Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00100

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч

******* ТӨХК-нд холбогдох иргэний

хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00609 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-нд холбогдох,

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-д даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа билээ. Намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн ажиллаж байхад Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлалаар намайг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, уг магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Уг тогтоолын дагуу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар намайг өмнө эрхэлж байсан Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд томилсон. Ажил олгогчийн зүгээс надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан. Гэтэл Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Намайг ажилд томилохдоо хуулийн зөвлөхийн ажилд томилсон мөртлөө ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ийг хууль зүйн үндэслэлгүйгээр буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хуулийн буруу заалтыг хэрэглэж, ажлаас халаагүй. Хууль болон Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00609 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан *******ийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4 127 931 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар *******ийн цалинтай тэнцэх олговор 4 127 931 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-иас 80 996 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ...нэхэмжлэгчийг 2015 онд хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ 2016 онд цуцалж, 2017 оны 12-р сарын 13-нд хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр томилсон байна. Тиймээс хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэн ямар үүрэг, гүйцэтгэхийг тусгасан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалингийн хэмжээг тохирсон хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтантай байгуулах үүрэгтэй байсан. Ийнхүү хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний хувиар *******той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтнаас, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй юм... хэмээн дүгнэжээ. 2015 онд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил тасалсан үндэслэлээр цуцалсан боловч шат шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцласан тушаал хүчингүй болж, нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнтэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүйн зэрэгцээ энэ тохиолдолд дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалт байхгүй байна. Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсноор 2017.12.13-нд хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний ажлыг зэрэг гүйцэтгүүлэх тухай тушаал гарган ажилласан байдаг ба нэхэмжлэлийн шаардлага хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн, гүйцэтгээгүй гэх маргаан үүсээгүй. Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон гол нөхцөл болох гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, цалингийн хэмжээ өөрчлөгдөөгүй энэ талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч Чинзориг нь дээрх тушаал гарсны дагуу ажил үүргийг гүйцэтгэж цалин хөлс авч ажиллаж байсан ба үүнд маргаагүй.

Мөн нэхэмжлэгч ******* нь 2018.01.22-ны өдрөөс 2018.02.26-ны өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө ажилд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тухайдаа ямар ч тайлбар өгдөггүй, бөгөөд ажилд 2017 оны 8-р сарын 21-нд урьд хийж байсан ажилдаа томилогдоод 2018.01.22 хүртэл урд 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан, зэрэгцэн ажиллах тухай 2017.12.13-нд гарсан тушаалыг эс зөвшөөрч гомдол санал гаргаж байгаагүй, тухайн ажлыг гүйцэтгэж цалин хөлсийг авч ажиллаж байсан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх нь ...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажил үүргээ гүйцэтгэхийг шаардаж болохгүй... гэж дүгнэжээ. Гэтэл ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан хэлбэр биш юм. Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц ТӨХК нь улсын онцгой объект бөгөөд тасралтгүй 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хуулийн зөвлөх нь өөрөө бүтэн сар гаран ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж байгаа нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болоод байгууллагын хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчиж байгаа явдал мөн юм. Ажлын байрны тодорхойлолтын хувьд ганцхан нэхэмжлэгч *******ийн ажлын байрны тодорхойлолт олдохгүй байгаа бөгөөд бусад ажилтан нарын ажлын байрны тодорхойлолт байгаа ба хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг нь ажлын байрны тодорхойлолт бөгөөд урьд 2016 онд шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ ******* нь миний бие ажлын байрны тодорхойлолтынхоо дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан хэмээн дурьдсанаас үзэхэд энэ хүн ажлын байрны тодорхойлолттой байсан гэдэг нь нотлогдоно.

Мөн анхан шатны шүүх нь Чинзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн гэсэн атлаа Чинзоригийг ажилтан гэж үзсэн, тийнхүү ажилтан гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоосон. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2 дахь заалтанд Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ гэж заасныг харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байхгүй, байгуулаагүй гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн хууль тогтоомжийг баримталж маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл, цалин хөлс нөхөн олгох ч үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 1-р зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогч нарын эрх, үүрэг, хариуцлага үүсч зохицуулагдаж байгааг шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг үгүйсгэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэлийг үгүйсгэсэн. Анхан шатны шүүх нь хөдөлмөрийн гэрээ байхгүй, байгуулаагүй гэж дүгнэсэн атлаа ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан цалин хөлсийг олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлдээ хөдөлмөрийн гэрээг дахин цуцласан нь үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй, хоёрдмол агуулгатай, үндсэн дүгнэлт нь өөр хоорондоо зөрүүтэй шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн 2018-06-14-ны өдрийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 4.127.931 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нь шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн албан тушаалд ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдаж шат шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ба шүүхийн шийдвэрийн дагуу Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар *******ийг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эргүүлэн томилсон ба дараа нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/259 дугаар тушаалаар *******ийг захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр томилон ажиллуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн дотоод журмын 9.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6.5.4, 6.5.7 дахь заалтуудыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ноос 2018 оны 02 дугаар сарын 26-ныг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь захиргааны санаачилгаар чөлөөлсөн байна.

Анхан шатны шүүх Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/259 дугаар тушаалаар *******ийг захиргаа хүний нөөцийн хэлтэст хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтнээр томилсон атлаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч *******ийг Захиргаа хүний нөөцийн хэлтэст хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эгүүлж тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь *******той 2015 онд хуулийн зөвлөхийн албан тушаалд томилсон хөдөлмөрийн гэрээтэй байсан, түүнээс хойш гэрээ байгуулаагүй гэж тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч 2015 онд хуулийн зөвлөхөөр ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогч 2016 онд цуцалж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуулийн зөвлөх гэрээний мэргэжилтэн албан тушаалд томилсон гэрээний мэргэжилтний ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилохдоо хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан ажил албан тушаалын гол нөхцлийн талаар хөдөлмөрийн гэрээнд тохирох тухай заалтыг зөрчсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилтан, ажил олгогч нар нь ажлын байрны тодорхойлолтонд заасан ямар ажил үүргийг гүйцэтгэх, ямар хэмжээний цалин хөлс авах, хөдөлмөрийн ямар нөхцөлд ажиллах талаар харилцан тохиролцсон байх ёстой юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийн талаар тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй байхаар хуульчилсан ба хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэсэн хориглосон заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зохицуулсан байна. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцох, ажлаас халах үндэслэл болох талаар харилцан тохирсон байх ёстой. *******той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ажил тасалсныг сахилгын ноцтой зөрчилд тооцож ажлаас халах үндэслэл болсон гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэл нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гэж үзэх зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэдэг, зөвхөн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт болно.

Иймд Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтанд нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр байх тул *******ийг Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК-ийн захиргаа хүний нөөцийн хэлтэст хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний 142/ШШ2018/00609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.000 төгрөгийг төрийн санд хэвэрэ үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