Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 875

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: К******* ХХК, 

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.П*******, Р.Д*******,  

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д*******, Х.П******* нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тавьсан 263191 тоот актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч*******, хариуцагч Х.П*******, хариуцагч Х.П*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К******* ХХК-ийн төлөөлөгч Д.Ч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа: “....Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ф******* тауверын 501 тоотод байрлах К******* ХХК-ийн 2010-2011 оны аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын, нэмэгдсэн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Р.Д*******, Х.П******* нар шалгалт хийж, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 263191 тоот акт тавьсан бөгөөд уг актаар 1.478.434,4 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж 146.226,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 5.2 мянган төгрөгийн хүү нийт 208.583,8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр болсон. Манай компани Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Р.Д*******, Х.П******* нар шалгалт хийж ногдуулсан 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 263191 тоот актыг үл зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл болон Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус гомдол гаргасан боловч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоол, мөн Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 79 дүгээр тогтоолоор гомдлыг хангаагүй буюу актыг зөв гэж үзсэн болно.

Иймээс тус компани захиргааны шүүхэд 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл энэ асуудлаар тус компанийн захирал Д.Ч*******, нягтлан бодогч Б.Ц нарт Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн учир уг хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Нэхэмжлэгч буюу манай компаниас нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхээр удаа дараа шаардахад эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй гэсэн үндэслэл хэлдэг байсан.

Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс биднийг дуудахгүй байсан учрийг асуухад өршөөлийн хууль гарахаар шийдвэрлэнэ гэж хэлдэг байсан. Гэтэл Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаар тогтоолоор Д.Ч*******, Б.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан эрүүгийн 2010201000447 дугаар хэргийг Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, мөн хуулйин 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлийг баримталжээ. Уг тогтоолд хэрэгт холбогдогч Д.Ч*******, Б.Ц нар худалдан авсан барааны нэмэгдсэн өртгийн татварын падааныг хууль бусаар авсан, улмаар ашигласан үйлдэл тогтоогдоогүй буюу гэм буруугүй болохыг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь маргаан бүхий татварын төлбөр тогтоосон байцаагчийн актын агуулгыг няцаах гол баримт болжээ. Улс орон даяар өршөөлийн хууль гарах хүлээлттэй аж ахуй нэгжүүд аль болох орлогоо нууж байсан боловч манай компани сайн дураар тайлагнаж 2014 оны 11, 12 дугаар сар болон 2015 оны 1 дүгээр сард нийт 241.234,000 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын албаны нэмэгдсэн өртгийн албан татварын дансанд оруулсан байгаа.

Гэтэл 2013 оны 5 дугаар дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан байна. Хэрэв бид энэ үед мэдсэн бол шүүхийн шийдвэр\ гаргуулж үлдэгдэл мөнгийг төлөх боломж бүрэн байсан. Татвараа үнэнчээр төлдөг гээд бусдын өмнөөс хэрэг үүрч төлбөр төлөх үндэслэл байхгүй. Түүнчлэн тус компани нь 2010 оны 07 дугаар сараас 2011 оны 5 дугаар сар хүртэл С ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орон сууцны барилга барьж өгсөн. Энэ барилгад Налайх дүүрэгт үйлдвэрлэсэн арматур төмрийг БНХАУ-ын иргэн Өвөрмонгол н.Б гэгч нь нийлүүлдэг байсан. Арматураа нийлүүлчхээд төлбөрөө авах үедээ нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь энэ гээд Г ХХК, Д ХХК, А ХХК, Ф ХХК-ийн падаануудыг авчирж өгдөг байсан. Татварын газрын нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгчийн мэдээлэл рүү орж үзэхэд эдгээр аж ахуй нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн гэсэн тодорхойлолт гарч ирдэг байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварт авсан арматурыг эдгээр падаануудаар тайлан гаргаж өгөхөд Баянгол дүүргийн татварын алба хүлээж авдаг байсан. Үүнийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.П*******, Р.Д******* нар шүүхэд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймээс К******* ХХК нь татварын албанаас тараасан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэж хасалт хийсэн бөгөөд энэ үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй бөгөөд эсрэгээр яг энэхүү заалтад заасан шаардлагад нийцэж баримтаар нотлогдож буй НӨАТ-ын падааныг үндэслэж хасч тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аливаа шаардлагыг зөрчөөгүй болно. Барилгад худалдаж авсан падаанаа Нягтлан бодох бүртгэлийн болон бусад баримтад тусгаж тайлангаа гаргаж байсан. Арматур төмөр авсан компанид төлбөр төлсөн баримтуудаар ч давхар нотлогддог. Тухайн үед сар тутам НӨАТ-ын тайлан гаргаж Баянгол дүүргийн татварын албанд тушааж байхад хэрэв татварын алба танай компанид НӨАТ-ын падаан өгсөн аж ахуй нэгжүүд тайлангаа гаргаж өгөөгүй гээд хуулинд заасны дагуу үндсэн үүргээ биелүүлж буцаадаг байсан бол арматур төмөр нийлүүлэгч компаниас НӨАТ-ын 10 хувийг нь авч үлдээд татварын албатай тооцох бололцоотой байлаа.

