Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00185

 

        З.Чийн нэхэмжлэлтэй

      иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00609 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар магадлалтай,

З.Чийн нэхэмжлэлтэй,

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, өмгөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч З.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэн ажиллаж байхад Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би уг шийдвэрийг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан бөгөөд Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 53 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00676 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Уг тогтоолын дагуу Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/173 дугаар тушаалаар намайг өмнө эрхэлж байсан Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд томилсон. Ажил олгогчийн зүгээс надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан. Гэтэл Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар намайг дахин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Намайг ажилд томилохдоо хуулийн зөвлөхийн ажилд томилсон мөртлөө ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд даалгаж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: З.Чийг хууль зүйн үндэслэлгүйгээр буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хуулийн буруу заалтыг хэрэглэж, ажлаас халаагүй. Хууль болон Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд З.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00609 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Чийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4 127 931 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Чт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар З.Чийн цалинтай тэнцэх олговор 4 127 931 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэтийн Дулааны Цахилгаан станц ТӨХК-иас 80.996 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний 142/ШШ2018/00609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ЭДЦС ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.000 төгрөгийг төрийн санд хэвэрэ үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018- 06-14-ны өдрийн №142/ШШ2018/00609 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018-09-04-ны өдрийн №100 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

2015 онд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил тасалсан үндэслэлээр цуцалсан боловч шат шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хүчингүй болж, нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд түүнтэй дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүйн зэрэгцээ энэ тохиолдолд дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалт байхгүй байна. Мөн нэхэмжлэгчтэй тохиролцсоноор 2017-12-13-нд хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажлыг зэрэг гүйцэтгүүлэх тухай тушаал гарсан ажилласан байдаг ба нэхэмжлэлийн шаардлага хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн, гүйцэтгээгүй гэх маргаан үүсээгүй. Мөн нэхэмжлэгч З.Ч нь 2018-01-22-ны өдрөөс 2018-02-26-ны өдөр хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө ажилд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тухайдаа ямар ч тайлбар өгдөггүй, бөгөөд ажилд 2017 оны 8-р сарын 21-нд урьд хийж байсан ажилдаа томилогдоод 2018-01-22 хүртэл урд 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан, зэрэгцэн ажиллах тухай 2017- 12-13-нд гарсан тушаалыг эс зөвшөөрч гомдол санал гаргаж байгаагүй, тухайн ажлыг гүйцэтгэж цалин хөлсийг авч ажиллаж байсан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх нь ...хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажил үүргээ гүйцэтгэхийг шаардаж болохгүй...” гэж дүгнэжээ. Гэтэл ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан хэлбэр биш юм. “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК нь улсын онцгой объект бөгөөд тасралтгүй 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл хуулийн зөвлөх нь өөрөө бүтэн сар гаран ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалж байгаа нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болоод байгууллагын хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчиж байгаа явдал мөн юм. Мөн анхан шатны шүүх нь Чинзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэсэн. Гэсэн атлаа Чинзоригийг ажилтан гэж үзсэн, тийнхүү ажилтан гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоосон. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.2 дахь заалтад “Ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ” гэж заасныг харгалзан үзээгүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг үгүйсгэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэлийг үгүйсгэсэн. Анхан шатны шүүх нь хөдөлмөрийн гэрээ байхгүй, байгуулаагүй гэж дүгнэсэн атлаа ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан цалин хөлсийг олгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлдээ хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан нь үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй, эргэлзээтэй, хоёрдмол агуулгатай, үндсэн дүгнэлт нь өөр хоорондоо зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018-06-14-ны өдрийн шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018-09-04-ны өдрийн №100 дугаар магадлалыг тус тус эс өөрчилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч З.Ч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргажээ.

З.Чийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна /хэргийн 7-15 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Ажил олгогч дээрх шийдвэрийг биелүүлж, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоосны дараа 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдөр захиргаа хүний нөөцийн хэлтсийн хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтнээр томилсон байх ба 2018 оны 3 дугаар сарын 2-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг үндэслэжээ /хэргийн 5, 78-79 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байх шаардлагатай. 

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг хуулийн зөвлөх, гэрээний мэргэжилтний ажилд томилохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэ тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийг хангахдаа хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00609 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, өмгөөлөгч Р.Цэрэнханд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 81.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