирэхээр нь Бүрэнтөгсийг би тэр эрэгтэй хүний архи бас мөнгийг нь авсан юм байна гэж бодсон. Бүрэнтөгс намайг байнга зодож нүддэг учраас би цагдаад хэлээгүй тэр бол миний буруу. Тэр мөнгөөр 2.5 литрийн Сэрүүн нэртэй шар айраг худалдаж аваад тэр хүнээс авсан хараа архитай нь хамт уусан. Тэгээд Бүрэнтөгс согтоод намайг цохиод авахаар нь би түлхэж унагаачхаад яваад өгсөн. Маргааш өглөө үүрээр Бүрэнтөгс 7000 төгрөгтэй орж ирсэн. Бусад мөнгийг нь юунд зарцуулсныг нь мэдэхгүй. Би тэр хүнд огт гар хүрээгүй. Бүрэнтөгс тэр хүнийг зодож цохисон үгүйг мэдэхгүй байна.

...Надад Сэрээтэрийг хутгалъя гэсэн бодол байгаагүй. Харин Сэрээтэр өөрөө хутга бариад намайг чи шаа гэж дайраад намайг цохисон. Тэгэхээр нь би тэсэлгүй хатгасан. Би хүний биед хүнд гэмтэл учруулснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202, 207-208/,

Гэрч Д.Нацагдоржийн өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед би рестораныхаа хашаан дотор явж байсан чинь Ариа гэж дууддаг 1 жилийн өмнөөс мэддэг болсон Бүрэнтөгс нокиа маркийн гар утас гаргаж ирээд та авчих гэж хэлсэн. Надад мөнгө байхгүй, би авахгүй гэсэн чинь би шартаж үхлээ гээд байсан. Тэгээд ресторанаас үлдсэн архийг гуйгаад байхаар нь өгсөн чинь надад тэр утсаа өгчхөөд яваад өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/,

Гэрч Б.Ундралын өгсөн: ...С.Сайханжаргал, Х.Сэрээтэр бид нар архи ууж байхад тэр хоёр урьдын асуудлаас болоод маргалдаад байсан. Урьд нь С.Сайханжаргал нь Х.Сэрээтэрийн гарт нь хутгалж ял авч байсан юм. Тэрийг яриад байх шиг байсан. Би тухайн үед архи их уусан байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Х.Сэрээтэр хутгалуулсан талаар мэдэхгүй байгаа юм гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 125/,

Гэрч Э.Энхбаярын өгсөн: “Би яаралтай тусламжийн хүлээн авах тасагт 16:00 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэж байна. Манай тасагт 40 орчим насны эрэгтэй хүний бие нь муу, “хутгалуулчихсан юм, туслаач” гээд орж ирсэн. Өөрийгөө Сэрээтэр гээд би одоогоос 2-3 цагийн өмнө байх эмэгтэй хүнтэй хамт архи ууж байгаад хутгалуулсан, тэр хутгалсан эмэгтэйгээ танина гээд нэрийг асуухад огт хэлэхгүй байсан. Хутгалуулчхаад гайгүй байх гээд гэртээ 2-3 цаг харж байгаад бие муудаад байхаар нь ирлээ гээд согтуу ирсэн. Юм асуух тусам ухаан санаа нь балартаад, хэл яриа нь бүдгэрээд байхаар нь олон зүйл асуулгүй нарийн мэргэжлийн эмч дуудаж үзүүлсэн. Шингэн залгасан, биед нь байгаа шархны байдлыг үзэхэд цээжний зүүн дээд хэсэгт зүрхэн тус газарт 1 удаа хутгалуулсан бололтой шарх байсан. Шарханд 3 ширхэг оёдол тавьсан.  Цус гарч байсан шинэ шарх байсан. Ингээд шинжилгээнүүд өгөөд яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хагалгаанд оруулсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 498 дугаартай “Д.Өлзийхүүгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 649 дугаартай “Х.Сэрээтэрийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний шарх, хагалгааны дараах байдал, зүүн даланд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 134/,

