Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 11

 

С.С-, Т.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       Н.Дуламсүрэн

Шүүгдэгч                                        С.С-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-ын бичсэн давж заалдах гомдлоор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б- нарт холбогдох эрүүгийн 201709000303 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 190 дугаатай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх хэрэг хариуцах чадвартай Б- овогт Т-ын Б- /РД: **********/

Монгол Улсын иргэн,

- Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 356 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар

- Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 103 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 04 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан гэх хэрэг хариуцах чадвартай Б- овогт С-ын С- /РД:**********/ нар нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой Дархан-Уул айигийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1а байрны арканд иргэн Д.*******гийн эд зүйлийг авахаар амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүнээс архи, гар утас, түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг нь дээрэмдсэн,  С.С- нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь хутгалж биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх С.С-, Т.Б- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч С.С-, Т.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар С.С-д 5 жил 1 хоногийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Б-өд 2 жилийн, С.С-д 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар А.Түвшинжаргалд оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас заримыг буюу 2 сарыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-өд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 190 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас заримыг буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-д оногдуулсан 5 жил 2 сар 1 хоногийн хорих ял, Т.Б-өд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-өөс 128.500 төгрөг гаргуулан хохирогч Д.*******д, С.С-аас 428.500 төгрөг гаргуулан хохирогч Д.*******д 128.500 төгрөг, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Х.С-т тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч С.С- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Би Т.Б-тэй бүлэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар удаа дараа мэдүүлсэн  боловч үүнийг үл ойшоон нотлох баримт болон дахин мэдүүлэг авах талаар ямар нэгэн ажиллагаа хийлгүй хэргийг зөвхөн хохирогчийн намайг гүтгэн худал мэдүүлсэн мэдүүлгээр гэмт хэрэгт татан оролцуулсан байдалд маш их гомдолтой байна. Хэрэг үйлдэх үед миний бие 5 сартай жирэмсэн байсан, хүн дээрэмдэх боломж байгаагүй үнэн зөвийг тогтоож өгнө үү. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Х.С-тэй тааралдаж Б.Ундраатай гурвуулаа архи ууж Х.С- согтоод намайг элдвээр доромжилж маргалдаж эхэлсэн бөгөөд намайг гараад явах гэтэл мөрнөөс татаж баруун гарын сарвууны ард хутгалж, зүүн талын тахим руу өшиглөж унагаасан, энэ үед Х.С- хутгаа ширээн дээр хаяхад би хутгыг авч түүний зүүн талын цээжинд хутгалсан. Одоо миний зүүн талын гарын шөрмөс байнга татаж янгинан өвдөж байнга зовиуртай байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоож өгнө үү.

Миний бие 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү С.*******гээ төрүүлсэн. Хэргийг шүүхээр шийдэх үед хүү маань 35 хоногтой байсан, миний хүү С.******* маш хүнд хэлбэрийн зүрхний гажигтай, хүчилтөрөгчийн дутагдалтай төрсөн, яаралтай хагалгаанд орох шаардлагатай боловч Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Одоо асран хамгаалах хүнгүй учраас Хүүхдийн төв сувилалд эмчлэгдэж байна. Анхан шатны шүүх хүүхдийн минь биеийн байдал хүнд өвчтэй байгааг мэдсэн боловч надаас өөр асран хамгаалагч байхгүй байдлыг үл ойшоон миний хүү С.*******г Хонгор сумын засаг даргад шилжүүлсэн байдалд маш их гомдолтой байна. Иймд миний дээрх байдлыг харгалзан үзэж хэргийн үнэн зөв байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С- давж заалдах гомдлоо дэмжиж тайлбарлахдаа: Би маш их гомдолтой байна. Би хохирогч Д.******* гэж хүнийг дээрэмдэхэд оролцоогүй ээ. Тэр өдөр Т.Б- бид хоёр муудалцаад тус тусдаа хог түүхээр явсан бөгөөд Т.Б-ийг дээрмийн гэмт хэрэг үйлдсний дараа таксинд суухад түүнийг мөнгөтэй болсныг мэдсэн. Ингээд тэр өдөр Т.Б-ийн авчирсан мөнгөөр бид нар архи уусан. Энэ гэмт хэргийг Цагдаагийн байгуулагад мэдэгдэнэ гэсний улмаас Т.Б- намайг удаа дараа зодож, архи ууж агсам тавьж миний биед олон тооны шарх гэмтэл учруулсан. Энэ тухай би 2017 оны 07 дугаар сард гомдол гаргахдаа бичсэн бөгөөд миний хэрэгтэй хамтатган шалгуулахаар мөрдөгч а/д Батзоригт шилжүүлсэн байсан. Би Х.С-ийг хутгалдаг өдөр Х.С- миний зүүн гарын сарвууны ард бас хутгалсан энэ тухай мөрдөгчид удаа дараа хэлж гэмтлийн зэрэг тогтоож өгөхийг хүссэн боловч шалгаагүй орхисон. Энэ байдалд би маш гомдолтой байна. Би 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүү С.*******гээ төрүүлсэн. Миний хүү зүрхний хүнд хэлбэрийн гажигтай, хүчилтөрөгчийн дутагдалтай төрсний улмаас байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байгаагийн зэрэгцээ хөхний сүүгээр тэжээх ёстой гэсэн боловч би цагдан хоригдож, хүү С.******* маань одоо Улаанбаатар хотод Хүүхдийн төв сувилал түр эмчлэгдэж байна. Миний хүүгийн энэ өвчин Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн. Хүүг маань ээжтэй нь байлгах шаардлагатай  гэсэн боловч асран хамгаалах хүнгүй хэцүү байна. Би хүү С.*******гээс гадна 3 хүүхэдтэй. Том хүү маань одоо 21 настай. 7-14 насны хоёр хүүхэд маань одоо миний ах дүү болон аав дээрээ байгаа болов уу. Яг хаана байгааг нь би сайн мэдэхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа: Би шүүх хуралдаанд шүүгдэгч С.С-ын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. С.С-ыг Т.Б-тэй бүлэглэн хохирогч Д.*******г дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулсан боловч түүний үйлдэл нь зөвхөн хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байгаа юм. Шүүгдэгч С.С- анхнаасаа Д.*******г дээрэмдээгүй гэдгээ мэдүүлдэг. Шүүгдэгч Т.Б- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт С.С-ыг энэ гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Одоо С.С-ын хүү С.******* зүрхний хүнд хэлбэрийн өвчний улмаас Хүүхдийн төв сувилалд эмчлэгдэж байна. Шүүгдэгчийн энэ бүх байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Н.Дуламсүрэн гаргасан тайлбар дүгнэлтэндээ:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.С-ын үйлдсэн хэргийн талаар  хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтаар С.С- нь Т.Б-тэй хамтран хохирогч Д.*******г дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж байна. Энэ хэргийн хохирогч Д.******* түүнийг сайн таньж, нэрлэн зааж байгаа бөгөөд дээрх нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. С.С- энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлдэг боловч хохирогч Д.*******гийн  мэдүүлгийг үгүйсгэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас түүний гэм бурууг нотлогдсон гэж үзэж байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

- 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 22:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1а байрны орчим гэртээ харихаар явж байсан иргэн Д.*******г татаж унагаан, халаасанд нь байсан түрийвч, архи, гар утас, бичиг баримт зэргийг нь авсан,

- 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хажууд байрлах засварын газрын манаачийн байранд С.С-, Х.С-, Б.Ундрал нар архи ууж байхдаа маргалдаж Х.С-ийн цээжний зүүн хэсэгт хутгалдагдаж түүний цээжний хөндийг нэвтэлсэн шарх үүссэн үйл баримт тогтоогджээ.

Аймгийн Прокурорын газраас дээрх үйл баримтуудыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж Т.Б-, С.С- нарыг хүч хэрэглэн довтолж хохирогч Д.*******гийн эд зүйлийг авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж, С.С-ын хохирогч Х.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжний зүүн хэсэгт хутгалж хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Гэрч Б.Ундрал, Д.Нацагдорж, Э.Энхбаяр, хохирогч Д.*******, хохирогч Х.С- нарын мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 649 тоот шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд, Т.Б-, С.С- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр иргэн Д.*******гийн биед халдаж түүний эд зүйлийг авсан үйл баримтыг Т.Б-, С.С- нар, иргэн Х.С-ийн цээжний зүүн хэсэгт хутгалсан үйл баримтыг С.С-  үйлдсэн болох нь  нотлогджээ.

Анхан шатны шүүх Т.Б-, С.С- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Т.Б-, С.С- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Т.Б-, С.С- нарыг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орой 22:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр 1а байрны орчим хохирогч Д.*******г дээрэмдсэн, С.С-ыг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хажууд байрлах засварын газрын манаачийн байранд архи ууж согтуурсан үедээ хохирогч Х.С-ийг хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргүүдэд нь ял шийтгэл оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.С-ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлгийн шатанд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4, 31.6 дугаар зүйлийн 4, 31.10 дугаар зүйлийн 1, 3-д заасан журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааны явцад мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох ажиллагаануудыг хийхээр зохицуулсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч С.С- нь ам бүл хэдүүлээ, хэн хэнтэйгээ, хаана амьдардаг, 2017 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн хүү С.*******гээс өөр бага насны хүүхэдтэй эсэх зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох ёстой шүүгдэгчийн гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаархи мэдээлэл бүрэн гүйцэд тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.С- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 4 хүүхэдтэй, 7-14 насны 2 хүүхэд нь одоо хаана, хэний асрамжинд амьдарч байгаа талаар сайн мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар С.С- бага насны хэдэн хүүхэдтэй, одоо хүүхдүүд нь хэний асрамжинд хаана амьдарч байгаа талаарх мэдээлэл тогтоогдоогүй байх тул түүний бага насны хүүхдүүдийн асрамжийн асуудлыг Гэр бүлийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дах хэсэгт заасан журмын шийдвэрлэх боломжгүй болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удирдтгал хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.5-д заасан шүүгдэгчийн ...гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл...бүрэн тусгагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.С-ын давж заалдах гомдлын үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.С-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн 201709000303 тоот 2 хавтас хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч С.С-, Т.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                             Ц.АМАРЖАРГАЛ