Мөн тайлбарт дурдсан Ф ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, НӨАТ төлөгчөөс 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хасагдсан байхад 2011 оны 3 дугаар сарын 02, мөн өдрийн 29-ний өдрүүдэд бараа материал худалдан авсанаар баримт бүрдүүлэн НӨАТ-н хуурамч бичилттэй падааныг ашиглан НӨАТ-аас зайлсхийсэн гэсэн талаар тайлбар хийхэд арматур төмөр борлуулсан компани НӨАТ-ын падаанаа авч ирж өгөхөд нь татварын албаны НӨАТ төлөгчийн мэдээлэл рүү орж үзэхэд татвар төлөгч биш гэсэн мэдээлэл гарсан тул манай кампани эцсийн тооцоог хийхээс татгалзсан.

Гэтэл хэсэг хугацааны дараа одоо орж үзлээ гэхэд НӨАТ төлөгч мөн гэсэн тодорхойлолт гарч ирсэн. Үүнээс харахад НӨАТ-ын падаанаа борлуулж байсан аж ахуй нэгжүүд Татварын албаны хэсэг бүлэг хүмүүс хамтарч ажиллаж байснаас энэ хэрэг үүдэлтэй бөгөөд энэ хүмүүст Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байсан. Манай компанийн зүгээс ямарч хий бичилт хийж, эдгээр аж ахуй нэгжээс НӨАТ-ын падаан авч байгаагүй гэдгээ Улсын мөрдөн байцаах газарт байцаагдаж байхдаа мэдүүлж байсан. Шүүх Шинжилгээний Хүрээлэнгийн дүгнэлтээр 129.851,000 төгрөг төлөхөөр гарсаныг манай компани нь мөрдөн байцаалтын шатанд төлсөн.  

Улсын мөрдөн байцаах газраас энэ асуудлаар бичиг ирүүлсний дагуу шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гаргуулсан. Би Б, Л гэх хүмүүст энэ падааны асуудал чинь цагдаа дээр очсон байгаа та нар өөрсдөө төлөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд тэд нар төлнө гэсэн. Тэгэхлээр нь би нөгөө Б, Л гэдэг хүмүүс төлнө гэж байна гэснээс бус хямдхан юм авсан талаар яриагүй. Дүгнэлт гарвал цагдаагаар асуудал явах учраас би актан дээр гарын үсэг зурсан. Түүнээс актыг хүлээн зөвшөөрч би гарын үсэг зураагүй. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгэсэн чинь нөгөө Б, Л хоёр нь хилээр гараад явсан. 6 сар цагдаагийн байгууллага хайгаад олоогүй. Дараа нь хэрэг хаагдсаны дараа орж ирсэн байдаг. Гэтэл Б гэдэг нь өөр нэртэй байсан.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан үүргийнхээ дагуу татвараа тухай бүрт нь төлж байсан. Улсын мөрдөн байцаах газраас нэхэмжлэгчийг хий бичилт хийсэн гэж тогтоогоогүй. Манайх хий бичилт хийгээгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2066432 тоот регистр, 9011056054 тоот бүртгэлийн дугаартай К******* ХХК-ийн 2010-2011 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрүүдэд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д*******, Х.П******* нар Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн Г******* ХХК, Д ХХК, А ХХК-уудыг хууль бусаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан гэх мэдээлэл, Татварын ерөнхий газрын 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 7/1320 албан тоот, татварын хяналт шалгалт хийх томилолтыг дагуу хяналт шалгалт хийхэд К******* ХХК-д 1.478.434,400 төгрөгийн зөрчил илэрсэн. 

К******* ХХК нь 2010 онд 7525379, 7525380 тоот НӨАТ-ын падаанаар Г******* ХХК, 7386732, 7386733 тоот НӨАТ-ын падаапаар Д ХХК, 2011 онд 8721232, 8721231. 8721234, 8721243, 8721223 тоот НӨАТ падаанаар А ХХК, 8094580, 8392271, 8392272, 8392202, 8392293, 8721450, 8721449 тоот НӨАТ-ыи падаапаар Г******* ХХК, 8094567, 8094569 тоот НӨАТ-ын падаанаар Феникс стар ХХК-иас 1,428,298,598 төгрөгийн бараа материал худалдан авснаар баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийн төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл,падаан нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөнийг тэмдэглэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл.

Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, 34 дүгээр зүйлийн 34.1-ийг үндэслэн татварын улсын байцаагчийн 263191 тоот акт үйлдэж танилцуулж захирал Д.Ч******* тухайн компаниудаас бус иргэдээс бараа материал зах зээлийн үнээс хямд худалдаж авснаа хүлээн актаа зөвшөөрч гарын үсэг зурж актын төлбөрөөс 2012 оны 4-р сарын 3 нд 30.000,000; мөн оны 4 дүгээр сарын 09-д 20.000,000 төгрөг, нийт 50.000,000 төгрөгийг төлсөн.

Дээрх 18 ширхэг НӨАТ-ын падааныг 16 ширхэг нь А ХХК татварын албанаас хүлээн авсан падаан болох нь татварын албаны мэдээллийн системийн падааны бүртгэлээр тогтоогдсон, Д ХХК-ы тамгатай 2 ширхэг падаан нь мэдээллийн системд бүртгэлгүй байсан. Д ХХК нь Баянгол дүүрэгт цайны газар ажиллуулдаг, барилгын материал зардаггүй болох нь тогтоогдсон. Феникс стар ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй, НӨАТ төлөгчөөс 2011 оны 2 дугаар сарын 28-нд хасагдсан байхад 2011 оны 3 дугаар сарын 02, 29-ний өдрүүдэд бараа материал худалдан авснаар баримтбүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падааныг ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн бөгөөд уг падаан нь А ХХК-ийн татварын албанаас авсан НӨАТ-ын падаан байсан. Дээрх падаануудыг хуурамчаар хий бичсэн гэх үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдан тошоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулан К******* ХХК-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй хавтас хэрэгт уг барааны үндсэн баримт нь Хятад бичиг бүхий зарлагын падаапууд хадгалагдсан байсан.  Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь хий бичилттэй хуурамч падаан болохыг тогтоосон захирал Б.Ч*******ад Налайх орчимд байдаг Хятадуудаас барилгын арматурын төмөр авсан. НӨАТ-ын падаан нэхэхэд эдгээр падааныг өгсөн гэж хэлдэг.

Мөн дээрх падаануудыг бичсэн гэх Г******* ХХК, Д ХХК, А ХХК, Феникс стар ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг татварын албаны мэдээллийн системээс үзэхэд бараа борлуулсан гэж буй компаниуд нь уг падаануудыг борлуулалтандаа бүртгэж тайлагнаагүй байна. Дээрх баримтуудаас харахад эдгээр компаниудаас К******* ХХК нь бараа материал худалдан авсан гэдэг нь үндэслэлгүй байна. НББ-ын Олон улсын стандартад нэг компани бараа худалдан авсан бол худалдан авалтаа бүртгэнэ, тухайн барааг борлуулсан бол худалдсан компани борлуулалтаа бүртгэх бичилт хийгдэх ёстой байдаг. Энэ давхар бичилт дутуу хийгдсэн учир хүчин төгөлдөр санхүүгийн баримт бичиг болохгүй.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 тоот тогтоолд, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2013 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 79 тоот тогтоолд хянан хэлэлцээд уг актыг хэвээр баталсан. Монгол улсын татварын албаны хэлтэс тасгууд өөр өөрийн үйл ажиллагааны чиглэл байдаг. Үүнд сургалт сурталчилгаа, мэдээлэл боловсруулах, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчтэй харилцах, татвар хураа.ч үйлчилгээний, хяналт шалгалтын гэх мэт татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар телбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, Татварын улсын байцаагч хянан шалгадаг бөгөөд үүнийг хяналт шалгалтын байцаагч хийдэг.

