Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1496

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01496                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Ж ,  

Хариуцагч: “Ү” ХХК нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, хариуцагч ЖДҮХС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах 18 мкв, 1 өрөө, Ү-2205011128 тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, орон сууцны өмчлөгч бөгөөд 2015.01.13-ны өдөр С.Гончигжавын гуйлтаар түүнд “орон сууц захиран зарцуулах” итгэмжлэлийг олгосон. Гэтэл 2015.01.06-ны өдөр “Ү” ХХК нь ЖДҮС-тай Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “Ү” ХХК-ийн 500,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна. Улмаар 2017.07.24-ний өдөр “Ү” ХХК нь ЖДҮХС-тай эвлэрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар гэрээ байгуулсан байна. Энэ тухай би огт мэдээгүй, ШШГГ-аас мэдэгдэхэд л өөрийн өмчлөх эрх зөрчигдсөнийг мэдсэн. Д.Б нь Иргэний хуулийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна”, 63.1-д “Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно” гэж заасны дагуу итгэмжпэлийг иргэн С.Гончигжавт итгэмжлэл олгосон ба С.Гончигжав нь “Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал байх нь тухайн итгэмжлэлийг хуулийн этгээд олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Би С.Гончигжавт итгэмжлэл өгөхдөө түүнийг бусдаас зээл авч, барьцаанд өөрийн эд хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн. Харин хуулийн этгээдийн их хэмжээний зээлийн барьцаанд тавихийг зөвшөөрөөгүй. Би “Ү” ХХК-д итгэмжлэл олгоогүй байхад ЖДҮХС-тай Зээлийн барьцааны нэмэлт гэрээг байгуулж байгаа нь Иргэний хуулийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжпэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасныг зөрчсөн байна. 2015.01.06-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д “хуулиар топгоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц нь хүчин төгөлдөр бус хэлцлээр ЖДҮХС-ийн барьцаалбарт бүртгэгдсэн байх тул уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, орон сууцыг барьцаалбараас чөлөөлж өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагаа 2 хариуцагчид, барьцаалбараас чөлөөлөх шаардлагаа ЖДҮХС-д холбогдуулан гаргаж байна гэв.

 

Хариуцагч ЖДҮХС-аас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ү” ХХК нь тус сангаас 2014.12.05-ны өдрийн 2014/53 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3,3% хүүтэй хөнгөлттэй нөхцлөөр зээлсэн. Д.Б нь 2015.01.13-нд итгэмжлэл олгон өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлалтай орон сууцыг барьцаалуулан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. “Ү” ХХК төлбөрөө төлөөгүй тул 2019.10.15-ны өдрөөс НШШГГ-т гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. Нэхэмжлэгч итгэмжлэлдээ зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэл, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой үйлдэлд төлөөлөж, ЭХЭБГ-с лавлагаа авах бүрэн эрхийг олгосон. Итгэмжлэлдээ барьцаанд тавих байгууллага болон зээлийн үнийн дүнг тодорхой тусгаж хязгаарлалт тогтоож өгөөгүй нь хаана ямар барьцаанд тавихыг хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ. Иргэний хуулийн 66.2-т “Хэрэв төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, өгсөн зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй” гэж заасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Ү” ХХК-ийг төлөөлөн тус шүүхэд 2020.01.10-ны өдөр гомдол гаргаж, 2020.01.23-ны өдөр шийдвэрлэгдсэнээс харахад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Ү” ХХК-иас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Б нь Жболон “Ү” ХХК нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах 18 мкв, 1 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж марган барьцаалбараас чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ү” ХХК нь хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хариуцагч ЖДҮХС нь Иргэний хуулийн 66.2-т зааснаар мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхгүй гэж мэтгэлцэв.  

Д.Б нь 2015.01.13-ны өдөр С.Гончигжавт өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоот орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг олгожээ.

 

“Ү” ХХК нь 2015.01.06-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг “Ү” ХХК-ийн 500,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар зохицуулжээ.

 

Тухайн тохиолдолд гэрээний хувьд маргаж шаардлага гаргах эрх нь гэрээний талуудад байх бөгөөд “Ү” ХХК болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хооронд 2015.01.06-ны өдөр байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр бус байх эсэх талаар гэрээний оролцогч бус этгээд шаардах эрхгүй байна.

 

Харин сонирхогч этгээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

 

Иймд гэрээний талууд хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй буюу “Ү” ХХК болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хооронд 2015.01.06-ны өдөр байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нь гэрээний хүчин төгөлдөр байгаа тохиолдолд Д.Бийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Жболон “Ү” ХХК нарт холбогдох, Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, Хасбаатарын гудамж, 18 байр, 4 тоотод байрлах 18 мкв, 1 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлүүлэх тухай Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