Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01519

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01519

 

 

 

Л.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01575 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Т гийн хариуцагч Ерөнхий боловсролын Шилдэг сургуульд холбогдуулан гаргасан цалин хөлсөд 3 809 804 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шилдэг дунд сургуулийн захирал М.Туяатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Шилдэг сургуулийн санхүүгийн ажил хариуцсан захирал Б.Баттүвшин нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/134 тоот дугаартай тушаал гарган ажлаас халсан учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03316 дугаар дугаар шийдвэрээр бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоон, Шилдэг сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 1 904 902 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болно гэж заасны дагуу ажилд эргүүлэн томилуулах тушаалаа гаргуулах гээд Шилдэг сургууль дээр хэд хэдэн удаа өөрийн биеэр очиж уулзтал шийдвэрээ авчирч байж тушаалаа гаргуулж ажилдаа ор гэсэн хууль бус шаардлагыг тавьсан. Улмаар шийдвэрээ авч очсон боловч хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж тойрох хуудас бөглүүлж ир, бүх хүмүүсээр нь гарын үсэг зуруулж ир, мөн 9 дүгээр сарын тайланг дахин гаргаж өг тэгвэл чиний ажилд эргүүлэн авах тушаалыг гаргаж өгнө гэж хэлсэн. Үүний дагуу би тойрох хуудсанд дахин гарын үсэг зуруулж эхэлсэн бөгөөд зарим удирдлагууд нь одоог хүртэл гарын үсэг зураагүй миний хууль ёсны эрх, ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байгаагаас гадна шүүхээс гарсан шийдвэрийг үл хүндэтгэж байна.

Иймд 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01, 02, 3 дугаар сарын ажилгүй байсан үеийн 4 сарын цалин хөлс болох 3 809 804 төгрөгийг Ерөнхий боловсролын Шилдэг сургуулиас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03316 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд бидний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч иргэн Л.Т г ажилд нь эгүүлэн авахад бэлэн байсан ба энэ талаар Л.Т д тэр даруй мэдэгдсэн.

Л.Т нь шүүхийн шийдвэр гарсан даруйд бидэнтэй ирж уулзаагүй, тодорхой хугацааны дараа шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгийг авах гэж ирж уулзсан ба ингэхдээ ажилдаа буцаж орохгүй, дахин багш хийх сонирхолгүй байгаа гэдгээ бидэнд амаар мэдэгдсэн болно. Сургуулийн зүгээс нэгэнт ажилдаа буцаж орохгүй юм бол ажил хүлээлцэх тойрох хуудсыг холбогдох журмын дагуу үйлдэхийг, мөн ажилдаа буцаж орохгүй гэх, өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалж байгаа тухай өргөдлөө бичгээр гаргаж өгөхийг шаардсан боловч ор сураггүй алга болсон юм. Сургуулийн зүгээс шүүхийн шийдвэрт хүндэтгэлгүй хандсан, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн зүйлгүй, иргэн Л.Т г ажилд нь буцаан томилохдоо ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй. Нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард ажилгүй байсанд сургууль буруугүй. Л.Т гийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ерөнхий боловсролын Шилдэг сургуулиас 1 240 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төгрөгийн 2 569 404 шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Т гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн захирал болон нягтлан бодогчид үүрэг болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34 320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Шилдэг сургуульд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд уг өргөдөл нь түүний хүсэл зоригийн илэрхийллийн дагуу үйлдэгдсэн, ажил олгогчоос зүй бус нөлөөлөл, шахалт шаардлага байгаагүй болно. Түүний өргөдөлд 2017-2019 оны 9 дүгээр сар хүртэл ажилдаа дуртай, бүх цаг заваа ажилдаа зарцуулан чин сэтгэлээсээ ажиллаж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр халагдах тушаал аваад маш их цочролд орж дахин багшийн ажил хийх сонирхолгүй болон энэ хамт олонтой ажиллах хүсэлгүй байна'' гэжээ. Үүнээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч Л.Т нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анхлан шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий боловч цаашид Шилдэг сургуульд үргэлжлүүлэн ажиллах хүсэл эрмэлзэлгүй байсан гэдэг нь тодорхой ойлгогдож байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар 03316 шийдвэрийг ажил олгогчийн зүтээс хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Л.Т д ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн боловч тэрээр ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгэх эсэх талаар ажил олгогчтой уулзалгүй /эс үйлдэхүй гаргаж/ улмаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байдаг. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй боловч түүнийг албадах эрхгүй. Нөгөөтэйгүүр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа ажилтны үйлдэлийг ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачлагаар дуусгавар болгож байна гэж ойлгохоос өөр аргагүй юм.

Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь уг үүргээ хэрэгжүүлээгүй байх нь хэн нэгэнд нь давуу талыг үүсгэж болохгүй юм. Товчхондоо нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг дэмжсэн баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад хариуцагчийг нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй гэх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж түүнд хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёс бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, нэхэмжлэгч Л.Т гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Ерөнхий боловсролын Шилдэг сургуульд холбогдуулан 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01-3 дугаар сар хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 809 804 төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03316 шийдвэрээр Л.Т г Ерөнхий боловсролын Шилдэг сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт Ерөнхий боловсролын Шилдэг сургуулиас 1 904 902 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалган шийдвэрлэсэн байна. /хх-7-10/ Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан ба уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

Хариуцагч Ерөнхий боловсролын Шилдэг сургууль нь шүүхийн шийдвэрийн дагуу Л.Т д ажил үүргээ гүйцэтгэхийг мэдэгдсэн боловч ирээгүй, дараа нь цалингаа авах гэж ирсэн гэх үндэслэл заан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлан маргасан байх боловч түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч тал заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл буюу Л.Т гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч Л.Т г Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаагаар хариуцагч Ерөнхий боловсролын Шилдэг сургуулиас шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Ч.ЦЭНД