Хүний бие, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 104-106/, Х.Сэрээтэрийн өвчний түүх /2-р хх-ийн 2-27/,

Гэрч Д.Нацагдоржоос гар утас хураан авсан, хохирогч Д.Өлзийхүүд гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/,

Нокиа-1680 маркийн гар утас 20.000 төгрөг, эрэгтэй хүний бор өнгийн ширэн түрийвч 3.0000 төгрөг, Хараа архи /0,75л/ 11.000 төгрөг, автобусны тасалбар 3500 төгрөг, иргэний үнэмлэх 23.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-39-40, 46-47/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 89-99/, шар эрээн өнгийн бариултай хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн байцаагчийн тогтоол /хх-114/,

Шинжилгээнд ирүүлсэн Ундралын өмсөж явсан гэх футболк дээр цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-152/,

Шинжилгээнд ирүүлсэн Х.Сэрээтэрийн гэрээс хураан авсан 00-ийн цаас, бэлтгэлийн цамцанд цус илэрсэн, Уг цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-158/,

Шинжилгээнд ирүүлсэн Ундралын гэрээс хураан авсан цэнхэр өнгийн эмэгтэй цамц, ногоон цайвар өнгийн нүүр гарын алчуурт цус илэрсэн, Эмэгтэй цамц дээрх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-164/,

Шинжилгээнд авсан Х.Сэрээтэрийн цусны бүлэг нь В/III/ байна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 178/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нар нь иргэн Д.Өлзийхүүгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг С.Сайханжаргал үйлдээгүй, Т.Бүрэнтөгс ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч нь  С.Сайханжаргалын холбогдсон дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч энэ байдал хохирогч Д.Өлзийхүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...намайг эрэгтэй, эмэгтэй 2 хүн дээрэмдсэн. Араас эмэгтэй нь тэврээд унагасан. Эрэгтэй нь халааснаас эд зүйл авсан. Харвал шууд танина, манай тэр хавиар байнга явж хог түүдэг хүмүүс байсан. Намайг дээрэмдсэн 2 хүн бол Сайханжаргал, Бүрэнтөгс нар мөн гэж шууд заасан мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны аркт иргэн Д.Өлзийхүүгийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж архи, гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримт зэргийг дээрэмдсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн, шүүгдэгч С.Сайханжаргалын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Х.Сэрээтэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.

 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасаж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ ихсэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Бүрэнтөгсийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Сайханжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Д.Өлзийхүү нь шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нараас 257.000 төгрөг гаргуулахаар, хохирогч Х.Сэрээтэр нь шүүгдэгч С.Сайханжаргалаас 300.000 төгрөг гаргуулахаар иргэний нэхэмжлэл гаргажээ. 

Шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Өлзийхүүд бэлэн мөнгө 189.500 төгрөг болон 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий бор өнгийн жижиг түрийвч, 11.000 төгрөгийн үнэлгээтэй “Хараа” архи, 3.500 төгрөгийн үнэлгээтэй автобусны билет, 23.000 төгрөгийн үнэлгээ бүхий иргэний үнэмлэх, 20.000 төгрөгийн үнэлгээтэй нокиа-1680 маркийн гар утас алдагдаж нийт 277.000 төгрөгийн хохирол учирсан ба 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий нокиа-1680 маркийн гар утсыг буцаан өгсөн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Нацагдоржоос эд зүйл хураан авч хохирогч Д.Өлзийхүүд  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-24/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 39-40, 46-47/ зэргээр, шүүгдэгч С.Сайханжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Сэрээтэрийн биед хүнд гэмтэл учирсан ба хохирогч эмчилгээний зардал 300.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 250/-аар тус тус нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хохирогч Д.Өлзийхүүд учирсан хохирлыг шүүгдэгч С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нар, хохирогч Х.Сэрээтэрт учирсан хохирлыг шүүгдэгч С.Сайханжаргал нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Бүрэнтөгсөөс 128.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Өлзийхүүд, шүүгдэгч С.Сайханжаргалаас 428.500 төгрөг гаргуулж 128.500 төгрөгийг хохирогч Д.Өлзийхүүд, 300.000 төгрөгийг хохирогч Х.Сэрээтэрт тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.  

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Бүрэнтөгс нь Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзан тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Сайханжаргал нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 25,000 төгрөгөөр торгох ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч С.Сайханжаргал нь 1995 оны 9 дүгээр сарын 28-нд хүү У.Нямгэрэлийг, 2003 оны 12 дугаар сарын 31-нд С.Төгөлдөрийг, 2007 оны 02 дугаар сарын 26-нд хүү С.Золбоотыг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд хүү С.Хүслэнг тус тус төрүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6/99 дугаартай тодорхойлолт, төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаануудаар тогтоогдож байгаа ба хүү У.Нямгэрэл нь 18 насанд хүрсэн тул асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй, хүү Сайханжаргалын Төгөлдөр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдан тус төвд амьдарч байгаа, Сайханжаргалын Золбоот нь Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн хотхоны Улаалзгана өрх бүлд амьдарч байгаа болох нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай захирамж, Дархан-Уул аймаг дахь “СОС” хүүхдийн хотхоны 2018 оны 02 дугаар сарын 06-ны 05 дугаартай тодорхойлолт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 80, 81 дугаартай тодорхойлолтууд, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/362 дугаартай захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Төгөлдөр, С.Золбоот нарын асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй байна.

Харин Сайханжаргалын Хүслэн нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 5 сартай, зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг-Фаллогийн дөрвөл оноштойгоор Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд эмчлүүлж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, С.Сайханжаргал, Т.Бүрэнтөгс нар нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Бүрэнтөгс, С.Сайханжаргал нарт тус бүр 2 / хоёр жил/ жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар С.Сайханжаргалд 5 жил 1 хоног /таван жил нэг хоног/-ийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч С.Сайханжаргалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 7 жил 1 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бүрэнтөгст энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Сайханжаргалын цагдан хоригдсон 151 хоног, шүүгдэгч Т.Бүрэнтөгсийн цагдан хоригдсон 283 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сайханжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Т.Бүрэнтөгст өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор заасан ба С.Сайханжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 18-нд Сайханжаргалын Хүслэнг төрүүлсэн боловч анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасан байх тул 2017 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 5 сартай Сайханжаргалын Хүслэнд нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, дотоож, цамц, куртик зэргийг хохирогч Х.Сэрээтэрт олгож, арчуур, эмэгтэй цамц, эмэгтэй футболка, хутга зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Бүрэнтөгсийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Сайханжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Бүрэнтөгсөөс 128.500 /нэг зуун хорин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1Б-49 тоотод оршин суух Давхар овогт Доржийн Өлзийхүү /РД:ТБ55041515, утас 95374443/-д, шүүгдэгч С.Сайханжаргалаас 428.500 /дөрвөн зуун хорин найман мянга таван зуу/ төгрөг гаргуулж 128.500 /нэг зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Д.Өлзийхүүд, 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Боржигон овогт Халзангийн Сэрээтэр, /РД:ТИ75022776, утас: 99659060/-т тус тус олгосугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Бүрэнтөгс, С.Сайханжаргал нарт тус бүр 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар С.Сайханжаргалд 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар С.Сайханжаргалд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.Бүрэнтөгст энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Сайханжаргалд оногдуулсан 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Т.Бүрэнтөгст оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Сайханжаргалын урьдчилан цагдан хоригдсон 151 /нэг зуун тавин нэг/ хоног, Т.Бүрэнтөгсийн урьдчилан цагдан хоригдсон 283 хоёр зуун наян гурав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 2017 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн Сайханжаргалын Хүслэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн өмд, дотоож, цамц, куртик зэргийг хохирогч Х.Сэрээтэрт олгож, арчуур, эмэгтэй цамц, эмэгтэй футболка, хутга зэргийг устгасугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сайханжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Т.Бүрэнтөгст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ИХТАМИР

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Я.ТУУЛ

 

    ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭХИШИГ