Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/ма2020/01431

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01431

 

М.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2020/01179 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.О-, Д.Б-, Ч- ХХК нарт холбогдох

М.У- болон Б.О- нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.О- болон Д.Б- нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах- худалдан авах гэрээ, Д.Б- болон Ч- ХХК нарын хооронд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч- ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг зохигчийн гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оргилбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Учрал, хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.У- нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрыг барьж босгоход өөрийн хувь нэмрээ оруулж, үр дүнтэй ажиллаж, тус барилгын 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 372,3 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анх ашиглалтад ороход өмчлөлдөө авч, гэрчилгээ авсан.

Тэр үед М.У-ын үеэл, бизнесийн хамтрагч Б.Бадамрагчаа мөнгөний хэрэгцээ гарсан тул уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн. Б.Бадамрагчаа нь барилгын бизнес эрхэлдэг бөгөөд барилгын төсөл эхлүүлэхэд их хэмжээний мөнгө шаардагддаг, түүнийг дагаад их хэмжээний ашигтай ажиллах боломжтой тул зээлээ төлөх боломжтой гэж үзээд тус саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Улмаар Б.Бадамрагчаа нь 2013 оны 12 сарын 17-ны өдөр Ш.Ариунбилэг гэх хүнээс 300 000 000 төгрөг зээлж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулах гэхэд зээлдүүлэгч Ш.Ариунбилэг нь барьцааны гэрээ баталгаагүй, өмчлөлд шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсны дагуу 2013 оны 12 сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж хөрөнгийг Ш.Ариунбилэгийн хамаатны хүн гэгдэх иргэн Б.О-ийн нэр дээр шилжүүлсэн. М.У- тухайн үед энэ үйлдлийнхээ эрх зүйн үр дагаврыг ойлгоогүй бөгөөд Б.О-т өөрийн өмчийг бэлэглэх бодол байгаагүй, зөвхөн зээлдүүлэгчийн санал болгосны дагуу энэхүү гэрээг байгуулсан юм. 2014 оны 06 сард Ш.Ариунбилэг нь зээлийг үргэлжлүүлэх боломжгүй болсон тул зээлийг яаралтай эргүүлэн төлөх шаардлага тавьсан. Зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг бусдад зарж борлуулах эрсдэл бий болсон.

Улмаар Б.Бадамрагчаа нь тухайн үед Ч-ны зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Д.Оргилтой уулзаж банкнаас зээл авах хүсэлт тавьсан боловч банкнаас зээл гарах боломжгүй, харин хувиасаа мөнгө зээлүүлье гэсэн. Ингээд Д.Оргилын төрсөн дүү гэгдэх иргэн Д.Б-тай зээлийн гэрээ байгуулж 400 сая төгрөг зээлсэн. Уг зээлээс 316 саяыг нь Ш.Ариунбилэг рүү шилжүүлж түүнтэй байгуулсан зээлийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл Д.Оргил, Д.Б- нар мөн барьцааны гэрээ байгуулахгүй, худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүл гэж шаардаж эхэлсэн. Улмаар иргэн Б.О- болон иргэн Д.Б- нарын хооронд 2014 оны 6 сарын 23-ны өдөр үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн. Энэхүү гэрээ нь мөн л зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийсэн гэрээ бөгөөд иргэн Д.Б-д өмчлөх эрх олгох зорилгогүй байсан болно.

Гэтэл Д.Б- нь тус орон сууцыг Ч-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан байх бөгөөд 2017 оны 02 сарын 17-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр М.У-ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Ч-инд шилжүүлсэн байна. М.У- нь Б.Бадамрагчаагийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцааны зүйл болгосон боловч ийнхүү бусдад хууль бусаар алдаж хохироод байна. Тус үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2017 оны 06 сарын байдлаар 878 сая төгрөг гэж үнэлсэн байдаг. Орон сууцны өмчлөлийг шилжүүлсэн дээрх хэлцлүүд нь дараах байдлаар хүчин төгөлдөр бус гэрээнүүд юм.

Бэлэглэлийн гэрээ нь Б.О-т үл хөдлөх хөрөнгийн өмчлөх хөрөнгийг үнэн санаанаасаа шилжүүлэн өгсөн бус, зөвхөн Б.Бадамрагчаа болон Ш.Ариунбилэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан гэрээ болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Б.О-, Д.Б- нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Б.О- нь тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг анхнаасаа олж аваагүй буюу өмчлөгч биш этгээд юм. Иймд өмчлөгч биш этгээд үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан нь өмчлөгч М.У-ын өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах туйлын эрхийг хөндсөн буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл болно. Д.Б-ын нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм.

Д.Б- нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан мэт хуурмаг байдал үүсгэж, улмаар нэхэмжлэгчийн өмчийг дур мэдэн захиран зарцуулж Ч- ХХК-д шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дүнд шилжүүлсэн бүх зүйлээ буцаан шилжүүлэх үр дагавартай талаар зохицуулсан.

М.У- болон Б.О- нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О- болон Д.Б- нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б- болон Ч- ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч- ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Б.О-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.Б-ын төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх гэрээнүүд нь бүгд хуульд заасан хэлбэрийн болон хуулийн шаардлагыг хангасан гэрээ байх бөгөөд нэхэмжлэгчийн гэрээ байгуулахдаа ийм зорилготой байгуулаагүй, цаад санаа нь өөр зорилготой байсан гэх хэт явцуу тайлбар нь дээр дурдсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болгох үндэслэл болохгүй юм.

Талууд хуулийн хүрээнд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон гэрээг чөлөөтэй байгуулсан. Зорилго нь ийм биш байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Зүй нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй байсаар байтал миний хүсэл зориг ийм биш байсан гэсэн нэхэмжлэгчийн үндэслэл нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар түүний тухайн үеийн бодол санааг тогтоох боломжгүй юм.

Хариуцагч Д.Б- нь Д.Оргилын төрсөн дүү бөгөөд түүнийг тухайн иргэний эрх зүйн харилцаанд хэрхэн оролцсон талаарх үйл явдлыг Д.Оргил би маш сайн мэдэж байгаа юм. Мөн өнөөдөр нэхэмжлэгч гэж өөрийгөө тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан М.У-, гэрч гэх Б.Бадамрагчаа, түүний ээж Билэгт, тэдгээрийн компаниуд болох Ноёд констракшн ХХК, Шинэ гарц ХХК нь бүгд нэгдмэл сонирхолтой буюу төрөл садан, компанийн хувьцаа эзэмшигч, захирал, ажилтан гэх мэт этгээдүүд бөгөөд тухайн иргэний эх зүйн харилцаанд нэг тал болон 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл оролцож ирсэн юм. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл хэсэгт Миний бие ...Сэлэнгэ-888, 48А байрыг барьж босгоход өөрийн хувь нэмрээ оруулж, үр дүнтэй ажилласан. Тэр үед миний үеэл, бизнесийн хамтрагч Б.Бадамрагчаа мөнгөний хэрэгцээ гарсан тул миний үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг хүссэн... гэжээ. Дээрхээс дүгнэхэд М.У-, Б.Бадамрагчаа хоёр нэгдүгээрт үеэлүүд, хоёрдугаарт хамт ажилладаг нь тодорхой байгаа юм. Цаашлаад дээрх бүхий л харилцааг М.У- мэдэж байсан тухайгаа нэхэмжлэлдээ бичжээ.

Хавтаст хэргийн 78-84 дүгээр хуудсанд ажлын байрны түрээсийн гэрээ, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус авагдсан байна. Тус гэрээнд Түрээслүүлэгч талаас Д.Б-, түрээслэгч талаас Шинэ Гарц ХХК-ийг төлөөлж Б.Бадамрагчаа нар байгуулсан байна. М.У-, Б.Бадамрагчаа нар нь тухайн оффистоо үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед ийнхүү түрээслэн сууж байгаагаа 2-уулаа мэдэж байсан. Хавтаст хэргийн 80-82 дугаар хуудсанд авагдсан Ноёд констракшн ХХК-д өгсөн Ч-ны мэдэгдэлд ...үл хөдлөх хөрөнгийг танай компани болон танайхтай хамаарал бүхий компаниуд хууль бусаар ашиглан өнөөдрийг хүрлээ гэжээ.

Хэргийн 90-91 дүгээр талд Б.Бадамрагчаагийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт ...Б.Бадамрагчаа би Шинэ гарц ХХК-ийн захирлаар ажилладаг... гэх, ...дүү М.У-ын нэр дээрх, өөрийн өмч болох Ү-2204054488 дугаартай 372,3 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, уг хүний нэр дээр шилжүүлж зээл авсан гэх, ...миний объектын үндсэн үнэ... гэх, ...миний хувьд хэдийгээр үндсэн зээлээ төлөөгүй ч уг үндсэн зээлээ төлөөд объектоо буцаан авах хууль ёсны эзэн нь юм... гэх мэтээр 10 удаа миний объект, миний хөрөнгө гэж мэдүүлсэн байна. Хэргийн 95-101 талд үнэлгээний тайланд эзэмшигч М.У- гэжээ. Үнэлгээг хийлгэх үед тухайн хөрөнгийг өмчлөл Ч- ХХК-д шилжсэн байсан ч Ноёд констракшн ХХК, Шинэ гарц ХХК-д тухайн хөрөнгийг ашиглаж, М.У- эзэмшилдээ байлгаж байсан. Өмчлөл шилжсэн гэдгийг мэдэхээс гадна, үүнээс өмнө түрээсээр ашиглаж байсан тухай дээр дурдсан. М.У-ын Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөлд 2013 оны 12 сарын 17-нд Ш.Ариунбилэгээс зээл авсан, Ш.Ариунбилэг нь зээл төлсний дараа буцаан шилжүүлнэ гэсэн, би зээлийг хүүгийн хамт төлсөөр байсан... гэжээ. Эндээс харахад М.У- нь тухайн иргэний эрх зүйн харилцааг сайн ойлгож байсан бөгөөд Б.Бадамрагчаагийн авсан зээлийг өөрөө авсан гэж, мөн өөрөө төлж байсан, зээлдүүлэгч Ш.Ариунбилэгтэй өөрөө харилцаж, ярилцаад үл хөдлөх хөрөнгийг О-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна. Хэрэгт байх Б.Бадамрагчаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт ...Би Шинэ гарц ХХК-ийн захирлаар ажилладаг, дүү М.У-ын нэр дээрх, өөрийн өмч болох Ү-2204054488 дугаартай 372,3 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, уг хүний нэр дээр шилжүүлж зээл авсан. Мөн тухайн хөрөнгө үнэндээ манай ээжийн өмч байгаа юм, ээж оффисын объектоо барьцаанд тавьж зээл авч болно гэсэн... гэж мэдүүлсэн ба Д.Б-аас олон удаа зээл авч байснаа тодорхой мэдүүлжээ.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлага бодит үндэслэлгүй бөгөөд дээрх хүмүүс болон хуулийн этгээдүүд тухайн үед хийсэн гэрээний үр дагаврыг бүгд ойлгож ухамсарлаж байсан нь тодорхой. Бүхий л гэрээний ач холбогдол, зорилго, үр дагаврыг ойлгож байжээ.

Нэхэмжлэгч болон бусад гэрээний талуудын тодорхой үр дүнд хүрэх зорилго, хүсэл зориг, эрмэлзэл илэрхий харагдаж байна. М.У- нь үел Б.Бадамрагчаагийн саналыг хүлээж авч маргаан бүхий хөрөнгийг хариуцагч Б.О- рүү шилжүүлсэн байна. Энд ямар нэгэн дүр үзүүлсэн хэлцлийн шинж байхгүй бөгөөд зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл тайлбар шаардагдахааргүй тодорхой байна. Түүнчлэн, тухайн хөрөнгийг шилжүүлэх болсон Бадамрагчаа, Ариунбилэг нарын хооронд байгуулсан 2013 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 4 дэх хэсэгт Барьцаанд Ү-2204054488 улсын бүртгэлийн дугаартай БЗД, 5-р хороо, Сэлэнгэ-888 /13343/, 48А байр, 1 давхар үйлчилгээний 372,3 м.кв талбайтай ул хөдлөх эд хөрөнгийг М.У-ын нэрээс Б.О-ийн нэр дээр тур хугацаатай шилжүүлж байгаа ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд буцаан У-ын нэр дээр шилжүүлэх бөгөөд гэрээний хугацаанд объектыг бусдад шилжүүлэхгүй, барьцаанд тавихгүй болно гэж харилцан тохиролцсон байна. Өнөөдрөөс даруй 7 жилийн өмнө гэрээний харилцаа үүсэж талууд тухайн үедээ гэрээнд заасан эрхээ эдэлж, үүрэг, хариуцлагаа хүлээж гэрээ дуусгавар болсон. Өнөөдөр нэхэмжлэгчийн тухайн үед би ингэж бодоогүй, ийм зорилготой байгуулаагүй, гэрээг дүр үзүүлж байгуулсан эсэх талаар маргах нь ойлгомжгүй.

Б.О-, Д.Б- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 23-ны өдрийн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн болон бодит үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 110.1-д заасны дагуу М.У-ын өмчлөх эрх дуусгавар болсон.. Тодруулбал 2014 оны 03 сарын 17-ны өдөр Ш.Ариунбилэг, Б.Бадамрагчаа нарын 2013 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Б.Бадамрагчаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй, ингээд 2014 оны 06 сард зээлдүүлэгч Ш.Ариунбилэг нь Б.О-ийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр зээлийг хаах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Ариунбилэгийн мэдүүлгээр тогтоогддог. Улмаар Б.Бадамрагчаа болон нэхэмжлэгч нар хариуцагч Д.Б-аас тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахыг санал болгож 2014 оны 06 сарын 23-ны өдөр Б.О-, Д.Б- нар Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр худалджээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заажээ. Өөрөөр хэлбэл Д.Б- нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч болох Б.О-тэй гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед нэхэмжлэгч болон Б.Бадамрагчаа нар бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцээгүй, харин ч худалдаж авахыг Д.Бад-Ундралаас хүссэн болох нь нэхэмжлэлээс тодорхой харагдана.

Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Д.Б- нь Ш.Ариунбилэгийн Капитрон банкны дансанд 2014 оны 06 сарын 25-ны өдөр 300 000 000 төгрөгөөр 1 удаа, 100 000 000төгрөгөөр 1 удаа нийт 400 000 000төгрөгийг шилжүүлж Ү-2204054488 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу тухай эд хөрөнгөний өмчлөгч болсон. Энэ хүртэл нэхэмжлэгч болон Б.Бадамрагчаагийн хүсэл зоригийн гадуур нэг ч үйлдэл хийгдээгүй бөгөөд эсрэгээрээ тэдний санал болгосны дагуу гэрээ байгуулагдсан юм.

Д.Б- өөрийн өмчөө хэрхэн захиран зарцуулах нь тухайн хүний эрхийн асуудал. Гэрээгээр банкны өмчлөлд шилжүүлснийг буруутгах боломжгүй гэжээ.

Хариуцагч Ч- ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч банкинд холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байх ба маргаантай гэгдэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Ч- тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Ч- Б-тай зээлийн гэрээ байгуулж, 400 000 000 төгрөгийн зээл олгож, барьцаанд нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Б- бизнесийн зориулалттай зээл хүсэхээр нь барьцаа хөрөнгө болон төслийг нь судалж үзээд зээл олгож барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн төлөлт доголдсон учир 2017 оны 02 сарын 17-ны өдөр гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг Ч-ны өмчлөлд шилжүүлэн авсан. Хэрэв зээлээ төлбөл буцаан шилжүүлнэ гэсэн болов хугацаа өнгөрсөн тул үл хөдлөх эд хөрөнгө Ч-ны өмчлөлд шилжиж зээл хаагдсан. 2017 оны 02 сарын 23-наас хойш 2017 оны сүүлээр уг үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулж байсан Ноёд констракшн ХХК болон Шинэ гарц ХХК нарт үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх шаардлага тавихад хугацаа өгөөч, өвөл болсон, улирлын чанартай ажил зогссон байгаа, та нар зээл олгох уу тэгвэл сонирхоно, орон сууц оролцуулах уу гэж ярьж байсан. Ингээд бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Дээд шүүхээс хэргийг анхан шат руу буцаасан. Энэ шүүхэд үүссэн энэ хэргээс болоод Баянзүрх дүүргийн шүүхэд байсан хэрэг хэрэгсэхгүй болсон. Ноёд констракшн ХХК, Шинэ гарц ХХК дээр очиж уулзахад У- нь Билэгт гэж захирлын туслахаар ажиллаад байж байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс Ч-ны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхэд сард 13-18 сая төгрөг болохоор байгаа бөгөөд жилд 200 орчим сая төгрөг төлөхөөр байгаа. Үүнтэй холбоотойгоор цаг хожих гэсэн арга гэж үзэж байгаа. Бадамрагчаагийн хөрөнгө байсан бөгөөд ямар шалтгааны улмаас У-ын нэр дээр байлгасан шалтгаан нь тодорхой бус байдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56,1,10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.У-ын гаргасан М.У- болон Б.О- нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, Б.О- болон Д.Б- нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан Үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээ, Д.Б- болон Ч- ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч- ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 386 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 161 850 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Д.Б- болон Ч- ХХК-ийн хооронд байгуулсан төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэгчийн хүчин төгөлдөр эсэх байдлын талаар маргасан байхад шүүх нь энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Хийсвэрлэх зарчмын үүднээс үүргийн хэлцлийн хүчин төгөлдөр эсэх байдлын талаар дүгнэлгүйгээр өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэхэд дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй.

Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул дээр дурдсан бэлэглэлийн гзрээ болон үйлчилгээний барилга худалдах- худалдан авах гэрээ эрх зүйн үр дагаваргүй буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжпэгч М.У- байна. Гэтэл хариуцагч Ч- нь өмчлөгчийн эрхийг зөрчиж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль бус, нийтээр хүлзэн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсэн хэлцэл байна.

Гэрээ нь Д.Б- маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсантай шууд холбоотой байх тул Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хууль бус гэрээ байна. Анхан шатны шүүх нь үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10- т заасан хүчин төгелдөр бус байх хэлцэл хэмээн дүгнэсэн атлаа түүний үндсэн дээр хийгдсэн төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээг дүгнээгүй нь алдаатай байна.

Анхан шатны шүүх нь хариуцагч Ч- ХХК-ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон түүний ажилладаг Ноёд Констракшн ХХК, Шинэ Гарц ХХК нь 2012 онд тус барилга ашиглалтад орсноос хойш маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашиглаж байсан. Гэтэл Ч- ХХК нь үүнийг мэдээгүй байх боломжгүй. Шүүх нь цаг хугацааны хувьд өмнө нь гарсан хүчин төгөлдөр тогтоолоос өөрөөр дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.У- болон Б.О- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нэртэй гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах зорилгоор байгуулагдсан, ийнхүү байгуулахдаа Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 156.1, 156,2 дахь заалтад заасан шаардлагуудыг хангахгүй байдлаар байгуулагдсан, хууль зөрчсөн хэлцэл гэж үзсэн.

Дээрх хүмүүс болон хуулийн этгээдүүд тухайн үед хийсэн гэрээний үр дагаврыг бүгд ойлгож ухамсарлаж байсан гэдэгт нь тодорхой.

//Хариуцагч Б.Бадамрагчаа болон нэхэмжлэгч Ариунбилэг нарын 2013 оны 12-р сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний 4 дэх хэсэгт Барьцаанд Ү-2204054488 Улсын буртгэлийн дүгаартай БЗД, 5-р хороо, Сэлэнгэ-888 /13343/, 48А байр, 1 давхар үйлчилгээний 372,3 м.кв талбайтай ул хөдлөх эд хөрөнгийг М.У-ын нэрээс Б.О-ийн нэр дээр түр хүгацаатай шилжүүлж байгаа ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд буцаан У-ын нэр дээр шилжүүлэх бөгөөд гэрээний хүгацаанд объектыг бусдад шилжүүлэхгүй, барьцаанд тавихгүй болно" гэж харилцан тохиролцсон. Дээрх гэрээнд заасан хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч тал Б.О-ийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу М.У-ын өмчлөх эрх дуусгавар болсон нь хууль зөрчөөгүй. 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ш.Ариунбилэг, Б.Бадамрагчаа нарын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд Б.Бадамрагчаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлээ хугацаанд нь төлөөгүй, ингээд 2014 оны 6 дугаар сард зээлдүүлэгч Ш.Ариунбилэг нь Б.О-ийн нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр зээлийг хаах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Ариунбилэгийн мэдүүлгээр тогтоогддог.

М.У- нь 2013 онд анх Б.О-т тухайн хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлж байгаагаа ухамсарлаж байсан тухайгаа шүүхэд гаргасан нэхэмжпэл, улсын бүртгэлийн байгууллагад гаргасан өргөдөлдөө тодорхой бичсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл тухайн хөрөнгийг худалдан борлуулах замаар хангагдана гэдгийг мэдэж байснаас гадна, үүнийг ойлгож, хүсэл зоригоо тодорхой илэрхийлж байсан. Хэлцэл хийгч талуудын хүсэл зориг зөрөөгүй, хэлцлийн агуулга, үр дагаврыг аль аль тал ойлгож байсан. М.У- нь тухайн хөрөнгөтэй холбоотой асуудлаар өөрийн захирал бөгөөд үеэл Б.Бадамрагчаа гэрээ, хэлцэл байгуулан, зээл авч байсныг мэдээгүй гэх үндэслэлгүй. Иймд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.У- болон Б.О- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч М.У- нь хариуцагч Б.О-, Д.Б-, Ч- ХХК нарт холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын сарын 17-ны өдөр М.У- болон Б.О- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Б.О- болон Д.Б- нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Д.Б- болон Ч- ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын Сэлэнгэ-888 /13343/, 48 А байрны 1 давхарт байрлах, 372,3 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч- ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч Б.О- нь нэхэмжлэлийг зөвшөөрч, хариуцагч Д.Б-, Ч- ХХК нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэх бөгөөд хэлцэл хуульд нийцсэн, хүчин төгөлдөр эсэхийг хариуцагч зөвшөөрсөн эсэхээс үл хамааран, шүүх өөрөө хянан үзэх юм.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054488 дугаар бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 хороолол /13343/, 48/а дугаар байранд байршилтай үйлчилгээний зориулалттай, 372.3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар М.У-ын нэр дээр бүртгэлтэй байсан үйл баримт тогтоогдсон. /1-р хх 11/

Нэхэмжлэгч нь М.У-, хариуцагч Б.О- нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн нэртэй гэрээний агуулга нь Ш.Ариунбилэг, Б.Бадамрагчаа нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 300 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах үүднээс хийгдсэн гэж талууд тайлбарласан. Хэлцэл бэлэглэлийн бус харин барьцааны агуулгатай байсан талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Б.О-, Д.Б- нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний Барилга худалдах-худалдан авах гэрээ нь 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн М.У-, Б.О- нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үндсэн дээр байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхдээ анхан шатны шүүх хууль зөв хэрэглэжээ.

Б.Бадамрагчаа нь Ш.Ариунбилэгээс авсан зээлийг буцаан төлөхийн тулд Д.Б-аас нийт 400 000 000 төгрөгийг зээлсэн, уг 400 000 000 төгрөгийг Д.Б- нь Ч- ХХК-аас зээлж Б.Бадамрагчаад авч өгсөн талаар талууд маргахгүй гэж тайлбарласан.

Хэрэгт Д.Б- болон Ч- ХХК нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээ авагджээ. /1-р хх 60-64, 65-69/ Түүнчлэн, Д.Б- нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Д.Б-, Ч- ХХК нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 400 406 564 төгрөгийн үүрэгт маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн үйл баримт тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс Ч- ХХК-ийг шударга өмчлөгч гэж дүгнэсэн нь зөв юм. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлд үндэслэгдэх бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигчийг биш харин хэний нэр дээр уг хөрөнгө бүртгэлтэй байна тэр этгээдийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцох юм. Иймд Ч- ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.У- нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд зээлийн гэрээ, бизнесийн хамтрагчийнхаа авсан зээлтэй холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх болсон талаараа тайлбарласан. Талуудын хоорондын Бэлэглэлийн гэрээ нь хэдийгээр халхавчилсан хэлцэл байгаа боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардах эрхгүй юм. Учир нь уг орон сууцны өмчлөх эрх шударга эзэмшигчид шилжсэн, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө болон эрхийг шударга эзэмшигчээс шаардах боломжгүй.

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М.У-ын гаргасан М.У- болон Б.О- нарын хооронд 2013 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Б.О- болон Д.Б- нарын хооронд 2014 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан үйлчилгээний барилга худалдах-худалдан авах гэрээ, Д.Б- болон Ч- ХХК нарын хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэж томъёолсон нь ойлгомжгүй бөгөөд агуулга, найруулга зүйн хувьд буруу болжээ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож гэсэн агуулга нь эдгээр хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд түүний улмаас үр дагаврыг арилгах боломжтой мэтээр буруу ойлгогдохоор томьёологджээ. Хэдийгээр нэхэмжлэгчээс Б.О-тэй байгуулсан, Б.О-, Д.Б- нарын хооронд байгуулагдсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн ч шударга өмчлөгчөөс эд хөрөнгийг буцаан гаргуулах боломжгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан гаргуулах шаардлагын хувьд шаардах эрх үүсэх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрт найруулгын хувьд хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж өөрчлөлт оруулах, мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон агуулгатай байгаа тул хэрэгсэхгүй болгосугай гэсний урд бүхэлд нь гэсэн агуулгаар өөрчлөх шаардлагатай.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж зохигчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 181/ШШ2020/01179 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох гэж

-мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай, гэснийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмждэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 547 950 төгрөг, хариуцагч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД