Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 17

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/

         Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Э.Оод холбогдох 1929003470172 дугаартай эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 28 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан гэх,

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас буюу “эмэгтэй хүнд агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар А.Э нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Э.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.О цагаатгаж, Э.О авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “Яллагдагч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас буюу “эмэгтэй хүнд агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар А.Э нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5/159 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгчийн 2020/ШЦТ/05 дугаартай цагаатгах тогтоолоор шүүгдэгч Э.О холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байна.

2019 оны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт: “Гэвч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч уг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэсэн байхад хуулийг буруу хэрэглэж шүүгдэгч Э.О холбогдох хэргийг цагаатгасан байна.

Учир нь хэрэгт цугларсан хохирогч А.Э: “...би хальт хоёр удаа толгойгоороо мөргөөд авсны дараа миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохиод намайг газарт унагаад яваад өгсөн..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.О: “...би чамайг ганц л цохьё гээд баруун гартаа байсан бөгжөө тайлаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Дэлгэрдалайн: “...гартаа зүүж байсан бөгжөө тайлж байгаад А.Э нүүрэн тус газарт нэг удаа цохиод автал А.Э газарт бөгсөөрөө суугаад унасан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар А.Э нь эхнэр болох М.Д маргалдаж, улмаар Э.О маргалдан түүний эрх чөлөөнд халдах үйлдэл хийсэн боловч И.З, Б.О, Л.Д нарын маргааныг болиулсан үйлдлээр Э.О эрх чөлөөнд халдсан А.Э үйлдэл таслан зогсоогдсон, довтолгоо төгссөн хойно Э.О нь санаатайгаар хохирогч А.Э эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх хүмүүсийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хэрэв Э.О өөрийнхөө эрх чөлөөнд бусад этгээд халдсан гэж үзэж байгаа бол тэр талаараа цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрхтэй болохоос довтолгоо төгссөн хойно нь бөгжөө тайлаад бусдын эрх чөлөөнд санаатай халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах ёсгүй юм.

Иймд 2019 оны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Довтолж байх үед нь зодсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт бусдын хууль бус халдлага эхэлсэн болон эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хэрэглэнэ. Довтолгоо дууссаны дараа хийж байгаа үйлдэл нь аргагүй хамгаалалтад тооцогдохгүй юм. Ийм учраас шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэж эсэргүүцлийг бичсэн. Миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж оролцож байгаа. Тэгэхлээр та бүхэн хэргийн хүрээнд шинжлэн судлуулсан нотлох баримтад тулгуурлан эсэргүүцлийг хэлэлцээд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс Э.Оод холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагааг хянахад Э.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасны /хх-61/ ар талд Э.О 2007-2010 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж тэмдэглэгдсэн бөгөөд мөрдөгч Т.Санжаадорж нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хяналтын прокурор В.Төгсбаярт ...Э.О нь Дорноговь аймгийн Сум дундын шүүхээр 2007, 2009, 2010 онуудад ял шийтгэгдэж байсан талаарх таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбарыг баталгаажуулан гаргуулан авах зөвшөөрлийг авах саналыг /хх-60/ хүргүүлсэн боловч хяналтын прокурор нь энэ талаар хуулинд заасан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй байх боловч прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Э.О ял шийтгэгдэж байсан эсэхтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхтэй байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад “хохирогч А.Э бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл гаргаж байсан нөхцөлд Э.О өөрийнхөө эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоог таслан зогсоох зорилготой гаргаж буй түүний дээрх үйлдлийнх нь нийгмийн хор аюулын хэмжээ, санаа зорилгыг нь үнэлж дүгнэсний үндсэн дээр Э.О гэм буруугүй гэж үзэж түүнийг цагаатгахаар шийдвэрлэв” гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ нотлох баримтуудыг харьцуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, харин хохирогч А.Э “...Э.О машинд суу гээд намайг чирээд байхаар нь би хальт хоёр удаа толгойгоороо мөргөөд авсны дараа миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохиод намайг газарт унагаад яваад өгсөн /хх-10/, гэрч Б.О: “...Э О 2-3 удаа мөргөж гараараа цохиж байсан. Тэгсэн О найзуудаа энэ намайг гурван удаа мөргөж намайг цохилоо би энэнд гар хүрээгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Э нь дахиад цохиод байсан учраас О тэсэхээ байгаад би чамайг ганц л цохьё гээд баруун гартаа байсан бөгжөө тайлаад нэг удаа цохисон /хх-19-20/” гэх мэдүүлэг, гэрч Л.Д “...бид нар бөөнөөрөө яваад очтол А.Э хамтран амьдрагч М.Д хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгэхээр нь Э.О очоод чи хэрүүл маргаан хийхээ болиоч гэхэд А.Э чамд хамаагүй гээд Э.О толгойгоороо нүүрэн тус газарт мөргөөд дараа нь нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиод авсан. Тэгэхээр нь Э.О гараа атгаж байгаад чи эмэгтэй хүн дээрэлхээд байдаг хэн бэ гээд гартаа зүүж байсан бөгжөө тайлж байгаад А.Э нүүрэн тус газарт нэг удаа цохиод автал А.Э газарт бөгсөөрөө суугаад унасан”  /хх-16/  гэх мэдүүлгийг жагсаан бичжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, цагаатгах тогтоолд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг анхан шатны шүүх цагаатгах  тогтоолоо бичихдээ зөрчсөн байна.

Иймд 2019 оны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Э.О холбогдох хэргийг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.О холбогдох 1929003470172 дугаартай эрүүгийн хэргийг   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.О урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