Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 8

 

С.С-, Т.Б-, М.Н-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0260/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                         Н.Дуламсүрэн

Шүүгдэгч                                         Т.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                   Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412  дугаар шийтгэх тогтоолтой, С-ын С-, Т-ын Б-, М-ы Н- нарт холбогдох, 201709000303 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай,

- 2001 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.д зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар,

- 2002 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2.т зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- 2014 оны 6 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2., 181 дүгээр зүйлийн 181.3.д зааснаар 5 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж,   2016 оны 3 дугаар сарын 29-нд  эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялаас тэнсэж суллагдсан, РД: ********** регистрийн дугаартай, Б- овогт С-ын С-.,

- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай,   урьд нь  2016 оны 11 дүгээр сарын 09-нд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1.д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, РД: ********** регистрийн дугаартай, Б- овогт Т-ын Б-.,

         - Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  РД: ********** регистрийн дугаартай, А- овогт М-ы Н-,

- Шүүгдэгч С.С- Т.Б- нар бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэр,  1Б байрны аркад иргэн Д.Ө-гийн 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

 - Мөн С.С-  М.Н- нар  бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 474.500 төгрөгийн эд зүйлийг  хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,

         - С.С- нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хажууд үйл ажиллагаа явуулдаг “Кузов” засварын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

        - Шүүгдэгч Т.Б- нь хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч С.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчилж,

- шүүгдэгч Б- овогт С-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 17.2 дугаар зүйлийн 1., 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б- овогт Т-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх, 11.6 дугаар зүйлийн 2.д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч А- овогт М-ы Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2.т зааснаар Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

- шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар,

- шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар,

- шүүгдэгч М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.д зааснаар 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн /сгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т ааснаар 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 тав/ жилээр  тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар Т.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг нэмж нэгтэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сараар  тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар С.С-д оногдуулсан 5 жил хорих ял, Т.Б-т оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, М.Н-т оногдуулсан 6 сар  хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.д зааснаар М.Н-т 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/  жилийн хугацаагаар хойшлуулж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар С.С-ын  цагдан хоригдсон 303 /гурван зуун гурав/ хоног, Т.Б-ийн цагдан хоригдсон 445 /дөрвөн зуун дөчин тав/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч М.Н- нь 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1., 2.т тус тус зааснаар шүүгдэгч М.Н-т хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ялтан хүүхэд асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч С.С-аас 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн арын  гараашид оршин суух Б- овогт Х-ийн С- /РД: **********, утас: ********/-т олгож, шүүгдэгч Т.Б-, М.Н- нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ө-, Л.О- нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1,  срочкин цамц 1,  малгайтай цамц 1, дотоож 1, гар нүүрийн арчуур,  жинсэн өмд 1, эмэгтэй хүний цамц 1, эмэгтэй хүний футболк 1-ийг тус тус  зэргийг устгах,

- Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах  шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч С.С- Т.Б- нар бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн  нутаг дэвсгэр 1-Б байрны аркад иргэн Д.Ө-гийн 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

-мөн С.С- нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хажууд  “Кузов” засварын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч  С.С- нь М.Н-тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэр,  “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 474.500 төгрөгийн эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг,

-шүүгдэгч Т.Б- нь С.С-тай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэр,1Б байрны аркад иргэн Д.Ө-гийн 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн,

мөн Т.Б- нь хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 17- ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус тус зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.С-ын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн орчимд  “Кузов” засварын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж цээжин тус газар нь хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар зүйлчилж эрүүгийн 201709000303 дугаартай хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-нд  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд С.С-д холбогдуулан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан хууль буцаан хэрэглэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412  дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичлээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д  ...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.., 2.д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Гэтэл шүүгдэгч С.С- хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан нь тухайн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар оногдуулах 5-аас дээш 7 жил хүртэл хорих ялын хэмжээнээс хүнд буюу хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байх тул С.С-ын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.д заасан шүүх хэрэглэх зохих хуулийг хэрэглээгүй хуулийг агуулгаас нь буруу ойлгож хэрэглэн шүүгдэгчид ял завшууллаа.

