Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд  сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Оод холбогдох 1929003470172 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас буюу “эмэгтэй хүнд агсан согтуу тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар А.Эрдэнийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэг өгөхгүй гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Л.Дэлгэрдалайгийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Одонтуяагийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч И.Зэвэгдоржийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Дэлгэрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 719 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Э.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсний үндсэн дээр 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, шинжлэн судалсан баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 сарын 25-26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Хайрхан баг, Цагаанхад гэх газарт А.Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь:

хохирогч А.Эрдэнийн: “...Э.О машинд суу гээд намайг чирээд байхаар нь би хальт хоёр удаа толгойгоороо мөргөөд авсны дараа миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохиод намайг газарт унагаад яваад өгсөн...“ гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

гэрч Л.Дэлгэрдалайгийн: “...А.Эрдэнэ гэдэг залуу эхнэр болох М.Дэлгэрмөнхийн биед халдаж зодох гээд агсан согтуу тавиад байхаар нь манай найз болох Э.О очоод чи эмэгтэй хүнд агсан согтуу тавиад яагаад байгаа юм бэ гэхэд А.Эрдэнэ чамд хамаагүй гээд манай найз Э.Оыг толгойгоороо мөргөөд авсан. Тэгэхээр нь Э.О гараа атгаж байгаад нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

гэрч Б.Одонтуяагийн: ”...О Эрдэнээд нэлээд хэд цохиулж мөргүүлсэн тэрний дараа нь 1 удаа нүүрэн тус газарт нь цохихыг би харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

гэрч И.Зэвэгдоржийн: “...А.Эрдэнэ хамтран амьдрагч М.Дэлгэрмөнхтэй хэрэлдэж маргалдаад байж байхаар нь Э.О очоод чи яагаад ингээд агсан согтуу тавиад байгаа юм бэ гээд хэлтэл чамд хамаагүй гээд А.Эрдэнэ хэлсэн. Тэгээд Э.О тэр хоёр хэрэлдэж маргалдаад байж байтал Э.Оыг цохиод авах шиг болсон. Тэгтэл Э.О гартаа зүүсэн бөгжөө тайлаад би чамайг зөндөө тэвчлээ гээд нэг удаа А.Эрдэнээг гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгээд бид нар А.Эрдэнээг тэнд нь үлдээгээд Цагаан хад руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

гэрч М.Дэлгэрмөнхийн:“...А.Эрдэнэ надад уурлаад би харилаа гээд миний цээж рүү түлхээд нүүрс тээврийн зам руу алхаад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь алхаад чи хаашаа явах гээд байгаа юм бэ? гээд А.Эрдэнэ бид хоёр байж байтал бид хоёрын араас Б.Одонтуяа, Э.О, И.Зэвэгдорж, Л.Дэлгэрдалай нар хүрээд ирсэн. Тэгээд байж байтал Э.О миний нөхөр болох А.Эрдэнэ дээр очоод агсан согтуу тавиж яах гээд байгаа юм бэ гээд хэлтэл А.Эрдэнэ чамд хамаагүй гээд маргалдаж байгаад Э.О А.Эрдэнээг цохиод газарт унагаасан. Тухайн үед гадаа харанхуй байсан би А.Эрдэнээ Э.Оыг цохиж байхыг хараагүй. Миний нөхөр болох А.Эрдэнэ миний бие эрх чөлөөнд халдаж намайг зодож цохисон зүйл болоогүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 719 дугаартай “А.Эрдэнийн биед тархины доргилт, хоёр нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, духны зулгаралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэвч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч уг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу мөн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэхээр байна.

Учир нь хохирогч А.Эрдэнэ нь зүй бус үйлдэл буюу архидан согтуурсан үедээ нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдал алдагдуулан, өөрийн хамтран амьдрагчтайгаа марган агсан тавьж, улмаар эрүүл мэндийнх нь эсрэг чиглэсэн довтолгооны шинжтэй үйлдэл хийсэн, мөн түүний үйлдлийг таслан зогсоохоор очсон шүүгдэгч Э.Оын эрүүл мэндийн эсрэг довтолсон үйлдэл гаргасан болох нь:

Хохирогч А.Эрдэнийн ... Э.О гэдэг залуу чи яах гээд агсан согтуу тавиад байгаа юм бэ чи гээд хэлэхээр нь чамд хамаагүй гээд хэлтэл О машинд суу гээд чирээд байхаар нь би хальт 2 удаа толгойгоороо мөргөөд авсны дараа... гэх мэдүүлэг / хх 10-р хуудас/

гэрч Л.Дэлгэрдалайн ... А.Эрдэнэ агсан согтуу тавиад кровн машины хаалга үүдийг нь өшиглөөд кровн машины цонх руу нь гараараа цохиж байгаад дараа нь хамтран амьдрагч М.Дэлгэрмөнхийн цээжин дээр нь гараараа цохиод авахаар нь би А.Эрдэнэ дээр очоод чи болиочээ эмэгтэй хүн яагаад цохиж байга юм бэ гээд хувцаснаас нь зуураад нэг удаа нүүрэн тус газар нь цохиод авсан.  ...Э.О нь очоод чи хэрүүл маргаанаа болиоч гээд А.Эрдэнээд хэлтэл чамд хамаагүй гээд Оыг толгойгоороо нүүрэн тус газарт нь дараа нь нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиод авсан.... гэх мэдүүлэг / хх 16-р хуудас/

гэрч Б.Одонтуяагийн “...Эрдэнэ Дэлгэрмөнхийн цээж хэсэг рүү цохисон тэгсэн Дэлгэрмөнх газар хэвтээд өгсөн... Оыг 2-3 удаа мөргөж гараараа цохиж байсан чинь О найзуудаа энэ намайг 3 удаа мөргөж намайг цохилоо би энэнд гар хүрээгүй шүү гэж хэлсэн тэгсэн Эрдэнэ нь дахиад цохиод байсан учраас О тэсэхээ байгаад би чамайг ганц л цохьё гээд баруун гарт нь байсан бөгжөө тайлаад нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх 19-20-р хуудас/

гэрч И.Зэвэгдоржийн “... Эрдэнэ хамтран амьдрагч Дэлгэрмөнхтэй хэрүүл маргаан хийгээд агсан согтуу тавьж байхад нь О очоод тэр 2 хэрэлдэж маргалдаад байж байтал Э.Оыг цохиод авах шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх 21-р хуудас/

гэрч М.Дэлгэрмөнхийн ... миний нөхөр болох А.Эрдэнэ надад уурлаад би харьлаа гээд миний цээж рүү түлхээд нүүрс тээврийн зам руу алхаад яваад өгсөн.  ... машины хагараад цуурсан байсан урд салхины шилийг дэлгүүрийн гадна талд байхад нэмээд цохиж хагалсан байсан.../ хх 23-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нэг үйл баримтыг цаг хугацаа, орон зайн дарааллын эрс тэрс зөрүүгүй, хөдөлбөргүй мэдүүлсэн байгаа тул үнэн зөвд тооцсон бөгөөд гэрчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгожээ.

Иймд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2- гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн зарчмын хүрээнд, хохирогч А.Эрдэнээгийн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл гаргаж байсан нөхцөл байдалд Э.О өөрийнхөө эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоог таслан зогсоох зорилготой гаргаж буй түүний дээрх үйлдлийнх нь нийгмийн хор аюулын хэмжээ, санаа зорилгыг нь үнэлж дүгнэсний үндсэн дээр Э.Оыг гэм буруугүй гэж үзэж түүнийг цагаатгахаар шийдвэрлэв.

Э.Оод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

Уг хэрэгт иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдаагүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдвал зохино.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овогт Энхболдын Оыг цагаатгасугай.

2. Э.Оод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдаагүй бөгөөд, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1, 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.УРАНГУА