К******* ХХК 2013 онд 2.393.484,000 төгрөгийн, 2014 онд 3.764.445,000 төгрөгийн, 2015 онд 446.201.000,000 төгрөгийн борлуулалтын орлоготой тайланг татварын албанд ирүүлж, тооцоо нийлсэн. Энэ компанийн борлуулалттай холбоотой нөгөө компаниудын борлуулалт бүртгэгдээгүй байсан. Нягтлан бодох бүртгэлийн хоёр талд адил бүртгэх талаарх зарчим байдаг. Энэ зарчим хангагдаагүй. Татварын алба нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллагуудад падаанаа тараадаг. Татварын мэдээллийн сангаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн эсэхийг харж болдог. Тухайн компани падаанаа цаашаа өөр компанид өгсөн эсвэл зах дээрээс өөр падаан авсныг хянах боломжгүй Нэхэмжлэгч талаас зах зээлээс хямдхан үнэтэй байсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвартай арматур төмөр байсан тул худалдаж авсан талаараа тайлбарладаг. Хяналт шалгалтын үед хямд үнээр арматур төмөр авч байснаа болон актыг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг Иймд Өмгөөлөгч Т.Баярсайханы нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг шалгаж үзээд 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 тоот актыг хүчин төгөлдөр хэвээр үлдээнэ үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанид шалгалт хийгээд 2012 онд 263191 тоот акт үйлдсэн. Нэхэмжлэгч компани нь Г******* ХХК, Д******* ХХК, А ХХК-ийн бичилттэй борлуулалтын падаануудыг тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийсэн. Шалгалтын явцад дээрх компаниуд нь К******* ХХК-д ямар нэг борлуулалт хийгээгүй байсан тул татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу акт тавьсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Татварын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд татварын тайлан тооцооны шалгалт хийхэд захиргааны зөрчил илэрсэн тул акт тогтоосон. 

Хэргийн материалд Б гэх хүн Г******* ХХК, Д******* ХХК, А ХХК, Ф ХХК-д ажилладаг гэсэн баримт байхгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Мөн дээрх компаниуд нь К******* ХХК-тай борлуулалт хийсэн тайлан байхгүй бөгөөд зарим нь Х тайлан гаргаж өгч байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан худалдан авагч тал нь К******* ХХК бөгөөд бэлтгэн нийлүүлэгч нь дээрх 4 компани юм. Худалдан авагч, бэлтгэн нийлүүлэгч хоёр талын тайлан тооцоонд тусгагдсаны үндсэн дээр бодит худалдан авалт хийсэн гэж үздэг. Гэтэл бэлтгэн нийлүүлэгч талаас ямар нэг борлуулалт хийгээгүй байдаг тул бодит биш худалдан авалт хийсэн гэж үзэж, К******* ХХК-ийг хий бичилт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Татварын алба тайлан хүлээн авахдаа Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авна. Өөрөөр хэлбэл борлуулалтын тайлан тооцоо хоорондоо нийцэж байгаа эсэхийг л хүлээн авахаас биш тухайн борлуулалтын падаан хий бичилттэй байгаа эсэхийг тухайн үед шалгаж авах үндэслэл байдаггүй. Харин худалдан авагч тал тухайн худалдан авалт хийсэн баримтын үнэн зөв эсэхийг хариуцах үүргийг хүлээсэн байдаг. Тиймээс татварын албыг тайлан хүлээж авчхаад акт тогтоосон гэдэг дээр буруутгах үндэслэл байхгүй. Өнөөдөр К******* ХХК дээрх 4 компанитай бодитой худалдан авалт хийсэн баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл байхгүй байна.  Ф ХХК-ийн мэдээллийг хавтаст хэргээс үзэхэд 2008 оны 8 дугаар сарын 01-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээд 2011 оны 2 дугаар сарын 28-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан байдаг. К******* ХХК нь Ф ХХК-аас 2011 оны 3, 4 дүгээр саруудад хийсэн худалдан авалтын тайлангийн талаар яригдаж байгаа. Хавтаст хэргийн татварын баримт бичгээс харахад Ф ХХК нь 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш болсон тул падаан авах эрхгүй болсон байдаг. Нэхэмжлэгч компани нь тухайн үед нэмэгдсэн өртгийн албан татвартай арматур төмөр эсэх дээр л анхаарснаас биш цаад компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлөгч компани мөн эсэхийг шалгаж өөрсдийн эрх ашгийг хамгаалах үйлдэл хийгээгүй, хариуцлагагүй хандсан байдаг. 

Татвартай холбоотой хуулиудад гэм буруугийн хэлбэрийн талаар ямар нэг зохицуулалт байдаггүй. Нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн нь баримтаар тогтоогдохгүй л бол хуулинд заасны дагуу акт тогтоохоос өөр арга байхгүй. Санхүүгийн бодит баримтад үндэслэн хариуцагч талаас шалгалт хийдэг. Тухайн үед мэдээллийн санд нөгөө компани нь борлуулалтыг тусгаагүй байсан учраас акт тогтоосон. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К******* ХХК-иас тус шүүхэд “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.  

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тавьсан 263191 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийг бууруулж, уг захиргааны зөрчилд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 263191 дугаартай актаар 1.478.434,4 мянган төгрөгийн зөрчилд 146.226,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 17.982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү нийт 208.583,3 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

К******* ХХК-ийн бараа материал худалдан авсан гэх Г******* ХХК, Дөрвөн нуруут ХХК, А ХХК-иудиас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд хий бичилттэй болох нь Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирүүлсэн эрүүгийн 201201000447 тоот хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх хуулийн этгээдүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, эдгээр компаниудын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудаар нотлогддог.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх талаар зохицуулжээ. 

Гэтэл нэхэмжлэгч компани санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн эсэх нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх компаниудаас авсан худалдан авалт нь анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдож байгаа хэдий ч борлуулалт хийсэн компаниуд борлуулалтаа татварын байгууллагад тайлагнаагүй тул нэхэмжлэгчийг Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүн авсан гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал Г******* ХХК, Д******* ХХК, А ХХК-иудаас Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэх падаануудыг үндэслэж нэхэмжлэгч К******* ХХК-ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй байна.  

Иймд маргаан бүхий актаар К******* ХХК-д 1.478.434,4 мянган төгрөгийн зөрчилд 146.226,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 17.982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү нийт 208.583,3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцжээ.

Харин К******* ХХК-ийн захирал Д.Ч*******ад холбогдох 20121000447 тоот эрүүгийн хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр  маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээ  192,243,7 мянган төгрөг болж буурахаар байгааг тогтоосон бөгөөд уг дүгнэлтээр тогтоогдсон зөрүү болох 16.340,1 мянган төгрөг, түүнчлэн Д.Ч*******ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад Д.Ч*******аас төлсөн 50.000,0 төгрөгөөр тус тус маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймээс маргаан бүхий актаар тогтоосон нийт 208.583,3 мянган төгрөгийн төлбөрөөс дээр дурдсан байдлаар төлөгдсөн төлбөр, зөрүүг хасч актаар төлөх төлбөрийг бууруулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дугаар акт тогтоосон зөрчилд ногдуулсан 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 17.982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүүг төлөхөөс нэхэмжлэгчийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. 

Дээрх байдлуудыг дүгнээд нэхэмжлэгч К******* ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон 208.583,8 мянган төгрөгөөс 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 17.982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зөрүү 16.340,1 мянган төгрөг, нэхэмжлэгчийн төлсөн 50.000,0 мянган төгрөг буюу нийт 133.892,1 мянган төгрөгөөр бууруулж шийдвэрлэлээ. 

Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 120 дугаар тогтоолоор  К******* ХХК-ийн захирал Ч******* нь актаар тогтоосон төлбөрөөс 129.851.0 мянган төгрөгийг төлсөн болохыг тогтоосон боловч төлбөр төлөгдсөнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул дээрх тогтоолын дагуу актаар тогтоосон төлбөрийг бууруулах боломжгүй байна. Харин холбогдох нотлох баримтаа гаргасны дагуу төлбөрийг бууруулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

                Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар  зүйлийн  106.1, 106.3.6, 106.3.14  дэх    хэсэгт  заасныг    тус  тус    удирдлага  болгон  ТОГТООХ  нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан К******* ХХК-ийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийг 133.892,1 мянган төгрөгөөр бууруулсугай.

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дугаартай актаар ногдуулсан 44.369,3 мянган төгрөгийн торгууль, 17.982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүүг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны  хэрэг    шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  51  дүгээр    зүйлийн  51.1,  мөн  хуулийн  47  дугаар  зүйлийн  47.1-т  заасны  дагуу  нэхэмжлэгчээс  улсын  тэмдэгтийн  хураамжид  урьдчилан  төлсөн  70.200  төгрөгийг  төрийн  сангийн  дансанд  хэвээр  үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.АДЪЯАСҮРЭН