Иймд С С-, Т.Б-, М.Н- нарт холбогдох хэргийг хэлэлцсэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.д заасныг үндэслэн  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд буцаалгахаар Прокурорын эсэргүүцэл бичлээ., давж заалдах шатны  шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Дуламсүрэн эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч С.С- нь зэвсэг хэрэглэн хохирогч Х.С-ийн бие махбодид хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Прокуророос шүүгдэгч С.С-ыг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдснийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэж өөрчлөн  үйлдсэн, гэм буруутайд тооцож ял оногдуулсан.

Шүүгдэгч С.С- нь зэвсэг хэрэглэж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д 5-аас дээш 7 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2.т ...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй... гэж заасан байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ноцтой алдаа гаргасан.

Энэ талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Б- тайлбартаа:

... Гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч  С.С-,  М.Н-, Т.Б- нарт холбогдох хэргийг  хянан хэлэлцэж шийтгэх тогтоол болон хэргийн бүх ажиллагааг  бүхэлд нь хянаж үзвэл:

- Дархан-Уул  аймгийн Прокуророос шүүгдэгч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн хажуу талын “Кузов” засварын манаачийн байранд иргэн Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт.,

- Шүүгдэгч С.С- Т.Б- нарыг бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сум 10 дугаар багийн нутаг дэвсгэр, 1Б байрны аркын орчимд иргэн Д.Ө-гийн 287.500 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт.,

- Шүүгдэгч С.С-  М.Н- нарыг  бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Рояал” зочид буудлын орчим иргэн Л.О-ы 474.500 төгрөгийн эд зүйлийг  хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн  гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт.,

- Шүүгдэгч Т.Б-ийг  хамтран амьдрагч С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан  гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан шүүгдэгч С.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт  үйлдэж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, түүнийг энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож  2  жил 6  сар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг агуулгаас нь буруу ойлгож, хуулийн зүйл, хэсгийг  буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Нотлох баримтаас үзвэл шүүгдэгч С.С- нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  хохирогч Х.С-тэй маргалдаж цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан бөгөөд  энэ  нь  2002  оны Эрүүгийн хууль  хүчин төгөлдөр үйлчилж байх хугацааны үйл  баримт бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд  дээрх үйлдэлд оногдуулах ялын хэмжээ хөнгөрөөгүй байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал дордохоор байна.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх” гэдэг нь  ...шинээр мөрдөж байгаа хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд нь үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд шинэ хуулийг  түүнээс өмнөх үйл баримтанд хэрэглэх... гэсэн зарчмыг  баримталж, тухайн этгээдэд оногдуулах  ялыг хөнгөрүүлсэн., түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болно.

Шүүгдэгч С.Сайханжарагалын хувьд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын биед хүнд хохирол учруулсан  бөгөөд  үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар  зүйлчлэхэд 5 жилээс 12 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан., харин 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар 5-аас дээш 7 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан   бөгөөд хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байхад анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг  хэрэглэж  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд  Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх алдаа зөрчил нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байгаа  учраас давж заалдах шатны шүүх  шүүгдэгч  С.Сайнжаргалд холбогдох бусад хэрэг  мөн шүүгдэгч Т.Б-, М.Н- нарт холбогдох хэргийн шийдэл, зүйлчлэл, оногдуулсан ял, үйл баримт зэрэгт ямар нэг дүгнэлт хийгээгүй бөгөөд  цаашид анхан шатны  шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ хуульд тусгайлан заасан  заалт болох  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн зохих хэсгийг баримтлахыг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-, Т.Б-, М.Н- нарт холбогдох,  201709000303 дугаартай, 5 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч С.С-, Т.Б- нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                     ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                        Ц.ТУЯА