Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0135/З |
Дугаар | 148 |
Огноо | 2020-04-29 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 148
“У” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын
байцаагч нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Танхимын тэргүүн: М.Батсуурь,
Шүүгчид: Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0920 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А, хариуцагч О.Б, Ц.Ц, Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0920 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч У ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “У" ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдуулан “Хан- Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хангалттай цуглуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 314 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаартай тогтоолд заасан үндэслэлүүдийг бүрэн арилгаж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар гомдлын шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй, бүрэн, бодитой дүгнэж 920 дугаартай шийдвэрээр гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдол гаргаж байна.
4. Нэг. Анхан шатны шүүх энэхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05- ны өдрийн 314 дугаартай магадлал болон Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
5. Магадлалын хянавал хэсэгт “...Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаартай тогтоолын 10-т “...захиргааны хэргийн шүүх зөрчлийг хянан шийдвэрлэхдээ шийтгэлийн хуудаст хууль зүйн дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл, газрын төлбөр дутуу төлсөн гэх зөрчил нь татварын зөрчил буюу Татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд татвар төлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хэрхэн холбогдож байгааг огт дүгнээгүй...” гэсэн үндэслэл арилаагүй. Зөрчлийн захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэлд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй байна” гэж буруу дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актыг гаргасан байх боловч газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон, шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол тус тус эрх зүйн үйлчлэл үзүүлэхээргүй байх тул газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд ногдуулсан нөхөн төлбөр, торгууль, алдангийг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү дүгнэлт нь давж заалдах болон улсын дээд шүүхээс хэргийг буцаасан үндэслэлд холбогдох дүгнэлтийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй.
6. Түүнчлэн анхан шатны шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хууль ёсны гэж үзэх боломжгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хуупь, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасанд нийцэхгүй гэж дүгнэсэн. Тодруулбал, гомдол гаргагч хууль болон захиргааны хэм хэмжээний акт зөрчөөгүй буюу газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчил үйлдсэн гэх шийтгэлийн хуудасны гол үндэслэл болох газрын төлбөрийн хэмжээг тогтоосон захиргааны хэм хэмжээний актууд /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол/ нь шийтгэлийн хуудас гарахаас өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор тус тус эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй болсон. Иймд гомдол гаргагч нь Газрын төлбөрийн тухай болон Татварын ерөнхий хууль, холбогдох хэм хэмжээний актыг зөрчөөгүй байхад зөрчил үйлдсэн гэж үзэн шийтгэлийн хуудас ногдуулсан нь хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох зарчимд нийцэхгүй. Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудас нь эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний актуудад үндэслэснээр хариуцагч нар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зааснаар захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
7. Хоёр. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй тохиолдолд газрын төлбөрийн хэмжээг хуулиар тодорхой зохицуулсан гэж үзэхээр байна хэмээн буруу дүгнэлт хийсэн. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө" гэж хуульчлагдсан байсан. Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нараас гомдол гаргагчийн газрын төлбөр төлөлтөд хяналт шалгалт хийсэн хугацаанд газар ашиглагч нь Газрын төлбөрийн тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээнд заасан төлбөрийн хэмжээгээр газрын төлбөр төлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж байсан.
8. Магадлалд хуулиар газрын төлбөрийг тодорхойлсон гэж дурдсан Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно" гэж заасан нь тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж буй газрын Магадлалд хуулиар газрын төлбөрийг тодорхойлсон гэж дурдсан Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно" гэж заасан нь тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж буй газрын төлбөрийг тооцоход хэрэглэх зохицуулалт билээ. Иргэн, аж ахуй нэгжтэй байгуулах газар ашиглах гэрээнд газрын төлбөрийг тодорхойлж ногдуулах үүргийг дүүргийн газрын алба Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах” /2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дахь заалтаар “ногдуулж хураах” гэснийг “тодорхойлж ногдуулах” болгож өөрчилсөн/ гэж зааснаар хүлээсэн. Өөрөөр хэлбэл газар ашиглагч “У” ХХК”-тай байгуулж буй улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээнд тусгасан газрын төлбөрийн жилд 26,400,000 төгрөг төлөх хэмжээ Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан тооцооллыг тусгасан үнийн дүн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасны дагуу газрыг төлбөрийг гэрээгээр тодорхойлсон хэмжээгээр төлөх үүргээ биелүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.
9. Гомдол гаргагч “У” ХХК Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга нартай байгуулж, хүчин төгөлдөр болсон 2009 оны 797 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд жилд төлөх газрын төлбөрийг 26,400,000 төгрөг гэж тооцож тодорхойлсон нь баримтаар нотлогдсон. Түүнчлэн хавтаст хэргийн 44-46 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас “У” ХХК-тай “Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2013 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн акт, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн акт, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн актуудад тус тус жилд төлөх газрын төлбөрийн үнийн дүнг 26,400,000 төгрөг гэж тооцсон байдаг. Үүнээс үзвэл “У” ХХК ашиглаж байсан газрын төлбөр нь 26,400,000 төгрөг байх бөгөөд үүнийг холбогдох төрийн захиргааны байгууллагаас хүлээн зөвшөөрч, хянан шалгаж, тухайн цаг үед төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулж байсан болох нь тогтоогдож байна.
10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2 дахь хэсэгт Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, мөн хэсгийн 2-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусгуулан уг гэрээг бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу холбогдох газрын алба нь газрын төлбөрийн хэмжээг хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр тооцож, гэрээнд тусгуулах үүрэгтэй байхад энэхүү үүргийг газар ашиглагч хүлээх мэтээр тайлбарлах боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй...” гэж хуулийг зөв тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, харин давж заалдах шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
11. Гурав. “..Татварын албаны зүгээс газар ашиглагч "У” ХХК хуульд заасны дагуу төлбөрөө төлсөн эсэхийг шалгана” гэх үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай..." гэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4-т “Татварын алба... газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж тус тус зааснаас үзвэл, хариуцагч татварын улсын байцаагч нар нь газар ашиглагчаас төлвөл зохих газрын төлбөр дутуу төлсөн зөрчилд шийтгэл ногдуулах эрх хэмжээтэй байна...” гэж шаардлагатай гэх дүгнэлтийг хийсэн байсан.
12. Дөрөв. “...шалгалтын хамрах хугацаанд буюу 2012, 2013 онуудад 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот гурван талт гэрээ, 2014, 2015, 2016 онуудад 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2008/797 тоот гурван талт гэрээ тус тус үйлчилж байжээ...Үүнээс үзвэл 2009 болон 2013 оны гурван талт гэрээнүүдэд газрын төлбөрийн хэмжээг ялгаатай тогтоосон байхад анхан шатны шүүх “эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр төлсөн” гэж дүгнэсэн нь дээрх хоёр гэрээнд хоёуланд нь хамаарна гэж үзэх үндэслэлгүй...” гэх буруу дүгнэлт хийсэн. “У” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай 30 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 797 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулсан /1 дүгээр хавтаст хэргийн 33-34, 103-106, 220-221/. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд газрын төлбөрт нэмэлт, өөрчлөлт орж байгаагүй. “У” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа хуульд заасан журмын дагуу 2013 онд 5 жилээр сунгагдсан. Улмаар 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулах болсон. Гэвч энэхүү гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж, батлаагүйн улмаас хүчин төгөлдөр болоогүй.
13. Өөрөөр хэлбэл, 2013 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 1-т “Энэхүү гэрээ нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан. Тус гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, улмаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж батлаагүй учир уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй /1 хавтаст хэргийн 35-41, 217-219/. 2013 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” хүчин төгөлдөр болоогүй учир түүнд зааснаар газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Түүнчлэн тус гэрээ нь эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актад үндэслэж газрын төлбөрийн хэмжээг тогтоосон. Энэ талаар анхан шатны шүүх “...дээр дурдсан гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.4-т заасан гэрээний төлбөрийг тодорхойлсон хэм хэмжээний актууд болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Газрын үнэлгээний бүсчлэл газрын төлбөр ногдуулах хэмжээ”-г тогтоосон 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар тогтоолоор дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу дахин шинэ акт гаргаагүй болох нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн тодорхойлолт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул уг актуудаар тогтоосон төлбөрийн хувь хэмжээг мөрдөх үндэслэлгүй...” гэж хууль зүйн үндэслэлтэй, бодитой дүгнэлтийг хийсэн.
14. Тодруулбал, шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол тус тус эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх зүйл үйлчлэлгүй хэм хэмжээний актыг биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэх боломжгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нар Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг тус тус зөрчиж, зөрчил үйлдээгүй хуулийн этгээдэд шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан болохыг анхан шатны шүүх тогтоож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх ёстой байтал хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
15. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 920 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
16. Гомдол гаргагч “У” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.
17. Анхан шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, зөрчлийн захиргааны акт, түүний хууль зүйн үндэслэл болон хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөөгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна.
18. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 232201790 дугаартай шийтгэлийн хуудсаар, “У” ХХК-ийн 2012-2016 онуудын газрын төлбөр төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, нийт 1,226,158,500.00 төгрөгийн газрын төлбөрийг дутуу төлсөн зөрчилд 1,226,158,500.00 төгрөгийн хохирол тооцож, 232,950,684.00 төгрөгийн нөхөн төлбөр, 367,847,550.00 төгрөгийн торгууль оногдуулж, нийт 1,826,956,734.00 төгрөгийг тус компаниар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
19. Гомдол гаргагч “У” ХХК-иас “...хариуцагч нар үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн захиргааны актыг зөрчсөн хэмээн нэхэмжлэгчийг буруутган шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй. ...2009 оны 797 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 6 дугаар зүйлд газрын төлбөрийн хэмжээг, нэгжийн төлбөр 88 төгрөг, бүгд 26,400.0 мянган төгрөг гэж заасан. Төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулаагүй байхад газар ашиглагч гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсныг буруутгах үндэслэлгүй. ...гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлж байсныг ...гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актууд батална” гэж маргасан бол, хариуцагчаас “...Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 6-д заасны дагуу тооцож хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэсэн тайлбар гарган маргасан байна.
20. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар ашиглах тухай гэрээнд тусгахаар, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж тус тус хуульчилсан.
21. Харин, “У” ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нарын хооронд байгуулсан 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 797 тоот “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 1-ийн 6-д газрын төлбөрийн хэмжээг нэгжийн төлбөр 88 төгрөг, бүгд 26,400.0 мянган төгрөг, 2-ийн 3-т газар ашигласны төлбөрийн хувь хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, ...заалтуудыг үндэслэн ногдуулахаар заасан, харин 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний 2.4-т газрын төлбөрийн хэмжээг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолоор тогтоож, нэгжийн үнэ 792 төгрөг, бүгд үнэ 1 жилд 237,600,000 төгрөг байхаар тогтоож, мөн гэрээний 2-ийн 2-т газар ашигласны төлбөрийн хэмжээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн ногдуулж орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр заажээ.
22. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 6-д тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөх газрын төлбөрийн хэмжээг зохицуулсан, гэтэл “У” ХХК-ийн, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан 2009 болон 2013 оны гурван талт гэрээнүүдэд газрын төлбөрийн хэмжээг хуульд зааснаас өөр хэмжээгээр тогтоосон байна.
23. Иймээс давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүх ...газрын төлбөрийн хэмжээг хуульд тодорхой заасан энэ тохиолдолд ямар үндэслэлээр уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, харин гэрээнд заасан төлбөрийн хэмжээ үйлчилнэ гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй. ...Мөн 2009 болон 2013 оны гурван талт гэрээнүүдэд газрын төлбөрийн хэмжээг ялгаатай тогтоосон байхад “эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд заасан хувь хэмжээгээр төлсөн” гэж дүгнэсэн нь дээрх хоёр гэрээнд хоёуланд нь хамаарна гэж үзэх үндэслэлгүй, уг гэрээнүүдэд ялгаатай байдлаар тогтоосон газрын төлбөрийн талаар дүгнэлт хийсний үндсэн дээр уг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтүүд зөв болжээ.
24. Ийнхүү анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлж, маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүсч гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 86 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА