Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 245

 

Э.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар цагаатгах тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Э.О-д холбогдох 1929003470172 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ын О нь

2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эмэгтэй хүнд агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар А.Э-ийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүх “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Э.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.О-ыг цагаатгаж шийдвэрлэсэн” байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх   “... цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.О-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын шүүхэд буцааж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.О гаргасан гомдолдоо “Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө А.Э нь эхнэртээ агсам тавьж зодоод байхаар нь би очиж болиулах гэтэл намайг А.Э чамд хамаагүй гээд хоёр удаа мөргөж, цохисон /толгойн тус газар/. Ингээд би өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалт хийж А.Э-ийг нэг цохисон. Энэ хэргээр Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай цагаатгах тогтоолоор цагаатгагдсан. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх “аргагүй хамгаалалт” хэрэглэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.О-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Э.О-ыг 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “эмэгтэй хүнд агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар А.Э-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ.

Энэ нь халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий, тодорхой байгаа буюу довтолгоо дуусаагүй байх явдалд хамгаалалт хийх эрх үүсдэг. Үүнээс үзэхэд аргагүй хамгаалалт хийх хууль ёсны шинжүүд үгүйсгэгдэж байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох хохирогч А.Э-ийн “... Э.О машинд суу гээд намайг чирээд байхаар нь би хальт хоёр удаа толгойгоороо мөргөөд авсны дараа миний зүүн нүд рүү гараа атгаж цохиод намайг газарт унагаад яваад өгсөн”, гэрч Л.Д-ийн “... тэгэхээр нь Э.О гараа атгаж байгаад эмэгтэй хүн дээрэлхээд байдаг хэн бэ гээд гартаа зүүж байсан бөгжөө тайлж байгаад А.Э-г нүүрэн тус газарт нь нэг удаа цохиод автал газарт бөгсөөрөө суугаад унасан...”, гэрч Б.О-ийн “... Э.О тэсэхээ байгаад би чамайг ганц л цохьё гээд баруун гарт байсан бөгжөө тайлаад нэг удаа цохисон юм”, гэрч И.З-н “... тэгтэл Э.О гартаа зүүсэн бөгжөө тайлаад чамайг би зөндөө тэвчлээ гээд нэг удаа гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь цохиод авсан”, гэрч М.Д-ийн “... Э.О А.Э дээр очоод чи агсам согтуу тавьж яах гээд байгаа юм бэ гээд хэлтэл А.Э чамд хамаагүй гэж хэлээд маргалдаж байгаад А.Э-г цохиод газарт унагаасан” гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 719 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд, хэргийн үйл баримтаас дүгнэхэд А.Э-ийн үйлдэл таслан зогсоогдсон буюу довтолгоо төгссөн хойно Э.О нь А.Э-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.О-ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О-ын “...цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Э.О-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                                         Ч.ХОСБАЯР