Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01515

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01515

 

 

 

Д.Б -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б ийн хариуцагч Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Ү.У.О ХХК-д холбогдуулан орон сууц барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, хариуцагч Ү.У.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.Гончигжавын гуйлтаар түүнд өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоот, 18 м.кв, 1 өрөө, орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг олгосон. Гэтэл 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ү.У.О ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, орон сууцыг барьцаанд тавьсан байна. Улмаар 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ү.У.О ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай эвлэрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар гэрээ байгуулсныг мэдээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдэгдэхэд өмчлөх эрх зөрчигдсөнийг мэдсэн. Д.Б нь итгэмжлэлийг иргэн С.Гончигжавт олгосныг хуулийн этгээдэд олгосон гэж үзэх үндэслэлгүй. С.Гончигжавт итгэмжлэл өгөхдөө түүнийг бусдаас зээл авч, барьцаанд эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц нь хүчин төгөлдөр бус байх хэлцлээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаалбарт бүртгэгдсэн байх тул уг орон сууцыг барьцаалбараас чөлөөлж өгнө үү. Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шаардлагаа 2 хариуцагчид, барьцаалбараас чөлөөлөх шаардлагаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд холбогдуулан гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ү.У.О ХХК нь тус сантай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2014/53 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3,3% хүүтэй хөнгөлттэй нөхцлөөр зээлсэн. Д.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл олгон өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалуулан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч итгэмжлэлдээ барьцаанд тавих байгууллага болон зээлийн үнийн дүнг тодорхой тусгаж хязгаарлалт тогтоож өгөөгүй нь хаана ямар барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Ү.У.О ХХК-ийг төлөөлөн тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргаж, мөн сарын 23-ны өдөр шийдвэрлэгдсэнээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ү.У.О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Ү.У.О ХХК нарт холбогдох, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах 18 мкв, 1 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай Д.Б ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна гэж дурдсан атлаа зөвхөн гэрээний талуудад шаардах эрхтэй гэж тайлбарласан байна. Гэтэл хүчин төгөлдөр бус хэлцэл нь гэрээний талууд хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамааран байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд тусгайлан шаардлага гаргах шаардлагагүй юм.

Д.Б нь С.Гончигжавт итгэмжлэл өгөхдөө С.Гончигжавыг бусдаас зээл авч, түүний авсан зээлийн барьцаанд өөрийн эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн болно. Харин хуулийн этгээдийн их хэмжээний зээлийн барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Д.Б ийн зүгээс Ү.У.О ХХК-д итгэмжлэл олгоогүй байхад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дурдсан атлаа нэхэмжлэгч тус хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гарган хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагаврыг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Д.Б нь ... Ү.У.О ХХК-д итгэмжлэл олгоогүй байхад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Ү.У.О ХХК нарыг хариуцагчаар татан, орон сууцаа барьцаалбараас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг төлөөлж захирал Б.Баттүвшин, Ү.У.О ХХК-ийг төлөөлж захирал С.Гончигжав нарын гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт нэртэй гэрээ авагджээ. Талууд уг гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2014/53 дугаартай зээлийн барьцааны гэрээний салшгүй хэсэг болох, мөн дугаар бүхий зээлийн барьцааны гэрээний нэгэн адил мөрдөгдөхөөр зааж, гэрээний 1.3-т 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2014/53 тоот зээлийн барьцааны гэрээний 3.1-д заасан барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийг сольж барьцаалах-аар харилцан тохиролцсон байна. Гэрээнд нэрлэн заасан барьцааны хөрөнгөд нэхэмжлэгч Д.Б ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 18 дугаар байрны 4 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц бүртгэгджээ. /хх-7/

Нэхэмжлэгч Д.Б 2014/53 дугаартай гэрээ байгуулагдсанаас 7 хоногийн дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр С.Гончигжавд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 18 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд бариулах, холбогдох гэрээ хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйлдэлд төлөөлөх, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас лавлагаа авах бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосныг нотариатч гэрчилсэн байна. /хх-6/

Эдгээр үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Ү.У.О ХХК-ийн захирал С.Гончигжав нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй байхдаа хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хэлцэл хийжээ. Гэвч Д.Б нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцаалан хэлцэл хийх зөвшөөрлийг С.Гончигжавд 7 хоногийн дараа олгосон нь мөн зүйлийн 68.3 дахь хэсгийн зөвшөөрлийг 14 хоногийн дотор олгоно гэх заалтад нийцэх тул хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээг хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн заалтуудыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийг гэрээний оролцогч бус, шаардах эрхгүй этгээд гэж алдаатай дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн шийдэл нь зөв байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх алдааг залруулан дүгнэх боломжтой.

Нэхэмжлэгч Д.Б нь С.Гончигжавд итгэмжлэл олгохдоо үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавихыг зөвшөөрсөн, харин энэ нь ямар төрлийн, ямар хэмжээний зээл болох, зээлдэгч нь хэн байх талаар тухайлан зааж өгөөгүй байх тул хариуцагч Ү.У.О ХХК-ийн захирал С.Гончигжавыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлд заасан нөхцлийг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01496 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД